Au Revoir les Enfants (1987). Францын кино найруулагч Louis Malle-ын зохиолыг нь бичиж, продюсерлэсэн хагас намтарчилсан энэхүү бүтээл нь нацистууд еврейчүүдийн эсрэг үйлдсэн холокостын үед еврей хүүхдүүдийг нацистуудаас хамгаалж нууж байсан Францын санваартан, сургуулийн захирал Pere Jacques-ын үйл хэргээс сэдэвлэсэн ажээ. Уг кино Венецийн кино наадмаас Алтан Арслан шагнал хүртсэн бөгөөд ашиг орлогын хувьд ч амжилт олсон буюу Францад л гэхэд 3 сая гаруй хүнд тасалбараа заржээ. Киноны үйл явдал бас 11 настайдаа Фонтенбло хотын ойролцоох Ромын Католик шашинтай дотуур байртай сургуульд сурч байсан найруулагч Louis Malle-ын өөрийнх хүүхэд насны дурсамжийг агуулдаг. Нэгэн өдөр тэрээр Гестапогийнхон дайрч орж ирээд еврей багш болоод гурван еврей сурагчийг баривчлаад Аушвиц руу авч явахыг нүдээрээ харжээ. Сургуулийн захирал Pere Jacques еврейчүүдийг орогнуулж байсан хэргээр буруутгагдан Маутхаузен дахь хорих лагерь цөлөгдсөн. Лагерийг Америкийн арми чөлөөлсний дараахан нас барсан ба сүүлчийн Франц хоригдол гэртээ буцах хүртэл нь тэндээс явахаас татгалзаж байсан буянтан байж.
Дөчин жилийн дараа Израилийн зүгээс холокостын хохирогчдод зориулсан албан ёсны дурсгалын газар болох Яд Вашем-д Pere Jacques-г "Үндэстнүүдийн дундах шударга ариун хүн" гэж өргөмжилсөн байдаг. Америкийн найруулагч Quentin Tarantino-ын "Reservoir Dogs" киноны нэр энд онцолж байгаа кинотой холбоотой буюу Tarantino видео архивын газарт ажиллаж байхдаа "Au revoir les enfants" гэдэг нэрийг "Reservoir Dogs" гэж буруу сонссон нь хожим кинондоо өгөх нэр болжээ. Louis Malle найруулагчийн дэлхийн 2-р дайны үед дотуур байртай сургуульд өнгөрүүлсэн дурсамжаасаа сэдэвлэсэн энэхүү залуу нас хийгээд нөхөрлөлийн тухай гайхамшигтай үзэсгэлэнтэй хөрөг зураг болсон киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
1943-1944 оны өвөл юмдаг, нацистуудад эзлэгдсэн Францын нэгэн хотын дотуур байртай Католик шашны сургуульд 12 настай Julien хэмээх хүү амралтаасаа эргэн ирлээ. Julien бусад хүүхдүүдэд хатуу чанга харагддаг ч үнэндээ ээжээсээ холдох дургүй эрх, эмзэгхэн амьтан. Сургуулийн захирал Pere шинэ гурван сурагчийг танилцуулах хүртэл Julien-д дотуур байрны амьдрал болоод хичээл сургууль, бусад хөвгүүд нэгийн хэвийн мэт санагдаж байв. Шинэ сурагчдын нэг Bonnet төгөлдөр хуур болон бусад хичээлдээ сайн байсан учир Julien үе чацуутнаа бусдын л адил гадуурхжээ. Нэг зэврүүн шөнө Julien-г сэртэл Bonnet еврейчүүдийн өмсдөг киппа малгай өмсөөд еврей хэлээр залбирч байхыг харсан юм. Julien шинэ найзынхаа эзгүйд шүүгээг нь ухаж байгаад түүнийг Bonnet гэдэггүй Kippelstein гэдэг буюу еврей хүүхэд болохыг олж нээжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сургуулийнх нь захирал энэрэнгүй сэтгэлийн үүднээс нацистуудаас зугтааж байгаа зарим еврейчүүдийг сургуульдаа нууж орогнуулахаар болсон гэснийг харуулна. Эрдэнэсийн Эрэлд гэдэг тоглоомын дараа Julien, Bonnet хоёр дотно нөхөрлөжээ.
Эцэг эхчүүдэд зочлох өдөр тохиоход Julien ээжээсээ найзынх нь эцэг эх ирж амжаагүй учир хамт ресторан оръё хэмээн гуйгаад зөвшөөрүүлж чадсан агаад Julien ээж, ах болоод Bonnet-ын хамтаар ширээнд суусны дараа тэдний ярианы сэдэв ирж чадаагүй үйлдвэрийн эзэн аавынх нь тухай байлаа. Аав одоо ч нацистуудын холбоотон Генерал Marshal Petain-д ажиллаж байгаа юу гэж Julien-ын ах ээжээсээ ёжтойгоор асуухад одоо хэн ч түүнд ажиллахаа больсон шүүдээ гэж эх нь хариулдаг юм. Энэ үеэр ресторанд нацистуудын холбоотон хагас цэрэгжсэн улс төрийн байгууллагын цагдаа нар болох Милисийнхэн орж ирээд хооллож суусан хөгшин еврейг хөөх гэж оролдох ба Julien-ын ах тэднийг "collabos" буюу нацистуудтай хамтрагч холбоотнууд хэмээн хараадаг. Милисийн дарга бид Францдаа үйлчилж байхад ингэж доромжилж болохгүй гэнэ. Ингээд уур амьсгал хурцдаж эхэлтэл хажуугийн ширээнд сууж байсан Ьермахтын офицер Милисийнхнийг явж үз гэхэд тэд тушаалыг дурамжхан дагадаг. Дараагийн үзэгдэлд сургуулийн тогооч хөвгүүн Joseph сургуулийнхаа хүнсийг зах дээр зарж байсан нь илчлэгдэх болно. Энэ хэрэгт зарим сурагчид, ялангуяа Julien нэр холбогдсон ч баян гэр бүлээс нь ирэх мөнгийг бододцоод захирал ердөө Joseph-г л хөөгөөд бусдыг нь өршөөнө. 1944 оны 1-р сарын нэгэн хүйтэн өглөө энэ явдал болсон гэдэг.
Гестапогийнхон сургуульд дайрч ороод Kippelstein-г хайж эхэлжээ. Ангид нэгжлэг хийж байхад сандарсан Julien санамсаргүй юмуу санаатайгаар уу хойшоогоо Bonnet руу эргэж харсан нь гярхай чөтгөр Гестапогийнхонд дороо анзаарагдаж, Bonnet үг дуугүй баригдсан юмаа. Нөгөө хоёр еврей хүүг хайж байхад Julien сургуульд еврей байгаа гэсэн мэдээг Гестапогийнхонд өгсөн урвагч Joseph-той галт тогоонд таарах агаад Joseph түүнд "дайн болж байна, жаалаа, битгий нээх сайн хүний дүр эсгээд бай" гэж сургамжилдаг. Bonnet буюу Kippelstein эд зүйлсээ авахаар өрөөндөө орж ирэхэд Julien тэр хоёр сүүлчийн удаа уулзжээ. Тэд байнга номоо солилцож уншдаг байсан шигээ салахдаа ч номоо солилцсон юм. Гестапогийнхон сургуулийнхныг бүгдийг нь талбайд жагсаагаад Pere захирлын үйлдлийг буруушааж, Француудыг Герман шиг сахилга батгүй, тиймээс ч сул дорой гэж доромжилно. Pere болоод гурван еврей сурагчийг аваад явахад Pere "баяртай хүүхдүүд минь" гэж хашгирахад сурагчид бүгдээрээ "баяртай багшаа" хэмээн хариу хашгирдаг. Эцсийн мөчид Bonnet эргэж хараад Julien руу даллаж билээ. Кино маань хөгширсөн Julien-ын дуу хоолойгоор жаргадаг ба тэрээр Bonnet Аушвиц-д нас барсан, Pere Маутхаузенд нас нөгчсөн; сургууль 10-р сард дахин нээгдсэн гээд цааш нь тэр явдлаас хойш хэдийнээ дөчин жил өнгөрсөн ч Bonnet-г авч явсан тэр 1-р сарын тэр хүйтэн өглөөний хором мөч болгоныг үхэх хүртлээ хэзээ ч мартахгүй байх болно гэж хэлсэн юмдаг.
Сургуулийн хүүхдүүдэд гоомой, үр дүнг тооцохгүй хөгжилдөх л жинхэнэ жаргал байдаг; ийм насанд өөрөөр байх боломжгүй. Нүцгэн хүүхнүүдийн зураг үзэх, гар чийдэнгээр роман унших, шатаар дээш доош гүйх тухай би ярьж байгааг хэн ч ойлгосон болов уу. Malle-ын 1944 оны дотуур байртай сургуулийн өдөр тутмын амьдралыг харуулсан уг кино түүнийг тодорхойлох чухал бүтээлүүдийн нэг юм. Нэг үгээр энэ бол урагш тэмүүлэх залуу насны түүх юм. Julien-д тоглосон Gaspard Manesse хөгжимчин болсон бол Bonnet-д тоглосон Raphael Fejto зохиолч болсон байдаг ба тэд хоёулаа дахиж кинонд тоглосон нь ховор ажээ. Зодолдож танилцсан нөхөрлөл бат бэх байдаг гэдэгчлэн кинонд Julien, Bonnet хоёр бараг л тэгж танилцдаг ба ерөөсөө энэ насанд зодоон нь нөхөрлөлийг илэрхийлдэг нэг хэлбэр бөгөөд иймэрхүү зодоон ихэвчлэн инээдээр төгсдөг.
Киноны гол баатрууд болох хоёр хүү маань ном унших дуртай; тиймээс ч адилхан шинж чанартай болоод тэр үү, Julien түүний нууцыг бусдаас түрүүлж олж илрүүлдэг билээ. Bonnet гэр бүлийнхээ талаар ярих дургүй байдаг бас бусадтай хамт залбирал уншдаггүй, найрал дууны бэлтгэлийг алгасдаг гээд тун сэжигтэй байдаг ч Julien л түүнийг илрүүлдэг. Julien еврейчүүдийн талаар бараг юу ч мэддэггүй нь ахтайгаа хийх харилцан ярианаас харагдана. Julien төгөлдөр хуурын хичээл дээрээ Bonnet-д нам ялагдахад явдаг төгөлдөр хуурын хөгжим үе үе кинонд эгшиглэддэг бөгөөд ялангуяа Julien ванн-д удаан суухад камер түүний нүүрийг томруулах мөчид сайхь хөгжим эгшиглэдэг; эндээс бид түүнийг мэддэг бүхнээ нэгтгээд найзынхаа нууцыг хадгалахаар шийдсэн гэж төсөөлж болно. Julien хад чулуугаар хүрээлүүлсэн, харанхуй ойд Эрдэнэсийн Эрэлд тоглож байгаад тоглоомонд ч ялаад бас Bonnet-г олдог ба энэ бол зүйрлэлээрээ тэр хамгийн аюултай нууцыг мэдэгч болсныг харуулна. Хөвгүүд энэ нууцынхаа талаар огт ярьдаггүй, тэгэх шаардлагагүй юм. Julien түүнээс "чи ер нь айдаг уу?" гэж асуухад Bonnet "цаг үргэлж" гэж хариулдаг билээ. Францын Шинэ Кино Давалгааны гол давалгаалагчдын нэг Louis Malle-ын туршилт болсон бүхий л замналын сүүл үеэр бүтээгдсэн уг киноныхоо нээлтийг үзээд найруулагч маань "Энэ бол миний түүх, одоо эцэст нь ингэж ярьдаг байжээ" гээд уйлж байсан гэдэг юм.
Comments
Post a Comment