Төөрөлдсөн сахиусан тэнгэр

 


Before Sunrise (1995). Америкийн кино найруулагч Richard Linklater-ын романтик драм. Кино зохиолыг тэрээр Kim Krizan-ын хамтаар бичсэн бөгөөд энэ бол Jesse (Америкийн жүжигчин Ethan Hawke) болон Celine (Францын жүжигчин Julie Delpy) хоёрын түүхийг өгүүлсэн "Before" трилогийн эхний бүтээл юм. Зураг авалтыг 9 сарын туршид бүхэлдээ Вена хотод авсан. Гол дүрүүдийн Вена хотоор аялах явцыг урт хэмжээ энгийн харилцан яриа хийгээд монологоор харуулсан тул киноны үйл явдлыг минималист гэж дүгнэж болно. Тэдний амьдрал, хайрын талаарх эсрэгцсэн санаанууд болон мэдрэмжийг нарийвчлан үзүүлдэг бөгөөд Jesse увайгүй дүр эсгэсэн романтик залуу, Celine харин романтик хүүхэн шиг харагддаг. Эл бүтээл нь мөн цаг хугацаа, үхэл болоод өөрийгөө нээж бүтээх тухай судалдаг. Пост-модерн романсын судалгаа гэгддэг энэхүү киноны үргэлжлэл болж 2004 онд "Before Sunset" (дашрамд миний блогоос уншиж болно), 2013 онд "Before Midnight" гэсэн хоёр кино гарсан билээ. Бодлогшруулам, үзэсгэлэнтэй зураглалтай эл кинонд Ethan Hawke, Julie Delpy хоёр үнэхээр магтууштай бодитой тоглолт үзүүлдэг. Орчин үеийн хайр дурлалын талаарх ухаалаг, баригдмал бус романтик уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 969-р байрт эрэмбэлээд байна. Шүүмжлэгч James Berardineli бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик киногоор нэрлэж байсан бол Entertainment Weekly сэтгүүл уг киног орчин үеийн манлай 25 романтик кино жагсаалтдаа багтаасан байхад Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 200 киноны тоонд мөн багтаажээ. Найруулагч Linklater киноныхоо санааг 1989 онд Филадельфи дахь тоглоомын дэлгүүрт танилцсан Amy Lehrhaupt хэмээх бүсгүйтэй танилцсан түүхээсээ авсан ба тэд шөнийн турш хамтдаа хотоор алхангаа ярилцжээ. 2013 онд Linklater "Before Sunrise" кино нь нээлтээ хийхээс өмнө Amy авто ослоор нас барсан гэж хэлж байв. 

Эх кино зохиолд хоёр хүн хэн байсан, ямар хотод цагийг хамт өнгөрүүлсэн зэрэг нь тодорхой бус байв. Кино нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний харилцан ярианаас бүтэж байгаа учир сайн эмэгтэй зохиолчтой хамтран ажиллах нь зөв гэж Linklater ойлгосон агаад тэрээр "Slacker" ба "Dazed and Confused" кинонуудад нь жижиг дүр бүтээж байсан Kim Krizan-г сонгосон. Linklater нэгэн ярилцлагадаа: надад түүний ажиллах арга барил таалагддаг байсан, тэр өөртөө итгэлтэй, оюунлаг санааг байнга урсган гаргадаг байсан. Тэд киноныхоо концепт болон дүрүүдийн тухай удаан хугацаанд ярилцсан бөгөөд Linklater амьдрал дахь хүмүүсийн харилцааны талыг, мөн нэрээ нууцалсан хоёр хүн үнэндээ өөрсдийгөө хэн болохыг олж мэдэхийг оролдож байгаа явдлыг судлахыг хүссэн. Ингэхдээ тэрээр Jesse, Celine хоёрыг Америкаас өөр улсад байрлуулахаар шийдсэн шалтаанаа; "та аялж явахдаа, ердийн хүрээнээсээ ангид мэдрэмжид илүү нээлттэй ханддаг" гэж хэлжээ. Linklater, Krizan хоёр хамтдаа ерөнхий тойм дээр ажиллаад 11 хоногт кино зохиолыг бэлэн болгожээ. Linklater гол дүрүүд болох Jesse, Celine хоёрт тохирох жүжигчдийг олох гэж багагүй бэрхшээлтэй учирч 9 сарыг жүжигчдийн сонгон шалгаруулалтад зарцуулсан аж. Linklater анхлан Ethan Hawke-г бодсон ч арай хөгшдөнө гэж үзээд больсон байдаг ч Ethan-г Нью-Йоркийн нэгэн жүжигт тоглохыг хараад түүнтэй ярилцсаны дараа санаагаа өөрчилжээ. Celine дүрийн хувьд Linklater Julie Delpy-тэй танилцаад л бүсгүйн зан чанар шууд таалагдсан. Эцсийн шалгаруулалт хийсний дараа Linklater бүрэн итгэлтэйгээр тэднийг гол дүрүүддээ авсан байна.

 Julie Delpy 2016 онд өгсөн ярилцлагадаа: "Ethan бид хоёр үндсэндээ кино зохиолыг бүгдийг нь дахин бичсэн шүүдээ. Эх кино зохиол байсан, гэвч итгэнэ үү байна уу, тэр зохиолд романтик өнгө аяс бараг байгаагүй. Linklater бид хоёрыг зохиол бичиж чаддаг болохоор л ажилд авсан юмаа. Тэр биднийг кинондоо романтик санаануудыг авчраасай гэж хүссэн, тэгж л би ямар ч кредит олж аваагүй зүйлийг бичсэн шүүдээ. Хэрвээ би энэ киноны зохиолыг бичсэн гэж кредитэд орсон бол энэ кино санхүүжилт авахгүй байсан байж магадгүй" гэжээ. 2019 онд Kim Krizan дээрх Delpy-ын мэдэгдлийг эсэргүүцсэн. Харин киноны үргэлжлэл хоёр кинонд Ethan, Delpy нар кино зохиолд албан ёсоор оролцож, кредитэд ч орсон байдаг. Уг кино нь бусад чухал хүмүүсээр дамжуулан өөрийнхөө авъяас чадварыг бүрэн гаргах, өөрийгөө олж бүтээх гэсэн хоёр сэдвийн хүрээнд эргэлддэг бөгөөд улмаар сайхь хоёр сэдвийн далд зорилгыгхязгаарлагдмал 12 цагт хэрэгжүүлэх концептыг баримталдаг. Эдгээрийг "Төөрөгдлийн сахиусан тэнгэр" шүлэг тодотгох буюу энэ нь үл мэдэгдэм, хянах боломжгүй ертөнцөд хосуудын хооронд бүрэн дүүрэн, нэгдмэл, магадгүй бүр наманчилсан ойлголцлын хүсэл тэмүүллийг төрүүлдэг ажээ. Мөн хүн хүрээлэн буй орчиндоо аяндаа, дураараа хариу үйлдэл үзүүлдэг тухай сэдэв чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ сэдэв нь Jesse, Celine хоёрын үйлдлээр тусгагддаг буюу тэд гэнэт бодлын урсгалаар хамтдаа галт тэргийг орхисноор өөрсдийнхөө мэддэг ертөнцөөс түр салж, бусдын орон зайд орох боломжийг олгодог. Өглөө болоход Jesse Celine-д дахин "бодит цаг хугацаанд" орлоо гэж хэлдэг билээ. 

Энэхүү бүтээлийг амьдралын гол сэдвүүдийг багтаасан гэж үзэж болно. Нэгэн сцэнд, Celine, Jesse хоёр Симеринг дэх нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн оршуулгын газраар зочилдог; оршуулагдсан хүмүүс үхэлд нэрээ нууцалжээ; бие биенээ таньж, ойлгож чадсанаар Celine, Jesse хоёр өөрсдийнхөө мөнх бусыг түр зогсоож, амьдралыг мэдэрч, хүлээн авч байна. Кино үзэгчдэд гол дүрүүд 6 сарын дараа дахин уулзах эсэхийг өөрсдөө шийдэх боломжийг олгодог. Шүүмжлэгч Robin Wood нэгэн эссэндээ; найруулагч ч тэр, жүжигчид ч тэр сайхь огноог хэвээрээ үлдэнэ гэдэгт огт эргэлзээгүй гэж бичжээ. Шүүмжлэгч Janet Maslin: "Энэхүү кино нь ямар ч урт удаан үргэлжилсэн урт яриатай кино шиг жигд бус, өнгөлөг, татгалзахын аргагүй ухаалаг ойлголтыг үе үе нам гүмхэн байдалтай хослуулсан. Кино найруулагч нь бүхнийг ийм байлгахыг хүсч байгаа нь тодорхой агаад залуухан дүрүүд нь санаанууд, хандлагыг шинэ хувцас шиг туршиж үздэг" хэмээжээ. Мөн шүүмжлэгч Hal Hinson: "Энэ том кино юмуу том санаатай кино биш, гэхдээ кинонуудад гардагчлан хорин хэдэн настнуудын хайрын түүхээс хол өөр. Энэ кинонд, ядаж л залуучуудыг жинхэнэ хүмүүс гэж үздэг" гэжээ. 

Peter Rainer: "Энэ кино бусдаас илүү мэдрэмжтэй, илүүтэй нууцлагдмал байхыг оролдсон залуучуудын тухай майнстрим кино ба үүгээрээ ч амжилтад хүрсэн" гэж бичжээ. Харин шүүмжлэгч Marjorie Baumgartne: "Киноны сэдэв болоод дүрүүдийн сонголт Linklater-ын бүтээл туурвихуйн төлөвшлийг харуулж байна" гэж бичжээ. Anthony Lane: "Celine, Jesse хоёр өнөөдрийг хүртэл зөвхөн уран зохиолоос олж байсан, магадгүй дахиж хэзээ ч олдохгүй тийм амьдралын хэлбэр, дүрсийг ганцхан өдөрт өглөө" гэжээ. Австрийн галт тэргэнд учирсан царайлагуудын романс ярилцсанаас үүдэлтэй бөгөөд энэ бол үнэндээ хүний хамгийн эротик эрхтэн болох оюун ухааны уулзалт байсан юм. Тэд 20 гаран настай, эрэгтэй нь Америкийнх бол бүсгүй Францынх. Залуу хямд зардлаар Вена руу яваа бол бүсгүй Парис руу гэрт харьж буй. Тэд аян замдаа хамт хооллох үеэр залууд галзуу санаа төрнө; яагаад тэд хамт галт тэрэгнээс буугаад Венагаар нэг өдөр хамт хөгжилдөж болохгүй гэж?. Иймэрхүү зүйлс ихэнх хүнд тохиолдож байсан юмуу тохиолдох байх, гэхдээ найруулагч энэхүү кинондоо илүү зөөлөн, сайхан, аястайгаар үзүүлсэн нь мэдээж. Энэ киноны зорилго далд биш. Гоёмсог секс сцен, урвалт, болхи хүчирхийлэл хийгээд мелодрам энд байхгүй ба үдээс хойшихоос маргаашийн үүр цайх хүртэл харилцан яриа л бий. Вена хотоор тэнүүчлэх тэдэнд хэн ч саад болохгүй. 

Энэ кино яг л бодит амьдралаас ургасан мэт, эсхүл камер нь харагдахгүй баримтад кино шиг бөгөөд үзсэн хэн бүхний хайрын дурсамжийг сэргээнэ. Ethan Hawke "Dead Poets Society" кино дээрхээсээ өөр дүрийг энэ кинонд бүтээсэн бол Julie Delpy-г бид Krzysztof Kieslowski-ын "White" киногоор нь илүүтэй мэдэх билээ. Тэрээр энэ кинонд цогшим үзэсгэлэнтэйгээс гадна дулаахан мэдрэмж төрүүлдэг. Celine, Jesse хоёр юу ярьдаг вэ гэж үү? онцгой юмгүй; эцэг эх, үхэл, экс найз залуу, охин, мөн хөгжим л ярьдаг. Jesse-ын цаг хугацаагаар аялах тухай яриа Celine-г галт тэрэгнээс буулгаж зэрэг маш сонин бөгөөд гайхам харилцан яриа уг кинонд бий. Тэдний дунд сексийн дур байгаа нь ойлгомжтой ба найруулагч үүнийг аядуухан бас тэвчээртэйгээр зохицуулдаг. Хөгжмийн дэлгүүрт хөгжим сонсох өрөөн дэх сцэн үнэхээр гайхалтай; тэд хэн хэн рүүгээ хардаг ч хараагүй болохын тулд өөр тийшээ амжиж харцгаадаг. Тэдний энэ үйлдэл яагаад төгс вэ гэвэл багахан ичингүйрлээс гадна цагаа яг олоод байдаг ба энэ чинь л амьдралын нарийн агаад үнэн зүйл болох дурлал юм. 

Comments