Сена мөрний романс

 




An American in Paris (1951). Америкийн хөгжмийн зохиолч George Gershwin-ын жазз суурьтай симфоник яруу аялгуунаас санаа авч бүтээсэн Америкийн нэрт кино найруулагч Vincente Minnelli-ын найруулсан мюзикл, романтик комеди. Гол дүрүүдэд; Gene Kelly, Leslie Caron (түүний дебют ажил), Oscar Levant, Georges Guetary болон Nina Foch нар тоглосон ба кино зохиолыг Alan Jay Lerner бичжээ. Хөгжмийг George Gershwin-ын бичсэн хөгжмөөс авсан бол, нэмэлтүүд хөгжмүүдийг Johnny Green, Saul Chaplin (найруулга) нар хийжээ.

  Киноны түүх Gershwin-ын хөгжмийн найргуулга хийгээд Gene Kelly-ын дэглэсэн үзүүлбэрүүдээс бүрдэнэ. MGM студийн гүйцэтгэх захирал Arthur Freed Gershwin-г 1937 онд нас барсаны дараа 1940-өөд оны сүүлээр Gershwin-ын хөгжмийн каталогийг дүү Ira Gershwin-ээс худалдаж авсан ба уг каталогт байсан аялгуунаас "I Got Rhythm", "Love is Here to Stay" зэрэг дуунуудыг бүтээж кинонд ашигласан аж. Киноны оргил хэсэгт ямар ч яриагүй Kelly, Leslie хоёрын 17 минут үргэлжлэх балетын хэсгийн тайз заслыг Raoul Dufy, Pierre-Auguste Renoir, Henri Rousseau зэрэг зураачдын бүтээлээс санаа авч бүтээжээ. Мөн сайхь хэсгийн зураг авалтад бараг хагас сая доллар зарцуулж, MGM-ийн студиуд 44 тайз зассан байдаг. Жүжигчин Leslie 2009 онд өгсөн нэгэн ярилцлагадаа; сандалтай бүжгийн хэсгийг үзсэн Америкийн кино цензурын алба "сексийн дур өдөөхүйц" хэмээн шүүмжилж байсан гэдэг. Кино тухайн үедээ үлэмж амжилтад хүрч, Оскарын наадамд 8 төрөлд нэр дэвшсэнээс 6 төрөлд ялалт байгуулахдаа шилдэг кино төрлийн эзэн болсон ба Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг мюзиклуудын 9-р байрт жагсдаг.

 Gene Kelly-д энэ кинонд үзүүлсэн дуулалт, бүжиглэлтэд нь тусгайлан зориулж Оскарын наадмаас хүндэтгэлийн шагнал өгсөн байдаг нь наадмын түүхэнд тохиосон цорын ганц тохиолдол байлаа. Kelly-ын бахдам бүжиг, Leslie-ын ер бусын төрх, Gershwin-ын хэв маягийн хөгжим дээр Minnelli-ын хараа булаасан өнгөлөг зураглал энэ киног аугаа болгож байна; аугаа юм хэзээд аугаа хэвээрээ л үлддэг шүүдээ. Гэхдээ цаг хугацаа энэ кинонд таатай хандаагүй байдаг; үүнийг кино зохиолтой холбож үзвэл зохилтой мэт. Төгс бус ч сэтгэл сэргээм уг мюзиклыг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 957-р байрт эрэмбэлээд байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Дэлхийн 2-р дайны ветеран Jerry Парист амьдран, амжилттай зураач болохын төлөө уйгагүй зүтгэнэ. Түүний найз Adam бол Францын дуучин Henry-тэй олон жил хамтарч байгаа бас л нэг амжилт гаргах гэж үзэж тарж яваа төгөлдөр хуурч. Henry хайрт бүсгүй Lise-ынхээ тухай Adam-д ярьж байх үеэр Jerry зургаа зарахаар гудманд гарч байна. Jerry-г Монмартр-д бүтээлээ үзүүлж байхад ганцаардсан, баян өв залгамжлагч, шаргал үстэй хатагтай Milo ирээд зургуудаас нь худалдаж авах агаад тэд бүсгүйн гэрт хамт очдог. Milo түүнийг оройн үдэшлэгт урина. Jerry үдэшлэг гэж бодоод очтол бүсгүй ганцаараа байж байх бөгөөд Jerry бүтээлийг нь бус өөрийг нь сонирхоод байгаа буюу өөрийг нь мөнгөөр худалдан авч болно гэж бодсон хэмээн уурлаад явахыг завдтал бүсгүй ердөө түүний замналыг нь л дэмжинэ гэж хэлэхдээ аль хэдийнээ залууд дурласан байна. Jerry, Milo хоёр урлагийн шоуг нь ивээн тэтгэх хүмүүстэй уулзахаар уушийн газарт орно. 

Jerry хажуу ширээнийхээ үзэсгэлэнтэй залуухан бүсгүйд анхны харцаар дурлачихна. Jerry арга саам гарган Milo-оос зайлсхийж байгаад хажуу ширээний бүсгүй болох Lise-тэй танилцаад бүр ажлын газрынхан дугаарыг авч чадна. Milo үүнийг анзаарахгүй тэнэг биш учир улайн цайм дэргэд нь өөр бүсгүйтэй сээтэгнэсэнд Jerry-д илэрхий гомдоллоно. Маргааш нь Jerry Lise-тэй уулзах гээд үгүй гэсэн хариу авах бол энэ зуур Milo Jerry-ын бүтээлээр үзэсгэлэн гаргах гээд завгүй явна. Jerry эцэстээ Lise-тэй болзох эрхийг олж авдаг ч бүсгүй олны газарт уулзахгүй хэмээгээд тэд Сена мөрний эрэгт нууцхан уулзаж хайр сэтгэлээ эдлэн жаргадаг. Маргааш нь Henry Lise-д Америкт аялан тоглолтоор явах гэж байгаа, хамт явъя, гэрлэе хоёулаа гэхэд Lise зөвшөөрөх бөгөөд дайны хүнд хэцүү үед өөрийг нь харж халамжилж явсан ачтандаа тэрээр насаараа өртэй тул үгүй гэж хэлж чаддаггүй. Milo асар гоёмсог уран бүтээлийн студийг Jerry-д бэлэглэхэд Jerry үнэ хөлсийг нь амжилтад хүрэхээрээ заавал эргүүлж өгнө гэж хэлдэг. Jerry, Lise хоёр нууцаар уулзаад бараг сар болж, Jerry бүсгүйгээ дагуулан гэртээ иртэл Lise Henry-ын найз бол Jerry гэдгийг олж мэдээд сэмхэн зугтаачихна. Jerry үүнд хичнээн эмзэглэн гомдсон нь асуултгүй юм. Хөндлөнгөөс бүгдийг ажиж байсан Adam хоёр найз нь нэг бүсгүйд хайртай болсныг мэдээд яахаа мэдэхгүй тэвддэг.

 Тэр шөнө Jerry, Lise хоёр Сена мөрний эрэг дээр дахин болзож, Lise Henry-ын тухай бүгдийг ярьж, тэд салахдаа бие биедээ хайртай гэдгээ зарладаг. Гутарч гуньсан Jerry Milo-г дагуулаад багт наадамд очиход тэнд Lise, Henry хоёр ч мөн байлаа. Jerry, Lise хоёрыг эцсийн салах ёсоо хийж байхыг Henry сэм чагнаж таарах ба ухаалаг эр тэрээр Lise-г чөлөөлснөөр киноны төгсгөл аэ жаргалтайгаар төгсөнө. Уг бүжгийн гайхамшигт үзэгдэл болсон кино 1951 оны Оскарын наадмыг шүүрдсэн гэж хэлж болно, ялангуяа техникийн хувьд бараг бүгдийг нь хамсан ба дараа жил нь гарсан, MGM-ийн мюзиклын алтан эриний үргэлжлэл болсон "Singin' in the Rain" анхандаа амжилт үзүүлж чадаагүй байдаг юм. Гэвч 1960-аад оноос "Singin" Холливуудын хамгийн шилдэг мюзикл гэсэн титэм зүүх болсон бол "An American in Paris" кино ердөө хүндэтгэлтэйгээр л дурсагдах болжээ. Энэхүү кино бол ялсан-ялагдсан-дахиад ялсан "хямдхан" хайрын түүх болохоор улиг санагддаг бололтой. Харин "Singin" бол Холливуудын хувьслыг харуулсан гашуун ёжлолт гэдгээрээ шинэлэг санагдаж, нэг шат дээгүүр үнэлэгддэг бололтой. Гэвч онцлон өгүүлж буй кино маань өөрийн гэсэн олон сайн чанартай. Үүнд Jerry, Lise хоёр хайрын түүхээ бүжгээрээ илэрхийлдэг юм.

 Мөн киноны продакшн буюу тайз засал, байршилд бүтээлч хандсан байдал үнэхээр шинэлэг байдаг. Түрүүнээс хойш дурдан буй хоёр классик мюзиклуудад хачин гэмээр төстэй шинжүүд байдаг; аль аль кино дээр жүжигчин Kelly шаргал үстэй хүүхнүүдээс зугтаах юмуу харилцаагаа таслаад өөр хүүхэн рүү тэмүүлдэг. Мөн хоёр кинонд зөвлөгөө өгдөг сайн найзууд байдаг; энэ кинонд Adam, "Singin"-д жүжигчин Donald O'Connor-ын дүр. Түүнчлэн аль аль кинонд бүгдийг алдчихлаа гэсэн мөчид бүгдийг олж авдаг драматик хэсгүүд бий. The New York Times сэтгүүл уг төгсгөлийн нүсэр хэсгийг кино дэлгэцнээ бий болсноор хамгийн шилдэг бүжигтэй хэсгийн нэг гээд Leslie Caron үгүй үед кино уламжлалт хөгжмийн шоу шиг байдаг бол түүнийг дэлгэцнээ байхад кино өөрийнхөө ид шидээр гэрэлтдэг гэж бичжээ. Variety сэтгүүл харин сүүлийн жилүүдэд Холливуудаас гарсан хамгийн уран сэтгэмжит киноны нэг гэж байжээ. Ерөнхийдөө үйл явдал тарчигхан ч үүнийгээ бүжиг, дуу бусад зүйлсээрээ хангалттай нөхөх уг мюзикл магадгүй таны үзэж байсан хамгийн зугаатай бас нарийн боловсруулсан кино байх болтугай. 2016 онд гарсан "La La Land" киноны төгсгөлийг уг киноны тайз, дизайнаас авсан болохоо найруулагч Damien Chazelle хэлсэн байдаг; тэрээр "Бид тэр киноноос зүгээр л дээрэмдчихсэн" гэж хэлжээ. 

Comments