Ад зэтгэрийн төрөлт


 Night of the Living Dead (1968). Америк-Канадын кино найруулагч George A. Romero бол хүний махаар хооллодог хүн-мангасыг анх кино дэлгэцнээ дүрсэлснээр кино урлагт "Зомби" хэмээх нэр томьёог бий болгосон аймшгийн кино жанрын эцгүүдийн нэг бөгөөд энд танилцуулах кино бол Alfred Hitchcock-ын "Psycho" киноноос хойших хоррор жанрт хамгийн нөлөөтэй кино болсон юм. Бага төсөвтэй, Independent уг хоррор бол Romero-ын дебют ажил байсан киноныхоо эвлүүлэг, зураглал, продюсерээр ажилласнаас гадна кино зохиолоо John Russo найзтайгаа хамтран бичжээ. Кино үйл явдалд Пенсильвани мужийн хөдөөний нэгэн тосгонд фермерийн байшинд зомбинуудын дайралтаас өөрсдийгөө хамгаалан хоригдсон долоон хүний тухай өгүүлдэг.

  Кино багийн  бүрэлдэхүүн болон жүжигчдийн баг сайн дурынхан, газар нутгийн оршин суугчид эсхүл продакшны багийнхны найз нөхдөөс бүрдэж байв. Romero цомхон төсөвтөө багтааж киногоо дуусгахын тулд өөрийн эзэмшсэн партизаны кино бүтээх арга техникийг ашиглаж киногоо дуусгасан. Уг кино 100,000 долларын төсөвтэйгөөр бүтээд бокс оффисоос асар их амжилт олсон буюу төсвөөсөө 250 дахин их орлого олж тухайн үед бүтээгдсэн хамгийн их ашигтай ажилласан киноны нэг болж байжээ. Үзэшгүй муухай цус нөж, балмад хүчирхийллээрээ олны цочоон шүүмжлүүлж, чичлүүлж байсан ч эцэстээ энэ кино нь култ классик болж, шүүмжлэгчдийн талархлыг хүртсэн бөгөөд мөн гол дүрдээ Африк-Америк жүжигчин (Duane Jones) тоглуулсан зэргээр тухайн үеийнхээ кино урлаг, хоррор жанрын бүхий л хэвшсэн ойлголтыг эвдсэнээрээ өнөөдөр хоррор жанрын хамгийн чухал киноны нэг гэгдэх болжээ. Romero уламжлалт аймшгийн киноны экспрессионист тайз заслыг неореалист хэв маягаар зоригтой сольсон буюу байгалийг тайзаа болгоод мөхсөн хар-цагаан өнгөөр цуст наадмыг баримтад кино шиг зураглаж чадсан нь бишрэм юм. Уг кино нь 1978-2009 оны хооронд 5 анги гаргасан амжилтай франчайз болсон ба бүгдийг нь Romero найруулсан аж. Харин албан ёсны дахин шинэчилсэн хувилбар нь 1990 онд гарахад найруулагчаар нь Tom Savini ажиллаж, Romero зохиолыг нь бичжээ. George Romero Питтсбургийн Карнеги Меллон их сургуульд суралцаж байхдаа кино урлагт хөл тавьжээ. 

Тэрээр найз Russell Streiner гэгчийн хамтаар The Latent Image гэдэг компани байгуулж телевизийн сурталчилгаа, жижиг сажиг кино бүтээж эхэлсэн бөгөөд амжилтандаа урамшсан залуус бүрэн хэмжээний кино хийх боломжтой болсноо ухаарсан аж. Тэд кино салбар "хачирхалтай гаж зүйлээр цангаж" байгааг мэдрээд үүнийг ашиглахыг хүссэн гэдэг. Кино зохиолыг Romero, Russo хоёр хамтран бичсэн. Тэд өсвөр насны харь гаригийн амьтны тухай хоррор комеди хийхээр зэхэж байсан ч нисдэг хөлөг бүтээхэд хүрэхүйц төсөвгүй учир энэ санаанаасаа татгалзсан. Гэрээсээ зугтааж яваа нэгэн залуу оршуулгын газарт иртэл тэнд харь гаригийнхан цогцос идэж байхтай учирч байгааг харуулсан түүхийг Russo санал болгож, Romero энэ санааг хүний махаар хооллодог зомбинуудын талаарх хэвлэгдээгүй богино өгүүллэгтэйгээ хослуулсанаар зохиол ерөнхийдөө бэлэн болжээ. Тэд бэлэн болоогүй зохиолтойгоор зураг авалтаа эхлүүлсэн аж. Russo зураг авалтын үеэр зохиолоо дуусгасан бол Romero богино өгүүллэгийнхээ үлдсэн материалаар хожим "Dawn of the Dead", "Day of the Dead" гэсэн киноныхоо үргэлжлэлүүдэд ашигласан байна. Romero Richard Matheson-ын футурист хоррор романаас нэлээд санаа авсанаа хүлээн зөвшөөрдөг. Matheson анх Romero-ын киног өөрийнх нь номонд хүндэтгэл үзүүлээгүй гээд "хөдөөний юм" хэмээсэн байдаг. Хожим Romero нэгэн ярилцлагадаа "Matheson  ертөнц бүрэн сүйрсэний дараах үйл явдлын үр дагаврыг харуулсан, харин би ийм гамшгийн үед хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар судлахыг хүссэн" гэжээ. Харилцан ярианы ихэнх хэсгийг жүжигчдийн баг өөрчилсөн, дахин бичсэн эсхүл импровизацаараа хийсэн аж. Гол дүийн жүжигчдийн нэг Judith O'Dea нэгэн ярилцлагадаа "Үнэхээр ажиллаж байсан скрипт байсан эсэхийг би мэдэхгүй байна. 

Бид үндсэндээ хийх ёстой зүйлийнхээ талаар ярилцчихаад дараа нь хийх ёстой гэж үзсэнээрээ л хийдэг байсан" хэмээжээ. Гол дүрийг анх цагаан арьстанд зориулж бичсэн хэдий ч гэнэт л өнгөт арьстан Duane Jones-г сонгосон ч Romero зохиолоо зориуд өөрчлөөгүй. Гол дүрд хар арьстай жүжигчин тоглосон кино тухайн үед ховор үзэгдэл байв. Гол дүрдээ хар арьстан жүжигчин тоглуулж, мөн буудуулж үхүүлдэг нь тэр жил Martin Luther King Jr-ын үхлээс санаа авсан уу гэж 2013 онд найруулагчаас асуухад Romero үгүй гээд Martin Luther King-ын үхлийг киноныхоо түгээлтийг хийх газрыг хайж явахдаа сонссон гэж хариулжээ. Дээр хэлсэнчлэн энэ кино нь Romero-ын анхны бүрэн хэмжээний кино байсан, мөн тэрээр найруулагчийн гараагаа хоррор киногоор эхлүүлсэнээр замнал тэр чигтээ хоррор жанртай холбогдсон агаад энд ярьж буй франчайзаасаа гадна "Crazies", "Martin", "Creepshow", "The Dark Half" зэрэг хоррор, уран зөгнөлт кинонуудаараа алдартай. Шүүмжлэгчид 1950-аад оны хоррор ба шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд Romero-ын найруулгын хэв маягт нөлөөлсөн гэж үздэг. Romero-ын киноны уур амьсгалыг бараг итгэл найдваргүйгээс бүрэн эмгэнэлт байдал хүртэлх уруудсан арк юм. Кино түүхч Carl Royer найруулагчийн бага туршлагатай мөртлөө киноны боловсронгуйг нь магтаад, харийссан уур амьсгал нэмэгдүүлэхийн тулд чиароскуро (нуар киноны хэв маяг) гэрэлтүүлгийг ашигласныг нь онцолсон байдаг. Зарим шүүмжлэгчид Romero-ын киноны график дүрслэлээс нь болж үгүйсгэж байсан бол зохиолч R. H. W. Dillard хорио цээрээр "нүд нээсэн" нь киноны амжилтыг өсгөсөн гэж мэдэгджээ. 

Тэрээр "ямар охин хэзээ нэгэн цагт ээжийгээ үхээсээ гэж хүсдэггүй юм бэ?. Мөн энэ кинонд Karen хориотой бүхнийг шууд бусаар үйлдэхийг онцгой тод боломжийг санал болгов" гэж бичжээ. Romero нийгмийн хорио цээрийг гол сэдэв болгоод ялангуяа каннибализмыг онцолсон нь тодорхой байна. Кино түүхч Robin Wood уг бүтээл дэх хүний мах идэгч зомбинуудыг 1960-аад оны Америкийн капитализмын тайлбар гэжээ. Түүний үзэж байгаагаар хүнээр хооллогчид болох зомбинууд нь капитализмд амьдарч буй хүмүүсийн харилцан үйлчлэлийн төгсгөлийг илэрхийлж байгаа ажээ. Кино 1968 оны 10-р сарын 1нд Питтсбургт нээлтээ хийсэн бөлгөө энэ нь бямба гариг байсан, бямба гаригийн үдээш хойш бол үндэстний хэмжээнд өсвөр насныхны хувьд хоррор кино үзэх цаг байдаг байж. MPAA кинонд зориулсан үнэлгээний системээ хэрэгжүүлэхээс сарын өмнө энэ кино театраар гарсан нь тохиолдол уу, санаатай үйлдэл байсан уу, юутай ч хүүхдүүд ямар ч бэлтгэлгүйгээр тасалбар аваад энэ аймшигтай киног үзжээ. Үзэгчдийн дунд байсан хүүхдүүд 1960-аад оны аймшгийн кинонд ямар хариу үйлдэл үзүүлдэг тэрийг л үзүүлж байгаад зомбинууд дэлгэцэнд гарч ирэхэд хашгирч эхэлжээ. Гол дүрүүд зомбид идэгдэх юмуу шатаж үхэж эхэлснээр театрын уур амьсгал эвгүй чимээгүйд автсан гэдэг. Гол дүрүүд үхэж, жаргалтай бусаар төгсдөг энэ кино ер бусын таагүй, нихилист үзлийг харуулж байгаа нь энэ юм. Сонин сэтгүүлүүд киног ёстой бутартал шүүмжилсэн байдаг; тухайлбал бүс нутгийн кино урлаг, хоррор жанр, кино бүтээгчид ёс суртахуунгүй боллоо, бүрэн дүүрэн садист наргиа гэж байсан хэдий ч киноны ашиг орлогод саад болж чадаагүй билээ.

 Холливуудын том студийн хананаас гадуур бүтээгдсэн хамгийн их ашиг орлоготой хоррор кино болсон ба энэ бол цус үзэх дуртай дурлагсдын дунд агшин зуур култ болсон. Empire, The New York Times, Total Film, Rolling Stone сэтгүүлүүд уг хоррорыг өөрсдийнхөө шилдэг гэсэн жагсаалтад багтаасан байдаг бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 359-р байрт жагсаагаад байна. Нээлтээ хийснээс нь хойш уг киног ихэнх шүүмжлэгчид 1960-аад оны Америкийн нийгмийн, олон улсын хүйтэн дайны улс төр, дотоодын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг шүүмжилсэн бүтээл гэж тайлбарлаж иржээ. Robin Wood "Америкийн аймшгийн киноны танилцуулга" хэмээх эссэ бичсэнээр шүүмжлэгчид хоррор жанрт өөрөөр хандах болсон буюу өмнө хоррор кинонд анализ хийх шаардлагагүй гэж үзэх нь холгүй байдаг байсан бол Robin Wood-ын ачаар хоррор кинонд нухацтай хандах болжээ. Wood уг киног психоаналитк аргаар тайлбарласан; хүлээн зөвшөөрөгдөөгүй гэж үзэгдсэн онцгой зан чанарууд хувь хүний түвшинд хэрхэн дарагддаг эсхүл тийм биш гэвэл нийгмийн түвшинд дарангуйлагддаг тухай авч хэлэлцдэг аж. Тэрээр дарагдсан хорио цээр ба бусад бүлгүүдийг хоррор мангасуудын сэтгэлзүйн үндэс гэж тодорхойлсон. Wood болон түүнээс хойших шүүмжлэгчид энэ аргыг ашиглан уг киног дарагдсан сексийн амьдрал, 1960-аад оны Америкийн гадуурхагдсан бүлгүүд, иргэний эрхийн хөдөлгөөн, Вьетнамын дайны үр дүнд бий болсон нийгмийн хэв хэмжээг зөрчсөн сүйрэл гэж тайлбарлаж иржээ. Зарим шүүмжлэгчид энэ бол Америкийг Вьетнамтай дайн хийснийг буруушаасныг хурцаар шүүмжилсэн кино, энэ бол Трансильванид болоогүй Пенсильванид өрнөж байгааг үзүүлсэн кино буюу зомбинуудын хядлага нь Вьетнамын аймшгийн цуурайнаас гадна Америк дахь дотоодын зөрчлийн цуурай гэжээ. Энэ бол таны үзчихээд үтэр түргэн мартахыг хүсдэг тийм киноны нэг юмаа. 

Comments