Цагаан ордонд

 




Casablanca (1942). "Энэ киног жилээс жилд ахин дахин үзэхдээ би огтхон ч уйддаггүй. Энэ яг л хамгийн дуртай хөгжмийн цомог шиг тоглогддог; энэ киног хэдийчинээ мэднэ төдий чинээ надад таалагддаг. Хар-цагаан зураглал нь хэзээ ч хуучирдаггүй. Харилцан яриа нь хэт хямгач хийгээд увайгүй ч ерөөсөө хуучирдаггүй. Энэ киноны сэтгэл хөдлөлийн ихэнх нөлөө шууд бусаар бидэнд хүрдэг" хэмээн нэрт кино шүүмжлэгч Roger Ebert "Casablanca" киноны тухай бичжээ. Бүх цаг үеийн магадгүй хамгийн шилдэг романтик уг киног үзээгүй хүн бараг байхгүй учраас энэ бичвэртээ киноны үйл явдлыг бичихийн оронд илүү сонирхолтой баримт мэдээллийг хүргэе гэж бодлоо. Ингээд TSPDT сайтаас тодруулдаг бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 42-р байрт эрэмбэлэгдээд буй "Casablanca" киноны дотор орцгооё.

Киног Унгар гаралтай Америкийн кино найруулагч Michael Curtiz найруулсан ба Joan Alison, Murray Burnett нарын "Everybody Comes to Rick's" жүжгийн зохиолыг Howard Koch, Julius J. Epstein, Philip G. Epstein (ихрүүд) нар кино дэлгэцнээ хөрвүүлжээ. Хүлээлтээс давсан амжилт үзүүлсэн эл бүтээл тэр жилийнхээ Оскарын наадмын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн 3 чухал шагнал хүртсэн бөгөөд жилээс жилд киноны нэр хүнд өсч, аль ч газраас гаргадаг шилдэг киноны жагсаалтад байнга дээгүүр байр эзлэх болсон; мөн киноны дуу, ишлэл, гол дүрүүдийн тоглолт дэлхийн үзэгчдийн сэтгэлд хоногшиж эдүгээ култ классик гэгдэх болжээ. 

Киноны гол дүрүүдэд: Humphrey Bogart, Ingrid Bergman, Paul Henreid, Claude Rains нар тоглосон ба олон улсын жүжигчид тоглосон гэдгээрээ (ердөө 3хан Америк жүжигчинтэй) анхаарал татаж байв.:Everybody Comes to Rick's" нь тайзнаа тавигдаж амжаагүй жүжиг байж, уг жүжгийг уншсан Warner Bros.-ын зохиолын аналист Stephen Karnot үүнийг "боловсронгуй нялуун" зохиол гэж нэрлээд жүжгийн эрхийг худалдаж аваарай хэмээн зохиолын редактор Irene Diamond-г ятгажээ. Жүжиг тухайн үеийн ханшаар бол 20,000 доллараар зарагдсан ба энэ нь хараахан жүжиг болж амжаагүй зохиолд тэнгэрийн үнэ болж байв. Төсвийн нэрийг Casablanca гэж өөрчилсөн нь 1938 оны "Algiers" киног дуурайсан бололтой, учир энэ хоёр кино хүүрнэл, сэдвийн хувьд төстэй байдаг агаад "Algiers" бол Julien Duvivier-ын 1937 онд гарсан "Pepe le Moko" гэдэг Франц киноны Америк хувилбар гэж үздэг аж. Murray Burnett эх жүжгийнхээ санааг 1938 онд эхнэртэйгээ Европоор тэр дундаа Венад очоод Аншлюсс, дараахан нь анти-семитизмыг нүдээрээ үзээд айн хэлмэгдсэн сэтгэгдэл дээрээсээ бичжээ. 

Тэд Францын өмнөд хэсэгт орших олон үндэстний уушийн газарт ороход тэнд цөллөгчид, дүрвэгсэд гээд янз бүрийн хүмүүсийг олж харсан агаад мөн тэнд Sam шиг хүмүүс ч байсан нь зохиолд нь тусчээ. Кинонд Sam-ын уушийн газарт "La Marseillaise" дуу эгшиглэдэг хэсгийг 5 жилийн өмнө гарсан Jean Renoir-ын "La Grande Illusion" кино нь дахь хэсэгтэй төстэй байдаг билээ. Жүжгийн зохиолыг кино зохиолд хөрвүүлэх ажилд эхлээд ихэр Epstein-үүд томилогдсон ч тэд Warner Bros.-ийн шаардлагыг үл харгалзан найруулагч Frank Capra-ын кино нь дээр ажиллахаар төслийг орхиод явчихаж. Өөр нэгэн нэртэй кино зохиолчийг ажилд авсан нь Howard Koch байсан. Гэвч сарын дараа ихэр Epstein-үүп буцаад төсөлд ирсэн бөгөөд Koch болон ихрүүд зохиол бичигдэх явцад хамтдаа нэг өрөөнд огт ажиллаагүй гэдэг. Тухайн үеийн Америкийн кино цензурт эмэгтэй хүн нөхрөө хаяад өөр эрийг дагаж явааг үзүүлэх хориотой байсан тул кинонд Ilsa, Rick хоёр хамт үлдэх боломжгүй байв. Энийг эвтэйхэн зохицуулах нь кино зохиолчдын толгойг гашилгасан агаад ихэр Epstein-үүд энэ "хэрэгт" ахмад Renault-ын үүрэг оролцоог нэмэгдүүлж, Rick-г өөрийгөө золиослогч буянтан болгохоор шийдсэнээр асуудлыг шийдвэрлэжээ. Koch зохиол дахь улс төрийн хийгээд мелодраматик элементүүдийг тодотгож өгсөн бол Rick, Ilsa хоёрын кафе дахь цуврал уулзалтуудад Casey Robinson гэгч туслах зохиолчийн (кредитэд ороогүй) хувь нэмэр их байв. Харин найруулагч Curtis Парис дахь өнгөрсөн дурсамжийн хэсгийг хадгалж үлдэхийг зорьж, романтик хэсгүүдийг таашааж байсан гэдэг. Олон зохиолчидтой хэдий ч уг киног Ebert "гайхалтай тогтвортой, нэгдмэл" гэж тодорхойлсон байдаг.

 Хожим Koch яагаад ийм нэгдмэл болсныг тухайн цагт Curtis-тай харилцаа муу байсантай холбож тайлбарласан ба тэрээр "Хачирхалтай нь ялгаатай хандлагууд ямар нэгэн байдлаар хоорондоо уялдаж байсан, магадгүй Curtiz бид хоёрын маргаан кинонд тэнцвэр өгсөн байх" гэж байжээ. Кино Холливуудын цензурын газарт дуудагдаж багагүй асуудал үүссэн; тухайлбал ахмад Renault визийг сексээр арилждаг байсан эсэх, мөн Ilsa, Rick хоёр хурьцсан эсэх тухай байв. Үүнээс болж ихээхэн өөрчлөлт хийж, зарим харилцан яриаг хасах юмуу зассан аж. Секс агуулгатай бүхнийг устгасан байна; үүнд ахмадын сексийн төлөө  виз зардаг, Rick, Ilsa хоёрын урьдах сексийн харилцааг шууд бус бөөрөнхийлөх маягаар үзүүлэх болжээ. Найруулагчаар анх William Wyler сонгогдсон, гэвч Wyler "завгүй" байсан болохоор түүний дотно найз Curtiz-д ханджээ. Roger Ebert уг бүтээлийг "тун цөөхөн кадртай, гэхдээ мартагдашгүй кадруудтай" гэжээ. Учир нь найруулагч зургуудаар түүх илэрхийлэхийг хүссэн гэдэг. Шүүмжлэгч Andrew Sarris энэхүү киног кино хүүрнэх онолоос хамгийн шийдвэртэйгээр ангид болсон кино гэсэн буй. Харин зарим судлаачид тухайн үеийн Warner Bros.-ын бараг ихэнх кино кино хүүрнэлийн онолоос гадуур байсан гэжээ. Ерөнхийдөө энэ кино нь Curtiz-ын байнгын эрэлхийлж байдаг ёс суртахууны дилеммаг онцлон тодотгосон киноных нэг жишээ гэж үздэг ажээ. Зураглаачаар өмнө нь "The Maltese Falcon", "Frankenstein" гэх мэт бүтээлд ажилласан хашир тухайн Arthur Edeson ажилласан ба тэрээр жүжигчин Ingrid Bergman-ын онцлон харуулахын тулд онцгой анхаарал хандуулсан байна. Тэрээр Ingrid Bergman-г голдуу зүүн талаас авч, гэрлийг барьж нүдийг нь гялалзуулахын тулд ихэвчлэн зөөлрүүлсэн самбай даавуутай шүүлтүүртэй камераар авсан агаад ингэж авснаар түүний царай гунигтай, эмзэгхэн, өнгөрснөө дурссан мэт болох ёстой байсан ба хүслээр ч болжээ. Дүрүүд болон арын дэвсгэр дээрх сүүдэр нь хоригдох, Францын чөлөөлтийн симбол болох загалмайд цовдлох, мөн сэтгэл хөдлөлийн үймээнийг олон янзаар илэрхийлдэг ажээ. 

Нуар кино ба экспрессионист гэрэлтүүлгийг хэд хэдэн үзэгдэлд, ялангуяа киноны төгсгөл хэрд ашигласан бөгөөд эдгээр сүүдэр, гэрэлтүүлгийн эффектээр нь урсамтгай камерийн хөдөлгөөн, хүрээлэн буй орчныг кадрын бүтэц болгон ашиглагддаг буюу энэ нь Curtiz-ын хэв маягийн сонгодог элементүүд гэж үздэг. Кино нээлтээ хийснээс хойш нэр хүнд нь тасралтгүй өссөөр ирсэн; Murray Burnett: "Энэ кино бол өчигдөр ч үнэн байсан, өнөөдөр ч үнэн байгаа, маргааш ч үнэн байх бүтээл юмаа". 1957 онд Массачусетс мужийн Кембрижийн Братл театрт хуучны кинонуудын улиралд зориулж "Casablanca"-г гаргажээ, энэ явдал хүмүүст сайнаар хүрсэн тул Харвардын их сургуулийн төгсөлтийн шалгалтын долоо хоногт уг киног гаргадаг уламжлалтай болсон байна. 1977 он гэхэд эл бүтээл Америкийн телевизээр хамгийн олон удаа гарсан кино болжээ. Ingrid Bergman-ын Ilsa дүр нь түүний замналын хамгийн алдартай дүрийн нэг болсон агаад олон жилийн дараа тэрээр "Би энэ киногоо өөрийн гэсэн амьдралтай гэдгийг мэдэрдэг. Кинонд ямар нэгэн нууцлаг зүйл бий. Кино гарахаасаа өмнө байсан хэрэгцээг дүүргэн тэр хэрэгцээг хангасан юм шиг санагддаг" гэж хэлжээ. Киноны 50 жилийн ойг тохиолдуулан The Los Angeles Times сэтгүүл "Холливуудын алтан эриний шижир чанарыг харуулсан кино" гэж бичжээ. Мөн тус сэтгүүлд "энэ кино бол комеди, романтик, түгшүүрт жанруудын бараг төгс тэнцвэрт хүрсэн энтертаймент" гэжээ. Roger Ebert 1992 онд киноны талаар "Илүү сайн кинонууд байдаг. Илүү гүн гүнзгий кино ч бий. Урлаг талаасаа илүү алсыг харсан, эсхүл улс төрийн ач холбогдолтой юмуу оригинал кинонууд байдаг. Гэхдээ энэ бол бидний хамгийн их нандигнадаг кинонуудын нэг юм. Энэ бол энгийн ангиллаас давсан кино" гэж бичжээ. Ebert-ынхээр кино дахь хүмүүс бүгдээрээ сайн хүмүүс бөгөөд кино урлагийн гайхамшигтай эрдэнэс ажээ. 

Мөн тэрээр энэ киноны талаар сөрөг шүүмж бараг сонсож байгаагүй; яахав бодит бус болхи тусгай эффект болоод Paul Henreid-ын бүтээсэн Laszlo-ын хүйтэн дүрийг эс бодвол өөр тааруу зүйл энэ кинонд байхгүй хэмээжээ. Судлаач Rudy Behlmer сонирхолтой дүгнэлт хийсэн, түүнийхээр Rick баатар биш, бас муу талын дүр ч биш гэнэ, тэрээр "Rick эрх баригчдын арга эвийг олохын тулд шаардлагатай бүхнийг хийдэг ч хэний ч төлөө амиа өгдөггүй" гэжээ. Мөн Behlmer-ын үзснээр бусад дүрүүд "гундуу бас хахир биш" агаад киноны туршид тэд ямар нэгэн байдлаар сайн сайхан зүйлд гар бие оролцдог гэжээ. Үнэхээр ч ахмад Renault нацистуудтай хамтарч, мөн Ilsa хайртай залуугийнхаа төлөө сэтгэлийн шаналалд автаж байгаа боловчиг эцэстээ бүгд өөрсдийгөө золиослодог; тиймээс энэ кино бол драм, мелодрам, комедийг сонирхолтойгоор хольж чадсан олон жанрын кино ажээ. Киноны 75 жилийн ойд зориулан The Washington Free Beacon сэтгүүл нийтлэлд "Casablanca"-г бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг гэж хэтрүүлсэн болохгүй гээд "Энэ киноны оюунлаг шинж үнэхээр онцгой. Анх үзэхдээ зөвхөн хайрын өнгөцхөн түүхийг анхаарах бол хоёр дахиа, гурав, дөрөв дэх удаагаа үзэхдээ тусгаарлалт ба коммунитаризм зэрэг улс төрийн сэдвүүдийг олж үзнэ" гэжээ. Уг бүтээлийг олон янзаар тайлбарладаг; Семиотик судлаачид кино хэвшмэл ойлголтыг парадокс маягаар бэхжүүлсэнээр олон түмэнд алдарт болсон гэж үзсэн.

 Философич Umberto Eco "Энэ кино бол зөвхөн ганц биш, энэ бол олон кино, антологи юм. Энэ кино санамсаргүйгээр хийгдсэн, магадгүй зохиогчид болон жүжигчдийн хүсэл зоригийн эсрэг биш юмаа гэхэд үгүйдээн тэдний хяналтын гадуур хийгдсэн болов уу. Энэ кино нь бүтээхүйн гоо зүйн онол, кино бүтээх онолоос үл хамааран "ажиллаад" байгаагийн шалтгаан энэ юм. Учир нь кинонд хүүрнэхүйн хүч жамаараа байж, энд дэг журмыг тогтоохын тулд урлагийн оролцоо байдаггүй ба энэ бараг л газар дэлхийн хүчээр нээгддэг. Бүхий л архетип ичгүүргүйгээр шатахад бид Хомерийн маягийн гүнд хүрнэ. Хоёр улигт дүр биднийг инээлгэдэг. Зуугаад улигт явдал бидний сэтгэлийг хөдөлгөдөг" гэж бичжээ. Мөн философич маань өөрийгөө золиослох сэдэв киноны туршид оршдог гэжээ. Энэ сэдэв дайны үеийн үзэгчдэд ойр байсан буюу сайн сайхны төлөө, хайртай бүхнийхээ төлөө өөрийгөө золиослох нь тухайн үед романтик юмуу буянтны дүр болж байж байв, Өрнөдөд. Кинонд улс төрийн зарим нэг зүйрлэл бий. Жишээлбэл Rick-ын гаргаж байгаа шийдвэрүүдийг тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Franklin D. Roosevelt-ынхтэй харьцуулдаг. Мөн киноны Casablanca гэдэг нэр бол "цагаан ордон" гэсэн утгатай ажээ. 

Comments