"Язгууртны Үүр". Оросын аугаа зохиолч Иван Тургеневийн 1859 онд "Современник" сэтгүүлд хэвлэгдэн гарч байсан роман. Уг бүтээлийг Оросын нийгэм талархан хүлээж авсан агаад 19-р зууны эцэс хүртэл Тургеневийн хамгийн бага маргаан дагуулсан, хамгийн их уншигдсан роман хэвээр байжээ. Тургенев романыхаа төгсгөлийг үнэнийг өгүүлэлгүйгээр орхих нь дээр гэж эцэслэн шийдсэн байдаг. Тэрээр Лаврецкий, Лиза хоёр юу мэдэрсэнийг тайлбарлах боломжгүй байсан учраас тэдгээр эмгэнэлт явдлуудыг тус тусад нь онцлоод орхичихсон нь илүү дээр гэж дүгнэсэн аж. Тургенев "Язгууртны Үүр" романаа 40 насныхаа ойн баярын дараахан бичсэн бөгөөд романы баатар нь өнгөрсөний алдаатайгаа нүүр тулахаас өөр аргагүйд хүрч, улам бүр хумигдан буй ирээдүйд нь ямар сонголт үлдээд байгааг тодорхойлох ёстой болсон дунд эргэм насны эр байдаг нь зарим талаараа зохиолчийн маань мэдрэмж сэтгэлийг илэрхийлдэг аж. Уг роман хөгжмийн элементүүд хийгээд намуухан бичлэгийн хэлбэрээрээ алдартай билээ.
ҮЙЛ ЯВДАЛ БА ҮНДСЭН СЭДЭВ. Алдарт зохиолчийн хоёр дахь роман болох "Язгууртны Үүр" нь "илүүдэл хүн"-ийн санааг харуулсан түүний чухал бүтээлийн нэг мөн. Романы үндсэн сэдэв бол Оросын язгууртан ангийнхан төрөлх Оросынхоо соёлоос харьж хөндийрсөн тухай юм. "Илүүдэл хүн" гэдэг нь ихэвчлэн гадаад улсад боловсрол эзэмшсэн юмуу Европын гэсэн болгоныг шүтэж, улмаар Орос соёлоосоо бүрэн хөндийрч, сэтгэлийн хувьд бүрэн тусгаарлагдсан язгууртан ангийн гишүүн байдаг. Өрнөдийн соёлыг шүтэн дагах нь Оросын нийгмийн сэхээтнүүдийн дунд удаан хугацааны маргаан болон хагарал үүсгэсэн бөгөөд маргааны эсрэг талд Өрнөдийн соёлыг үл тоомсорлодог славянофилизм байжээ. Уг романд язгууртан давхаргынхны эх орноосоо холдсоны үр дагаврыг гол дүр Лаврецкийгээр дамжуулан судалдаг. "Язгууртны Үүр" мужийн О хотод чинээлэг бэлэвсэн авгай Марья Катилин, түүний хөгшин нагац эгч Марфа нарын хамтран суудаг байшинд эхэлдэг. Марья хоёр охин, нэг хүү болоод хөрш, танилуудын хамт айван тайван аж суух агаад Марья том охин, хэрсүү ухаантай Элизабетагаа (Лиза) Паншин хэмээх байнга тэднийхээр зочлох ихэмсэг, дэгжин эртэй нийлүүлчих гэж хэрэндээ хичээнэ.
Паншин бол юугаараа ч бусдаас ялгарахгүй, өчүүхэн, бараг мөнгөгүй болсон төрийн түшээ бөгөөд хэдэн цагаар ч хамаагүй чалчиж чаддаг ч даанч ярьсан зүйл нь дорвитой байдаггүй нэгэн. Мэдээжийн хэрэг, энэ хоёр хүн огт таарахгүй мөн чанартай боловч гүехэн, тэнэг Марья-д Паншин сайхан эр юм, учир нь Паншин бол түүний таалдаг төрлийн эр юм. Алдартай мөрийтэй тоглоомчны хүү Паншин эцгээсээ багахан өв авчээ. Гэвч төрөлхийн ур чадвар (жишээлбэл дуулах), нийгэмшсэн зан авираараа амьдралынхаа замыг хурдан олж авсныг үгүйсгэхгүй. Паншин Лизагийн сэтгэлийг байлдан дагуулах нь дээ гэж байтал Марьягийн хамаатан тэднийд гадаадаас буцаж ирснээр бүх төлөвлөгөө нурна. Энэ хамаатан нь хэн бэ гэвэл эхнэртэй араараа тавиулсандаа гутан зовоод Оросынхоо эдлэн газартаа эргэн ирсэн том, булчинлаг биетэй, дунд эргэм насны Лаврецкий байлаа. Лаврецкий Лизаг алсаас харан биширч, гүн шүтлэгтэйд нь татагдаж, удахгүй түүнийг Паншинд алдах болно гэж дотроо чимээгүйхэн шаналдаг. Хэдийгээр Лаврецкий хайрын төлөө гэрлэж, саяхан эхнэртэй аймшигтайгээр мэхлэгдэж явсанаа мэдээд шаналж байгаа ч Лизаг хараад цэвэр ариун болон хайранд дахин итгэж болох юм байна гэж боддог.
Гэхдээ гэрлэсэн эр хүний хувьд тэрээр Лизатай илэн далангүй ярилцах эрхгүй бөгөөд түүнийг гэрт нь байнга ирэхэд Марья дурамжхан байв. Лаврецкийг буцаж ирэх хүртэл Паншин Лизагийн сэтгэлд тодорхой "талбайтай" байсан бол Лаврецкий ирснээр Паншины Лизатай байх хугацаа мэдэгдэхүйц хумигддаг. Лизад нууцхан дурласан нь утгагүй явдал гэдгийг ойлгож байсан Лаврецкий Парисын сониноос эхнэрийнхээ үхлийн тухай уншаад гэнэтхэн л шинэ хайрыг дахин эхлэх боломжтой мэт санагдаж эхэлнэ. Уг романыг дунд эргэм насны эр залуухан бүсгүйд дурласан эгэл түүх гэж бодвол том эндүүрэл болно, энэ бол тухайн үеийн Оросын нийгмийг шударга хөлөглөсөн нарийн түвэгтэй бүтээл юм. Романы багагүй хэсгийг Лаврецкийн гарал үүсэл эзэлдэг; тэр бол хамжлагат бүсгүй ба язгууртан залуу хоёрын хараагдсан гэрлэлтийн үр дүн бөгөөд Лаврецкийн эцэг өөрийнхөө хамжлагатай гэрлэсэн нь ёс суртахууны асуудал үүсгэж байсан бол хожим Лаврецкийн аав үүрэг хариуцлагаасаа зайлсхийж гадаад явж, эхнэр хийгээд эх орондоо ирэхээ удаа дараа хойшлуулахдаа Английн соёлд гүн гүнзгий ууссан. Лаврецкийн аав буцаж Оросдоо буцаж ирэхдээ Английн соёлыг хатуу баримтлагч болсон байх агаад гэртээ ирэнгүүтээ хүү Лаврецкийн хүмүүжил, боловсролд шууд анхааран орж, Лаврецкийг "Спартан" болгохыг зорино. Тэр хүүгээ Шотланд маягаар хувцаслаад нум сум харвуулах, гүйлгэх гэх мэт биеийн тамирын ашиггүй мэдлэгээр булж өгсөн аж. Насанд хүрээд Лаврецкий их сургуульд орох гэж оролдсон ч хамгийн анхны харсан ховдог шунахай Варварагийн гоо үзэсгэлэнд автаад түүнийг даган Парис явжээ.
Варвара Парисын үдэшлэгүүдийн чимэг болж байхад Лаврецкийг бүгд маанаг гэж харж байлаа. Эхнэрийнхээ янаг амрагийн явдлыг олж мэдсэн Лаврецкий үл тоомсорлож байсан Оросын буюу өөрийнхөө орхигдсон эдлэн газартаа очиж газар тариалан эрхлэн амьдрахаар шийднэ. Түүний эзгүйд эдлэн газар нь хоосорч, доройтсон байх ба түүний тоогоогүй орхисон байшин барилга нь тоос шороо, үхсэн ялаагаар бүрхэгдсэн байна. Энэхүү бүтээлд зочныхоо өрөөнд зөвхөн Францаар л ярьдаг, өөрсдийгөө Парисын үдэшлэг дээр байна гэж төсөөлдөг, Европын бүх зүйлийг дээдлэн шүтэж байсан Оросын нийгмийг харуулсан юм. Варварагийн бодол санаа хийгээд, мэдрэмж үргэлж Парисын тухай л эргэлдэж, тэрээр бусдад "гадаадын эрслэн" шиг л санагддаг гэдэг билээ. Орос улсыг үнэлж чаддаггүй, "чөлөөт сэтгэгчид" гэдэг нэртэй хэсгийн эсрэг хүмүүс бол романы үйл явдалд бага нөлөөтэй ч хатуу чанга Лаврецкийн нас барсан авга эгч Глафира болон Марья Катилины байшинд тусдаа өрөөндөө амьдарч, өөр дээр нь ирсэн зочдод Орос хоолоороо дайлах хөгшин авга эгч Марфа хоёр юм. Лаврецкийн түүх, язгууртны нөлөөллийн тухай өгүүлсэн Тургеневийн энэхүү гайхамшигт роман нь тухайн үеийн эх орноосоо хөндийрсөн нийгмийн хэсгийг Лаврецкий гэдэг бие хүнтэй гарамгай холбосноороо эх орноосоо харийсах сэдвийг хөндсөн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болжээ.
Романд эх орноо тоохгүй байх сэдвийг Лаврецкийн өөрийн гэсэн бүхнээ үгүйсгэж байгаагаас харж болно. Эцсийн эцэст, Лаврецкийн эдлэн газар түүний "үүр" юм бол ямар ч хүн, амьтан өөрийн үүрээ доройтуулах ёсгүй ба Лаврецкий эдлэн газартаа буцаж ирээд доройтол, бохирдолтой учирж байгаа бол язгууртнууд эх орондоо бусармаг хандаж байгаагийн илрэл, тусгал юм. "Язгууртны Үүр" дэх хайрын түүх Тургеневийн бусад бүтээлүүдтэй харьцуулахад хамгийн сул нь байж магадгүй. Лаврецкий болон боловсроогүй дүр Лиза хоёрын дунд хайр сэтгэл дэндүү хурдан бий болоод цэнэглэдэг; агшин зуурын ийм хайр хуурамч байдаг гэж үзвэл Лаврецкийн Лизаг гэх "хайр" хувь хүнийх нь хувьд биш харин өөрт нь хамгийн тохиромжтой хүн гэж үзсэнийх байх магадлалтай. Лаврецкий Лизагийн шашин шүтлэгийг чин сэтгэлийн, нухацтай гэж татагдаж байгаа нь Лизагийн энэ чанар Варварагийн яг эсрэг байсных юм. Лаврецкий өөртөө тохирдоггүй хүүхнүүдийг сонгодог учир Лиза бол дараагийн тохирохгүй хүүхэн л юм. Тургеневийг заримдаа Баруунжсан-Оросчуудын тод жишээ гэж дооглодог байсан ч "Язгууртны Үүр" энэ шошго бол Тургеневийн итгэл үнэмшлийн системийг хялбаршуулсан болохыг харуулна, учир нь Тургенев Орост болон Оросын хөдөө нутагтаа хайртай ч феодализм ба орчин үечлэлийн хоорондох аюултай туйлын заагийг энэ бүтээлдээ тусгажээ.
Барууны нийгэмд Оросын язгууртан давхаргын шүтэх явдлыг уг романд гадаадын үзэл санааны бүдүүлэг, дүр эсгэсэн, хогийн явдлын хөрвүүлэлт гэж үздэг бөгөөд эх орноо бус харийнхныг шүтсэн боловсролтой нэгэн үе гарч ирснээр тэдгээр хүмүүс эх орноо гэх сэтгэлгүй болдог ажээ. Лаврецкий бол яг үүний үр дүн билээ. Хагас боол, хагас язгууртан түүнд алинд ч багтах зай байхгүй. Тэрээр амьдралын үнэ цэнэтэй бүхэн Европт байдаг гэж заалгуулсан тул Европ явдаг ч тэнд ч бас амьдарч чаддаггүй; гэртээ иртэл хэрэггүй хүн болсон байна, чухам энэ л "илүүдэл хүн" бөлгөө. Тургеневийн уг роман нь Оросын нийгэмд үзэл санаа, үнэт зүйлс хийгээд ангийн ялгаанд гарсан асар хүчтэй тэсрэлтээс 60 орчим жилийн өмнө гарсанаараа хувьсгалын бэлгэдэл.
Comments
Post a Comment