Большевик бүсгүй

 


Ninotchka (1939). 1917 оны Оросын хувьсгалын үеэр язгууртнуудаас хураан авсан үнэт эдлэлээ худалдахаар Оросын Худалдааны зөвлөлийн гурван төлөөлөгч Buljanoff, Iranoff, Kopalski Парист газардана. Гурван төлөөлөгчийн буудалласан тансаг буудлын зөөгч Оросын язгууртан байсан нэгэн этгээд Зөвлөлтийн төлөөгчдийн даалгаварыг сэмхэн чагначихаад Оросын Их гүнгийн хатан асан Swana-д сонссоноо дуулгах агаад төлөөлөгчдийн зарахаар авчирсан үнэт эдлэл бол угтаа өмнө нь Swana хатных байсан болой. Гүнгийн хатан үнэт эдлэлүүдээ буцааж авах боломж олдсоныг ашиглахыг хүсээд өөрийн амраг гүн Leon-г энэ хэрэгт туслахыг "тушаана". 

Ингээд Оросын төлөөлөгчид үнэт эдлэлийг зарахаар үнэт эдлэлийн худалдаачинтай хэлэлцэж байтал Leon хэлэлцээрийг тасалдуулсанаар үнэт эдлэл Францад үлдэх үү, Зөвлөлт улсынх хэвээрээ зарагдах уу гэдэг шүүхээр шийдэгдэхээр болно. Эелдэг, зальтай Leon Оросуудыг элбэг хоол, энхрий хүүхнүүдээр "бөмбөгдөж" итгэлийг нь олж, улмаар тэдний нэрээр Москва руу буулт хийхийг санал болгосон цахилгаан утас илгээж орхидог. Хэрэг бишдсэн учир Москва учрыг нь олуулахаар тусгай ажилтан Ninotchka-г Парис руу илгээнэ. Ninotchka хатуу, ширүүн зарчимч ба Iranoff, Buljanoff, Kopalski гурвыг хатуу гараар барьж эхэлнэ. Ninotchka, Leon хоёр санамсаргүйгээр гудамжинд таарч танилцах ба Leon хүүхэнд илт сээтэгнэх боловч журамт Зөвлөлтийн бүсгүй эхэндээ тоохгүй эсэргүүцэж байсан ч боловсон гүнгийн шаргуу "найраанд" дийлдэж, гэрт нь хамт очдог. Большевик бүсгүй, Парисын уран үгт залуу хоёр үнсэлцэж байтал утас дуугарсанаар үнсэлт тасалдаад зогсохгүй шинэхэн амрагууд үнэт эдлэлийн төлөөх өрсөлдөгчид болцгоохоо ойлгоно. Ninotchka шүүхийн маргаантай холбоотой янз бүрийн хууль зүйн асуудлаар хөөцөлдөж байхдаа алгуурхан мөртлөө тууштайгаар Leon-д дурлаж татагдахын сацуу Өрнөдийн нийгэм ертөнцийг сонирхож эхэлнэ. Нэгэн үдэшлэгт Leon-той хамт явсан Ninotchka уусан оргилуун дарсандаа согтсон үедээ хувийн болоод хувьсгалын өрсөлдөгч Swana-тай нүүр тулна. Маргааш нь шартсан Ninotchka-г Swana хатан сэрээгээд үнэт эдлэлүүд урд шөнө алга болсон буюу би "хулгайлчихсан", чи Leon-оос салж өнөөдөртөө Москвадаа буцна гэвэл үнэт эдлэлүүдийг чамд өгье гэнэ. 

Ninotchka саналыг дурамжхан зөвшөөрч, үнэт эдлэлүүдээ зарчихаад Leon-д хэлэлгүй гурван бүтэлгүй төлөөгчөө аваад харина. Ninotchka явсанг мэдээгүй Leon хатан дээр ирээд Ninotchka-д хайртай болсноо хэлтэл оройтсон байлаа. Leon даруй араас нь явах гэтэл Оросын талаас түүнийг язгууртан гээд халгаахгүй. Нэлээд хугацаа өнгөрчээ. Москвад Ninotchka өнөөх гурван бүтэлгүй нөхөдтэйгөө уулзаад Парисын сайхан өдрүүдээ дурсдаг. Энэ үед Leon-оос захидал ирдэг боловч захидлыг эрх баригчид бүрэн цензурдсан байв. Дахиад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Бүтээл гурав Константинополь-д үслэг эдлэл зарахаар яваад бас л бүтэлгүйтсэн учир Ninotchka араас нь мөн л очно. Ninotchka Константинополь-д очиход төлөөлөгчид Москвад буцаж очихгүй, эндээ ресторан нээсэн, энд амьдарна гэхэд Ninotchka энэ санааг хэн гаргасан гэж асуухад тэд тагтан дээр зогсох Leon руу заадаг. Герман - Америкийн суут кино урлаач Ernst Lubitsch-ын найруулсан романтик комеди ба Melchior Lengyel-ын зохиолыг Billy Wilder, Charles Brackett нар кино дэлгэцнээхөрвүүлжээ. Гол дүрүүдэд: домогт Greta Garbo болон Melvyn Douglas нар тоглосон ба энэ бол Greta Garbo-ын анхны бүрэн хэмжээний инээдмийн киноноос гадна түүний тоглосон сүүлээсээ хоёрдахь кино нь байв. Garbo Оскарын наадамд 3 удаа нэр дэвшиж байснаас энэ киногоороо нэр дэвшсэн нь сүүлчийнх нь байсан.

 2011 онд Time сэтгүүл уг бүтээлийг бүх цаг үеийн шилдэг 100 киноныхоо жагсаалтад багтаасан байдаг бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 566-р байрт эрэмбэлээд байна. Миний хувьд хамгийн аугаа комеди кино найруулагчид болох Ernst Lubitsch болон Billy Wilder нарын эл мөнхийн зугаатай кино нь Америкийн комеди жанрыг тодорхойлогчдын нэг юм. Кино урлагт "Lubitsch-ын мэдрэмж" гэдгээрээ өөрийн кино хэлтэй Lubitsch-ын хошигнолоор дүүрэн, ойворгон инээдмийн сүнсийг шингэсэн энэхүү кино нь гашуун ёжлолтойгоороо алдартай. Lubitsch энэ кинондоо Garbo-г хөгжилтэй жүжигчин болгоод зогсохгүй хэзээ хэзээнээс нь илүү эмэгтэйлэгээр гаргасан гэдэг бөгөөд аугаа Garbo энэ киногоороо сүүлчийн удаа аянга шиг цахиад өнгөрсөн юм. Энэхүү кино нь 1939 оны сүүлээр дэлхийн 2-р дайн Европт эхэлсний дараахан нээлтээ хийж тун их амжилтад хүрсэн бөгөөд гэвч ЗХУ-д хориглосон. Garbo-ын анхны дуутай кино 1930 оны "Anna Christie" киноны зар сурталчилгаанд "Garbo ярьж байна!" гэсэн нь үлэмж үр өгөөжөө өгсөн тул "Ninotchka" киноны зар сурталчилгаанд "Garbo инээж байна" гэсэн нь мөн л амжилт дагуулсан аж. Garbo бараан, гунигтай дүрүүдээрээ алдартай байсан юм. 1955 онд уг киноноос сэдэвлэсэн жүжиг Broadway театрт тавигдаж байсан бол 1957 онд Fred Astaire-ын тоглосон мюзикл хувилбар хийгдэж байжээ. 

Мөн "Comrade X" 1940, "The Iron Petticoat" 1956 гэх мэт алдартай кинонууд энд ярьж буй бүтээлээс ихээхэн санаа авсан байдаг. MGM "Хатагтай Curie" кинондоо Garbo-г тоглуулахаар товлоод байсан ч "Ninotchka"-гаас болж Garbo болон Melvyn Douglas хоёрыг тоглуулсан дахин нэг романтик комеди бүтээж ашиг олохоор шийдсэн нь ерөнхийдөө Garbo-ын замналыг төгсгөсөн байх магадлалтай агаад Garbo-ын хамгийн сүүлчийн кино "Two Faced Woman" асар муу үнэлгээ авсан байдаг. Нацист Германы Рейхийн суртал ухуулгын сайд Joseph Goebbels 1940 оны нэгэн тэмдэглэлдээ: "Германы хэвлэлүүд Зөвлөлтийн эсрэг энэхүү Америкийн эл сайн киног үзэх хэрэгтэй" гэж бичсэн байдаг ба мөн тэрээр уулзсан Герман жүжигчин болгондоо эл бүтээлийг өөрийнхөө үзсэн хамт шилдэг кино гэж хэлсэн байдаг. Домогт Akira Kurosawa уг киног өөрийнхөө хамгийн дээдэлдэг киноны нэгээр нэрлэсэн буй. Ер нь Greta Garbo энэ кинонд тоглосон шигээ халуухан, хөгжилтэй дүрийг өөр кинонд бүтээж байсан уу гэдэг сонирхолтой асуулт юм. Дуугүй кино эриний хамгийн том оддын нэг, "Шведийн Сфинкс" гэгддэг Garbo-ын замнал бараг тэр чигээрээ хүнд драмын дүрүүдээр тодорхойлогддог. Тэрээр кино дэлгэцнээ "нууцлаг Garbo" гэсэн дүр төрхийг бий болгосон буюу түүний үлдээсэн дүр төрх өнөөдөр домог үлгэр шиг яригддаг. Өөрийн гэсэн өвөрмөц, дахин давтагдашгүй эротик, сэтгэл татам шинжээ өөрөө зохион бүтээсэн бөгөөд "Anna Karenina" (1935), "Camille" (1937) кинонууд нь үүнийг нь улам бататгана. Жүжиглэлтийн өвөрмөц хэв маяг, гоо үзэсгэлэн нь түүний нууцлаг сэтгэл татам байдлыг улам нэмэгдүүлдэг гэж үздэг. 

Дэндүү дотогшоогоо Garbo 1924 онд Шведэд нэгэн кинонд тоглож олны танил болсноосоо хойш хувийн амьдралаа үргэлж нууцалж, олон нийтийн шуугиантай амьдралын хэв маягийг үл тоомсорлодог байсан ба тэрээр 1941 онд кино урлагаас зодог тайлах хүртлээ цөөхөн ярилцлага өгч, гарын үсэг зурахаас татгалзаж, бүр киноныхоо сурталчилгаанд оролцохыг хүсдэггүй байлаа. Garbo цаг үеэсээ түрүүлсэн авъяастай жүжигчин байсны дээр Холливуудын алдартнуудын амархан бөхийдөг зүйлсээс зоригтойгоор татгалздаг байсан нь хэвлэл мэдээллийнхэн хийгээд шүтэн бишрэгчдийнхээ дунд дотогшоогоо статусыг олжээ. Түүний нууцлаг шинжийг багахан ч атугай нурааж юмуу олон давхаргат оньсогынх нь нэгийг тайлсан хүн бол Lubitsch байсан буюу энэхүү киногоороо Garbo-ын олонд танигдаагүй зарим зүйлсийг үзэгчдэд үзүүлсэн гэж үздэг. Хөнгөмсөг хэрнээ ухаалаг комедийг Lubitsch-ээс өөр хэн хийж чадах билээ?. Францын кино найруулагч Jean Renoir түүнийг "орчин үеийн Холливуудыг бүтээсэн хүн" гэсэн байдаг. Garbo Lubitsch-г уран бүтээлч, аугаа хошин мэдрэмж хүн гэдгээр нь биширдэг байсан учир хэрэв комеди кинонд тогловол түүнтэй хамтрахыг хүсдэг байжээ. Тухайн үеийн Холливуудын хамгийн алдартай найруулагч болон мөнгөн дэлгэцийн хамгийн ойлгомжгүй, тусгаарлагдсан жүжигчин хоёрыг хамтран гэхэд итгэмээргүй байсан ч MGM кино компани үүнийг бодит болгосон. Garbo-ын олонд хоногшуулсан "төмөр мэт эмэгтэйн" төрхийг өөрчилж инээдэм, марзагналтайгаар нийтэд үзүүлэх нь үнэндээ эрсдэлтэй байсан нь дамжиггүй.

 Garbo комеди кинонд тоглоно гэж дуулсан зохиолч Melchior Lengyel кино зохиолынхоо санааг гурван мөрт багтаан MGM дээр ирсэн байна, энэ нь: Большевик идеалтай Орос бүсгүй айдас хүргэм, капиталист, монополь Парист ирнэ. Бүсгүй хайр дурлалтай учирч, цагийг галзуутай өнгөрүүлнэ. Эцэстээ тэр капитализм чинь тийм ч муу биш юм байна гэж бодно. Санаа ердөө ийм л байжээ. Харин энэ санаа нь "Tovarich" хэмээх Францын жүжгээс улбаатай ажээ. MGM бушуухан Melchior-той гэрээлсэн бол Garbo өөрийг нь студийн ажилчин биш уран бүтээлч гэдэг үүднээс хандвал хамтарна гэсэн хүсэлтэйгээр зөвшөөрсөн ажээ. Продакшны ажил 1939 онд эхлээд найман долоо хоног үргэлжилсэн. Үнэндээ Lubitsch, Garbo хоёрын харилцаа төсөөлсөн шиг амархан байгаагүй гэдэг; Garbo дүрдээ сэтгэл хөдлөлөөрөө бүрэн уусан ордог арга барилтай байсан нь тухайн үед дэвшилтэт зүйл байв. Нямбай дохио зангаа, нүдний тоглолтоороо сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байсан нь тухайн үеийн кино урлагт тохиромжгүй юм шиг санагддаг байсан гэдэг. Garbo-ын талаар Wilder "Түүний царай ямар байсан бэ гэж үү? та түүний царайнаас эмэгтэй хүний сэтгэлийн бүх нууцыг мэдэж болно. Тэр кино дэлгэцнээ бүх эмэгтэйд хувирч чаддаг" гэсэн байдаг. Жүжигчдэдээ хэрхэн тоглохыг зааварладагаараа алдартай Lubitsch энэ удаа бүтэлгүйтсэн бөгөөд Garbo ичимхий, дотогшоогоо хүн ч өөрийг нь дураар нь тоглуулж, "ид шидээ" хүссэнээрээ гаргах боломжийг олгодог найруулагчтай хамтрахыг илүүд үздэг байсан. Lubitsch түүнийг "Миний хамтран ажиллаж байсан хамгийн ичимхий хүн" гэж тодорхойлсон байдаг. 

Comments