The Straight Story (1999). Америкийн нэрт кино найруулагч David Lynch-ын намтарчилсан, аян замын драм. Киноны эвлүүлэгч болон продюсерээр Lynch-ын олон жилийн хамтрагч Mary Sweeney ажилласан ба Mary мөн кино зохиол дээр John Roach-тай хамтран ажиллажээ. Энэхүү кино нь 1994 онд Айовагаас Висконсин хүртэл зүлэг хадагч машинаар аялсан Alvin Straight гэгч дэлхийн 2-р дайнд оролцож явсан хөгшин ветераны бодит түүхээс сэдэвлэсэн. Alvin ийм аялал хийх болсон шалтгаан бол холбоо тасраад удаж байгаа дүү нь үхлүүт өвчин тусаад өнөө маргаашгүй болсныг дуулж мэдсэнтэй холбоотой агаад хараа муудаж, хөл ч ялгаагүй болсон Alvin-ын амьдрал ядруухан учир машин тэрэггүйн дээр төрсөн ганц охин нь оюуны хомсдолтой учраас хөгшин аавдаа тус болохоосоо ус болох нь их болохоор дүүгээ үхэхээс өмнө амжиж очиж уулзахыг хүссэн өвгөн цагт 8.0 км хурдтай явдаг John Deere зүлэг хадагч трактор худалдаж аваад (тракторынхоо ард шөнөдөө унтаж амрах жижигхэн чиргүүлтэй) 390 км замыг туулсан түүхийг энэ кинонд өгүүлдэг. Кино хэдийгээр бокс оффисоос амжилт олоогүй ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Канны кино наадмын дээд шагналд өрсөлдөж, гол дүр Alvin-д тоглосон Richard Farnsworth Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн нь тухайн үедээ хамгийн өндөр настай (79) нэр дэвшигч болж байв. Шүүмжлэгчид Farnsworth-ын тоглолт, бодитой харилцан яриаг магтаж байсны дотор Roger Ebert уг киног Эрнст Хемингуэйн зохиолтой харьцуулсан байдаг. Бодит түүхэн аялал мэдээж хүнд хүчир байсан, харин Lynch-ын кино тийм ч аймшигтай биш; үзэгчдийг эрхшээж чадахуйц удаан хэмнэлтэй, хөдөөгийн төрхийг агуулсан, гүн гүнзгий сүнслэг кино юм.
Энэ ертөнцөд G зэрэглэлээр (аливаа хүчирхийлэл, секс дүрс хэллэггүй) ид шид бүтээх хамгийн бага магадлалтай найруулагч бол Lynch мөн хэдий ч тэрээр эл сорилтыг эрч хүчтэйгээр даван туулсан. Тэрээр араа тормозоо солиод кинонд дурлагсдыг хөвөлзүүлэхэд юу хэрэгтэй вэ гэсэн уламжлалт мэргэн ухаанаас зоригтойгоор татгалзсан ба энэ бол "Blue Velvet" шедеврийнх нь эсрэг тал болсон түүний ялгуулсан ялалт - бүтээл юм. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 994-р байрт эрэмбэлээд байна. Alvin Straight-ын гайхалтай түүхийг The New York Times сэтгүүлээс уншсан Mary Sweeney-д тэр дороо таалагджээ. "Висконсинд өссөн болохоор би иймэрхүү стоик, зөрүүд, өвөрмөц маягаар Америк төрхтэй амархан холбогдсон. Хөгшин, ядуу, даруухан бардам хирнээ нэр төрөө эрхэмлэгч нэгэн хаашаа ч явах газаргүй байхын хэцүүг би ойлгож байлаа. Түүний аялал үндэснийхээ төсөөллийг хичнээн эзэмдсэн нь надад таалагдсан учраас би продюсерийнхээ малгайг өмсөөд киноны эрхийг олж авахаар явсан" гэж Mary Sweeney хэлж байжээ. Продюсер Ray Stark энэ түүхээр кино хийх эрхийг аль хэдийнээ авчихсан байсан ба гол дүрдээ домогт Paul Newman-г тоглуулна гэж төсөөлж байлаа. Alvin Straight 1996 онд нас барж, түүний түүхээр кино хийх яриа дахин эрчийг авсан байна. Mary багын найз Roach-тай хамтран кино зохиолыг бичихдээ Alvin Straight-ын явсан замыг дахин сэргээн бичжээ. Бэлэн болсон зохиолыг хараад Lynch даруйхан ажилдаа орсон ба "Энэ миний хувьд үнэхээр бодитой болсон санагдсан" гэж хэлж байв.
Продюсерүүдийн анхны сонголт Richard Farnsworth байсан бөгөөд тэрээр түрүү булчирхайн хорт хавдартай зовж шаналж байсан тул эхлээд татгалзсан боловч Alvin Straight-ын түүхийг олж мэдээд түүнийг биширсэн болохоор хүлээн авчээ. Охины дүрд нэгэн цагт Lynch-ын "Eraserhead" киног санхүүжилтэд тусалж байсан, Lynch-ын найз Sissy Spacek тоглосон бол Alvin Straight-ын дүүгийн дүрд Harry Dean Stanton тоглосон. Киноны зургийг Alvin Straight-ын явсан маршрутын дагуу чөлөөтэйгөөр авсан ба бүх зураг авалтыг 1998 оны намар он цагийн дарааллаар авчээ. Найруулагч маань уг бүтээлээ өөрийн хамгийн туршилтын кино гэсэн буй. Продакшны үеэр Farnsworth-ын хорт хавдар ясанд нь тархсан байсан ч тэрээр продакшны явцыг тэсвэр тэвчээртэйгээр туулж байсан нь хамтран ажиллагсадаа гайхшруулж бас урам зориг өгч байжээ. Кино дээр гардаг шиг түүний хөл саажилттай байсан; Farnsworth 80 насандаа амиа хорложээ. Шүүмжлэгчид Lynch-ын өвөрмөц сэдэв сонгосныг сайшааж байв. Entertainment Weekly энэ киног "Америкийн огторгуйн нэг хэсэг" гэж тодорхойлсон байхад The Chicago Tribune "Бид Америк студийн кинонуудаас бидэнд өгдөггүй зүйлийг энэ киноноос үзнэ; Америк баруун дунд нутгийн хөдөөгийн эгэл, хэт дэврүүн бус гоё сайхныг олж хардаг" гэж бичжээ. Нарийн нягт шинжээрээ "Blue Velvet" кино шиг харагдах энэ бүтээл нь мөн кино урлагийн бүхий л хорио цээрийн давалгааг цуулсан тэр л хонхны чимээ шиг шинж чанартай гэж зарим шүүмжлэгчид магтан бичжээ. Жирийн нэг хүний түүхийг өгүүлэхдээ эгэл ертөнцийг шинэ хил хязгаар шиг болгож чадагч бол угаасаа ер бусын дүрслэлийг дээд зэргээр сонирхол татахуйц болгодог Lynch-ээс өөр хэн байх билээ. Farnsworth-ын тоглолтын талаар шүүмжлэгчид; "Тэр киног аливаа зохиомол мэдрэмжээс автоматаар чөлөөлж, гайхалтай тууштай гүйцэтгэл үзүүлсэн нь хэзээ ч мартагдашгүй юм" гэж бичжээ. Энэ киног үзсэн хүн эхлээд түүхийн гадна талд төвлөрнө, хоёр дахиа үзэхдээ гүнд нь орж, энэ кинонд улам дурлана гэж Roger Ebert бичжээ. Би ч бас тэгж бодож байна. Энэ бол хөгшин өвгөний уйтгартай хот, хөдөөгийн зэлүүд замаар аялсан тухай биш энэ бол замд түүнтэй таарч, түүнийг халамжилж, санаа тавьж, түүнийг сонсч байгаа хүмүүсийн тухай кино юм. Мэдээж энэ киног бодит түүхээс сэдэвлэсэн гэдгийг мэдээгүй бол уран сайхны кино гээд өнгөрөх магадлалтай, харин арын түүхийг нь уншвал энэ кинонд та улам ихээр дурлах нь гарцаагүй болов уу.
Аян замд гарсан хойно нь л бид Alvin Straight-ын ямар хүн байсан талаар мэдэж эхлэхдээ түүнийг дайнаас хойш нуусан зовлон зүдгүүрийг илрүүлнэ. Тэр тийм ч боловсронгуй хүн биш хэдий ч түүнийг яриад эхлэхэд ярианд нь татагдахгүй байхын аргагүй; түүний өдөр тутмын энгийн үгс яг таг байхын сацуу яруу найраглаг байж чаддаг. Жүжигчин Farnsworth тухайн үед 79 настай байсан ч үгээ тайван, итгэлтэйгээр хэлдэг нь үнэхээр төгс. Найруулагч Lynch гэхээр бидэнд шууд л ер бусын, гаж зүйлс санаанд ордог, тиймээс бид Alvin Straight-ын аялалд хэзээ гэнэтийн зүйлс тохиолдох бол гэж хүлээнэ. Тэр хурдны зам дээр нэг долол хоногийн дотор машинаараа 14 буга дайрч алсан хүүхэнтэй таарахаас өөрөөр ямар ч гаж, сонин зүйлтэй учирдаггүй; бугын алуурчин хүүхэн бидний санаанаас тэгс хийгээд л арилчихна. Alvin Straight-ын аялал бол үнэндээ өнгөрсөн рүүгээ хийсэн эргэн харалт юм. Тэр залуу байснаа, залуу нас гайхах зүйлсээр их байсныгаа дурсдаг. Тэр замд таарсан танихгүй хүнд "Би дүүтэйгээ хамт суугаад олон жилийн өмнөх шигээ одод ширтмээр байна" гэж хэлдэг. Тэр амраглаж байснаа, гэрлэж байснаа, мөн Армид мэргэн буудагч байснаа дурсан ярьдаг. Дайны дараа тэрээр архинд орж, улмаар эргэн тойрныхоосоо хөндийрчээ. Гэсэн ч тэрээр энэ баларсан байдлаасаа цэвэршсэн, эгэл, илүү сайн хүн болж гарч ирж чадсан ба замд түүнтэй таарсан хүмүүс бас үзэгчид үүнийг нь мэдэрдэг.
Comments
Post a Comment