Clueless (1995). Америкийн кино найруулагч Amy Heckerling-ын зохиолыг нь бичиж найруулсан насанд хүрэх явцыг харуулсан өсвөр насныхны комеди. Гол дүрүүдэд: Alicia Silverstone, Stacey Dash, Brittany Murphy, Paul Rudd нар тоглосон. Кино зохиолыг Английн нэрт зохиолч Jane Austen-ын 1815 оны "Emma" хэмээх романаас санаа авсан ба үйл явдлыг нь орчин цагийн Беверли Хиллс-д болж буйгаар дүрсэлсэн. Киноны үйл явдалд Cher гэдэг үзэсгэлэнтэй, алдартай, баян сурагч охины өөрийнхөө оршихуйг шинжлэн судлахын хажуугаар багш нараа хооронд суулгаж, шинэ ирсэн сурагчтай нөхөрлөж байгаа тухай өгүүлдэг.
Уг киноны зураг авалтыг Калифорнид хуваарийн дагуу 40 хоногт авч дуусгасан. Найруулагч Amy Heckerling 1990-ээд оны өсвөр насныхны соёл, хэл яриаг ойлгохын тулд Беверли Хиллсийн ахлах сургуулийн сурагчдыг судалж, зохих хэллэгийг сурч авчээ. Өнөөдөр энэ кино култ хэмээгдэх болж, өв соёл нь үргэлжилсээр байгаа бөгөөд киноноос уламжилсан цуврал ном, телевизийн шоу, тайзны жүжиг хүртэл тавигджээ. Amy Heckerling-ын энэхүү даруухан хэрнээ радикал дэлгэцийн хөрвүүлэлт нь классик романы бүтцийг орчин үеийн өсвөр насныхны ертөнцөд сайжруулан буулгахдаа өсвөр насныхны богино настай моод хөөсөн чиг хандлагыг ёгтлон шүүмжилжээ.
Heckerling коллежид байхдаа Jane Austen-ын "Emma" романыг уншаад гол дүрийнх нь өөдрөг цоглог байдал тун таалагдсан учраас кино зохиолоо Emma шиг дүрийг тойруулан бичихээр шийдсэн аж: "би ямар ч буруу зүйл болохгүйгээр, үргэлж ягаан нарны шилээр бүхнийг хардаг охины тухай байвал ямар вэ гэж бодож эхэлсэн, ингээд би 1800-аад оны ертөнцийн бүх сайхан зүйлсийг аваад үйл явдал нь Беверли Хиллс-д болбол ямар болох талаар харахыг хичээсэн" гэжээ. Кино зохиолынхоо судалгаанд зориулж найруулагч бүсгүй маань Беверли Хиллсийн ахлах сургуулийн хичээлд сууж, өсвөр үеийнхний соёлыг мэдрэхийг хүссэн: "Би нэг зүйлийг шууд анзаарсан, тэд байсан охидууд яг л барлаг шиг харагдаж байсан" гэж тэрээр бичжээ. Кино зохиолын анхны нэр "No Worries" гэж байсан ба нэрийг нь сольсноос ерөнхийдөө тэр чигээрээ шууд кино болсон. Гэхдээ Fox компанийн удирдлагууд киноны түүх хэтэрхий эмэгтэйчүүдэд төвлөрсөн байгаа нь хүмүүсийн анхаарлыг татна гэж болгоомжилж байсан агаад кинонд хөвгүүд хангалтгүй байна, эмэгтэйлэг болчихвол залуус үзэхгүй байх бий гэж сэрэмжилж байсан учир зарим нэг "засвар" авсан байдаг аж. 6 сарын дараа продюсер Scott Rudin кино болох замыг засч баталгаажуулсан. Rudin-ын дэмжлэг кино зохиолыг сонирхох хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлж, олон студиуд кино болгох эрхийн төлөө "дайтаж", эцэстээ Paramount pictures ялагч болсон.
Paramount нь MTV, Nickelodeon гэх мэт залууст чиглэсэн томоохон телевизийн сувгуудыг эзэмшдэг байсан болохоор киноны зорилт нь ч хүн амзүйд нийцэж байсан учраас Heckerling тун баяртай байв. "Би "Emma"-г коллежид уншиж байхад энэ ном "Gidget" гэх мэт хуучны телевизийн шоунуудыг санагдуулж байсныг би тодхон санаж байна. Би энэ киногоо Беверли Хиллс-д өрнөж байгаагаар хийнэ гэдгээ мэдэж байсан, учир нь Беверли Хиллс бол хэрээс хэтэрсэн пастел фантааз газар" гэж найруулагч бүсгүй маань 2012 онд ярьж байжээ. Тэрээр анх Aerosmith хамтлагийн "Cryin" дууны клип дээрээс Alicia Silverstone-г хараад Cher дүрдээ тоглуулна гэж бодсоор явжээ. Fox студиуд киног хөгжүүлж байхад удирдлагууд гол дүрд Keri Russell, Gwyneth Paltrow, Angelina Jolie нарыг сонирхож байсан бол Heckerling хэзээ язааны олны танил болчихоод байсан Reese Witherspoon-тэй уулзсан ч бүтээгүй. Alicia Silverstone ганц нэг триллер кинонд тоглосноос өөр үзүүлэх юмгүй байсан ч азаар студиуд Heckerling-д заавал од жүжигчин тоглуул гэж шаардаагүй учраас Alicia Silverstone замналынхаа хамгийн оргил дүрийг авчээ. Тэгвэл Josh-ын дүрд Ben Affleck сонгон шалгаруулалт өгч байсан бол Amber-ын дүрд Zooey Deschanel шалгаруулалт өгч, Sarah Michelle Gellar харин дүрийн саналаас татгалзаж байсан аж.
Классик гэгдэх романыг инээдтэй хийгээд ухаалгаар дахин шинэчилсэн уг кино нь бусад өсвөр насныхны кино шиг гял цал ч зөөлхөн ёжлолоороо илүү ба 2008 онд Entertainment Weekly сэтгүүл 1983-2008 оны хооронд гарсан шинэ классик 100 кино жагсаалтынхаа 42-р байрт эл киног жагсааснаас гадна тус сэтгүүл ахлах сургуулийн талаарх шилдэг 50 кино жагсаалтынхаа 7-р байрт "Clueless"-г эрэмбэлжээ. Rolling Stone сэтгүүл уг бүтээлийг "Kids" гэх мэт насанд хүрэгчдэд зориулсан өсвөр насныхны киноноос ялгаатай, "Kids" кинонд итгэл найдваргүй байдлыг аймшигтайгаар дүрсэлсэн бол энэ кинонд материализмыг эмээхүйцээр зурагласан; "Clueless" муу ч хөгжилтэй сайн кино гээд Alicia Silverstone-ын тоглолтыг магтжээ. Cher буюу Emma нь зоригтой, хайхрамжгүй, эрх мэдэлтэй, байнгын ганц бие бөгөөд гайхалтай зуучлагчид; хайраа хайсан нэгэнд туслаж сэтгэл ханамж авагчид юм. Бусдыг зуучлах мэдрэмжтэй болох нь киноны эхний 15 минутад л илэрхий болно. Киног эхлүүлэнгүүтээ та энэ кино биш 90-ээд оны реклам юмуу MTV-ын клип гэж андуурах бий. Кино эхлээд удаагүй байхад Cher өөрийгөө болон найз Dionne бид хоёр алдартай байсан дуучдын нэртэй гэж хэлдэг. Тэгээд цааш нь тэрээр "атаархал гэж юу байдгийг бид хоёр мэддэг учраас бид найзууд" гэж хэлдэг.
Энэ бол ухаалаг бөгөөд хөгжилтэй кино дүрүүд нь онигоонд орохгүй өнгөрнө гэж үгүй. Cher яг л жүжигчин Cybill Shepherd шиг харагддаг ба Alicia Silverstone инээдмийн кинонд гэхэд үнэхээр дур булаам, халуухнаас гадна ухаалаг, цоглог дүрийг бүтээжээ. Мөн түүний бүтээсэн дүрийг кино урлаг дахь хамгийн биеэ тоосон дүрүүдийн нэг гэж Roger Ebert хэлсэн буй. Cher яг аав шигээ ухаалаг, сэргэлэн, өөрөөр хэлбэл кинонд гарах түүний аав бүхнийг хянаж, мэдэж, охиноо цаг ямагт хамгаалж байдаг нь бусад өсвөр насныхны комеди кинонд гардаг ааваас ялгаатай юм. Cher хэдий хатан хаан шиг маягтай, тэнэгдүү яриатай ч авъяаслаг, авхаалжтай байхаас гадна бараг бүх сэдэл нь үндсэндээ цэвэр ариун байдаг. Уг кино өсвөр насныханд зориулагдсан боловч бүхий л шилдэг комедийн нэгэн адилаар хошин мэдрэмжтэй, элэглэлийг ойлгодог хэн бүхэнд таалагдана.
Comments
Post a Comment