Нүцгэн үдэшлэг

 


The Last Picture Show (1971). Техасын хойд хэсэгт орших Аранен гэдэг бяцхан хот газрын тос дагаж сүндэрлэсэн учраас газрын тос нь одоо дуусч байгаа тул эзэнгүйрэх дөхжээ. 1951 он ажээ. Ахлах сургуулийн найзууд Duane, Sonny хоёр Jacy хэмээх хотынхоо хамгийн хөөрхөн охинд зэрэг дурлажээ; гэхдээ дурлал нь ялгаатай, Duane Jacy-тай болздог, харин Sonny найзынхаа дурлалт охиныг нууцхан сэтгэлдээ тээнэ. Зул сарын баярын бүжиг дээр Jacy-г хотын баяны хүү Bobby гэртээ зохиож буй нүцгэн үдэшлэг урих агаад Jacy онцгой өдрийг Duane-тай өнгөрүүлэхийн оронд илүү баян залууг сонгох буюу Duane-г бараг шууд хаячихна. Энэ зуурт Sonny биеийн тамирын багшийнхаа сэтгэлээр унаж ганцаардсан эхнэр болох 40 орчим насны Ruth гэгчтэй үнсэлцэж байдаг. Нүцгэн үдэшлэг дээр Jacy Bobby руу илэрхий сээтэн хаяхад Bobby түүнд онгон охидтой унтдаггүй, онгон биш болохоороо ирж уулзаарай гэж хэлнэ. Дараагийн үзэгдэлд Duane, Sonny нарын хэсэг найзууд оюуны сааталтай Billy гэдэг найзыгаа биеэ үнэлэгчтэй унтуулж занданыг нь тайлуулна. Нутгийн хүндтэй бизнесмэн Sam залуусын сайхь үйлдлийг буруушаагаад өөрийн мэдэлд байдаг усан сан, кино театр зэрэг Аранены зугаа цэнгэлийн амин газруудад орохыг нь хориглодог боловч хожим Sonny Billy-г сэтгэлээсээ халамжилж байгааг анзаараад хоригоо цуцалдаг. Шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр Sonny, Duane хоёр Мексик руу аялахаар болно, тэд явахаасаа өмнө Sam-д хамт явах санал тавихад Sam та нартай хамт явах хүч тэнхээтэй байсан ч болоосой хэмээн сүүрс алдаад залууст мөнгө өгнө. Ядарсан, шартсан залуус аяллаасаа эргэн ирэхэд Sam гэнэт цус харваж үхсэн байна; Sam гэрээслэлдээ усан сангаа Sonny-д өвлүүлж үлдээсэн байна. Jacy онгон биш болж, Bobby-ын хүрээлэлд орохын тулд Duane-тай буудалд секс хийхээр уулзах боловч хяслантай нь Duane-ынх хөвчирч өгөхгүй тэднийг зовооно.

 Дараагийн удаагийн оролдлогод секс амжилттай болдог ч Jacy түүнээс бүр мөсөн салж байгаагаа утсаар хэлнэ. Гэвч Bobby өөр охинтой гэрлэсэн нь удалгүй тодорхой болно. Уйтгарласан, уурласан Jacy аавынхаа ажилчдын нэг, мөн ээжийнхээ нууц амраг болох эртэй унтчихна. Гэнэтийн сексийн дараа ажилчин залуу охинд бүдүүлэг, харгис хандсанд Jacy гомдож уйлна. Хаягдсан Duane Араненд байх аргагүй болсон тул Техасын Одесса руу газрын тосны цооногт ажиллахаар явах ба эзгүй хойгуур нь Jacy Sonny-г эргүүлж, сэтгэлийг нь өөртөө эргүүлчихнэ. Ингэснээр одоо л жаргалтай болсон мэт санасан Ruth үнсэнд хаясан шалз шиг үлдэнэ. Duane амралтаараа шинэ машинтайгаа эргэж ирээд Sonny-той муудалцаж, зодолдож гэмтээчихнэ. Jacy Sonny-г Оклахома руу хамт зугтаацгаая гэж ятгаж чадах бөгөөд замдаа Jacy-ын аав ээжид баригдана. Sonny-г дахиж хармааргүй байна гэдгээ охины аав тодорхой хэлдэг, харин Jacy-ын ээж Sonny-г хүргэж өгөх замдаа залуудаа Sam-д хайртай байсан, өөрийнх нь цорын ганц хайр байсан гэж хэлдэг буюу Sam амьд сэрүүндээ Sonny, Duane нартай загасчилж байхдаа ярьж байсан түүхийг бататган ярьдаг. Салахдаа Jacy-ын ээж Sonny-д охинтойн бус Ruth-тэй хамт байсан чинь дээр шүү гэж зөвлөдөг. Duane буцаад явахын өмнөхөн Sonny түүнтэй эвлэрэхээр ирж, залуусын нөхөрлөл ч сэргэх бөгөөд Jacy дахиж хэзээ ч эргэж ирэхээргүйгээр Даллас руу явсныг Sonny түүнд хэлнэ. Мөн Sonny найздаа Jacy бид хоёр ерөөсөө буудал ороогүй гэж хэлдэг. Тэд сүүлчийн удаа хамт хаагдах шахаж буй кино театрт кино үзэх бөгөөд энэ кино John Wayne-ын тоглосон "Red River" байлаа. 

 Маргааш нь Sonny Duane-г автобусанд суулгаж өгчихөөд буцаж явахдаа Billy ачааны машинд мөргүүлээд үхсэн хэвтэж байгааг харна. Цогцсыг тойроод эрчүүд зогсох ба тэд Billy-г тэнэг мангар, хайхрамжгүй болохоороо дугуйны нөхөөс боллоо гэлцэж байна. Үүнийг сонссон Sonny тэдэн руу хашгичаад, цогцсыг тэвэрч явсаар шатан дээр тавиад хэсэг уйлна. Амьдралдаа цөхөрч, бас гутарсан Sonny машиндаа суугаад хотоос гарахаар давхиж яваад гэнэт буцаад хот руугаа давхих бөгөөд Ruth-ын гэрийн гадаа ирээд зогсоно. Америкийн нэрт кино найруулагч Peter Bogdanovich-ын насанд хүрэх үйл явцыг харуулсан уг драм жижигхэн хотод өрнөх гунигтай бөгөөд сэтгэл хөдөлгөмөөс гадна жүжигчдийнх нь тоглолт гайхамшигтай. Larry McMurtry-ын хагас намтарчилсан романаас сэдэвлэн Bogdanovich болон зохиолч өөрөө кино зохиол дээр ажилласан. Гол дүрүүдэд; Timothy Bottoms, Jeff Bridges, Ellen Burstyn, Ben Johnson, Cloris Leachman болон Cybill Shepherd нар тоглосон бөгөөд тэр жилийнхээ Оскарын наадамд 8 төрөлд нэр дэвшсэнээс Ben Johnson шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал, Cloris Leachman шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал тус тус хүртсэн. Тухайн үед олонд танигдаагүй байсан Jeff Bridges, Timothy Bottoms, Cybill Техасын эзгүй хотын өсвөр насныхны үлгэрийг гайхалтайгаар амилуулаад зогсохгүй тэдний насанд хүрэх аялал үхэл, сүйрэл, сөнөсөн харилцаа, жаргалтай мөчүүд болон амьдрал хичнээн шударга бус болохыг алгуурхан таньж буйн гэрч болцгоодог билээ. 

Хар-цагаанаар хийгдсэн, сэтгэл хөдлөлийн эрчимтэй, хязгааргүй ухаарал хийгээд мартагдашгүй дүрүүдээр дүүрэн кино агаад харууслаар дүүрэн ковбой мэргэн ухаанаа Sonny хүүд ярьж буй хэсэг магадгүй 1970-аад оны Америкийн кино урлаг дахь хамгийн гунигтай бас хайр татам сцэний нэг болов уу. Bogdanovich энэ киногоо хийхдээ 31 настай тайзны жүжигчин, кино шүүмжлэгч байсан агаад энэхүү бүтээлээсээ өмнө нэг жижигхэн кино хийчихээд байв. Bogdanovich эмийн сангийн кассын дараалалд зогсож байхдаа санамсаргүй номын тавиур дээр байх "Last Picture Show" гэсэн гарчгийг хараад зог тусчээ. Номыг аваад арыг нь хартал "Техаст өсч буй хүүхдүүдийн тухай" гэсэн байхыг хараад сонирхолгүй санагдаад буцаагаад тавьсан аж. Хэд хоногийн дараа жүжигчин Sal Mineo Bogdanovich-ын эхнэр, хамтран зүтгэгч нь болох Polly Platt-д сайхь номыг өгөөд "би энэ номоор кино хиймээр байвч хэтэрхий хөгширчээ" гэж хэлээд энэ номоор Bogdanovich кино хийвэл зүгээрсэн гэж санал болгосон ажээ. Эхнэрийнх нь хэлснээр Bogdanovich "энэ сайн ном юмаа, гэхдээ би яаж кино болгохоо мэдэхгүй байна" гэж байжээ. Киногоо хэрхэн хийх талаар Bogdanovich домогт Orson Welles-тэй ярилцаж, Orson Welles хар-цагаанаар зураглавал гоо зүйн хувьд үр дүнтэй байх болно гэж зөвлөсөн бөгөөд хар-цагаан нь тухайн үед нийтлэг бус сонголт байлаа. Bogdanovich Америкийн кино найруулагчдын холбооноос киноны төгсгөлд жүжигчдийн нэрсийн дараа өөрийнх нь нэрийг гаргахыг хүссэн ховор хүсэлт байсан ч найруулагч маань өөрөө үүнийг үзэгчдэд илүү учир утгатай санагдана гэж үзжээ. 

The New York Times уг киног цаг хугацаа, газар нутаг, кино бүтцийг дахин нээсэн сайхан кино гэж үнэлсэн бол The Los Angeles Times: кино бидний амьдралд хэрхэн нөлөөлж байсныг хамгийн сайтар бодсон, уран шагласан, нарийвчилсан хүндэтгэл үзүүлсэн кино юм гэжээ. Энэхүү киноны хамгийн сайн сцэн нь хотын захын цөөрөмд өрнөдөг хэсэг болов уу. Энэ сцэнд Sam Sonny болон Billy нарыг загасчилна гэж дагуулж очдог ч тэнд мэлхийнээс өөр юу ч байдаггүй; харин Sam-д энэ бүгд хэвийн аж; тэр загасанд дургүй, цэвэрлэх ч үнэрлэх ч дургүй, тэр байгалийн үзэсгэлэнг харах гэж л загасчилдаг бололтой. 20 жилийн өмнө энд нэг охинтой хамт ирээд баахан зугаалж, романтиклаж байснаа дурсдаг. Охин залуухан сайхан байсан, гэвч нөхөртэй байсан бол Sam охиноос олон насаар ах байжээ. Түүний ярианаас бид домог шиг амьдралыг нь бас үхэж буй Анарен хот гоо үзэсгэлэнгээ хадгалсаар байгааг дүрслэлийг ухаарна. Шүүмжлэгч Roger Ebert-ын дүгнэснээр Bogdanovich энэ монологоо "Citizen Kane" киноноос шууд санаа авсан аж. Sam гэдэг дүр бол Анарен хотын сүнс юм. Тэр хотын бараг бүхий л зугаа цэнгэлийн газрыг эзэмшдэг бөгөөд түүний эзэмшил газаргүйгээр бол энэ нутаг нь цөхөрч, ганцаардсан хүмүүсийн секс л хийж цагийг нөхцөөдөг газар буюу найруулагч үүгээрээ өсвөр насныхны хэтэрхий садар самуун, завхайхалд автаж буйг шүүмжилсэн бололтой. 

Анарен үргэлж хэт халуун юмуу хэтэрхий хүйтэн мэт санагддаг. Салхи хоосон гудамжаар нэвтрэн усан сан хүртэл нэвт үлээдэг. Кинонд гарах барилга байгууламж болгон өгөршиж, нурах дөхсөн мэт харагддаг. Sonny, Duane хоёр гэртээ харихын оронд хуучин муу машиндаа ихэнх цагийг өнгөрүүлдэгээс үүнийг харж болно. Киноны нэг хэсэгт уран зохиолын багш; үнэн бол гоо үзэсгэлэн, гоо үзэсгэлэн бол үнэн гэж John Keats яруу найрагчаас иш татдаг, гэвч үнэндээ гоо үзэсгэлэн дүрүүдийн маань амьдралаас хэт хол байгаа санагддаг агаад сайхан сэтгэлт Ruth бол Sonny-ын амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл юм. Кино нээлтээ хийхэд багагүй шуугиан тарьсан нь тухайн үед өсвөр насныхны талаарх кино үзэгчдэд онц сонирхолтой санагддаг байсантай холбоотой болов уу. Үйл явдал, өрнөл нь шинэлэг ч хэв маяг нь хуучных байсан болохоор уг киног нэгэн зэрэг шинэ, хуучны маягтай гэж байв. Мөн кинонд поп дуунуудыг өргөнөөр ашигласан нь шинэлэг зүйл байв. 

Comments