Холливуудын охид

 


Beyond the Valley of the Dolls (1970). Анх 1967 онд гарсан "Valley of the Dolls" киноны өмнөтгөл болж гарсан уг бүтээлийг хямдхан киноны Хаан Russ Meyer найруулж, кино зохиолыг нь нэрт кино шүүмжлэгч Roger Ebert бичсэн. "Dolls" гэдэг нь тухайн үед сэтгэл гутралын эм, эсхүл тайвшруулах эм гэсэн утгатай хэллэг байжээ. Уг кино эх хувилбар шигээ санхүүгийн амжилт олсон ч шүүмжлэгчдийн зүгээс хангалттай баалуулсан ч жилээс жилд киноны нэр хүнд аажмаар өссөөр өнөөдөр кино классик гэгдэх болоод зогсохгүй егөөдөлт шинж, мета уран зөгнөлт элементүүдээрээ шүүмжлэгчдийн талархлыг хүртэх болжээ. Энэхүү егөөдөлт, мюзикл мелодрам нь ядаж л танд 60-аад оныхны тухай сэтгэгдэл өгөхийн сацуу Холливуудын алдартнуудын соёлын тухай мэдлэг (гэхдээ жигшим талаасаа) өгнө. Овтой, сэтгэл татам дүрслэлтэй, жүжигчдийн сайн тоглолттойн дээр чихэнд чимэгтэй саундтракттай уг киног үзэхэд тааламжтай байх нь эргэлзээгүй юм. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 979-р байрт жагсаагаад байна. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе. Kelly, Casey, Pet гурав бол залуухан бас халуухан хүүхнүүд; тэд дотно найзуудаас гадна рок хамтлагтай ба Kelly-ын найз залуу Harris хамтлагийн менежер хийж, ерөнхийдөө эдгээр дөрвөн залуус байнга аялан тоглолт хийж явдаг. Хамтлаг Лос Анжелест очиж Kelly-ын нагац эгч Susan гэгчтэй уулзахаар болно. Susan дүүдээ өв залгамжлагч болсныг дуулгах ба энэ үед эгчийнх нь санхүүгийн зөвлөх хорон муу Hall гэгч өвгөн тэдний өв хөрөнгөөс завшихын тулд эгч дүүсийн дунд яс хаяна. Susan дүүгээ буюу хамтлагийг танил алдартай продюсер Z-Man гэгчтэй танилцуулж, продюсер ч охидыг чадварыг олж хараад хамтран ажиллахаар болно. Харин явдал угаас хартай Harris-д таалагдсангүй учраас маргаан дэгдээнэ. Kelly хартай найз залуугаасаа салж, амжилт, эд баялагтаа толгой эргэж яваад баян хүүхнүүдтэй явдаг эрэгтэй биеэ үнэлэгч Lance гэгчтэй болзож эхэлнэ. Harris ч бас зүгээр байсангүй порно од Ashley гэгчтэй дотносно. Ashley түүний энгийн байдал болоод архи, хар тамхинаас үүдэлтэй сексийн хөрөлтөөс нь болж хаяна. Harris-ын архи, хар тамхины хэрэглээ улам ихсээд нэгэн үдэшлэг дээр Lance-тай гар зөрүүлж, дараа нь Casey-тай согтуудаа унтаад Casey-г жирэмсэн болгочихно. Жирэмсэн болсондоо бухимдсан Casey цаашид эрчүүдийг үзэж чадахаа больсон нь лесби загвар зохион бүтээгч Roxanne гэгчтэй ойртон дотносоход хүргэнэ. 

Тэгвэл Pet зүгээр байсангүй; Z-Man-ын үдэшлэг дээр хуулийн ангийн оюутан Emerson гэгчтэй учиргүй романс үүсгээд байсан ч боксчин Randy-д татагдаж хуульчыгаа араар нь тавиад, улмаар баригдаж багагүй шуугиан тарина. Kelly болоод Susan Hall-ын башир муу аргаас хамтдаа амжилттай гараад хамтлаг шинэ дуунууд гаргаж, аялан тоглолт хийж байх үеэр Harris амиа хорлох гэж завдаж байгаад өндрөөс унаж гэмтлээсээ болж суумгай болно. Ийм их үйл явдалтай кино ингээд дуусахгүй, цаашаа бүр ч их балай явдлууд болдог билээ. "Valley of the Dolls" романыг бичсэн зохиолч Jacqueline Susann хоёр дахь номоо бичиж байхдаа "Beyond the Valley of the Dolls" нэрийг бодож олжээ. Susann шинэ киноныхоо боловсруулалтыг бичсэн бөгөөд 1968 онд Fox киног компани "Valley of the Dolls" киноны зохиолыг бичсэн Dorothy Kingsley гэгчийг эргэн ирж шинэ төсөлд ажиллахыг урив. Гэвч Dorothy өөр төсөл дээр ажиллаж байсан тул эргэж ирэхгүй болсон бол мөн эх хувилбарт тоглосон Patty Duke, Sharon Tate нар эргэж ирэхээс татгалзсан байхад харин Barbara Parkins ирнэ гэсэн цуурхал тархсан. Найруулагчийн суудалд саяхан "Vixen!" киногоороо амжилт гаргаад байсан Russ Meyer сууж, Roger Ebert кино зохиолыг бичихээр Chicago Sun-Times сониноос 5 долоо хоногийн чөлөө аваад төсөлд нэгджээ. Харин Barbara төсөлд орохгүй болсон. Fox-ын захирал Meyer-д аль болох хямл төсвөөр R ангиллын кино хийхийг зөвлөсөн гэдэг. Meyer, Ebert хоёр 3 долоо хоногт кино зохиолыг гараасаа гаргажээ. Тэд "Valley of the Dolls" киног үзсэн ч романыг нь хэн нь ч уншаагүй байсан гэдэг бөгөөд гурван залуу охин Холливуудад ирнэ, тэд алдар, хөрөнгөтэй болохын сацуу хар тамхи, секс, хүчирхийллийн хохирогчид болдог ч үүнээс аврагддаггүй бас ялж гарч чаддаггүй гэсэн адилхан бүтэцтэй байсан нь эх хувилбартайгаа адилхан байв.

 Ebert хэлэхдээ нэмж илүү шуугиантай элементүүдийг оруулсан; энэ нь ижил хүйстэн, тахир дутуугийн өвчин болоод тухайн үед сонины нүүрийг чимж байсан үйл явдлуудыг кинондоо багтаасан гэжээ. Гэхдээ мэдээж хэтрүүлэгтэйгээр. Кино зохиол эх киногоо элэглээд зогсохгүй Ebert-ын хэлж буйгаар Холливуудын уламжлал, жанрууд, нөхцөл байдал, харилцан яриа, дүрүүд хийгээд амжилттай томьёог хэтрүүлэн ёжлохдоо зарим нэг цочирдуулам хүчирхийлэлтэйгээр үзүүлсэнийг зарим кино шүүмжлэгчид үүнийг мэдээгүй бололтой, ердөө нэг комеди гэж хүлээж авсан бололтой гэжээ. Мөн тэрээр үйл явдлын өрнөл нь дүрүүдийг бүтээж, дараа нь нөхцөл байдлыг бий болгох замаар мөлжлөгийн (exploitation - тухайн үеийн тренд юмуу нөхцөл байдалтай хүчирхийлэл, сексийг холбосон хямдаар их ашиг олох зорилготой кино жанр) агуулгыг хамарсан кино бүтээхийг хүссэн гэжээ. Харин Meyer 30 нас хүрээгүй залууст зориулсан кино хийхийг хүсч байжээ. Кинонд хөгжим, загвар өмсөгчид, хар дүрүүд, хүчирхийлэл, романтик хайр, савангийн дуурийн нөхцөл, тайзны арын амьдрал, фантаастик тайз засал, лесбиан, хар тамхи, эцэст нь эдгээрийг нэгтгэсэн төгсгөл байх ёстой гэж үзэж байсан аж. Meyer энэ киногоо нэгэн зэрэг егөөдөлт, нухацтай мелодрам, рок мюзикл, комеди, хүчирхийллийн мөлжлөгт кино, мөн ёс суртахууныг харуулахыг зорьсон ба киноны эхлэлийн жихүүцэм сцэнээр шоу бизнесийн хар дарсан зүүд шиг байдлыг харуулсан ажээ. 

Ebert хожим энэ киноныхоо талаар: "Бид энэ кино дээр ажиллаж байхад би уг төсөл ямар ер бусын болохыг ойлгоогүй байжээ. Гэхдээ би үүнийг хийж байгаа цаг үе гайхамшигтай байсныг дотроо ухаарч байсан. Бие даасан X үнэлгээтэй найруулагч болоод туршлагагүй кино зохиолчийг том студиуд авчраад өөрсдийн хит кинонуудаа элэглэхийг хүсэх нь хөзөр мэдэхгүй хүнтэй хөзөр тоглохтой л адил байлаа шүүдээ" гэсэн буй. Галзуурлаар хахсан, зугаа цэнгэлийн сүүдэртэй талыг харуулсан энэ киног залууст зориулсан савангийн дуурь гэдэг бөгөөд Ebert-ын хэлснээр киноны ихэнх сэдэв болоод дүрүүд бодит үйл явдал, хүмүүсээс сэдэвлэжээ. Кинонд од болоогүй жүжигчид тоглосон; энэ талаар Meyer "Valley of the Dolls гарчиг дээр миний нэр байхад л энэ киног хангалттай хүмүүс үзнэ" гэж хэлж байжээ. Кино шүүмжлэгч Gene Siskel: "Энэ кино зөөлөвчтэй хөхний даруулганы хамаг хошигнол, догдлолоор өрнөдөг" гээд уг киног тухайн оны хамгийн муу 20 киноны тоонд багтаажээ. Шүүмжлэгч Gary Arnold: "Замбараагүй, маш муу, миний үзэж байсан хамгийн балай кино" гэжээ. Харин нэрт кино найруулагч John Waters энэ киног биширдэг гээд хамгийн шилдэг киноны нэг гэж магтжээ. 

Comments