Жэйн Остин "Бардамнал ба Бахархал"

 


"Бардамнал ба Бахархал". Английн зохиолч Жэйн Остины 1813 онд хэвлэгдэн гарсан зан авирын роман. Жэйн Остины зохиолуудад тухайн үеийн нийгэм болон эдийн засгийн таатай, найдвартай байдлыг эрэлхийлэхийн тулд эмэгтэйчүүд гэрлэлтээс ямар их хамааралтай байсныг дүрслэн үзүүлсэн байдаг ба мөн түүнчлэн 18-р зууны төгсгөл дэх Их Британийн газар эзэмшигчид, хөдөө нутагт эдлэн газартай Их Британийн хөрөнгөтөн ангийг дүрсэлдэг. Хандлага буюу зан авирын роман нь өндөр хөгжилтэй, нарийн түвэгтэй нийгмийн зан заншил, үнэт зүйлс, ёс суртахууныг нарийн ажиглаж судлаад нийгмийг дахин бүтээх маягаар бичдэг уран зохиолын реализм хөдөлгөөний дэд жанр юм. Ийм төрлийн романы үйл явдалд нийгмийн тогтсон ёс заншил давамгайлах бөгөөд дүрүүдийн зан авир, санаа (идеа) нь нийгмийн жишигт нийцэж явах уу, нийцэхгүй өөрийнхөөрөө шинэчлэлээр явах уу гэдгээр ялгагдана. "Бардамнал ба Бахархал" романд Элизабет Беннетийн яаруу гаргасан үнэлэмжээсээ болж хохирч, улмаар үүнээсээ жинхэнэ сайн ба өнгөц сайн хоёрыг ялгаж сурч байгааг харуулна. Элизабет бол дүр бөгөөд энэ бүтээл түүний хөгжлийг харуулдаг. Ихэнх шүүмжлэгч эл романд анализ хийхдээ нэрнээс нь эхэлдэг буюу нэрийг нь чухалчлан авч үздэг. Харин шүүмжлэгч Роберт Фокс нэрэнд битгий их ач холбогдол өг гэсэн, түүнийхээр Остин "Мэдрэмж ба Мэдрэхүй" роман нь амжилт үзүүлсний дараа энэ ном дээрээ зориуд эсрэг үгээр толгой холбосон нэрийг дахин сонгосон бөгөөд ингэх шалтгаан нь ерөөсөө хүмүүсийн анхаарлыг татах оролдлого байсан гэж бичжээ. "Бардамнал ба Бахархал" гэдэг нэрийг өмнө нь Самюэл Жонсон тэргүүтэй Английн зохиолчид ашиглаж байжээ. Остин энэ нэрийг өөрийнхөөрөө биширдэг зохиолч болох Фанни Бернегийн зохиолын хэсгээс авсан гэж үздэг аж. Остины ихэнх бүтээлийн сэдэв нь залуу хүмүүсийн зан авир, ёс суртахууныг нь төлөвшүүлж буй хүрээлэн буй орчин, мөн хүмүүжлийн ач холбогдол байдаг. Нийгмийн байр суурь, эд хөрөнгө хүнд заавал давуу тал авчирдаггүй хийж үр ашиггүй муу эцэг эхийн сэдэв бол Остины хөнддөг гол сэдэв байв. Мөн эл бүтээлд бусад бүхий л том романы адилаар өөрийгөө бүтээхийг чухалчилдаг. Энэ романы бичлэгийн хэв маяг нь Остины ихэнх номын адилааар шууд бус хүүрнэх техникийг ашигладаг; тухайн дүрийн яриаг чөлөөтэй илэрхийлэх бөгөөд дүрийн хэлсэн үг бус харин дүрийн бодлыг илэрхийлэх эсхүл бодож байгаа бол бодлыг нь, ярьж байгаа бол ярих арга замыг нь илэрхийлдэг. Остин дүрүүдээ бүрэн төлөвшсөн зан чанартай, онцгой дуу хоолойтойгоор бүтээдэг. 20-р зууны шүүмжлэгчид Остиныг номынхоо романтик дүгнэлтээрээ "хөрөнгөтний үнэт зүйлсийн тогтолцоон дахь хувь хүний мэдрэмж ба уламжлалт эцгийн эрхт нийгмийн дарангуйлсан шатлал хоорондын зөрчилдөөнийг хамгаалах гэж оролдсон" гэж тодорхойлсон байдаг. Мөн зарим нь уг романыг бодит бус үлгэрийн шинжтэй гэсэн буй. 

ҮНДСЭН САНАА. "Бардамнал ба Бахархал" нь Английн уран зохиол дахь хамгийн ариун нандин хайрын түүхүүдийн нэг болох Дарси, Элизабет хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Аливаа сайхан хайрын түүхийн нэгэн адилаар дурлагсад нь хувийн шинж чанараас үүдэлтэй хурцадмал асуудлаас авхуулаад янз бүрийн бэрхшээлийг даван туулах ёстой болдог. Элизабетын бардам зан нь Дарсиг анхны таагүй сэтгэгдэл дээрээс үндэслэн өрөөсгөлөөр дүгнэхэд хүргэдэг бол Элизабетын нийгэмд эзлэх байр суурь муутай байгаа нь Дарси түүний сайн сайхан чанарыг олж харахад саад тотгор болж байна. Элизабет өрөөсгөл ойлголттой байхад Дарси бардам байгаа нь тэднийг хэсэг хугацаанд харалган болгожээ. Элизабет, Дарси хоёр бие биедээ хайртай гэдгээ ухаарахад нь Остин олон тооны жижиг саад бэрхшээл учруулдаг ба үүнд хатагтай Кэтриний зээгээ хянах гэсэн оролдлого, хатагтай Бинглигийн дээд зиндааныхныг дуурайсан маяг, хатагтай Беннетийн тэнэглэл, Викхамын хуурмаг шинж зэрэг орно. Аль ч тохиолдолд нийгмийн харилцааны талаарх сэтгэл зовнил, эсхүл илүү сайн нийгмийн хүрээнд орох хүсэл нь хайрын замд саад учруулдаг. Дарси, Элизабет хоёр харилцан хайр сэтгэлээ ухаарсан нь Остин хайрыг нийгмийн эдгээр хүчнээс хамааралгүй шигээ мөн хувь хүн нийгмийн шаталсан дөнгөнөөс ангижрах боломжтой зүйл гэж үзэж байгаа нь илэрхий байна.

 Остин хайрын талаар илүү бодит (эсхүл увайгүйгээр) дуугарч байгаа нь зүрх сэтгэл ямагт гэрлэлт болдоггүйг мөнгөний төлөө ноён Коллинзтой гэрлэж буй Шарлотт Лукасаар харуулжээ. Гэхдээ л Остин үндсэн дүрүүдээрээ жинхэнэ хайр нийгмийн тулгалтаас ангид байж, хамгийн хэцүү нөхцлийг ч ялан дийлж чаддаг хүч болохыг харуулжээ. Уг романд эмэгтэй хүний нэр төрийг хамгийн чухал гэж үздэг нийгмийг дүрсэлдэг. Эмэгтэй хүн биеэ зөв зохистой авч явах ёстой юм. Хэрвээ надаас хэв хэмжээнээс хэтэрсэн зан авир гаргавал тухайн эмэгтэй нийгмээс гадуурагдана гэсэн үг. Элизабет Нидерфилд руу явган алхаж, банзал нь шавар шалбааг болсныг нь харсан нэр төрөө эрхэмлэгч хатагтай Бингли болон түүний найзууд хэрхэн цочирдон дургүйцэж байгаа явдлаас энэ сэдэв романд ил болдог буюу хатагтай Бинглигийн хувьд Элизабетын ингэж авирлах нь эмэгтэй хүнийх нь хувьд байж боломгүй явдал юм. Бусад тохиолдлуудаас, жишээлбэл хатагтай Беннет бүдүүлэгдүү, мангардуу зан авираасаа болж ноён Дарси, Бингли нарын дунд нэр хүнд муутай болдог. Остин эдгээр жишээгээр өөрөөсөө дээд зиндааныхныг дуурайх гэсэн маягийг зөөлнөөр шоолж байгаа хэдий ч хожим романд Лидия Викхамтай зугтаж, гэрлэлтээс гадуур хамт амьдрах үед зохиолч маань эмэгтэй хүний нэр төрийг ноцтойгоор авч үзэж байна. Гэрлэлтийн ашиг тусгүйгээр Викхамын амраг болсноороо Лидия өөрийгөө нийгмээс цөлөөд зогсохгүй Беннетийн гэр бүлийг бүхэлд нь аюулд оруулж байгаа юм. Лидиягийн шийтгэд аймшигтай ч Беннетийн бусад эгч дүүс түүнээс болж шударга бус хов живэнд өртвөл цаашлаад нөхөрт гарахгүй байх аюултай ба тиймээс гэмгүй Элизабет яагаад Лидия шиг нэр төргүй болох ёстой билээ?. Дарси Беннетийн гэр бүлийн хэрэгт улам бүр оролцож байгаа ч зарим бардам уншигчид ийм хөндлөнгийн оролцоо зайлшгүй шаардлагатай байсан уу гэж дургүйцэж байж магадгүй. 

Хэрвээ Дарсигийн мөнгө Викхамыг Лидиятай гэрлүүлэхэд түлхэц болоогүй бол Дарси, Элизабет хоёр гэрлэх байсан уу гэдэг асуултын тэмдэг үлдээх бөгөөд Дарси өрөөсгөл ойлголтоо давж гарах чадваргүй юу? гэсэн асуулт ч бий болох юм. Эл романы аз жаргалтай төгсгөл сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэлд ханамжтай байх нь дамжиггүй, гэвч олон талаараа нэр төр хийгээд нэр хүндийн ач холбогдлыг дутуу дулимагхан судлаад орхисон мэт санагдах нь бас л гарцаагүй хэрэг ээ. Анги давхаргын сэдэв нь нэр төртэй холбоотой байдаг ба эдгээр нь Английн тухайн үеийн засаг захиргаан дахь дунд болон дээд анги давхаргын амьдралын хатуу дэглэмийн мөн чанарыг тусгадаг. Дундаж давхарга болох Беннетийн гэр бүл дээд зиндааны Дарси, Бингли нартай уулзаж нэгдэж болох боловч Беннетүүд нийгмийн хувьд доогуур хүмүүс тул тэдэнд тийм байдлаар л хандах болно. Остин энэ төрлийн анги давхаргын ухамсарыг шоглодог, нэн ялангуяа дээд зиндааны ивээн тэтгэгч хатагтай Кэтрин де Бургийн дэргэд ихэнх цагаа зулгуйдан өнгөрүүлдэг ноён Коллинзын дүрээр егөөддөг билээ. Үүнээс тод жишээ нь ноён Коллинз болж байгаа ч тэрээр ганцаараа ийм үзэлтэй хүн биш юм. Анги давхаргын ач холбогдлын талаарх түүний үзэл баримтлалыг өөрийн удам угсааны нэр төрд итгэдэг ноён Дарси хуваалцдаг; бусад хүмүүс ч зарим талаараа адилхан байдаг; өөртэй нь адил зиндааных биш бол хэнийг ч хүндэлдэггүй хатан Бингли болон өөрийгөө илүү өндөр албан тушаалд очиж хангалттай мөнгө олохын тулд Викхам юуг ч хамаагүй хийдэг билээ. Гэхдээ ноён Коллинзынх хамгийн илэрхий тод хийгээд туйлширсан нь юм. Тиймээс ноён Коллинз руу чиглэсэн элэглэлээр давхар шаталсан нийгмийн өрөөсгөл ойлголт, үл тоомсорлолт, түүний доторх хүмүүсийн зөв буруу дүгнэлтийг гаргахыг оролджээ. Дарси Элизабет, Бингли-Жэйн нарын гэрлэлтээр дамжуулан Остин анги давхаргын хил хязгаар, өрөөсгөл ойлголтыг даван туулах хүч хайранд байгааг харуулдаг ба ингэснээрээ өрөөсгөл ойлголтын хоосон, мэдрэмжгүй, үр бүтээмжгүйг илтгэж байна. Анги давхаргын талаарх бүхий л энэхүү хэлэлцүүлэг хийж байгаа Остин өөрөө анги давхаргат нэгэн болж байгааг ойлгох ёстой; тэр үнэхээр ч доод давхаргынхныг огт дурддаггүй агаад түүний дүрсэлсэн зарц нар өөрсдийнхөө хувь тавиланд сэтгэл хангалуун байдаг. Остин анги давхаргын бүтцийг шүүмжилдэг боловч энэ бүтцийнхээ хязгаарлагдмал хэсэг юм. 

МОТИФ. "Бардамнал ба Бахархал" бол нэг үгээр Дарси, Элизабет, Бингли, Жэйн нарын романсын түүх юм. Энэхүү өргөн хүрээний бүтцэд бусад жижиг романсууд ч гарч ирдэг бөгөөд ноён Коллинз Элизабетыг эргүүлэхээ больж, дараа нь Шарлотт Лукасыг амжилттай эргүүлж чаддаг; харин хатагтай Бинглигийн Дарсиг татах гэсэн амжилтгүй оролдлого; Викхамын эхлээд Элизабетыг дараа нь хатагтай Кингийг, эцэст нь Лидиягийн араас явдаг. Тиймээс романс нь уг бүтээлд гүн гүнзгий, голдуу яригддаггүй ч чухал ач холбогдолтой байдаг ба гэрлэлт бол эцсийн зорилго, романс бол жинхэнэ хайрыг бий болгогч юм. Романс нь хүний хувийн зан чанарын нэг хэлбэр болж, романс болгон өөр өөр төрлийн хайрын бичил ертөнц болж байна (эсхүл хайрыг нийгмийн түвшин ахих хэрэгсэл болгон эсрэгээр нь ашиглах. Уг романы бараг бүх үзэгдэл байшин дотор өрнөж, үйл явдал нь Лонгберн хэмээх жижигхэн тосгон дахь Беннетийн байшингийн эргэн тойронд өрнөнө. Харин богино аялалууд нь роман дахь өөрчлөлтийн хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг. Элизабет ноён Коллинз болон Шарлотт нартай уулзахаар зорьж буй анхны аялал нь түүнийг ноён Дарситай холбож, бас анхны сэтгэл илчлэлт болдог билээ. Элизабетын хоёр дахь аялал нь түүнийг Дерби, Пемберли руу аваачдаг ба тэнд тэрээр Дарсиг хайрлах сэтгэл нь өсөн нэмэгдэх буйг ухаардаг. Гурав дахь аялалд Викхам, Лидия хоёрын араас янз бүрийн хүмүүсийг илгээдэг бөгөөд Дарси тэднийг хайж, Беннетийн гэр бүлийн нэр төрийг авраад Элизабетэд үнэнч хайраа батлан харуулснаар аялал дуусдаг.

 СИМБОЛ. Романы эмэгтэй баатруудын хувьд гэрлэлт бол хайрын илэрхийлэл эсхүл хосыг бүтээх тухай биш энэ бол тэдний ирээдүйн талаарх ойлголт гэдгээрээ гэрлэлт бол энэ бүтээлийн чухал симбол юм. Тухайн цаг үеийн Английн засаг захиргаанд эмэгтэй хүн эд хөрөнгө эзэмшиж болдоггүй байсан учраас Беннетийн эгч дүүс аавыгаа нас барсны дараа аюулгүй, найдвартай амьдралаа нөхөр юмуу эрэгтэй хамаатан садандаа найдахаас өөр аргагүй юм. Тиймээс тэдний хувьд гэрлэлт гэдэг амьдралынх нь баталгаа болно. Ноён Бингли Нидерфилдийг түрээслэсэнд хатагтай Беннетийн сэтгэлийн догдолол гүехэн мэт харагдах боловч ноён Бингли охидынх нь нэгэнтэй гэрлэвээс хатагтай Беннетийн сэтгэл жаахан ч атугай тайвширна гэсэн үг. Шарлотт Лукас ноён Коллинзтой тооцоотой гэрлэдэг нь энэ гэрлэлт түүнд тав тухтай амьдралын баталгаа болох юм. Үүний эсрэгээр Лидия нэр төр хийгээд санхүүгийн асуудлаа үл тоомсорлон, өөрийнхөө хүсэлд төвлөрсөн учраас Викхамтай гэрлэх гэж адгадаг. Элизабет Лидиягийн хувь тавилангийн талаар бодохдоо Лидия одоо хэт их баярлаж байгаа боловч урт хугацааны жаргалыг нь олж хардаггүй. Жэйн, Элизабет хоёрын гэрлэлт бол эхнэр нөхрийн харилцан ойлголцол, санхүүгийн найдвартай байдлыг харгалзан үзэхийн сацуу уншигчдад баатруудын ирээдүйн жаргалыг амлаж байна. 

Comments