"Хөөрхий Лиза". Оросын нэрт зохиолч Николай Карамзины 1792 онд бичсэн сентиментал тууж. Карамзины хамгийн алдартай энэхүү тууж нь Орост сургуулийн хөтөлбөрт нь багтдаг хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл юм. Уг туужид нийгмийн хоёр анги давхаргаас гаралтай язгууртан залуу, тариачин охин хоёрын хайрын сэтгэлийн тухай өгүүлдэг бөгөөд энэ бүтээл нь 19-р зууны Орос улсад сентиментал зан авиртай тариачин охиныг олонд алдаршуулсан юм. Карамзин Оросын сентиментализмын гол төлөөлөгч байсан ба "Хөөрхий Лиза" нь Оросын ард түмэнд сентиментализмыг анхлан танилцуулжээ. Энэ бүтээл Орос даяар талархал хүлээж, олон хүн Лизагийн живж үхсэн нуур руу мөргөл хийхээр аялдаг байсан гэдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Пушкин зэрэг зохиолчид Лиза гэдэг нэрийг "Гилийн хатан" гэх мэт зохиолдоо элэглэн ашиглах болсон байдаг.
ҮЙЛ ЯВДЛЫН АНАЛИЗ. Карамзин шинийг санаачлагч зохиолч байсан. Түүнийг Оросын сентиментализмыг үндэслэгч гэж зүй ёсоор үздэг. Нийгэм нийтээрээ иймэрхүү зүйлийг хүсч байсан учир уг туужийг халуун дотноор хүлээж авсан гэдэг. Өөрөөр хэлбэл сентиментализмын өмнөх, рационализмд суурилсан классист сургаальт номоос уншигчид залхаад нийгэм сентиментализмыг хүлээж авахад бэлэн болсон байж. Сентиментализм (мэдрэхүй гэдэг үгнээс гаралтай) сэтгэлийн, мэдрэмжийн ертөнцийг тусгадаг ба уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн масс уран зохиолын хүрээнд "Хөөрхий Лиза"-г дуурайлган бичсэн олон ном зохиол бичигдсэн байдаг. "Хөөрхий Лиза" бол Оросын анхны сэтгэлзүйн бүтээл бөгөөд баатруудын мэдрэмж динамикаар илэрдэг. Карамзин мэдрэмтгий гэсэн шинэ үгийг бүтээжээ. Лизагийн мэдрэмж тодорхой бас ойлгомжтой; тэр Эрастыг хайрлах хайраараа тэтгэгдэн амьдардаг. Эрастын мэдрэмж илүү төвөгтэй, тэр өөрөө ч сэтгэлээ ойлгодоггүй. Эхлээд, Эраст уншсан роман шигээ энгийн бөгөөд жам ёсоор дурлахыг хүсдэг бол хожуу Платоник хайрыг үгүй хийдэг бие махбодийн тачаалыг олж нээдэг.
Туужид нийгмийн асуудал нь амрагуудын тэгш бус анги давхаргад оршдог; ингэснээр хуучны романууд шиг жаргалтай төгсдөггүй, харин эмгэнэлтэйгээр төгсөнө. Карамзин анги давхаргаас үл хамааран хүмүүний үнэ цэнийн асуудлыг хөнддөг. Зохиолчийн анхаарал баатруудын сэтгэлзүйд төвлөрч байгаа хэдий ч эмэгтэй баатрыг үхэл рүү хөтөлж буй гадны нөлөөлөл нь туужид чухал ач холбогдолтой. Түүхийн үйл явдал энгийн бас сэтгэл хөдөлгөм; залуу язгууртан Эраст тариачин охин Лизад дурлана. Тэгш бус зиндаанаас болж тэд гэрлэх боломжгүй юм. Эраст цэвэр ахан дүүсэг нөхөрлөлийг эрэлхийлж байгаа боловч зүрх сэтгэлээ мэддэггүй бөгөөд харилцаа нь дотно болж ирэхэд Эраст Лизад хүйтэн хөндий хандаж эхэлдэг. Эраст цэрэгт байхдаа хамаг хөрөнгөө мөрийтэй тоглоод алдчихна. Баян хөгшин бэлэвсэн хүүхэнтэй гэрлэх л нөхцөл байдлыг нь аврах цорын ганц арга гэж үзнэ. Лиза санамсаргүй явж байгаад түүнтэй учраад хүлээж байсан Эраст нь өөр хүүхэнтэй гэрлэх болсныг олж мэдээд түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэдрээд Эраст-тай анх танилцаж байсан нууранд үйж үхдэг. Эраст энэ явдалд харуусан гэмшиж, насан туршдаа энэлэн зовдог. Түүхийн үндсэн үйл явдлууд гурван сар орчим үргэлжлэх бөгөөд найруулгын хувьд үйл явдлуудыг хүүрнэгчийн зураглалтай холбосон хүрээгээр чимэглэсэн байдаг. Түүх эхлэхэд, гучин жилийн өмнө нуурны дэргэд болсон үйл явдлыг хүүрнэгч дүрслэн хүргэнэ.
Түүхийн төгсгөлд, хүүрнэгч дахин одоод эргэн ирж, Лизагийн булшин дээрх Эрастын жаргалгүй хувь тавилангийн тухай дурсан өгүүлнэ. Текст дотроо Карамзин дотоод монологуудыг ашигладаг ч хүүрнэгчийн дуу хоолой илүү давамгайлдаг. Ландшафтын тойм зураглал нь дүрүүдийн сэтгэл санаа, туужийн үйл явдалтай нийцэн тохирч байдаг. Карамзин бол уран зохиолын шинэчлэгч байсан гэж түрүүн хэлсэн; тэрээр боловсролтой язгууртны ярианы хэлэнд дөхөм орчин үеийн уран зохиолын хэллэгийг бүтээгчдийн нэг байв. Тиймээс зөвхөн язгууртан Эраст болон хүүрнэгчийн өнцгөөс яриад зогсохгүй Лиза болон түүний ээжийн өнцгөөс ч өгүүлдэг билээ. Сентиментализм түүхчилсэн үзлийг мэддэггүй байжээ. Тариачдын амьдрал тун хязгаарлагдмал байсан, зарим талаараа тэд газар тариалан эрхэлж, сарнайн ус худалдан авч чаддаггүй эмзэг хүмүүс байсан агаад Карамзины зорилго бол бардам сэтгэлийг үргэлж хянаж чаддаггүй бүхий л байр суурины сэтгэл мэдрэмжийг адилхан үзүүлэхэд оршжээ.
ҮНДСЭН СЭДЭВ. Лиза, Эраст хоёр бол нийгмийн өөр давхаргад харьяалагддаг; Эраст сайн газрын эзэн бол Лиза эгэл ядуу тариачин охин, гэвч тэд бие биедээ дурлаж, хамт байхыг хүснэ. Эраст охиныг эхнэрээ болгох сонирхолгүй байгаа ч түүнтэй хамт байхыг хүсдэг. Тэгш бус хайр зөндөө л байдаг ч мөнгө бүхнийг шийддэг байсан тэр цагт бүр ч их тохиолддог байжээ. Гэхдээ энэ нь жинхэнэ хайр байсан бол ямар ч хил хязгааргүй байх байсан, учир нь хүмүүс бие биенээ үнэхээр л хайрладаг бол нийгмийн ямар ч өрөөсгөл ойлголт хүчгүйдэх юм жинхэнэ хайрын өмнө. Эраст мөнгө сонгож, Лиза сайхь сонголтоос болж үхэж байна. Байгалийн тухай сэдэв туужийг боловсронгуй болгож, ихэнх үзэгдлийн суурь дэвсгэр болж өгдөг. Амрагууд хоёр биендээ хайраа зарлахдаа нуурын ойролцоо байдаг; Лиза охин биеэ алдахад царс мод хажууд нь байдаг. Энэ үйл явдлын дараа тэнгэрээс аадар бороо цутгадаг; хүүрнэгч үүнийг онцлон хэлдэг, байгаль Лизагийн хувь тавилангийн төлөө нулимс асгаруулж байгаа мэт санагдана. Байгаль эх тэдний хайрын гэрч, мөн Лизагийн үхлийн гэрч юм. Хүүрнэгч Лизагийн ээж амин хайртай охиныхоо төлөө хэрхэн сэтгэл зовж байгаа, охиныхоо аз жаргалын төлөө хэрхэн залбирч, цорын ганц үрдээ дээдийн сайныг хүсч байгааг зөөлөн, яруугаар дүрсэлдэг билээ. Лизагийн үхлийн тухай сонсоод хөөрхий эх ганц ч үг хэлэлгүй нүдээ аниад л нас барчихдаг. Эхийн хайр бол ямар ч алагчлалгүй, цэвэр хийгээд чин сэтгэлийн цорын ганц хайр билээ.
СИМБОЛ. Лиза охин биеэ Эрастад өгсөн тэр шөнө айхтар аянга цахиж, шуурдаг. Энэ нь охины цэвэр ариун байдлаа алдаж, амьдралыг нь сүйрэл мөхөл дагаж эхэлсний симбол бөгөөд энэ бол тууж дахь цорын ганц цаг агаарын таагүй агшин. Лиза өдөр бүр хардаг хоньчин хөвгүүнд дурлахыг хүсдэг. Хоньчин хүү байнга ардын дуу дуулж, Лизагийн хүсдэг эгэл тариачны амьдралыг төлөөлдөг; Лиза Эраст шиг харгис, зиндаа таарахгүй хүнд татагдахын оронд эгэл хоньчинд сэтгэлтэй болсон бол гэж бодогдох. Гол нь Лизагийн эмгэнэлт явдлын симбол болдог. Лиза, Эраст хоёрын анхны романтик уулзалт голын эрэг дээр тохиосон ба дараа нь Лиза түүнтэй уулзахаар гол дээр очиход Эраст ирдэггүй, урамгүй болсон Лиза түүнд өгөхөөр түүсэн цэцгээ гол руу шидчихдэг. Мөн мэдээж живж амиа хорлодог билээ. Түүхийн туршид гол (нуур) нь Лизагийн эмгэнэлт амьдрал, сүйрсэн хайрынх нь симбол болдог ажээ. Лиза цэцэг худалдагч, цэцэг нь түүхийн туршид Лизаг бэлгэддэг. Тэрээр анхлан өөрийнх нь цэвэр ариун, гэнэн цайлган, эмзэг шинжийг илэрхийлдэг эмзэг, гоёмсог цэцгүүд зардаг. Үйл явдал өрнөх тусам түүний зарж буй сараана цэцгийг онцолж байгаа нь Лиза амьдралыг авч одох харанхуйг бэлгэддэг ажээ.
Comments
Post a Comment