Хэнээрхэл


 Pierrot Le Fou (1965). Францын Шинэ Давалгаа хөдөлгөөнд хамаарагдах Jean-Luc Godard-ын бичиж найруулсан гэмт хэрэгт, аян замын романтик драм. Кино зохиолыг Америкийн зохиолч Lionel White-ын "Obsession" романаас сэдэвлэсэн. Гол дүрүүдэд; Anna Karina, Jean-Paul Belmondo хоёр А зэрэглэлийн тоглолт үзүүлсэн. Энэ нь Godard-ын арав дахь бүрэн хэмжээний кино байсан ба "Alphaville" болоод "Masculin, Feminin" хоёр киноных нь хооронд нээлтээ хийсэн. Кинонд Ferdinand хэмээх аз жаргалгүй гэрлэлт, хүрээлэн буй нийгмээсээ залхаж уйдсандаа зугтааж, Францын хагас цэрэгжсэн террорист байгууллагад хөөгдөж буй хуучин найз хүүхэн болох Marianne-ын хамтаар Парисаас Газар дундын тэнгисээр аялж байгаа тухай өгүүлдэг. "Би хамгийн сүүлчийн романтик хосын тухай түүх өгүүлэхийг хүссэн" хэмээн Godard энэхүү киноныхоо тухай хэлсэн байдаг агаад энэ бол газар сайгүй аялж бас бясалгаж байгаа амраг хосын тухай гайхамшигтай түүх юм. Кинонд зураглаачаар ажилласан Raoul Coutard-ын үзэсгэлэнтэй зураглал, хурц тод өнгийг онцлон дурдах ёстой. Киноны хэв маяг, сэтгэл хөдлөд хийгээд өгүүлэмж тогтмол солигддог нь анхаарал татахаас гадна мансуурам; Америкийн найруулагч Samuel Fuller үдэшлэгийн үеэр өөрийнхөө кино хэлийг тодорхойлдог хэсэг, мөн Anna Karina хоёр дууг мюзикл-комеди маягаар дуулж байгаа болоод Belmondo-ын уншсан номоосоо ишлэх дүр, эцэст нь олон тооны улаан, цэнхэр машинууд хулгайлагдах юмуу устгагддаг гэх мэтээр энэ бол маргаангүй Godard-ын хамгийн шилдэг бүтээлийн нэг мөн.

 Гялалзсан, хорлонтой, гэхдээ бас дур татам уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 66-р байрт жагсаагаад байгаа бол 2022 онд Sight & Sound сэтгүүлийн шүүмжлэгчдийн санал асуулгаар хамгийн шилдэг киноны 84-р байрт шалгарсан байхад BBC бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гадаад хэл дээрх кино жагсаалтынхаа 74-р байрт эрэмбэлжээ. 1964 оны 2-р сард "Bande a part" киногоо хийж байх явцдаа Godard саяхан хэвлэгдсэн Lionel White-ын "Obsession" романыг кино болгон хөрвүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд "өөрөөсөө дүү хүүхнийг дагаж гэр бүлээ орхин явсан залуугийн түүх байна. Харин хүүхэн муу залуустай холбоотой учир тэднийг олон адал явдалтай учруулна" гэж тодорхойлжээ. Godard эрэгтэй гол дүрд хэн тоглохоос хамаараад эмэгтэй гол дүрийн сонголт тодорхой болно гэж хэлж байсан ба түүний анхны сонголт Richard Burton байсан, хэрвээ анхны сонголтоор болсон бол эмэгтэй дүрд найруулагчийн эхнэр Anna Karina тоглож, киноны зарим хэсэг англи хэл дээр хийгдэх байв. Харин удаах сонголт Michel Piccoli байсан, гэвч Karina, Piccoli хоёр дэлгэцэн дээр "хэвийн' бус тохирохгүй харагдахаар байсан тул Godard эмэгтэй дүрд арай залуухан Sylvia Vartan-г бодож байж, юутай ч найруулагчийн сонголтууд янз бүр байдлаар ийм байв. 

Гэтэл Sylvia, Piccoli аль аль нь боломжгүй болсноор Godard эрэгтэй гол дүрдээ Jean-Paul Belmondo-г сонгосон. Belmondo өмнө нь түүний "Breathless" кинонд тоглоод од болчихоод байсан тул нэг талаараа түүнийг дагаад санхүүжилт л хялбар олдохоор байлаа. Удалгүй Godard эмэгтэй год дүрд эхнэрээ тоглуулна гэдгээ зарласан аж. Godard дараа нь хэлэхдээ; Belmondo, Karina хоёр гол дүрүүдийг авсанаар киноны өнгө аяс эрс өөрчлөгдсөн буюу анхлан "Лолита" роман юмуу Jean Renoir-ын "La Chienne" кино нь дээрх шиг хосуудыг бүтээхийн оронд Гётегийн Hermann and Dorothea" болоод Жан-Жак Руссогийн "La nouvelle Heloise" зохиолуудад гардаг шиг романтик хосын тухай өгүүлэхийг хүссэн гэж хэлжээ. Godard-ын ихэнх киноны адилаар зураг авалтын өмнөх өдөр хүртэл ямар кино зохиол бичигдээгүй бөгөөд олон сцэнд жүжигчид импровизац хийсэн, ялангуяа киноны төгсгөлийн хэсгүүдийг онцлох ёстой аж. Эх романд дундаж насны эр хүүхэд асрагчдаа дурлаад улмаар асрагчийг хөнөөж байгаа тухай гардаг ерөнхий өгүүлэмж кинонд байгаа хэдий ч Godard киногоо "шал өөр болгохоор зорьж байгаа" гэж Belmondo-д ам алдаж байжээ. Киноны эрэгтэй гол дүр Ferdinand уран зохиолч болох амбицтай ч бүтэлгүйтсэн сэхээтэн.

 Тэрээр Marianne-д дурласны дараа зохиолч болох хүслээ биелүүлэхийг оролддог. Шүүмжлэгч Richard Brody-ын үзэж буйгаар Marianne нь Ferdinand-ын амжилттай зохиолч болох хүсэлтэй салшгүй холбоотой учраас хүүхний урвалт Ferdinand-ын зүрх сэтгэлийг шархлуулаад зогсохгүй энэ насных нь туурвилыг сөнөөсөн ажээ. Түүхийн сэдэв хийгээд нөлөөллийн өөрчлөлт бол Godard-ын олон кинонд гардагчлан түүний Karina-тай бүтэлгүйтсэн гэрлэлтийн тусгал болдог. Тэд 1965 оны эхээр киноны продакшн эхлэхээс өмнө салсан юм. Найруулагчийн олон киноны адилаар уг бүтээл ч камер руу шууд харж "дөрөв дэх" ханыг нураагч дүрүүдтэй байдаг. Мөн киноны эвлүүлгийн ажил гайхалтай; жишээлбэл Ferdinand үдэшлэг дээр нэгэн хүүхэн рүү бялуу шидэх хэсгийг найруулагч салют бууддаг хэсэгтэй урнаар холбож эхлүүлсэн байдаг. Найруулагч маань киногоо нэгэнтээ "Өнөөдрийн жаргалтай тун ойртсон хүчирхийлэл, ганцаардалтай холбогдсон кино. Энэ бол жинхэнэ Франц кино" гэсэн буй. Эл кино тухайн цаг үед ноёрхож байсан поп урлагийн хөдөлгөөний олон шинж чанарыг агуулсан ба ингэхдээ масс соёлын төрөл бүрийн элементүүдийг тогтмол ялгаж салгадаг. 

Ихэнх поп урлагийн нэгэн адилаар энэхүү кино нь зурагт сэтгүүлээс авсан дүрслэлийг ашиглаж, зориудаар үндсэн тод өнгөнд суурилсан гял цал харааны гоо зүйг хэрэглэдэг бөгөөд найруулагчийн өмнөх кинонуудын гоо зүйн оюунлаг модернизмд юмуу зарим нуар уламжлалд үндэслэгддэг байсан аж. Richard Brody-ын бичсэнээр; Godard улс төрийн хувьд Вьетнамын дайны хурцадмал байдалд хилэгнэж, мөн эх романы нуар маягийн өгүүлэмжээс болоод "аяндаа хийгээд цахилах шинэлэг оргил мөчүүдийг" кинондоо шингээсэн ажээ. Roy Lichtenstein зэрэг олон поп урлагийн бүтээлчдийн адилаар уг кино нь өөрийн түүх, идеагаа тайлбарлахдаа ихэвчлэн урьд өмнө нь байсан текстийг голдуу ашиглахдаа хагас ойлгогддог өгүүлэмжийн түвшиний мэдээллийг тусгаарлаж бас тусгайлан тэмдэглэдэг. Жишээлбэл Францын хагас цэрэгжсэн террористуудтай нүүр тулахаасаа өмнө манай хосууд боомтын дэргэдүүр гарахдаа "үхлийн аюултай" гэсэн тэдний үхлийг урьдчилан анхааруулсан дохионы өмнүүр явдаг билээ. Найруулагч кинондоо арилжааны хэллэг, текстийг ихээхэн ашигласан; жишээлбэл "нийтийн" гэдэг үг шатахуун түгээх станц дээр гарч ирнэ, төдхөн Ferdinand-ын "нийтийн нийлбэр" гэж хэлдэг үг энэ ухагдахууны ач холбогдлыг дахин томьёолж байна.

 Richard Brody-ын үзэж буйгаар Ferdinand-ын уудам, сансрын, барагалж метафизик уран бүтээлчийн мөрөөдөл нь Godard-ын идеаг илүү цэвэр, илүү ихээр харуулахын тулд объект ба дүрийг дүрслэн харуулахаас цааш давсан кино урлагийн өөр төрлийн эрэл хайгуулын дунд зэрэгцээ шугам байгаа гэжээ. Киноны эхний сцэнд Ferdinand ванн-даа суугаад урлаг судлаач Elie Faure-ын номын уншиж байдаг билээ. Кино нээлтээ хийсний дараа Godard уг киноныхоо эхлэл хийгээд төгсгөлд Бальзакаас иш татдаг шалтаанаа Бальзакын "The Unknown Masterpiece" зохиолын гол баатар юу хийж байсныг өөрийнхөөрөө илэрхийлэхийг хүссэнтэй холбож хэлсэн. Бальзакын сайхь зохиолд нэгэн эмэгтэйн хөрөг зураг дээрээ олон жил ганцаараа ажиллаж байгаа, бүтээлээрээ урлагийн шинэ эринийг авчирна гэдэгт бат итгэсэн зураачийн тухай өгүүлдэг аж. Гэвч найзууд нь түүний бүтээлийг муухай байна гэж шүүмжлэхэд зураач маань амиа хорлодог. Richard Brody "Unknown Masterpiece", "Pierrot is Fou" болон Godard-ын хувийн амьдралын дунд тэдгээрийг холбож буй "утас" байна гэж үзсэн; энэ бол философийн судалгааг хэлбэржүүлэхийн даваан дээр байгаа зураачийн өөрийнх нь хөрөг, эсхүл бүр хэлбэр дүрсгүй, зөвхөн өөрийгөө төдийгүй эхнэрээ ч хөнөөсөн туйлшрал ажээ. Ferdinand амьдралын тухай роман бичих мөрөөдлөө биелүүлнэ гэдэгтээ итгэдэг. 

Тэрээр Marianne-тай хамт арал дээр тусгаарлагдан амьдрахдаа Marianne арлаас уйдаад байна гэхэд хүмүүсийн дунд орон зай, дуу чимээ, өнгө оршдог гэж боддог билээ. Richard Brody-ын бичсэнээр энэ бол Godard-ын байгалийг алдаршуулдаг, хайртай эмэгтэйтэйгээ хамт амьдрах ёстой гэсэн итгэл үнэмшлийнх нь тусгал ажээ. Найруулагч маань уг киногоороо хэрэглээний үзэл, масс медиаг судлахдаа энэ бүхэн киноных нь эхний сцэн болох хөрөнгөтнүүдийн үдэшлэгээс зугтааж буй Ferdinand-ын явдал юм. Үдэшлэг дээрх зочдын харилцан яриа ердөө сурталчилгааны үгсээс бүрддэг бөгөөд сурталчилгааны ярианы этгээд, түүнийг контекстээс гадуурх, "бодит" орчинд харуулдаг явдал нь өвөрмөц. Godard киноныхоо энэхүү зар сурталчилгааны хэсгээр эмэгтэйчүүдийг сексий шинжийг тодотгохыг хүссэн бололтой байдаг ба дээрх үдэшлэгт хүүхнүүд цээж нүцгэн харагддаг. Godard-ын киног бишрэн шүтэгсэд их байдаг шиг үзэн ядагсад бас цөөнгүй байдаг. 

Энэ кино таны урмыг хугалж, толгойг чинь эргүүлж магадгүй, ерөөсөө энэ энэ кино танд таалагдахгүй байх өндөр магадлалтай. Гэвч та түүний ертөнцөд нэг л ороод түүний киног үзэх тусам та Godard-д дурлах болно. Гэнэт л бид чухал шийдвэр гаргадаг шиг Godard-д дорхоноо л дурлах нь тэр. Godard бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагч биш байж болно, гэхдээ тэр бол хамгийн зоригтой, туршилт хийдэг найруулагч ба кино хэрхэн бүтдэгийг хамгийн сайн гадарладаг хүн байсан болов уу. Энэ кино бол Godard-г Godard болгосон кино ба энэ киноноос өмнө тэрээр хүмүүсийн харилцааг онцолсон ихэрхүү, түргэн бүтэцтэй кино хийдэг байсан. Энд онцлон буй киноноос хойш түүний кино өнгөтэй, улс төржсөн болж ирсэн; өөрөөр хэлбэл яг энэ мөчөөс хойш түүний кино нь өөрөө киноны тухай болсон байдаг. Энэ бол ер бусын түвэгтэй гэхдээ үр дүнтэй кино ба энэ бол ямар ч утга агуулаагүй, сэтгэл, мэдрэмжийн тухай кино юм. 

Comments