Showgirls (1995). Унгар гаралтай Америкийн кино зохиолч Joe Eszterhas-ын зохиолыг нь бичиж Нидерландын нэрт кино урлаач Paul Verhoeven-ын найруулсан эротик, драм триллер. Гол дүрүүдэд; Elizabeth Berkley, Kyle MacLachlan, Gina Gershon, Glenn Plummer болон Gina Ravera нар тоглосон. Тухайн цаг үедээ 45 сая орчим долларын их төсвөөр бүтсэн уг кино нь театрт гарахаасаа өмнө секс дүрслэл, нүцгэлэлтийг ил задгай зурагласан хэмээн томоохон маргаан, шуугиан дэгдээжээ. АНУ-д эл бүтээлийг "нүцгэлэлт, эротик секс, бэлгийн хүчирхийлэл, зүй зохисгүй үг хэллэгтэй" гэсэн үүднээс NC-17 гэж үнэлсэн бөгөөд "Showgirls" бол кино театруудаар өргөнөөр гарсан анхны ( өнөөдрийг хүртэл) NC-17 үнэлгээтэй кино юм. Дистрибьютер MGM үзвэрийн үеэр үзэгчдийн театрт нууцаар оруулахгүй байлгах гэж, мөн үзэгчдийг 17-оос дээш насных эсэхийг шалгахын тулд олон зуун ажилтнаа хойд Америкийн театруудаар тарааж ажиллуулж байжээ. Насны хязгаарлалтай, өндөр төсвөөр бүтсэн ч кино театраас орлого олж чадаагүй байдаг. Театрт "гологдож", шүүмжлэгчдэд "балбуулж" байсан ч уг кино гэрийн видеоны зах зээлээс 100 сая долларын ашиг олж, MGM-ийн хамгийн өндөр борлуулалтай 20 киноны тоонд багтсан. Verhoeven видео кассатанд зориулж R ангилалд орох цомхотгол хийсэн ба энэхүү засварласан хувилбар 3 минутаар богиноос гадна зарим хэсгийг устгасан ажээ. Кино нээлтээ хийсэн даруй олны анхаарлын төвд орж, маргааны сэдэв болсон ч бүх цаг үеийн хамгийн муу киноны нэгээр байнга шалгардаг байлаа. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам киноны нэр хүнд өсч, нэр бүхий найруулагч, шүүмжлэгчид дахин шинээр үнэлж, эдүгээ ноцтой егөөдөлт гэгдэх култ классик бүтээл болжээ. Жинхэнэ завхай кино ямаршуу хөгтэй байдгийг мэдмээр байвал үүнийг л үз. Нэг үгээр энэ бол садар самууны классик юм.
Энэ кинонд Лас Вегасын лаг шаврыг юунд ашигласан бэ гэвэл үнэндээ "All About Eve" киноны порно хувилбар болгож ашиглажээ. Шоу ертөнцийг нууцхан тандмаар байвал чухам тохирох кино ба хогийн энэхүү бантанг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган кинондоо багтаасан нь хачим юм. Кино зохиолч Eszterhas уг киноныхоо санааг Хавай дахь гэртээ амарч байхдаа бодож олжээ. Беверли Хиллст оройн зоогийн үеэр Verhoeven түүнд үргэлж MGM-ийнхан шиг нүсэр мюзикл хийхийг хүсч ирснээ хэлээд хамтран нэг кино хийх санал тавьсан ба Eszterhas үйл явдал нь Лас Вегаст өрнөж байгаагаар хийе гэжээ. Амны цаасан дээр бичсэн санааныхаа төлөө Eszterhas Verhoeven-ээс 2 сая доллар, мөн студиудээс сая гаран доллар авсан ба Eszterhas "Showgirls" болоод өмнө нь Verhoeven-ын "Sliver", "Basic Instinct" кинонуудын зохиол дээр ажилласан гэдгээрээ Холливуудын түүхэн дэх хамгийн өндөр цалинтай кино зохиолч болж байв. Киноны зохиол батлагдах үед киноны түүх "завхай охид, тайчигчид, ширээний ба өвөр дээр бүжиглэгчдийн эротик ертөнцөөр эхлээд цааш том зочид буудлын тайчигчид, сурталчилгааны самбарууд, дур булаам ертөнц рүү шилжинэ. Энэ нь биеэ үнэлэлт хийгээд дур булаам байдлыг судлаад эцэст нь үзэгчид өөрсдөө ёс суртахууны дүгнэлт хийхээр төгсөнө" гэж Eszterhas тоймлон бичжээ. Тэрээр кино зохиолоо 1993 онд бүрэн бичиж дууссан ба анхны гэрлэлтээ цуцлуулсан явдалтай нь давхацсан тул "Би энэ зохиолоо амьдралынхаа хамгийн үймээн самуунтай үед бичсэн" гээд цааш нь "түүнээс хойш миний бичсэн ажлууд илүү дулаахан, хошин, өөдрөг болсон билээ" гэжээ.
Eszterhas, Verhoeven хоёр Лас Вегасын 200 орчим тайчигчидтай ярилцаж, Лас Вегаст тайчигч охидыг хэрхэн дарлан мөлждөгийг харуулахын тулд зарим нэгнийх нь түүхийг кинондоо оруулж өгсөн аж. Жүжигчин Elizabeth Berkley гол дүр Nomi-д сонгогдохоос өмнө Pamela Anderson, Drew Barrymore, Angelina Jolie, Charlize Theron зэрэг цаг үеийнхээ алдартай эмэгтэй жүжигчдийн нэрс яригдаж байсан аж. Nomi дүрийнхээ талаар Verhoeven хэлэхдээ "жүжиглэхийн хажуугаар гол сэтгэл зовоож байсан асуудал бол бүжиглэх, мөн нүцгэлэх явдал байсан. Энэ хоёрыг гүйцэтгэх туйлын амаргүй хэрэг юм. Жүжигчин бүжиглэх чадвартай байх ёстой байсан. Мөн тэр киноны туршид бүхэлдээ камерийн өмнө байх хүсэлтэй байх ёстой. Эдгээр элементүүд, ялангуяа нүцгэлэхийг Америк жүжигчид барагтаа хүлээн зөвшөөрдөггүй юм. Elizabeth Berkley энэ бүхнийг хослуулсан цорын ганц жүжигчин байсан" гэсэн буй. Тэгвэл Cristal хэмээх туслах дүрд Gina Gershon сонгогдохоос өмнө Sharon Stone, Madonna нарын нэр дуулдаж байв. Zack Carey-ын дүрд Kyly MacLachlan сонгогдохоос өмнө Dylan McDermott анхны сонголт байсан ч Dylan татгалзсанаар энэ дүр Kyle MacLachlan-д ирсэн ба тэрээр энэ тухайгаа "энэ тун хүнд шийдвэр байсан гэж хэлж болох ч би Verhoeven-д дуртай байлаа. Би түүний "Robocop"-д дуртай байсан юм. Тэгээд ч энэ чинь Eszterhas, Verhoeven хоёр шүүдээ. Энэ кино бодитой, түгшүүртэй, догшин, бараан төрлийнх болох юм шиг санагдсан учир надад таалагдсан" хэмээжээ. Хэдийгээр NC-17 үнэлгээтэй киноны маркетингийн боломжит нөхцөл уламжлалт ёсоор хязгаарлагдмал байдаг ч MGM үзэгчдийн дунд шуугиан дэгдээхийн тулд сайхь үнэлгээний маргаанд тулгуурлаж, киноны бүдүүлэг сэдвийг ашигласан сурталчилгааны "довтолгоо" зохион байгуулжээ.
Зар сурталчилгааны хүрээнд Times Square болон Venice Beach-ийн сурталчилгааны самбаруудаар, мөн зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан сайтуудаар сурталчилгаа явуулаад зогсохгүй театрын трейлэрт үзүүлээгүй 8 минутын ил тод дүрстэй бичлэгийг багтаасан видеог түрээсийн видеоны дэлгүүрүүдээр тараасан агаад зар сурталчилгаанд нь "тэвчээрээ үүдэнд үлдээ" гэж бичсэн байжээ. Eszterhas киноны сексийн агуулга эрэгтэй хүмүүст чиглэсэн байна гэсэн сурталчилгааны маркетингийг буруушааж, Variety сэтгүүлд энэхүү киногоо ёс суртахууны үлгэр байсан гэсэн бүтэн нүүр зарлал бичсэн байна. Уг зарлалд: "Лас Вегас дахь бүжигчид ерөнхийдөө тэр ертөнцийн эрх мэдлийн төвд байдаг эрчүүдэд бие махбодиор, хэл амаар хүчиндүүлж, доромжлуулж, мөлжлөгдөн хохирч байна" гэсэн утгатай байв. Киноныхоо мессежийг од болохын төлөө ёс суртахуунаа умартаж байгаа тухай гэж үзсэн Eszterhas 17-оос доош насныхныг хуурамч үнэмлэх ашиглагдалгүй театр руу нууцаар орохыг уриалж байлаа. Киноны хурц тод постерийг Tono Stano-ын гэрэл зургаас хөрвүүлсэн бөгөөд эх гэрэл зургийг анх 1994 онд гарсан "Бие: Хүний хэлбэрийн гэрэл зургууд" номоос авчээ. Энэхүү бүтээлийг нээлтээ хийсэн даруй сөрөг шүүмжлэлээр булсан. Шүүмжлэгчид кинонд эротик шинж дулимаг, маш ихээр нүцгэн зураглалтай шигээ эмэгтэйчүүдийг дарлан мөлжих, гутаан доромжилсон шинжтэй гэж байв. Los Angeles Times сэтгүүл "Ямар нэгэн байдлаар ийм их хэмжээний нүцгэлэлтийг үнэнхүү уйтгартай болгосноос гадна эв хавгүй дундаж, уйтгартай болгож чаджээ".
Шүүмжлэгч Richard Corliss: "Eszterhas түүх зохиохдоо гаргуун байх ёстой, учир нь кино зохиол бичих авъяас чадвар түүнээс зайлсхийдэг. Nomi-ын өнгөрсөн үе бүрхэг байгаа болохоор түүнийг яагаад ийм их яршигтай амьтан болчихсныг тайлбарлаж чадахгүй байна" гэж бичжээ. Entertainment Weekly сэтгүүл "Энэ киноны дарлан мөлжлөгийн зүрх бол тайчигчдын ертөнцийн эмэгтэйчүүдтэй эрчүүд хэрхэн харьцдаг шиг Eszterhas, Verhoeven хоёр кинондоо тэдэнтэй адилхан харьцаж байгаа нь ямар ч зааг ялгаагүй явдал юм. Ихэнх эрэгтэй дүрүүд нь бүдүүлэг мисогинистүүд байдаг бол цөөхөн сайн дүр нь хөгийн гэмээр завсрын шинжтэй байдаг" гэсэн буй. Мөн шүүмжлэгчид Nomi-ын дүрийг сэтгэлгүй, залхмаар гээд Berkley-ын минимал жүжиглэх авъяас дүрийнх нь сонголтыг хязгаарладаг гэх мэт зад шүүмжилсэн. Washington Post "Энэ кино бол порно театрт орохыг хүсдэггүй эрчүүдэд зориулсан пальто" гэсэн байхад Roger Ebert харин хэт нүцгэлэлт хийгээд "боловсроогүй" кино зохиолыг гь шүүмжилж, "жинхэнэ эротик шинжийг агуулаагүй" гэж ерөнхийд нь дүгнэжээ. Уг кино 1995 онд Алтан Бөөрөлзгөнө (тухайн оны хамгийн муу кинонуудыг шалгаруулдаг наадам) кино наадмаас 7 шагнал хүртэж рекорд амжилт тогтоосон ба Verhoeven шагналаа биечлэн очиж авсан билээ. Гэвч "Showgirls" култ классик статустай болсон ба зохиолч Naomi Klein үүний шалтгааныг кино хүмүүсийн дунд егөөдөлт таашаал өгсөнтэй холбож тайлбарласан байдаг. Үнэхээр ч киноны видео арилжаалагдсанаар хорин настангуудын дунд энэ кино хит болж, залуус энэ киногоор үдэшлэг зохиож, аливаа зугаа цэнгэлийнхэн гол үүсвэр болж байв. Мөн ЛГБТ нийгэмлэгийн дунд хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдөж, шөнө дундын кино үзүүлбэрээр тогтмол гардаг уламжлалтай болжээ.
Verhoeven киноныхоо хүлээлтээс гадуурх култ статусыг хүлээн зөвшөөрөөд "Магадгүй ийм төрлийн зан үйлийн тахин шүтэлтийн алдар нэр миний зорьж байсан тэр зүйл биш байх, гэхдээ энэ нь загалмайд цовдлогдсоны дараах дахин амилахтай адилхан юм" гэжээ хэлсэн буй. Харин Eszterhas киногоо хошигнохыг хүссэн гэсэн байр сууриндаа бат зогссоор байсан байдаг. "Тайчигч охид муу" гэсэн нэр томьёог шүүмжлэгчид болоод фенүүд нь гэм буруутай таашаал эсхүл "маш муу-тэд сайн" гэж үнэлэгддэг кинонуудтай хамаатуулан ашиглах болсон бөгөөд энэ кино нь "Beyond the Valley of the Dolls" зэрэг чанаргүй мөртлөө култ болсон кинонуудын хүрээлэлд багтах болсон. 2003 онд тус бүтээлийг Entertainment Weekly сэтгүүл хамгийн шилдэг 50 култ кино жагсаалтынхаа 36-р байрт оруулжээ. Өнөөдөр зарим нэртэй шүүмжлэгчид болон Jim Jarmusch, Adam McKay, Jacques Rivette зэрэг хүндлэгдсэн найруулагчид энэхүү киног ноцтой хошигнол хэмээн хамгаалах болсон ба Rivette нэгэн ярилцлагадаа "Сүүлийн хэдэн жил дэх Америкийн шилдэг киноны нэг, тун тааламжгүй боловч новшуудаар дүүрсэн ертөнцөд амьд үлдэх тухай кино, энэ чинь л Verhoeven-ын философи шүүдээ" гэжээ. Тэгвэл Quentin Tarantino эл кинонд дуртай гэдгээ мэдэгдээд "Сүүлийн 20 жилийн хугацаанд том студиудээс гарсан бүрэн хэмжээний, аварга, их төсөвтэй мөлжлөгийн сэдэвт кино" хэмээжээ. Эл киног 1950 оны шедевр "All About Eve" кинотой харьцуулахдаа тус киноны дахин хийлт юмуу хуулбар нь гэж үздэг. Шүүмжлэгч Jonathan Rosenbaum-ын хувьд "Showgirls" бол Холливууд болоод ер нь зарагдаж байсан бүх юмны талаарх хамгийн догшин зүйрлэлүүдийн нэг ажээ. "Verhoeven магадгүй Холливуудын хамгийн зоригтой бас сэхүүн ёгтлогч байх" гэж өөр нэгэн шүүмжлэгч дүгнэжээ. Харин шүүмжлэгч Eric Henderson "маш муу-энэ сайн" гэсэн тайлбарыг үгүйсгээд Холливуудын ёс суртахууны хувьд дампуурсан оддын үлгэр болсон энэ кино бол сүүлийн жилүүдэд гарсан хамгийн шударга ёжлолт кино гэж магтжээ.
Киноны өнгө аястай зохицохгүй байна гэж шүүмжлүүлж байсан Elizabeth Berkley-ын тоглолтыг шүүмжлэгчид дахин шинээр авч үзээд илүүтэй үнэлэх болжээ. Тухайн үед киног сөрөг шүүмжлэлд булуулж байхад бүх бурууг Berkley өөртөө хүлээж, миний хариуцлагагүй нь алдаа гэж байсан хэмээн Verhoeven хожим ярьсан байдаг, тэрээр цааш нь; "сайн ч бай муу ч бай, бүх хөдөлгөөн, бүх хэтрүүлгийг түүнээр хийлгэсэн хүн бол би шүүдээ. Би ийм хэв маяг кинонд тохирно гэж бодсон хэрэг" гэжээ. Шүүмжлэгч Catherine Bray: "Та жүжигчний тоглолтыг бодитой бус гэж шүүмжилж болохгүй. Энэ чинь Andy Warhol-г хараад энэ өнгөнүүд нь амьдралтай таарахгүй байна гэсэнтэй адил юм" гэжээ. Бүлэглэсэн хүчингийн хэсэг шүүмжлэл, мэтгэлцээнийг үүсгэсэн бөгөөд зарим хүмүүс энэ хэсэг заавал өнгөт арьстан жүжигчинд тохиолдож, мөн энэ нь Nomi-ын ёс суртахууныг харуулж байгаа нь энэ хэсэг угаасаа шаардлагагүйн дээр ямар ч мэдрэмжгүй байна гэж байж. Үнэхээр ч Molly гэдэг дүрийн бүлэглэсэн хүчирхийлэлд өртөж байгаагаар Nomi өөрийгөө олох арга болгосон нь жигшүүртэйгээс гадна дэндүү харгис шийдэл юм. Энэхүү киноны патриархын соёл, Америк мөрөөдөл, биеэ үнэлэлтийн талаарх хөндсөн сэдэв, маргаан одоо ч өрнөсөөр байгаа агаад тайчигчид бол Америк мөрөөдөл өөрөө юм.
Comments
Post a Comment