Кнут Хамсун "Өлсгөлөн"

 


"Өлсгөлөн". Норвегийн зохиолч Кнут Хамсуны 1890 онд хэвлэн нийтлүүлсэн сэтгэлзүйн, философийн роман. Энэхүү бүтээл 20-р зууны уран зохиолын эхлэл гэж үнэлдэгээс гадна сэтгэл судлал дээр тулгуурласан орчин үеийн жишээ болсон роман гэдэг. "Өлсгөлөн" бол хүний ухааны иррационал шинжийг сонирхолтой, заримдаа хошиноор дүрсэлсэн роман юм. ТАЙЛБАР. 1890 онд Хамсуныг дэлхийд гаргасан уг бүтээл нь зохиолчийн өөрийнх нь ядуу тарчиг амьдралаас сэдэвлэсэн бөгөөд тэрээр Америкт хийсэн таагүй аяллаасөа буцаж ирээд романаа бичжээ. 19-р зууны сүүлээр Кристианиа (одоогийн Осло) хотод үйл явдал нь өрнөх уг романд орчин үеийн метрополис хотын харанхуйд бодит байдлын мэдрэмж нь төөрөлдсөн оршихуй руу гулган унаж буй өлсгөлөнд нэрвэгдсэн залуу зохиолчийн адал явдлыг өгүүлдэг. Тэрээр нэр төр, бахархалаа сэвтээлгүй өлсгөлөнгөөс гарах үр ашиггүй оролдлогууд хийдэг бөгөөд түүний сэтгэц хийгээд бие махбодийн доройтлыг нарийвчлан дүрсэлдэг. Мэргэжлийн замналаа үргэлжлүүлэх чадваргүй юмуу хүсэхгүй байснаас болж түүний шаналгаа даамжирах буюу тэр ур чадвараа хэнд ч хэрэггүй зүйл гэж үздэг ба дараалсан учралуудын зураглалыг Хамсун өөрөө "цуврал анализ" гэж тодорхойлсон байдаг. 

Романы гол баатар олон талаараа "Гэм Зэм" романы Раскольниковыг санагдуулдам шинж чанарыг харуулдаг; Федор Достоевский бол Хамсунд гол нөлөө үзүүлсэн зохиолчдын нэг байв. Эмиль Золя зэрэг натуралист зохиолчдын нөлөө уг романд илэрхий харагддаг шиг түүний реалист уламжлалаас татгалзаж байгаа нь тодхон байна. "Өлсгөлөн" роман бол Хамсуны уран зохиол, идеологийг харуулсан чухал бүтээл юм. Хүний оюун ухааныг нарийвчлан үзүүлэх нь орчин үеийн уран зохиолын үндсэн объект байх ёстой гэж тэрээр үзсэн; "цусны шивнээ, ясны чөмөгний гуйлт" гэж дүрсэлсэнээрээ Хамсун уг романдаа өөрийнхөө үзэл санааг бүрэн илэрхийлжээ. Орчин үе, хотын соёл иргэншлийг хэрхэн үнэлдэгээ тэрээр романыхаа эхний өгүүлбэрт тодорхой бичсэн, тэр Кристианиаг "өөрт нь тэмдэг үлдээхээс урьтаж хэн ч орхиж явдаггүй гайхамшигтай хот" хэмээн хоёрдмол утгатай дүрсэлсэн байдаг. Хамсун 1920 онд "Газрын үүсэл" бүтээлээрээ Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн ч нацизмыг талархан дэмждэг байснаасаа болж амьдралынхаа сүүл хэсэгт гадуурхагдаж, зовж бараг хэн ч биш болж нас баржээ. 

ҮНДСЭН СЭДЭВ. ИЧИХ СЭТГЭЛ БА БАРДАМНАЛ. Өлсгөлөнгийн эсрэг тэмцэл хүүрнэгчийн нэрээ хичээх байдал, бардам зангийн дунд ээлжлэн солигдож байдаг. Хэн нэгэн түүнд таван крон өгдөг, энэ мөнгө хэдэн өдөр ходоодыг нь цатгаж, дулаахан газарт унтуулж, тайван зохиолоо бичихэд хүрэлцээтэй мөнгө хэдий ч баатар маань мөнгийг авсан даруйд л ичих сэтгэл нь хөдөлж, мөнгийг гудамжинд таарсан анхны хүндээ өгчихөөд бардамналдаа цадсан ч хоосон ходоодтой цаашаа хэнэггүй явж оддог. Сэтгэл хөдлөл нь намдаж, өлсгөлөнд бууж өгөхийн цагт тэрээр бялууны дэлгүүрт ороод ичих ч нүүргүйгээр мөнгөө урьдчилж өгсөн гэж худал хэлж ууртайгаар бялуу идэж гардаг билээ. Үйл явдал ерөнхийдөө иймэрхүү өрнөдөг, энэ романд. Тэгчихээд мөнгөтэй болсон болчихвод бардам зангийг нь шархлуулсан өрөө түрээслүүлэгч эзэгтэй рүү хамаг байдгаа шийдчих юмуу гудамжинд таарсан гуйлгачинд зүгээр өгчихнө; тэр тувт яаруу байж, өдөөлтөөр удирдагддаг.

 ӨЛСГӨЛӨН. Хүүрнэгчийн монолог гайхалтай тунгалаг байж түүний сэтгэлийн төлөвийг дамжуулдаг. Бяцхан араатан хүний зөөлөн маханд шигдэн ордог шиг өлсгөлөн түүний ухаанд нэвтрэн ороод цусыг нь долоож, зэвүүн муухайгаар мөлхөн инээнэ. Удаан үргэлжилсэн, тэвчихийн аргагүй өлсгөлөн түүнийг зохисгүй муухай амьтан болгон хувиргадаг. Энэ хувирсан хүн бол тэр биш, энэ бол өлсгөлөн буюу цатгалан, уцаартай, таарсан хэнийг ч доромжлох, гомдоож, мөн худлаа хэлж, гомдол мэдүүлж, эелдгээр бөхөлзөж инээх, байгаа бүх мөнгөө өгөх эсхүл хайр сэтгэлээ зарлах тийм нэгэн биеэ орхисон нэгэн юм. Ийм нийтийн хувирал, мэдрэмж, шилжилт хийгээд хуурамч сэтгэлийн хөөрөл, зэрлэг шуурга, бүрэн тамирдалт бол галзуутай эрч хүчээс гадна оюун ухааныг хяналтгүй болгосон өлсгөлөн гэгч юм. Өлсгөлөн эмгэг өвчин болсноор хүүрнэгч орчлон ертөнцийн аливаа дохиог мэдрэхээ нэгэнт больжээ. 

ХУДАЛ ХЭЛЭХ. Хүүрнэгч нь засаршгүй худалч байдаг; "Би яагаад худал хэлснээ мэдэхгүй байна. Миний бодлууд учир холбоосгүй хөвөрч, энэ надад би юу хийх ёстойгоо мэдэж байгаагаас илүү олон онцгой хүсэл төрүүлэв. Энэ онгод гэнэт над дээр ирж, ямар ч тооцоололгүйгээр сэтгэл дэвэргэлээ" гэдэг. Хүүрнэгч хүн болгонд, хаа сайгүй худлаа хэлдэг. Гэхдээ тэр зүгээр хүмүүсийг хуурах дуртайдаа бус харин хөөрхийлөлтэй нөхцлөө хүлээн зөвшөөрсөн бардамнал нь тун их шархласнаас үүдэж худал ярьдаг. Тэр өөрийнхөө хүндхэн нөхцлийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч бусад хүмүүс тэгж бодоосой гэж хүсдэггүй.

 МОТИФ, ЗҮЙРЛЭЛ, ХАРЬЦУУЛАЛТ. НАЙДВАР БА ОНГОД (МОТИФ). Хүүрнэгчийн итгэл найдвар ямар нэгэн байдлаар идеалист ба энэ бол зөвхөн өдрийн талхны мөнгөний төлөөх итгэл биш юм. Хүүрнэгчид онгод нь орох л юм бол тэр дорхоноо л бүгдийг бичихээр төлөвлөдөг; сүйрлийн философийн зохиолоос эхлээд 3 хэсэгтэй дундад зууны сэдэвт жүжиг хүртэл түүнд бичиж чадахгүй, мэдэхгүй зүйл байдаггүй мэт санагдана. Бодол нь дүрэлзэж, үзэг нь чичирч байсан ч удалгүй онгод нь алслан одвоос хүүрнэгч гар бичвэрээ орхих юмуу заримдаа бүр урж тасддаг. Зохиолч тарчлан байхдаа олон зохиол өгүүллэг бичдэг ч онгодоор хөглөгдсөн ганцхан зохиол нь л амжилттай болж арван кроны түүнд авчирдаг билээ.найдварыг агшин зуурт төрүүлдэг онгод буюу урам зоригийн мотиф романы туршид харагддаг. Тэр онгодтой болуутаа дараагийн агшинд л алдчихдаг ба өлсгөлөнгийн тамлалтаас болж санаагаа бүрэн бичиж чадахгүй байдаг билээ. 

ХАРАНХУЙ (МОТИФ). Өлсгөлөнгийн зовлон хүүрнэгчийг маань голдуу харанхуйд, ялангуяа шөнөөр мөшгөн дагадаг. Өлсгөлөн зөвхөн өдрийн нартайн хомсдол бус харин ч харанхуйд өлсгөлөн түүний сэтгэлийг нөмрөөд бүх ертөнцийг нүднээс нь халхалдаг. Харанхуй түүнийг эзэмдэхэд хүүрнэгч тод тунгалаг сэтгэж чадахаа больж, ухаанаа алдаж, харанхуйн торонд хүлэгдээд гарах гарцаа олж чадахгүй байгаа юм шиг болдог. Заримдаа өдрийн гэрэл ч түүнд тус болдоггүй ба өлсгөлөн үргэлж түүнд харанхуйг авчирч, мөнхийн харанхуйд түүний бодол эргэлддэг. ЖАРГАЛТАЙ ХҮМҮҮС (ХАРЬЦУУЛАЛТ). Хүүрнэгч цэцэрлэгт хүрээлэнд суугаад эргэн тойрныхоо хүмүүсийг ажигладаг ба түүнд өөрөөс нь бусад бүх хүмүүс жаргал, ямар ч асуудалгүй мэт санагддаг: энгийн амьдралтай тэд яг л үдэшлэг дээр байгаа жаргалтай хүмүүс шиг санагддаг. Эдгээр хүмүүс мөрөн дээрээ ачаагүй, уй гуниггүй мэт санагддаг учраас түүнд өөрт оногдсон хатуу амьдралыг даван туулах ёстой мэт бодогдож үүндээ бухимддаг. Тэрээр өөрийгөө энэ хорвоо дээрх цорын ганц зовогч гэж үздэг бөгөөд үүний буруутан нь түүнийхээр бол Бурхан юм.

 ӨЛСГӨЛӨНГИЙН БИЕ МАХБОДИЙН ӨВДӨЛТ (ЗҮЙРЛЭЛ). Өлсгөлөнгийн төлөв байдалд өөрийнх нь бие махбодийн тарчлалыг хүүрнэгч маш тод, тодорхой дүрсэлдэг; Тархи толгойноос минь алгуурхан гараад намайг битүүмжлэх шиг болсон" гэж хэлдэг бол хүүрнэгч төвлөрч байгаад сайн зохиол бичих боломжгүй болсныг илтгэнэ. Мөн өлсгөлөн түүнийг байнгын дагалдагч нөхөр болдог. "Өлсгөлөн намайг жижиг, хурц шүдээрээ хазаж байна" гэдэг нь түүнийг тодорхой тунгалаг бодох боломж олгохгүй байгаа тийм тэвчихийн эцэсгүй өвдөлтийг өгч байна. Романы үндсэн сэдэв өлсгөлөн болох нь номын гарчигаас илэрхий харагдах ба өлсгөлөн нь амьд биет шиг өвөрмөц шинжтэйгээр романд агуулагддаг. Өлсгөлөн нь хүүрнэгчид ертөнцийн алив бүхнийг харах боломж олгодогоороо бас тодорхой бодож, сэтгэх боломжгүй болгодогоороо зүйрлэлийн хувьд сайн, муу талтай юм. 


Comments