Томас Манн "Венец дэх үхэл"


 "Венец дэх үхэл". Германы нэрт зохиолч Томас Манны 1912 онд хэвлүүлсэн тууж. Уг туужид тайж хэргэмтэй алдартай зохиолч Венецид зочлоод Тадзио хэмээх Польш хөвгүүнийг хараад сэтгэл нь сэргэж, алив бүхнээс чөлөөлөгдөж, улмаар хөвгүүнд дурлан автаж буй тухай өгүүлдэг. Тадзио гэдэг дүрийг Манн 1911 онд Венецид айлчлахдаа харсан Владзио хэмээх бодит хөвгүүнээс сэдэвлэжээ. ҮҮСЭЛ. Гёте 18 настай язгууртан хатагтай Улрике фон Леветцов гэгчид дурлаад "Мариенбандын гунигт шүлэг"-ээ бичсэн түүх Манны сэтгэлийг татсанаар "төөрөгдөл, доройтлыг дагуулсан хүсэл тачаалын" тухай зохиол бичихийг анх зорьжээ. 1911 оны 5-р сард хөгжмийн их зохиолч Густав Малер Вена хотноо нас барсан явдал мөн тэр оны зун Венецид амарч байхдаа Владзио хүүг олж харсан зэрэг явдлууд Манн-д онцгой сэрэл мэдрэмж төрүүлжээ. Тэр энэ түүхийг Ашенбахаар оюунлаг байдлыг төлөөлүүлж, амьдрал ба оюун ухааны хоорондын харилцааны талаарх тодорхой итгэл үнэмшлийг тодруулахын тулд ашигласан аж. Манн-д Зигмунд Фройд, түүний зүүдний үзэл санаа нөлөөлснөөс гадна Венецид хэд хэдэн удаа айлчилж байсан философич Фридрих Ницше мөн нөлөөлсөн гэдэг. 

ДАЛД ИШЛЭЛ. Эл бүтээл эрт үеэс, нэн ялангуяа эртний Грекийн болон 18-р зууны үеийн Германы бүтээлүүдээс (уран зохиол, урлаг-түүх, хөгжим, дүрслэл) зэрэг олон далд ишлэлээр дүүрэн байдаг. Уг тууж нь текст хоорондын шинжтэй бөгөөд нэгдүгээрх гол эх сурвалж нь Платоны "Симпозиум" болон "Федр" зохиолуудад бичсэн эротик хайрыг философийн мэргэн ухаантай холбох тухайд байдаг бол хоёрдугаарх нь цээр хийгээд хэлбэр дүрсийн бурхан Аполло, мөн хэтрүүлэг болоод хүсэл тэмүүллийн бурхан Дионис хоёрын эсрэг Ницшегийн философийн хоорондын талаар юм. Манныг "Венец дэх үхэл" бүтээлээ бичиж байх цаг үед сонгодог бурхдыг орчин цагийн нөхцөлд байршуулан буулгах явдал түгээмэл байжээ. Ашенбахын нэр, дүрийг Германы ижил хүйстэн яруу найрагч Август фон Платен-Халлермюнд гэгчээс санаа авч бүтээсэн байх магадлалтай гэдэг. Энэ туужид Платен-Халлермюндын Венецийн тухай шүлгүүдээс ишилсэн хэсгүүд байдаг ба сайхь найрагч Ашенбах шиг Италийн арал дээр тахлаар нас баржээ. Ашенбахын нэрний Август гэдэг нь бараг л наймдугаар сарын анаграмм, харин дүрийн овог нэр Ашенбах бол Платен-Халлермюндын төрсөн газар болох Ансбахаас гаралтай байж магадгүй аж.

 Гэсэн хэдий ч энэ нэр өөр нэгэн тодорхой ач холбогдолтой; Ашенбах гэдэг нь шууд утгаараа "үнсний горхи" гэсэн утгатай ба энэ нь "үхсэн үнс" (Ашен) амьдралын урсгалыг (Бах) бөглөх гэсэн утгыг санал болгодог аж. "Венец дэх үхэл"-д Ашенбахын биет дүрслэлийг хөгжмийн зохиолч Густав Малерын гэрэл зураг дээрээс үндэслэжээ. Мюнхенд тэд уулзацгаахад Малер Манн-д хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд Малер Вена хотод нас барсныг дуулаад Манн гүн цочирджээ. Манн Ашенбах дүрдээ Малерын нэр, төрх байдлыг өгсөн хэдий ч энэ талаараа олон нийтэд ярьж байгаагүй байдаг. 1971 онд уг туужаас сэдэвлэсэн кинонд Малерын хөгжмийн зохиол, ялангуяа 5-р симфоний "Адагиетто" 4-р хэсгийг эгшиглүүлдэг бөгөөд кинонд Ашенбахыг  бичгийн хүн бус хөгжмийн зохиолч болгосон байдаг. Ашенбахын нэр нь мөн Дунд зууны Германы зохиолч Вольфрам фон Эшенбахын нэртэй холбоотой байж магадгүй гэдэг, учир нь Эшенбах "Парзивал" хэмээх зохиол бичсэн буюу энэ зохиолд гардаг залуу нас хийгээд гоо үзэсгэлэнгийн цэвэр ариун байдлын сэдэв нь Манны туужихтай төстэй байдаг. Эшенбахын сайхь туулсын зохиолыг суут Ричард Вагнер "Парсифал" хэмээх дуурь болгон хөрвүүлсэн байдаг ба Манн Вагнерын бүтээлүүдийг бишрэн үздэг байсныг харгалзан үзвэл тэрээр Вагнерт урам зориг хайрласан бүтээлийг иш татсан нь хөгжмийн зохиолчын дуурийг хэрхэн үнэлж байсныг хэлж байж болох талтай юм. Латвийн урлаг судлаач Модрис Экштейн Ашенбах болон Оросын нэрт бүжиг дэглээч Сергей Дягилев (ижил хүйстэн байсан бололтой) хоёрын төстэй байдлыг тэмдэглэсэн байдаг; хэдийгээр тэд хэзээ ч уулзаж байгаагүй ч Дягилев Манны зохиолыг сайн мэддэг байжээ. Тэр бүр зохиолыг нь амрагууддаа өгч уншуулдаг байсан аж. Дягилев Ашенбах шиг Grand hotel de Bains зочид буудалд байнга бууж, залуухан эрэгтэй амрагуудаа дагуулан очдог байсан аж. Эцэст нь Дягилев Ашенбах шиг Венецид нас баржээ. 

ҮНДСЭН СЭДЭВ. ЁС СУРТАХУУНЫ УНАЛТ: Ёс суртахууны уналтын сэдэв нь зууны төгсгөл юмуу шинэ зууны эхлэлт, өөрчлөлт гэдэг утгаараа тухайн үеийн Европын уран зохиолд маш алдартай байжээ. Хувь хүний, эсхүл нийгмийн доройтлыг Манны үеийнхэн, ялангуяа Оскар Уайлд, Андре Гиде нарын зохиолд түгээмэл дүрслэгддэг байсан. "Венец дэх үхэл"-д Ашенбахын Польш хөвгүүн Тадзиод гомоэротик мэдрэмжээр хандаж байгаагаар дамжуулан уналт доройтлын асуудал гарч ирдэг бөгөөд хэдий энэ мэдрэмж нь үндэслэл бүхий эх сурвалжаас (хөвгүүний гоо үзэсгэлэн) улбаатай боловч Ашенбах хэт их сэтгэлийн хөөрөл, догдлолд автсанаар унаж сүйрч байна. ҮХЛИЙН ТОЛГОЙ. Үхлийн толгой нь хүний гавлын ясаар юмуу эсхүл илүү нарийн дүрслэлээр илэрч үхлийг илэрхийлдэг. Үхлийн толгой нь Ашенбах руу дөхөж, ойртох тусам адилхан аймшигтай төрхтэй хүмүүсээр илрэн гарч ирдэг тул туужийн зонхилох суурь сэдэв юм. Юуны өмнө оршуулгын газарт тэр муухай шүдтэй хачин харийн хүнийг олж хардаг. Дараа нь Венецид айдас хүргэм гондол завьчин (Ашенбахын авсыг санагдуулам завь жолооддог) нь содон малгай, улаан үс, анхаарал татахуйц шүдтэй байдаг нь эхний хүнтэй адилхан юм. Гондол завьчин харийн хүнтэй харьцуулахад Ашенбахад илүү ойр дотно санагдах ч тэд ярилцаж чаддаггүй. Үхлийн толгойны эцсийн дүр төрх дуучны дүрээр Ашенбахыг зочид буудлын цэцэрлэгт байхад симболик маягаар учирдаг ба дуучин улаан шс, содон малгайтай нь бусад хоё эртэйгээ симбол талаасаа ижилхэн шинжтэй, мөн дуучин Ашенбахад онцгой анхаардаг.

 ОРЧИНДОО МЭДРЭМТГИЙ БАЙХ. Манн Фройдын бүтээлүүдэд хариу болгож хүн хүрээлэн буй орчиндоо хариу үйлдэл үзүүлэхэд сэтгэлзүйн тал уран зохиолд хэрхэн гардагийг харуулахыг оролдсон бололтой. Ашенбах мэдрэмжтэй уран бүтээлчийн хувьд хүрээлэн буй орчиндоо онцгой гэмээр мэдрэг байдаг агаад Ашенбахын сэтгэл санаа цаг агаарын уур амьсгалтай нягт холбогдож, цаг агаар, уур амьсгал өөрт нь таарахгүй учраас анхны амралтын газраа орхин өөр газар хайхаар шийддэг. Бусад дүрүүд ч мөн адил цаг агаарын нөхцөлд хариуламтгай байдаг ба Венецийн тааламжгүй агаар нь эрүүл мэндийн асуудалтай холбоотой бус хэт догшин газар дундын тэнгисийн халуун салхитай үүдэлтэй нийтлэг ойлголт юм. ПЛАТОНЫ ИДЕАЛ. Ашенбах Тадзиог анх харуутаа хөвгүүнийг төгс гоо үзэсгэлэнгийн үлгэр жишээ гэдэгт итгэж, түүнийг Грекийн гоо үзэсгэлэнгийн идеалтай шууд холбож боддог. Ашенбах Грекийн зураглалыг ашиглан хөвгүүний гоо үзэсгэлэнг абстрактлаж, түүнийг бишрэн шүтэж байхдаа ая тухыг мэдэрдэг. Тиймээс Платоны идеал бол сексийн дурлал гэдэг нь бие махбодийн хувьд дутмаг, дээд зэргийн оюунлаг хайрын урьдал байж болохыг харуулж байна. Ашенбах өөрийгөө Грекийн их мастер, Тадзиог өөрийнхөө сурагч гэж төсөөлж байна. Гэвч зохиолч маань Тадзиотой огт ярьдаггүй тул Платоны идеалыг биелүүлж чадахгүй; Платоны идеалд харилцан яриа нь маш чухал; иймд Ашенбах хөвгүүнийг илүүтэй хүсэл ташаал дээрээс үндэслэн хайрлажээ. 

АНАЛИЗ. "Венец дэх үхэл" бол уран бүтээлч, урлагийн мөн чанарын тухай түүх юм. Тууж эхлэхэд Ашенбах нуугдмал мэдрэмжтэй атлаа хүсэл тэмүүллээ үргэлж дарж, үүнийгээ амьдралдаа ч, уран бүтээлдээ ч илэрхийлэхийг зөвшөөрдөггүй болох нь харагддаг. Түүний төлөөлж буй зууны эхэн үеийн Европын хөрөнгөтний соёлын нэгэн адилаар Ашенбах бол Фройдын томьёолсноор бол "хүслээ дарсан" хүн аж; ийм тэнцвэргүйгээр удаан хугацаанд тогтвортой байх боломжгүй, жинхэнэ урам бадраасан урлагийг гаргаж чадахгүй гэж үздэг байжээ. Гэсэн хэдий ч өөрийнхөө хүсэл тэмүүллийг ийм удаан хугацаанд хатуу чанд хяналтад барьсны дараа Ашенбах хүслийнхээ эсрэг хамгаалалтаа сулруулж эхлэхэд л хүсэл эь хоёр дахин нэмэгдэж, эцэстээ амийг нь авч одож байна. Тадзиогоор төлөөлүүлж мэдрэмжийн гоо үзэсгэлэнг амьдралдаа хүлээн зөвшөөрсний дараа Ашенбахын бүхий л ёс суртахууны хэв хэмжээ нурж, гоо үзэсгэлэнгийн боол, хүсэл тачаалын зарц болж; тэрээр нэг мөсөн мөхдөг. Ингэж Ашенбах урлагийн нэг туйлаас нөгөө туйл руу, оюунлагаас биет байдал руу, цэвэр хэлбэрээс цэвэр сэтгэл хөдлөл рүү бүрэн шилждэг. Томас Манны энэ бүтээл аливаа туйлшрал аюултай, бүр үхлийн аюултай гэж сэрэмжлүүлжээ. Томас Манн уг туужаа "домог дээр нэмэх нь сэтгэлзүй" гэсэн аргачлалаар бичжээ. 

Домог ба сэтгэлзүй гэсэн хоёр элемент хоёулаа Ашенбахын доройтлыг илрүүлэхэд адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Тадзиог домгийн хэллэгээр дүрсэлж, Грекийн уран баримал, хайрын бурхан, Гианцинт, Нарцисс болоод Платоны "Федр" зохиолын дүртэй харьцуулдаг. Ашенбах далайгаас тасраад Венец руу хийсэн аяллыг Стикс мөрнийг гаталж, далд ертөнц рүү хийсэн домоглог аяллыг харуулсан нэр хэллэгээр дүрсэлдэг. Хачирхалтай бас аймшигтай улаан үстэй хүмүүс Ашенбахтай байнга учирдаг, энэ нь чөтгөр эсхүл албингуудыг илтгэж байгаа бололтой. Эдгээр бүх домоглог ишлэлүүд нь туужийн үйл явдал дахь дүрүүд болон тэдний мэдрэмжийг түгээмэл болгоход үйлчилдэг. Туужид сэтгэлзүйн элементүүд мөн чухал байр суурьтай байдаг; туужийн эхлэлд Ашенбах сексийн дураа хатуу чанд дарж удирддаг ба гэвч Фройдын таамаглаж байсанчлан хүслээ дарах нь яаж ийгээд зүүдээр илрэхэд хүргэдэг; Ашенбах алсыг харсан тод зүүд зүүдэлдэг; тэр халуун орны намаг шаварт байгаагаар, тэгэхдээ "харь-бурхныг" шүтэн биширч байна гэж зүүдэлдэг нь Фройдынхоор эцэстээ хүсэлдээ бууж өгч байгаа илэрхийлэл ажээ. 

Comments