"Байцаагч түшмэл". Оросын их бичгийн хүн Николай Гоголийн егөөдөлт хошин жүжиг юм. Анх 1836 онд хэвлэгдсэн энэхүү жүжгийн зохиолыг 1842 онд ном болгохын тулд шинэчлэн найруулжээ. Александр Пушкинээс Гогольд хэлж өгсөн нэгэн түүх дээрээс үндэслэсэн уг жүжигт хүний шунал, тэнэглэл хийгээд тухайн үеийн Оросын улс төр дэх ялзрал доройтлыг ёжлон үзүүлдэг билээ. Жүжгийн зүүд мэт, бие биенийхээ тусгал болсон дүрүүдийн зураглал нь цэгнэх чадваргүй, ухвар мөчид байдлыг илэрхийлдэг гол дүр Хлестаковын эргэн тойронд толгойг нь эргэтэл эргэлдэж байдаг. Оросын уран зохиолын шүүмжлэгч С. Мирский: "Тэр бол хүлцэнгүй амбицтай олиггүй гаралтай, утгагүй хөдлөл, утгагүй сэтгэл хөдлөлөөр дүүрэн нэгэн юм" хэмээжээ. Жүжгийг нийтэлсний дараа хэвлэлээр ихээхэн шуугиан болсон. Жүжгийг тайзнаа тавихын тулд Нэгдүгээр Николай хааны хувийн оролцоо орж, хотын даргын дүрд Хаант Оросын үеийн нэрт жүжигчин Михаил Шепкин тоглосон байдаг. 1836 оны 4-р сард Санкт-Петербургийн Александринскийн театрт тавигдсан жүжгийн нээлтэд Нэгдүгээр Николай хаан биеэр оролцсон ба үзэж дуусаад; "энэ хошин жүжигт хортой гэмээр юу ч алга, энд ердөө хөдөө нутгийн түшмэдүүдийг хөгжилтэй байдлаар дооглосон байна" гэж хэлж байжээ. Д. С. Мирскийн хэлснээр "Байцаагч түшмэл" бол "Зөвхөн зан чанар, харилцан яриа давамгайлсан шинжээрээ бус энэ бол эхнээсээ төгсгөл хүртэл алдаагүй урлагдсан Оросын цөөхөн жүжгийн нэг юм. Төлөвлөгөөний дагуух аугаа өвөрмөц шинжийн хувьд дүрүүдэд энэрэх, хайрлах сэтгэл байдаггүй. Үүнийг нь Гоголийн дайснууд тун атаархуу байдлаар хүлээн авсан боловчиг хошин жүжиг гэдгээрээ маш их амжилт олсон. Жүжигт эхнээсээ төгстөл буруу үг, өнгө аяс байдаггүй бөгөөд хошигнолын хурцадмал шинж нь хүртэл Гогольд үргэлж байдаггүй тийм зохист чанартай юм" гэжээ.
ОРШИЛ. Гоголь замналынхаа эхэн үед богино өгүүллэгүүдээрээ алдартай болж, Александр Пушкин зэрэг Оросын уран зохиолын хүрээнийхний хайр хүндэтгэлийг хүлээх болсон байна. Нэр хүндтэй болсныхоо дараа Гоголь хэд хэдэн жүжгийн зохиол дээр ажиллажээ. Гоголийн Пушкинд бичсэн захидал, 1835 оны 10-р сарын 7 - "Надад тус хүргээч; хошин эсхүл тийм биш байсан ч болно, гэхдээ жинхэнэ Орос түүхтэй сэдэв надад явуулна уу. Хошин зохиол бичих гэж гар минь загтанаж байна. Надад сэдэв өгчих, би таван үзэгдэлтэй хошин жүжиг дор нь бичээд тавичихъя; тамаас ч илүү инээдтэйг бичнэ гэдгээ амлая. Бурхныг бодож, надад туслаарай. Миний оюун ухаан ходоод шигээ л өлсөж байна". Пушкинд 1833 онд болсон байцаагч түшмэл гэж андуурагдсан тухай нэгэн түүх байжээ. Пушкиний тэмдэглэлд "Байцаагч түшмэл" жүжгийн үйл явдлын элемент болохуйц төстэй нэгэн түүх бичээтэй байсан гэдэг. МЕЙЕРХОЛДЫН ТАЙЛБАР. 1926 онд Герман гаралтай Оросын театрын найруулагч Всеволод Мейерхолд эл хошин жүжгийг экспрессионист найргуулгатайгаар тайзнаа тавьсан буюу зуун жилийн дараа энэхүү жүжгийг энгийн гэрэл зургийн реализм болгон хялбаршуулсаны эцэст жүжиг өөрийн жинхэнэ сюрреалист, зүүд мөрөөдлийн мэт мөн чанарт эргэн очсон гэжээ. Оросын театрын жүжигчин Эраст Гарин Хлестаковыг дүрийг бүтээсэн бөгөөд түүний тоглолтыг "өөрийнхөө дүр төрхийг байнга өөрчлөх чадвартай аймшигтай, нууцлаг хүн" гэж тайлбарлажээ. Леонид Гроссман Гарины бүтээсэн Хлестаковыг "Хоффманы үлгэрт гардаг шиг урт нарийхан, чанга алхаатай, хар хувцастай, үзэмжгүй хуучирсан бортогон малгайтай, таяг барьсан, ямар нэгэн дотоод төсөөлөлдөө тарчилсан харагддаг" гэжээ. Мейерхолд жүжгийн талаар "Энэ жүжгийн хамгийн гайхалтай зүйл бол янз бүрийн драматик бүтцээс бий болсон нь эргэлзээгүй хэдий ч өмнө нь бичигдсэн бүхий л жүжгүүдийн элементүүдийг агуулсанд оршино. Наад зах нь миний хувьд, энэ бол уламжлалын оргил бус, шинэ зүйлийн эхлэл юм. Гоголь уг жүжигтээ олон танил бүтэц ашигласан боловч түүний боловсруулалт нь шинэ болохыг бид ухаарсан. Гоголийн хошин жүжгийн мөн чанарын тухай асуулт гарч ирж байгаа ба би үүнийг абсурд хошин жүжиг гэхээсээ илүү абсурд нөхцөлт хошин жүжиг гэж тодорхойлмоор байна" гэжээ.
ҮНДСЭН СЭДЭВ. ХҮНД СУРТЛЫГ ЭЛЭГЛЭХҮЙ. Энэхүү жүжиг нь 19-р зууны Оросын хүнд суртлын түвэгтэй, оюун санааг мохоосон үр ашиггүй байдлыг тодорхойлж элэглэдэг. Жижиг хүнд сурталтангууд өөрсдийн нутагтаа хагас бурхад шиг хаанчилсан байдлаа удаашруулах, үгүйсгэлийн механизмыг санаатайгаар ажиллуулдаг ба аливаа шаталсан системийг тодорхойлдог зартай улаан туузыг уг бүтээлд Хаант Орос даяар тархаад байсан дарангуйллын зүйрлэл болгон тайлбарлажээ. ЁС СУРТАХУУНЫ ЯЛЗРАЛ. Жүжгийн элэглэл жижиг хүнд сурталтнуудын завхралыг егөөдөхөд төвлөрдөг хэдий ч үүнийг зэрэгцээ илүү том зорилгод анхаардаг. Хүнд суртлын систем нь нийгэм өөрсдийн хэрэгцээг хангахад л тулгуурладаг бүхий л системийн симбол болдог; эдгээр хэрэгцээг хангах ёстой гэсэн үзэл нь үүнийг хангаж чадах хүмүүст үлэмж эрх мэдлийг өгдөг бөгөөд өгөгдсөн эрх мэдэл нь ямагт доройтлыг дагуулдаг ажээ. Энэхүү хүнд суртлын дарангуйллын түвэгтэй байдал нь ялзарч доройтсон Хаадын багалзуур доорх Оросын нийгмийн тодорхой зорилт зорилгыг завхаруулах аж. ДОРОЙТЛЫН ОЛИГГҮЙ ШИНЖ. Бүх дүрүүдээр үзүүлсэн доройтол ялзрал нь алив төрлийн муу муухайгаас түвшин доогуур байна. Муу муухайд эгнэгт живсэн чөтгөр шиг хорон хүнд сурталтнууд байдаггүй, харин хамтдаа нийлэхээрээ муу бүхнийг бий болгодог хязгааргүй шуналтай дундаж хүмүүсийн том бүлэглэлийг Гоголь үзүүлэхийг зорьжээ. Жүжгийн хамгийн эгэл бус аспектын нэг бол жүжигт жинхэнэ хорон санаатан байхгүй шиг баатар гэж тодорхойлж болохуйц дүрийг мөн агуулдаггүй. Энэ бүтээлийн жинхэнэ хорон санаатан бол хүнд суртлын дарангуйллыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс хийгээд тэдний хамсаөтангууд ба тэд үгүй бол дарангуйлал ч үгүй юм.
ЭЦСИЙН ШҮҮЛТ. Жүжгийн текст нь төгсгөлийн мөч, хүн төрөлхтний нүгэл, антихрист, Христийн эргэн ирэлт, эцсийн шүүлт зэрэг Библийн түүхтэй нягт холбогддог. Гоголь хүн төрөлхтний бүх муу муухайг харуулахдаа хүн гэдэг зөвхөн өөрийнхөө л төлөө явдаг гэдгийг харуулжээ. Антихрист тэднийг тэнэглэл рүү уруу татахын тулд Хлестаковын дүрээр хүрэлцэн ирдэг ч Хлестаковын жинхэнэ дүр төрх илчлэгдэхэд дүрүүд ямар тэнэг алдаа гаргаснаа, удахгүй буух шүүлт хэр хүнд байхыг ухаардаг. Гоголь үзэгчдэд хандаж, хэтэрхий оройтохоосоо өмнө өөрсдийнхөө ёс суртахуунгүй зан авирыг ухамсарлаж, Бурхныг сонсоосой гэж хүссэн бололтой. ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХУЙ. Жүжгийн бүх дүрүүд өөрсдийнхөө статус, нэр төр, боломж л гарвал эд хөрөнгөө хадгалах буюу сайжруулах талаар л боддог. Тэд худал ярьж, хахуульд автагдаж, бусдыг шоолж бас шүүмжилж, хоосон ихэрхэж, үүрэг хариуцлагаа үл тоомсорлодог ба тэдний хувьд хот болон хотын иргэдийн сайн сайхан байдал бараг огт хамаагүй юм. Ийм байдал богино хугацаанд үр дүнтэй байж магадгүй, харин Гоголийн үзэж байгаагаар ийм хүмүүс эцэстээ шангаа хүртэх нь зайлшгүй юм. ЗУГАА ЦЭНГЭЛ. Бүх дүрүүд тодорхой хэмжээгээр зугаа цэнгэлийн араас хөөцөлдөж байгаа ч таашаалыг жинхэнэ урлаг болгосон нь бол Хлестаков байдаг. Амьдралаа аль болохуйц тухтай, сэтгэл хөдөлгөм, тайван, хангалуун байлгахын төлөө л тэрээр амьдардаг. Түүний эрэлхийлэл уналтад орсон, хэрэглээнд суурилсан мөн чанартай; тэр навчин тамхи, хүүхнүүд, мөрийтэй тоглоом, мөн хамгийн ихээр хоолонд дуртай. Тэр эдгээр зүйлсийн төлөө хөдөлмөрлөхийг хүсдэггүй учраас л хүслийг нь асуудалтай болгож байна. Гоголь зохиол дотроо түүнийг шийтгэдэггүй бөгөөд хөдөлмөр, таашаал хоёрын энэхүү тэнцвэргүй байдалд тэрээр хэрхэж үлдэхийг үзэгчдийнхээ мэргэн ухаанд үлдээжээ. Гоголийнхоор төрийн албан хаагчдын зугаа цэнгэл эдлэх хүслэн, үүрэг хариуцлагагүйгээс болж бусад хүмүүс хохирч байдаг тул төрийн эрхмүүд илүүтэй зэмлэл хүртдэг ажээ. ХАРАЛГАН ХАРААНЫ АЮУЛ. Жүжгийн ихэнх дүр Хлестаковыг байцаагч түшмэл гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг, бүр эсрэг нотолгоо байдаг ч гэсэн итгэхэд бэлэн байдаг. Дүрүүдийн харалган хараа нь тэднийг уналтад хүргэдэг; Хлестаковын ярьж байгаа нь утгагүй, жүжгийн зохиолч ч үүний жишээ болж байгаа боловч залуухан Мариа түүний хоосон бардамналыг утга учиргүй болохыг хэдэнтээ онцолдог. Төрийн албан хаагчид "хяналт шалгалт" амжилттай явж байгаа гэж сэтгэдэг ч шалгаж үзэхийг хичээдэггүй.
ЗҮЙРЛЭЛ, СИМБОЛ, МОТИФ. ЗҮЙРЛЭЛ. Эцсийн шүүлт: энэхүү жүжгийг эцсийн шүүлтийн тухай зүйрлэл гэж үзэж болно. Хотын оршин суугчид болон төрийн албан хаагчид бузар булайдаа автсан байдаг учраас Хлестаковын дүр төрхийн антихрист-д татагдаж байна. Тэд түүний араас хөөцөлдөж, өөрсдийнхөө эрх ашигт ашиглахыг зорьдог ба жинхэнэ Христ тэднийг шүүхээр гэнэтхэн ирэхэд тэд баригдах болно. Үүний дагуу, Гоголь хошигнол дотор агуулагдаж буй ёс суртахууны захиасыг гарган ирээд өөрсдийнхөө ёс суртахуунгүй шинжтэй нүүр тулахыг үзэгчдэд уриалж байна. СИМБОЛ. Хотын даргын сэлэм: Хотын дарга сэлэмнийхээ тухай ийнхүү гомдоллодог "Миний сэлэм мохжээ, хараал идсэн наймаачин миний сэлэм муу байгааг мэдсэн хэрнээ надад шинэ сэлэм илгээхгүй юм". Сэлэм нь эрх мэдэл, шударга ёс, язгууртныг бэлгэддэг, гэтэл хотын даргад мохсон, мажийсан, чанаргүй сэлэм байгаа нь түүний хотын даргын эрхгүй, чадваргүй болохыг бэлгэдэнэ. МОТИФ. Идэж, уух: Хлестаков хоол идэх, хоолны тухай ярих, хоолны тухай дурсах, хүмүүсийг хоолоор зүйрлэх зэргээр байнга хоол ярина. Тэр дэндүү гэмээр хоолсог ба амаар нь дүүрэн хоол байхад л жаргалтай байдаг хүн. Тэр өлсөөгүй байсан ч идэж, дуршилгүй байсан ч өөрийгөө хүчилж, хоолоор тансаг амьдралаа дүрслэдэг. Фройдын амны хөндийн асуудлын тодорхойлтоор ингэж хэт идэх нь нэгэн төрлийн донтолт ба энэ нь бидэнд Хлестаков ямаршуу завхарсан, таашаалд анхаарсан хүн болохыг харуулна. СИМБОЛ. Дарс ба элсэн сахар: наймаачид Хлестаковт гомдол мэдүүлэн чихэр, дарс өргөн барьдаг агаад Хлестаков эхлээд авилга хэмээн татгалзаж байсан ч эцэстээ бууж өгдөг. Тухайн үед зөгийн бал, элсэн сахар зэрэг чихэрлэг хүнсэнд татвар өндөр ноогдуулдаг байсан тул эдгээр нь тансаг хэрэглээнд ордог байжээ. Чихэрлэг амттан нь хахууль болох нь элбэг байжээ. Тиймээс эдгээр нь зөвхөн хоол хүнс биш, Гоголийн үеийн үзэгчид ч тэгж харахгүй байх нь тодорхой юм. Ийм хүнс нь тансаглал, хахууль, хувийн ашиг сонирхол, ховдоглолын симбол болж байна.
Comments
Post a Comment