The Truman Show (1998). Австралийн кино найруулагч Peter Weir-ын найруулж, Andrew Niccol-ын зохиолыг нь бичсэн Америкийн егөөдөлт, шинжлэх ухааны - уран зөгнөлт, сэтгэлзүйн, комеди драм. Гол дүрд Jim Carrey тоглосон бол туслах дүрүүдэд Ed Harris, Laura Linney, Paul Giamatti болон Natascha McElhone нар тоглосон. Энэ киног үзээгүй хүн бараг үгүй болов уу, тиймээс үйл явдлыг нь бичиж өөртөө болон уншигчдад түвэг удахын оронд кино хэрхэн бүтсэн, ямар сэдэв агуулгатай болохыг хүргэж байна. Зохиолч Niccol бэлэн болоогүй байсан туршилтын ноорогийг нь Paramount pictures зохиолынх нь эрхийг худалдаж авснаар энэ бүхэн эхэлсэн бөгөөд Niccol-ын эх зохиол нь шинжлэх ухааны - уран зөгнөлт триллер кино байхаар байсан ба үйл явдал нь Нью-Йоркт өрнөх байв. Киноны төсөвт анх 60 сая доллар төсөвлөж байсан ч 20 сая болтлоо буурсан. Эл бүтээл нээлтээ хийсэн дороо л шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, санхүүгийн амжилтад хүрээд зогсохгүй кино наадмуудад амжилттай оролцсон байна. Уг киног бодит байдлын загварчлал, Экзистенциализм, тандалт, шашин, метафилософи, хувийн нууц болон телевизийн реалити шоунд хийсэн анализ гэж тайлбарладагаас гадна дистопиан уран зохиол, сэтгэлзүйн драм, романтик комеди, мета уран зохиол, егөөдөл, нийгмийн шинжлэх ухааны - уран зөгнөлт жанруудыг холимог болсон кино гэж тодорхойлдог аж. Andrew Niccol 1991 оны 5-р сард "Malcolm Show" нэртэй нэг хуудас бүхий кино кино зохиолын боловсруулалтаа дуусгажээ. Niccol "Хүн бүр тодорхой нэгэн үед амьдралаа үнэн бодитой эсэхэд эргэлздэг гэж би боддог. Энэ нь яг хүүхэд өөрсдийгөө үрчлэгдсэн эсэхийг асуухтай адилхан юм". Ингээд 1993 оны намар продюсер Scott Rudin зохиолыг худалдаж авсан ба гэрээнд Niccol-г найруулагчаар ажиллуулах заалт байж, харин Paramount студи шал ногооноороо амьтнаар их төсөвтэй кино хийж азаа үзэхийг хүссэнгүй, нэг үгээр тэд А зэрэглэлийн найруулагч хүсч байсан агаад студиуд хүрэхдээ Niccol-д нэмэлт мөнгө өгөөд найруулагчийн суудлаас ховхолсон гэсэн яриа байдаг. Хамгийн эхний сонголт Brian De Palma байлаа.
Түүнийг боломжгүй болонгуут араас нь Tim Burton, Sam Raimi, Terry Gilliam, David Cronenberg, Steven Spielberg нарын нэрс яриндсан ч 1995 онд Niccol-ын санал болгосноор Peter Weir найруулагчаар сонгогджээ. Weir-д Niccol-ын зохиол дэндүү бараан санагдаж, арай хөгжилтэй болгохыг хүссэн: "Niccol-ын гутранги байдлыг би гэрэл гэгээтэй болгож чадна гэж бодсон. Энэ нь үзэгчдэд ийм хэмжээний шоуг 24/7 үзэх боломжтой гэсэн итгэл төрүүлж чадна" гэж найруулагч хэлж байж. Weir зохиолыг зураг авалтад бэлэн гэж үзэхээс өмнө Niccol 16 ноорог бичсэн бөгөөд хожим 1995 онд Jim Carrey төсөлд нэгдэхээр гарын үсэг зурсан боловч тэрээр "The Cable Guy", "Liar Liar" гэсэн кинонуудад тоглохор тохиролцоод байсан тул Weir бүтэн жил харзнахаар шийджээ. Учир нь тэрээр гол дүрд Carrey төгс тохирно гэж итгэсэн тул өөр санал сонсохыг ч хүсээгүй байна. Харин энэ хооронд Niccol зохиолыг 12 удаа дахин бичжээ. Мөн тэрээр шоуны түүхийн тухай зохиомол ном хүртэл бичиж амжсан аж. Weir Флоридагийн зүүн хэсэгт байрлах газруудыг судалж үзсэн ч санаанд нь таарсан газар олдсонгүй. Тэгтэл түүний эхнэр Флоридагийн Панхандл дахь seaside хэмээх газрыг санал болгосон ба зураг авалтын ихэнх сайхь газарт болжээ. Кинонд гарах Truman-ын байшингийн хэсгийг Флоридагийн сенатор Don Gaetz болон АНУ-ын төлөөлөгч Matt Gaetz нарын эзэмшил газарт авчээ. Киноны загварыг зураач Norman Rockwell-ын зургуудаас, мөн 1960-аад оны ил захидлуудаас санаа авч бүтээжээ. Мөн түүнчлэн зарим нэгэн тагнах чагнах техникийг кинонд зориулж судлаад ашигласан байдаг аж. Харин киноны харагдах төрх тэр чигтээ телевизийн зураглал, ялангуяа зар сурталчилгааг санагдуулам ба найруулагч дотоод засал чимэглэлийг зориуд тодоор гэрэлтүүлсэн нь үзэгчдэд "энэ ертөнцөд, бүх зүйлс зарагдахаар зориулагдсан байдаг" гэсэн санааг төрүүл зорилготой байжээ.
Popular Mechanics сэтгүүл уг киног хамгийн зөгнөлт шинжлэх ухааны - уран зөгнөлт 10 киноны тоонд багтаасан байдаг. Сэтгүүлч Erik Sofge киноны түүх нь телевизийн реалити шоуны худал хуурмагийг харуулсан гэж үзсэн. Цааш нь тэрээр "Truman энгийнээр л амьдардаг, харин шоу алдартай байгаа нь үзэгчдийн идэвхгүй ажиглах гаж байдлаас шууд хамаатай. Big Brother, Survivor зэрэг бусад реалити шоуны адилаар Truman-ын эргэн тойрон дох бүхэн бодитой бус юм" гэжээ. Erik Sofge нийтлэлдээ өөр бусад реалити шоуг эл кинотой харьцуулж, ерөөсөө реалити шоу гэдэг зохиомол жүжиг яг энэ кинонд өгүүлсэнтэй адилхан гэж нотлоод кино хийгээд тэдгээр реалити шоу эцэстээ бидэнд Экзистенциализмын ойлголт өгөх учиртай гэжээ. Weir нэгэн ярилцлагадаа "Үзэгчид улам тэнэг болоод байна уу? эсхүл бид буюу уран бүтээлчид үүнийг нь өөгшүүлээд байна уу? тэд үүнийг хүсч байна уу? эсхүл бид тэднийг ийм болгоод байна уу? гэдэг бол асуулт үргэлж байсаар ирсэн. Гэхдээ энэ киног маш их хүн үзсэн. Энэ тэдэнд урам зориг өгөх ёстой" гэжээ. Journal of Communication Inquiry сэтгүүлд уг кино нь хэвлэл мэдээллийн хүчийг харуулсан гэжээ: "Truman-ын амьдрал дэлхий дахины үзэгчдэд урам зориг өгдөг, энэ нь тэдний амьдралыг Truman удирддаг гэсэн утгыг өгнө. Киноны төгсгөл нь хэвлэл мэдээллийн эрх мэдэл нь сорилтод орохоосоо илүүтэй баталгаажиж байна. Antonio Gramsci-ын их гүрний дээрэнгүй ноёрхлын концептийн үүднээс авч үзвэл ийм кино, телевизийн хөтөлбөрүүд нь бидний дур сэтгэлийг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран татчихаад эргээгээд бидэнд тэдгээрийг зардаг гэдэгтэй төстэй байна" гэжээ. International Journal of Psychoanalysis сэтгүүл: "Кино үлгэр жишээ бүхий өсвөр насаар эхэлдэг. Truman гэр бүлдээ, амьдарч буй нийгэмдээ хоригдсон мэт өөрийгөө мэдэрч, үүнд дасан зохицохыг хичээдэг хэдий ч алс холын хаа нэгтээ зугтаахаас өөр сонголт байхгүй гэдэгт итгэдэг. Эцэст нь тэрээр өөрийн нөхцөл байдлын талаар хангалттай ойлголттой болоод "гэрээсээ явах" буюу насанд хүрсэн хүний хувьд илүү төлөвшиж, жинхэнэ мөн чанараа хөгжүүлж, хүүхэд шинжээ орхисноор жинхэнэ хүн болж байна" хэмээжээ.
2022 оны Канны кино наадам албан ёсны постероороо уг киноны төгсгөлийн хэсгийг сонгож хүндэтгэл үзүүлсэн бөгөөд "Энэхүү кино нь Платоны агуйн ёгтлолын орчин үеийн тусгал ба төгсгөлийн шийдвэрлэх хэсэг үзэгчдийг бодит ба төсөөллийн хил хязгаарыг мэдрүүлээд зогсохгүй зохиомол зүйлийн хүч, заль мэх, катарсисыг тунгаан бодохыг уриалж байна" хэмээжээ. Тэгвэл шашны талаас сонирхолтой өнцгүүд байдаг: тухайлбал продюсер Chriatof-г Люсифертэй харьцуулж, Truman, Marlon хоёрын гүүрэн дээрх яриаг "Мосегийн ном"-ын Бурхны ба Мосегийн яриатай харьцуулжээ. Мөн Томас Мурын 1516 оны "Утопиа" номыг энэ кинотой зэрэгцүүлж үзэж болох ба Мур номондоо ганцхан л ордог, гардаг гарцтай арлыг дүрсэлсэн байдаг билээ. Гагцхүү энэ аралд харъяалагддаг хүн л хэрхэн аюулгүй, найдвартай явах замыг мэддэг. Энэ нөхцөл нь уг киноныхтой төстэй, учир нь Truman-ын мэддэг ертөнцөд нэвтэрч орох боломж хязгаарлагдмал байдаг ба Truman өөрийг нь суурьшуулсан энэ утопиад харъяалагддаггүй; хүүхэд насны сэтгэлийн гэмтлээс болж (үнэндээ түүнд хүчээр тулгасан) өссөн жижигхэн нийгэмлэгээ орхиж чаддаггүй айдастай болсон байдаг. Өнгөрсөнд зөвхөн Мурын зохиолоос гадна Шейкерс, Онида зэрэг ижил төстэй хүмүүсийг багтаасан Утопиан нийгэмлэгүүд байсан байдаг. Truman-ын ертөнцийн хүмүүс түүнийг бодит байдлыг байнга холдуулж байхын төлөө ижилхэн зорилттой байгаа нь дээрх Утопиан нийгэмлэгүүдийг санагдуулна. Шоунд үзүүлж буй хотын зах дахь гадсан хашаа бол 1950-аад оны "Америкийн мөрөөдөл"-ын санагдуулах ёстой ба Truman-ын ертөнц дэх "Америкийн мөрөөдөл" гэсэн гэсэн концепт бол түүнийг жаргалтай, тэнэг байлгах л үүрэгтэй юм. Нэрт шүүмжлэгч Roger Ebert энэ бүтээлийг "Forrest Gump"-тай харьцуулаад драм, комедийн тэнцвэрийг сайтар олсон кино гэж магтжээ. Мөн тэрээр Jim Carrey-ын тоглолтыг сэтгэл хөдөлгөм гэжээ. Хошины хажуугаар хурц егөөдөлт асуулт тавихдаа сэтгэл хөдөлгөж чаддаг кино гэж бусад шүүмжлэгчид дүгнэсэн байдгаас гадна Jim Carrey-ын харизматик, дүйнгэ тоглолтыг Tom Hanks, James Stewart хоёртоо харьцуулжээ. Америкийн Bellevue эмнэлгийн сэтгэцийн эмч Joel Gold 2008 онд өөрсдийгөө телевизийн реалити шоунд оролцогч гэсэн шизофренитэй өвчтөнгүүд ирсэн гэж мэдэгдсэн бөгөөд Gold үүнийг "The Truman Show төөрөгдөл"-ийн синдром гэж ерөнхийдөө киноны нэрээр нэрлэжээ.
Comments
Post a Comment