"Нохойн зүрхтэн". Оросын нэрт зохиолч Михаил Булгаковын бэсрэг роман. Большевизмыг элэглэсэн энэхүү бүтээл нь 1925 онд Эдийн Засгийн Шинэ бодлого эрчимжиж байсан үед буюу ЗХУ-д коммунизмын аядуухан байсан цагт бичигджээ. Уг туужийг ерөнхийд нь коммунист хувьсгалын зүйрлэл гэж тайлбарладаг. ЗХУ-д хэвлэхийг хориглодог байсан бол 2015 онд Орост албан ёсоор хэвлэх хүртэл самиздатаар (хууль бусаар хэвлэн гар дамжин тараагддаг) тараагдан уншдаг байжээ. Энэ тууж бараг тэр даруй кино дэлгэцнээ хөрвүүлэгдсэн бөгөөд 1988 оны сүүлээр Зөвлөлтийн телевизийн нэгдүгээр сувгаар цацагдсанаар олон нийтийн дунд алдаршиж, Булгаковын эх зохиолд хандах хандлагыг нэмэгдүүлжээ. Тэр цагаас хойш уг бүтээл нь Орост сургуулийн сурагчдаас улс төрч хүртэл төрөл бүрийн хүмүүсийн ярианы сэдэв болж, нэг төрлийн соёлын гоц үзэгдэл болсон аж. Энэ туужаас сэдэвлэсэн кино, жүжиг, опера хүртэл гарчээ. ОРШИЛ. Тухайн үеийн намын удирдах албан тушаалтан Лев Каменевийн нөлөөгөөр энэ номыг 1925 онд хэвлүүлэхээс татгалзсан. Дараа нь Булгаков 1926 онд энэ туужаасаа сэдэвлэсэн жүжгийг Москвагийн урлагийн театрт тавьжээ. Гэвч нууц цагдаа нар гао бичмэл болоод хуулбарыг нь хураан аваад дараа нь жүжгийг нь цуцалжээ. Эцэст нь Максим Горький хөөцөлдсөнөөр гар бичмэлийг нь буцааж өгчээ. Энэхүү номыг ЗХУ-д 1887 онд буюу ном бүрэн дууссанаас хойш 60 жилийн дараа хэвлэсэн хэдий ч Оросын уншигчдад самиздатаар хүрч, алдартай болчихсон байв. 1968 онд Их Британийн уран зохиолын шүүмжлэгч Майкл Гленн гэгч англиар орчуулан хэвлүүлсэн байдаг аж. Профессор Преображенскийг бодит амьдрал дээрх Оросын засалч Серж Воронов гэгчийг загвараа болгосон гэж үздэг бөгөөд Воронов гэгч нь амьтдын төмсөг болон бамбай булчирхайг хүмүүст шилжүүлэн суулгадаг туршилтаараа алдартай эмч байж. Өөр нэг санал бол туужийг бичиж байх үед Санкт-Петербургийн Эх барих, эмэгтэйчүүдийн хүрээлэнг удирдаж байсан профессор Василий Преображенский гэсэн таамаг бий. Түүний анхны эрдэм шинжилгээний ажил нь төмсөгийг хүнд шилжүүлэн суулгах тухай байжээ. Зохиомол Преображенскийн адилаар профессор пролетаричуудад дургүй байсан ба үүнээсээ болж Архангельск руу цөлөгдөж, тэнд туршилтуудаа үргэлжлүүлсээр байсан гэх цуурхал хүртэл байдаг ажээ.
ҮНДСЭН СЭДЭВ. ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭВШЛИЙН ЭСРЭГ БАЙГАЛИЙН ДЭГ ЖУРАМ. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний инновацийн сэдэв нь эмч, академич Булгаковын бүтээл туурвилд багагүй байр суурь эзэлдэг. "Нохойн зүрхтэн" туужийн хоёр гол дүрүүд нь профессор Преображенский, түүний туслах доктор Борментал гэсэн эмч нар байдаг ба түүгээр ч зогсохгүй туужид тэдний туршилтын тухай буюу өөрөөр хэлбэл 25 настай эрийн өнчин тархийг Шарик хэмээх нохойны биед шилжүүлэн суулгах тухай өгүүлдэг билээ. Сайхь туршилт нь анхлан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар залуужуулах аргыг шалгах байсан ч эцсийн үр дүнд өнчин тархи нь хувь хүний болоод анатомийн мэдээллийг агуулдаг болох нь тодорхой болдог. Профессор Преображенский, доктор Борментал хоёр шинжлэх ухааны дэвшлийн хязгаарыг шалгахыг хүссэн Бурхны дүрд тоглох сонголт хийснээр санаанд оромгүй үр дагавартай учирдаг буюу тэд бүдүүлэг, харгис Полиграф Полиграфовичийг бүтээсэн явдал юм. Энэхүү үнэнээр Булгаков шинжлэх ухааныг аливаа жам ёсны зүй тогтол руу хэтрүүлэн нэвтрүүлэхийг эсэргүүцэж, мөн Зөвлөлт улсын хүн төрөлхтнийг илүү үр ашигтай, хамтын нийгэмд суурилсан амьдралын хэв маягтай болгон өөрчлөх оролдлогыг буруушаасан нотолгоо болж байна. Профессор Преображенский, доктор Борментал нар туужийн төгсгөлд Шарикийг буцаагаад нохойны хэлбэрт оруулахаар шийдэж байгаа нь энэхүү асуудлын ач холбогдлыг онцолж байгаа агаад эрдэмтэн маань өөрөө ч шинжлэх ухааны хэт их дэвшлийг үгүйсгэж байна.
АНГИЙН ЯЛГАА БА АНГИЙН ТЭМЦЭЛ. Профессор Преображенский (мөн түүний ойр тойрныхон) болоод Оросын ерөнхий нийтийн дотор түүнтэй учирсан хүмүүсийн хоорондох харьцуулалтаар эл сэдвийг түүхийн туршид харуулдаг. Жишээлбэл, профессор туужийн туршид түрс, шөл, дарсаар тансаглаж байхад нарийн бичигч бүсгүй ходоодоо хямд төсөр хоолоор дүүргэдэг. Үүний ижлээр профессор үргэлж дэгжин хувцасладаг бол пролетари Полиграфович хямдхан, ялгарах маягаар хувцасладаг билээ. Цааш нь, хуучны хөрөнгөтөн, бэлчинтэй профессор ба тууж дахь доод давхаргын хоёр чухал дүр болох Полиграфович, Швондер нарын хоорондын харилцаанд үүссэн хурцадмал байдлыг авч үзэх ёстой. Профессор энэ хоёр дүртэй харилцахдаа нэгийнх нь зөв, нөгөөгийнх нь буруу гэдэгт итгэхийн тулд хоёр талд байнга эргэлздэг. Туужид дүрсэлснээр Оросын нийгмийн ангиудын хооронд үнэхээр үзэн ядалт үүссэн бөгөөд энэ нь олон нийтийн шинэ, большевик идеа ба язгууртны хуучинсаг идеа гэсэн хоёр идеа мөргөлдсөн түүхийн эргэлтийн цэг юм. ЭССЕНЦИАЛИЗМ. Туужийн туршид урт хугацаанд хэлэлцэгддэг өөр нэг сэдэв бол эссенциализм юм. Өөрөөр хэлбэл, тодорхой объект эсхүл нэгж нь тухайн объект юмуу нэгжид хамаарагдах хувиршгүй дотоод шинжтэй эсэх тухай юм. Жишээлбэл, профессор Преображенский нь Полиграфовичийг Зөвлөлтийн нийгэмд уусгах гэсэн оролдлогын эсрэг хатуу дайрдаг; энэ оролдлого нь Полиграфович бол нохой байсан, үргэлж нохой байх болно гэсэн суурь үндсэн үнэнийг үгүйсгэхийг зорьдог хэмээн тэр үзэж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй роман дахь хувь хүний өвөрмөц шинж, өнчин тархины хүчил зүйл нь наад зах нь профессор Преображенский (хэрэв Булгаков өөрөө л биш бол) эссенциалист философийн үнэнд итгэж байгаагийн нэмэлт нотолгоо юм.
ХОВ ЖИВ, ЦУУРХАЛЫН БУТЛУУР. Туужийн туршид давтагддаг өөр нэг сэдэв бол олон нийтийн нүдэнд харагдах байдал, цуурхал хийгээд хов живийг тэтгэдэг сүлжээний тухай байдаг. Профессор Преображенский Шарик дээр анх туршилт хийхэд гудамжны хүмүүс болон хөршүүд нь харсан зүйлийнхээ талаар янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Полиграфович усны цоргыг эвдэж, хөршийн мууртай хөөцөлдсөний дараа үүнтэй төстэй үймээн самуун араас нь дагадаг. Цуурхлын өөр нэг өсөлт туужийн төгсгөлд харагддаг ба Зинагийн өвчтөний журналыг шатаасан, гудамжинд байсан хүмүүсийн адилхан гэрчийн мэдүүлгийг ерөнхий цуурхалтай хослуулваас профессор Преображенский, доктор Борментал нар Полиграфовичийг хөнөөсөн гэж үзэцгээж байна. ХҮНИЙ МӨН ЧАНАР. Профессор Преображенский Шарик буюу Полиграфовичийг нохой гэж үзэн тувт дайрч, түүнийг уг үндсээрээ хүн биш гэж үзэн байнга тохуурхаж байдаг. Үндсэндээ хүн төрөлхтөнд хамаарах хийгээд хамаарахгүй байх ялгаа нь туужийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Жишээлбэл, профессор Преображенский туужийн төгсгөлд; зөвхөн үг хэлснээр хүн болдоггүй гэсэн гайхалтай ишлэлийг онцолж болох ба ярих чадвар хүнийг хүн болгодоггүй аж. Гэхдээ амьтныг хүнээс ялгах ямар шинж чанарууд байна вэ?, энэ тууж бидэнд хэд хэдэн тодорхой хариулт өгдөг гэмээр. Нэгдүгээрт, уг бүтээлд хүний мөн чанар бол нохойн зан авир шиг удамшсан, сурсан зан үйлийн цувралаас бүрддэг болохыг харуулна; иймд, тухайлбал, Полиграфович анхныхаа өөрчлөлтийн дараахан муурны араас хөөцөлдөхөө больж чаддаггүй. Хоёрдугаарт, профессор Преображенскийн хувьд хүн байх, урлагт хандах хандлага энэ хоёр зүйл бол учир утгын хувьд хоорондоо холбоотой, өөрөөр хэлбэл, хүн байх (эсхүл ядаж л зөв хүн байх) нь тодорхой соёл, урлагийг үнэлж чадахаас бий болдог ажээ (зохисгүй хүмүүс болох Швондер, Шарик нар урлаг ойлгодоггүй).
ЗҮЙРЛЭЛ БА СИМБОЛ. Профессор Преображенскийн байр (симбол). Профессорын орон сууц бол Зөвлөлт Оросын гадаад ертөнцөөс далдлагдсаны нэг төрлийн бэлгэдэл юм. Профессорын ийм доройтол нь хувьсгалын дараах ЗХУ-д байх ёсгүй юм, гэвч энэ утгагүй бас муухан нууц хэвээрээ байгаа бөгөөд өдөр бүр түүн дээр өвчтөнүүд, албан тушаалтнууд, орон сууцны хорооноос хүмүүс зочлон ирсээр байдаг. Хэдийгээр хувьсгал нь түүний босгон дээр хамгийн сүүлчийн удаа өмчөө нэгтгэж, дахин хуваарилахыг хүссэн бүлэг хүмүүс ирэх хүртэл үргэлжилдэг боловч тэд профессорын үнэт зүйлсийг ганхуулж чаддаггүй. Энэ орон сууц бол профессорын барагалж орхиж явсан улс төрийн өөрчлөлт, шинэ бодлого, нийгмийн үймээн самуун зэргээс өөрийг нь хамгаалдаг, түүний давуу эрхийг харуулсан нэг төрлийн симбол юм. Полиграф Полиграфович Шарик (зүйрлэл). Хэрвээ Швондер пролетарийн төрийн албан хаагч, харалган дуулгавартай байдал, чадваргүй шинжийн тухай зүйрлэл юм бол Полиграф Полиграфович Шарик (өмнө нь нохой байсан) нь Зөвлөлт улсын нуралтын тухай зүйрлэл аж. Ялангуяа большевикууд өөрсдийгөө шинэчилж, нийгэмд байр сууриа олж чадна гэж эндүүрсэнээрээ Шарик буюу Полиграфович гэж Булгаков үзэж зүйрлэжээ. Полиграфович эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж, хулгай хийдэг өөдгүй бүдүүлэг архичин боловч тэрээр төрийн ажилтан болж байгаагаар большевизмыг Булгаков ёгтлон зүйрлэсэн бололтой.
Comments
Post a Comment