Two English Girls (1971). Францын нэрт кино урлаач François Truffaut-ын 1956 онд хэвлэгдсэн Henri-Pierre Roche-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн романтик, драм. Гол дүрүүдэд; Jean-Pierre Leaud, Kika Markham, Stacey Tendeter зэрэг Франц, английн жүжигчид тоглосон. Truffaut 1984 онд нас барахаасаа өмнө дүрүүдээ бүрэн бүтэн болгосон 20 миний бичлэгийг сэргээсэн байдаг. Энэхүү киноны онцлог нь өвөрмөц эрч хүчинд оршдог ба Truffaut үзэгчийг бие махбодь хийгээд харааны хувьд өөрийнхөө хувийн таашаалд татан оруулдагаараа ид шидтэй гэмээр бүтээл юм. Ингэхдээ үүнийгээ тэрээр олон түвшинд хийдэг; хөдөө нутгийг харуулсан сцэнүүдээрээ домогт найруулагч Jean Renoir-д баяр хүргэн мэндчилдэг бол уг кинонд зураглаачаар ажилласан Nestor Almendros-ын импрессионист нөлөөнд авсан кадрын өнгө нь Jean Renoir-ын аав зураач Auguste Renoir-ын бүтээлийг эрхгүй санагдуулах буюу Truffaut түүний зургуудыг таашаадаг байсан нь илэрнэ. Энэ кино дэгжин, хурц үзэсгэлэнтэй байдлаараа үеийнхнээсээ ялгарна. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 767-р байрт жагсаагаад байна. Кино Францад "дампуурсан" нь найруулагчийн хувьд "the Soft Skin" киноноос нь хойш анхны тохиолдол болжээ (зөвхөн Францдаа). Кино энгэрийн эрдэнийн шигтгээтэй ховор, тансаг чамин өнгөлөг хийгээд сэтгэл татам роман шиг. Truffaut сэтгэл хоргодом хайрын түүхийн суут ухаантан юм. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Киноны үйл явдал 1902 оны Парист эхэлнэ. Өгүүлэгч (Truffaut өөрөө) Claude ба түүний бэлэвсэн ээж дээр Anne хэмээх ээжийнх нь эртний найзын охин зочлон ирж буйг хүүрнэнэ. Anne Claude-г Уэльсийн далайн эрэгт орших гэртээ урих ба бүсгүй эгч Muriel болон мөн бэлэвсэрсэн ээжтэйгээ амьдардаг аж. Claude, Anne хоёрын дунд нарийн холбоо тэр дорхноо л бий болно, гэвч Anne залууг харааны бэрхшээлтэй эгч Muriel-ынхээ нөхөр болох болов уу гэж дотроо санана. Түүний хүссэн ёсоор Claude, Muriel хоёр бие биедээ дурлалцацгаах агаад Claude шаргуу гүйсээр байж нэг юм Muriel-тэй гэрлэх зөвшөөрлийг олж авдаг. Ээжүүд уулзаад хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовж байсан ч (Claude бас бие султай нэгэн) хүүхдүүдийнхээ гарыг нийлүүлдэг ч нэг жилийн хугацаанд хоорондоо ямар ч холбоогүй амьдарч чадвал буцаж уулзаад гэрлээрэй гэдэг шаардлага тавьдаг.
Францдаа буцаж ирсэн Claude нэг жилийн дотор урлагийн шүүмжлэгч болоод зогсохгүй Парисын урлагийн хүрээлэлд багтаж, мөн олон ч хүүхэнтэй амраглана, харин Muriel Уэльс-дээ өдрийн тэмдэглэл хөтөлж, цөхрөл гансралдаа идэгдэнэ. Claude ээжийнхээ ятгалгаар Muriel-д салж байгаа талаараа захиа бичээд, захиандаа тус тусынхаа замыг хөөцгөөе гэж нэмж бичжээ. Muriel бутран сална. Anne уран барималч болохоор Парист очоод Claude-д охин биеэ өгч, амраг нь болохдоо Claude-г өөр хүүхнүүдтэй уулзаж болно гэж хэлэхдээ өөрөө ч удалгүй хэвлэн нийтлэгч Diurka гэгчтэй үерхэхээ мэдэж байсан гэлтэй. Muriel өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг Claude-д илгээнэ; тэмдэглэлд Muriel бага залуудаа нэг найз охинтойгоо лесбиан туршлага мэдэрч байсан, гар хангалгад хэт автснаас болж зовж шаналж байсан тухайгаа эрээ цээргүй бичсэн байна. Claude тэмдэглэлийг нь түүнийг хүсэхгүй байхад нийтэлж орхино. Muriel Парист ирж Claude, Muriel хоёрын харилцаа сэргэх нь үү гэтэл Anne Claude-тэй уулздаг байснаа хэлэхэд Muriel бараг галзуурах шахаад Уэльс рүүгээ буцдаг. Anne нэгэн Францын эртэй сүй тавьсан ч удалгүй өвдөж, Уэльс-дээ Diurka-ын гар дээр амьсгал хураана. Muriel, Claude хоёр эцсийн удаа уулзах ба Muriel түүнд онгон биеэ өгнө. Claude түүнд дахиад гэрлэх санал тавихад Muriel одоо бүх юм оройтсон гээд салах ёстой гээд явж оддог. Хожим Muriel түүнээс жирэмсэн болсон гэсэн захиа явуулдаг, гэвч удалгүй дараагийн захианд андуурал байж, жирэмсэн болоогүй, ингээд харилцаагаа төгсгөе гэсэн байна. Хожим Claude түүнийг багштай гэрлэж охинтой болсон гэж дуулах ба Claude эгч дүүстэй үүсгэсэн харилцаагаа роман болгон хэвлүүлдэг. 1920 он, Claude амжилттай зохиолч болсон ч хүнтэй гэрлэсэнгүй. Түүний ээж нас нөгчжээ. Тэрээр одоо ч Anne-ын авъяас, Muriel бид хоёр хүүхэдтэй болсон эсэх талаар мөрөөдсөөр байна. Truffaut-ын шилдэг туурвилууд гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Тэр нээх хүчин чармайлт гаргалгүй, үр нөлөөг хүчлэхгүйгээр түүхээ эгэл жамаар нь урсгачихдаг.
Түүний эл бүтээл чухам яг тийм бөгөөд тэрээр сэтгэл хөдлөлийн өнгө аясыг тэгтлээ хөндөлгүйгээр хүүрнэчихдэг. Энэ кинондоо тэрээр урьд урьдынхаасаа ч илүү болгоомжтой ажилласан байдаг; тэр уй гунигийг аядуухан аргацаадаг ба үзэгчдэд эцэст нь эмгэнэлтэй түүхийг хүүрнэж байхдаа ч хөгжилтэй, сэтгэл татам байж чаддаг. Henri-Pierre Roche амьдралдаа хоёр роман хэвлүүлсэнийг хоёуланг нь Truffaut кино болгосон ба эхнийх нь "Jules and Jim" бол удаах нь энэ болжээ. Зохиолч уг романаа бичихдээ 74 настай байж. Хоёр роман буюу хоёр кино нь ижилхэн сэдвийн өөр хувилбарууд юм; хайрыг хуваалцах нь ямар гашуун сэтгэлийн мэдрэмж юм бэ?. Киноны үйл явдал дээрхтэй холбоотой боловч огт худлаа байдаггүй. Хайр бол дүрүүдийн дундах дамжих ёстой бартаат замын шагнал бөгөөд тэдний хоёр нь хамт байхад гуравдагч нь хайрыг эзэмшдэг буюу энэ нь тэдний сүйрэл нь ажээ. Кинонд хайр дурлал ба хагацал салалтыг нягт холбосон байдаг тул үзэгчид Claude-ын үнэнч бус, ихэмсэг занг бараг л уучлахаар байдаг. Тэр эхлээд Muriel-ээс дараа нь Anne-аас хол байхыг хүсдэг, ингэж байж л тэрээр илүү ихийг хүсдэг билээ. Эцэст нь, Muriel олон жил хүсэн мөрөөдөж явсан эрийнхээ өвөрт онгоноо алдахад камер цусанд норсон даавуун дээр тогтдог; энэ бүдүүлэг боловч гүн гүнзгий утгатай юм. Энэ бол кино дээрх цорын ганц улаан өнгө бөгөөд гурван гол дүрүүдийн сэтгэл хөдлөлийнхөө мэдрэмжийн үр дагавраас зайлсхийсэн юмуу өөрсдийгөө жаргалгүй болгосон байдлыг бий болгогчид юм гэсэн найруулагчийн төгс харааны зүйрлэл ажээ.
Comments
Post a Comment