"Мятагийн хайр". Оросын Нобелийн шагналт зохиолч Иван Бунины 1924 онд бичсэн бэсрэг роман бөгөөд анх Парист төвтэй "Современные записки" хэмээх уран зохиолын сэтгүүлд нийтлэгдэж, мөн тэр жилдээ Францад хэвлэн тууж, богино өгүүллэгийн эмхэтгэлд багтаж байв. ОРШИЛ. Иван Бунин 1924 оны зун Францын Грасс мужид байхдаа "Мятагийн хайр" туужаа бичиж эхэлжээ. Бичих явцад зохиол тасралтгүй өөрчлөгдөж байсан ба эхний хувилбарт (түүний эхнэр Вера Муромцевагийн тэмдэглэснээр) орон нутгийн барменаас болж эвдэрч, хүнээ байсан залуухан эрийн "ёс суртахууны уналтыг" өгүүлсэн байж. Мятагийн Катяг хайрлах хайрын сэдэв хожим бий болж, удалгүй үндсэн сэдэв болсон аж. Зарим хувилбаруудад хөдөөгийн амьдрал, Алёнкагийн гэрлэх санал, Москвагийн бохемиан амьдралд Катя золиос болсон гэх мэт нарийн ширийн зүйлсээр дүүрэн байсан агаад эдгээр дэд хэсгүүдийн ихэнх нь хожим ашиглагдалгүй орхигджээ. Гол дүрийн тосгоны багш Ганхкатай холбоотой харилцааны талаарх зарим тойм "Дөрөвдүгээр сар" гэдэг богино өгүүллэгийн үйл явдлыг бүрдүүлж байсан бол өөр нэг хувилбарт Пятагийн амиа хорлоход хүргэсэн үйл явдлын гинжин хэлхээг нарийвчлан харуулах ёстой "Бороо" хэмээх богино өгүүллэг байв. Бунин энэ түүхийг 1924 оны 6-р сард дуусгаад хоёр хоногийн дараа үндсэн ажилдаа буцаж ороод "Бороо" өгүүллэгийн багахан өөрчилсөн хувилбарыг багтаан оруулжээ.
Мэдэгдэж байгаа хувилбаруудын эцсийн гар бичмэл 1924 оны 9-р сарын 27 гэсэн огноо юм. Вера Муромцева-Бунин нэгэн захидалдаа Мятагийн дүрийг Бунин зээ хүү Николай Пушешников (Мятатай адилхан хайраас болж зовсон) болон мөрөөдөмтгий анчин ах Петя нараас хэсэгчлэн санаа авч бүтээсэн гэж бичжээ. Харин туужийн нэрний тухайд гэвэл 1924 оны зун Мята гэдэг баян газрын эзний хүү Грасс-д зочилсон аж. Залуухан хөвгүүн ичимхий, дуугүй нэгэн байсан Бунины эмгэнэлт хайрын номын нэр болжээ. Бунин хөвгүүнийг харуутаа ийм номхон ичимхий хүн яаж тосгоны ахлагчид уруу татагдан баларч буйг дотроо төсөөлж эхэлснээр ном бичигдэж эхэлсэн гэж Вера Муромцева тэмдэглэсэн байна. Энэхүү туужид зохиолчийн намтартай холбоотой зарим баримтууд байдаг. Шаховское гэдэг бол Колонтаевка гэдэг Бунины амьдарч байсан газрын хажууханд орших эдлэн газар ажээ. Зохиолч, Бунины амраг байсан Галина Кузнецова "Грассын тэмдэглэл"-дээ ийнхүү бичиж үлдээжээ: "Бунины хэлснээр хөрш зэргэлдээх Колонтаевка эдлэнд мэлрэг цэцгийн анхилуун үнэрээр дүүрсэн нарс модны гудамж байжээ... "тэр гудамжийг би сэтгэлдээ тээж явсан нь хожим Мятагийн хайр гунигтай бөгөөд эмгэнэлтэй болоход нөлөөлсөн юм" гэж зохиолч Бунин дурссан байдаг аж тус тэмдэглэлд. Бунинтай зөвшилцөлгүйгээр туужийг дор хаяж нэг удаа өөрчилсөн байдаг. Литвийн яруу найрагч Костас Корсакас Бунинтай ярилцаж байснаа хожим дурссан байдаг ба бүтээлийг нь Итали руу орчуулахдаа төгсгөлийг нь өөдрөг болгон өөрчилсөн явдал Бунин сүрхий уурлаад фашист дэглэмийн орчуулагчид туужийг нь албан ёсоор өөдрөг үзлийн бөөгнөрөл болгосонд гашуудан шоолж байсан гэжээ.
"Мятагийн хайр" гарсны дараа Европын шүүмжлэгчид хийгээд зохиолчид ерөнхийдөө сайшаасан. Данийн уран зохиолын түүхч Георг Брандес: "Би энэ бүтээлийг франц хэлээр уншаад сэтгэл тун хөдөлсөн. Хайрыг ийм гүн гүнзгий судалсанд нь би гайхахын сацуу баяр талархлаа илэрхийлж байна" гэжээ. Францын яруу найрагч, зохиолч Анри де Регньер уг туужийг Оросын классик уран зохиолуудтай эн зэрэгцэхүйц гэж үнэлсэн: "Бунины энэ сайхан ном нь Толстой, Тургенев нарын эх орон болох Оросын цэцэглэн хөгжиж байсан хуучны шилдэг романуудыг санагдалуум... Бунин өөрийн бүхий л онцгой шинжээрээ тэдгээр уран зохиолын мастеруудын гэр бүлд харьяалагдана" хэмээжээ. Германы зохиолч, яруу найрагч Райнер Мария Рилке "Русская мысль" сэтгүүлд бичсэн захидалдаа гол дүрийн зан авир, сэдлийг задлан шинжилсэн байна: Хайр татам Катя, энэ энхрий, сэтгэл татам Катя Мятад анхлан зэрлэг амьтдын ухаангүйгээр бүгдийг мэддэгтэй төстэй дүр төрхийг өгдөг. Мята хайрлаж байгаа хүндээ хаягдсаныхаа дараа энэхүү онцгой тэнгэрлэг жаргал болсон, өөрийнхөө мэддэг бас хайрладаг ертөнцийн хязгааргүй материаллаг бус мэдрэмжээ дүүргэх ёстой. Катяг алдсаны дараа тэр түүнтэй хамт ертөнцийг алддаг; оршихоос өөр юу ч үлддэггүй, тиймээс зоригтойгоор, логиктойгоор үхэхийг сонгодог. Энэхүү цөхрөлийн дараа юу болохыг хүссэн өчүүхэн сониуч зан байсан л бол тэрээр үхэхгүй байж болох байв. Асуудал бол тэр өөрийн мэддэг, харагддаг бүх ертөнцөө "Катя" гэж нэрлэсэн жижиг завин дээр суулгасан байсан ба энэ завьтай ертөнц түүнээс холдоод хөвчихжээ".
Тэгвэл зарим шүүмжлэл Парис дахь Оросуудаас ирсэн байдаг. Туужийн ердөө эхний хэсгийг уншсан Уран зохиолын шүүмжлэгч Владислав Ходасевич "Современные записки" сэтгүүлд ийм захидал илгээж: "Бунин өөрийнхөө хамгийн дуртай жорондоо автаагүйсэн бол сайн байхсан: 1% нь Крейцерийн Сонат, 100% нь цэвэр ус" гэжээ. Оросынзохиолч Зинаида Гиппиусын "Современные записки" сэтгүүлд нийтлэхээр төлөвлөж байсан "Хайрын тухай" нэртэй эссэнд "Мятагийн хайр" туужийг илүү нямбай боловч хатуу ширүүнээр шүүмжилсэн байлаа. Гиппиус Бунины бүтээл Гётегийн "Залуу Вертерийн шаналал", болон Францын зохиолч Шарль Дереннесийн "Миний хайр Габи' зохиолуудтай харьцуулжээ. "Мята оюунлаг хэдий ч огт оршдоггүй. Түүнд хаврын байгаль, цагаан интоорын мод, дэлхийн гүнээс амьсгалахаас илүү ухаан байдаггүй" гэж бичжээ. Мөн Гиппиус Алёнкагийн хэсгүүд ерөөсөө үнэмшилтэй бишээс гадна Мятагийн Катяг гэх хайртай нийцдэггүй хэмээсэн аж. Бунин Гиппиусын эссэг уншаад ихээхэн бухимдаж, эссэг "Современные записки" сэтгүүлд нийтлэхийг хориглосон байдаг. Гэвч Гиппиусын хоёр нийтлэл өөр сонин сэтгүүлүүдэд гарчээ.
Зохиолч, түүхч Петр Бицилли 1936 онд "Современные записки"-д нийтлүүлсэн "Толстойн тухай тэмдэглэл. Бунин ба Толстой" өгүүлэлдээ "Мятагийн хайр" туужийг Толстойн "Чөтгөр" зохиолтой олон талаараа төстэй байгааг анзааран тайлбарлажээ. Бунин 1936 оны 3-р сард бичсэн захидалдаа: "Хүндэт Перт Михайлович, би "Чөтгөр"-ийг хэзээ ч уншиж байгаагүй юм байна. Мята, Алёнка хоёрын уулзалтын тухай (миний) дүрсэлсэнтэй төстэй хэсгүүд байгааг би таны өгүүллэгээс олж мэдлээ. Эдгээр итгэмээргүй ижил төстэй зүйлсийг хэрхэн тайлбарлах вэ? маш энгийн юм. Бид бараг л нэг газраас, адилхан нөхцөлтэй тосгоноос гаралтай билээ. Бидний тус тусын эдлэн газар тун төстэй юм. Бид хоёулаа энэхүү "нийлүүлэлтэй" холбоотой "сонгодогоос" нарийн ширийн зүйлсийг зүйлсийг зээлдэг шүүдээ. Ахлахаар дамжуулан Мятагийн Алёнкатай болзож буй сайхь үзэгдэл миний хувьд бараг л натюрморт шиг санагддаг. Учир нь миний нэг зээгийн "унасан" түүх ийм байсан. Түүний ярьсныг хэсэгчлэн зээлсэн бөгөөд түүний ярьсанд эмгэнэлтэй зүйл огт байгаагүй билээ" гэж бичжээ. Бицилли үүнд итгэхгүй байсан бололтой. Бунин 1936 оны 4-р сард бичсэн захидалдаа "Мятагийн хайр" нь реалист шинжээрээ Иван Тургеневийн зохиолтой илүү төстэй гэсэн зарим хүмүүсийн саналыг илүүтэй үнэн гэж тэмдэглэсэн байдаг аж. "Толстойн бичих хэв маягийн хувьд энэ туужид ижил төстэй нэгээхэн ч зүйл үгүй" гэж тэр бичжээ. Энэ тууж нь тансаг, мэдрэмтгий, модернист, яруу найраглаг шинжээрээ Толстойн бичих хэв маягаас хол хөндий болсон гэж Бунин маргаж байжээ.
"Сан-Францискогийн эрхэм". Оросын Нобелийн шагналт зохиолч Иван Бунины 1915 онд бичиж, тухайн жилдээ Москвад хэвлүүлсэн богино өгүүллэг. Английн зохиолч, шүүмжлэгч Д. Х. Лоуренс (Самуил Котелянскийн хамт) англи хэл руу орчуулсан байдаг ба энэ бол Бунины хамгийн алдартай, классик хэмээгддэг бүтээлийн нэг юм. ОРШИЛ. П. Вячеславов эмхэтгэн хэвлүүлсэн "Миний түүхүүдийн үүсэл" хэмээх товхимолдоо Бунин "Сан-Францискогийн эрхэм" өгүүллэгээ бичиж эхлүүлсэн болсон нөхцөл байдлын талаар өгүүлсэн буй. Москвагийн номын дэлгүүрүүдийн нэгэнд Бунины анхаарлыг Томас Манны "Венец дэх үхэл" номын хавтас татсанаар "Сан-Францискогийн эрхэм" бүтэх гинжин хэлхээний эхлэл болжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Капри өрал дээр болсон Америкийн нэгэн иргэний гэнэтийн үхлийн талаарх мэдээг Орел мужид байхдаа олж мэдсэн даруй өнөөх санаа нь Буниныг дахин сэдэлжүүлсэн аж. Бараг хоромхон зуур өгүүллэгийн санаа төрж, дөрөвхөн хоногт бичсэн гэж зохиолч маань дурссан байдаг. Сан-Франциског оруулаад бусад бүхий л зүйлс нь цэвэр уран зөгнөл байв. "Нэгэнтээ нэгэн Америк хүн Квисана зочид буудалд оройн зоог барьсныхаа дараа үнэхээр нас барсныг эс тооцвол өөр юу ч жинхэнэ биш юм" гэж Бунин бичжээ. Өгүүллэгийн боловсруулаагүй хуулбарууд болон өөр хувилбарууд нь өгүүллэгийн байнга өөрчлөгдөж байдаг түүхийн динамикийг харуулна. Олон жилийн турш (Чеховын хэлснээр) "богинохон байхад автсан" Бунин бичвэрийнхээ аргачлалыг багасгаж байжээ (энэ нь 1951-1953 оны эхэн хүртэл үргэлжилсэн). Эл бүтээлийн багасгасан хэсгүүдийн дунд Атлантида хөлөг онгоц дээрх "Белшазарын найр"-ын найрын тухай урт дүрслэл, мөн гол дүрийн амьдралын хэв маягийг хэтэрхий буруушаасан Толстойн маягийн монологи байсан аж.
ШҮҮМЖЛЭЛ. Энэхүү бүтээлийг гарсны дараа Оросын хэвлэлүүд өргөнөөр хэлэлцэж, ерөнхийдөө магтсан. Шүүмжлэгч Абрам Дерманы хэлснээр Чехов, Толстой хоёрыг нас барснаас хойш "Сан-Францискогийн эрхэм" гарах хүртэл Оросын уран зохиолд анхаарал татахуйц зүйл огт гараагүй байсан гэжээ. Мөн тэрээр: "Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Бунин уран бүтээлчдийн хувьд ихээхэн хөгжихдөө сэтгэл хөдлөлийн цараагаа үлэмж хөгжүүлжээ. Түүний Америк эрхэмд дургүйцсэн шинж нь бухимдлын сүүдэргүй байдаг; түүний дургүйцэл нь туйлын их бүтээлч нөлөө үзүүлэхүйц өргөн цараатай юм. Зохиолч бадрангуй, гэгээн гунигтайгаар ертөнцийн муу муухайгийн асар том хөргийг бүтээсэн бөгөөд энэ бол хуучинсаг зуршилтай орчин үеийн бардам хүн амьдардаг нүглээр дүүрсэн өргөн уудам газар нутаг юм. Уншигчийн хувьд, зохиолчийн дүрдээ дүрдээ шударга, логиктой, хүйтэн хандсан явдал нь үзэсгэлэнтэй болжээ" гэж тэмдэглэсэн байна.
Дерман 1916 онд бичсэн тэмдэглэлдээ, өгүүллэгийн бичлэгийн хэв маягийг гайхалтайг дурдсан буюу өөгүй, хүнд өгүүлбэрүүд металлик хэмнэлтэй буюу хонхны цуурайн хэмнэл; хэлний баялаг болоод нарийн чанд байдал нь илүү ч үгүй дутуу ч үгүй гэж магтжээ. "Русское Богатство" сэтгүүлийн тойм илүү хянуур байсан: "Өгүүллэг хүчтэй боловч Францчуудын "өөрийн эрдэм" гэж нэрлэдэг зүйлээс болж шаналж байна. Орчин үеийн соёлын өнгөц гялбаа, түүний үхлийн өмнөх өчүүхэн ч ач холбогдолгүй эрх мэдлийн төлөөх зууралтын тэмцлийг ашиглан зохиолч зөрчлийг доод цэгт нь хүргэсэн нь гол дүр болох Америкийн хөгшин саятны дүр төрхийг ухаалгаар нийтлэг хэвшмэл болгохоос хязгаарласан. Энэ өгүүлэлд таамаглал тэргүүлэх байр суурь эзэлдэг учир сэтгэлзүй "ард" нь алдагджээ" гэж бичжээ.
Comments
Post a Comment