Хашхираан

 


Il Grido (1957) Италийн домогт кино урлаач Michelangelo Antonioni-ын зохиолыг бичиж найруулсан драм. Гол дүрүүдэд; Steve Cochran, Alida Valli, Betsy Blair нарын Итали, Америкийн жүжигчид тоглосон. Энэхүү кино нь тэр жилийнхээ Локарногийн кино наадмаас Алтан Ирвэс шагнал хүртсэн бөгөөд 2008 онд Италийн Соёлын Өв яамнаас хадгалах ёстой Италийн 100 киноны тоонд багтсан байдаг аж. Уг бүтээл Antonioni-ын замналын эхэн үеийн чухал кино нь буюу 1960 онд "L'Avventura" киногоороо олон улсад алдаршихын өмнөх чухал кино нь юм. Хэдийгээр домогт найруулагчийн гол бүтээлд ордоггүй ч эл кино оюун санааны сүйрэл, урвалтыг гайхалтай дүрсэлж чадсанаараа Antonioni-г хаашаа явж буйг харуулаад зогсохгүй түүнийг 1960-аад оны хамгийн нэр хүндтэй найруулагчийн нэг байсныг бататгана. Уй гунигийн яруу найрагчийн энэхүү киног TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 681-р байрт жагсаагаад байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. 

Aldo Хойт Италийн Жориано хотод элсэн чихэр боловсруулах үйлдвэрт механикчаар ажилладаг. Тэрээр Irma гэгч хүүхэнтэй албан бусаар ханилаад 7 жилийн нүүрийг үзэж байгаа ба дундаасаа ганц бяцхан охинтой. Яагаад албан бус гэвэл Irma-ын жинхэнэ нөхөр Австрали яваад ор сураггүй алга болоод 7 жил болж байгаа юм. Гэнэт Irma-д нөхөр нь Австралид нас барсан тухай мэдээ ирнэ. Хүүхэн хямрах бол Aldo ингэж нэг юм албан ёсоор ханилан жаргах нь гэж баярлана. Гэвч Irma-ын зан ааш илтэд хувьсах нь Aldo-ын сэтгэлийг хэмлэнэ. Үнэндээ Irma-ын сэтгэл зовнил өөр учиртай байв, хүүхэн өөр эрд дурласан болохоо Aldo-д хэлнэ. Aldo сэтгэлээр унаж, дараагийн хэдэн өдөр түүний сэтгэлийг эргүүлэх гэж цөхрөнгөө бардаг ба энэ нь тус болохгүй, харин ч тэд олны өмнө хэрэлдэж, Aldo түүнийг зоддог; бидэнд харилцаа ингээд төгслөө гэж Irma түүнд хэлчихээд яваад өгнө. Сэтгэлээр унаж гүйцсэн Aldo охин Rosina-гаа дагуулан Жорианог орхиж По хөндийгөөр тэнүүчилж эхэлнэ. Аав охин хоёр оёдолчин, Aldo-ын хуучин амраг Elvia гэгч дээр явж очоод хэд хоног толгой хорогдуулаач гэж гуйна. Elvia охин дүү Edera-ын хамт амьдрах ба Aldo тэдэнд аль байдгаараа зусардаж, Edera-ын найз залуугийн уралдааны завийг засахад тусалцдаг. Дараагийн сцэнд тэд бүгд моторт завины уралдаан үзэж байна, Elvia Aldo-д илэрхий наалдан эрхлэх бол Aldo уй гунигаа нууж даанч чаддаггүй. Aldo-ын эзгүй хойгуур Irma ирээд түүнийг чемодантай зүйлсийг Elvia-д өгөхдөө бид салсан шүү гэж Aldo-д хэлээрэй гэчихээд яваад өгдөг. Elvia энэ үед Irma-ын сэтгэлийг бага зэрэг ойлгож, энэ хүүхэн энэ шийдвэртээ харамсана даа гэж дотроо боддог. 

Тэр өдрийн шөнө Aldo, Elvia, Edera нар бүжгэнд явах бөгөөд Elvia Aldo-той тухтай ярилцахын тулд гэртээ эртхэн хариад түүнд хэрвээ Irma өөрийг нь хаяагүй бол чи надруу ирэхгүй байсан гэж уурлаад охиноо аваад эндээс явахыг хүснэ. Elvia мөн Irma-аас чемоданыг нь хүлээж авсан гэдгээ хэлдэг ч Irma-г ирсэн гэж хэлдэггүй. Мөн тэр шөнө Edera шал согтуу ирээд Aldo руу сээтэгнэж, тэд үнсэлцдэг ч Aldo биеэ барьж чаддаг. Ингээд маргааш нь Aldo, Rosina хоёр замаа хөөнө. Охиноо сургуульд өгөөд өөрөө ойрхон ажиллачих газар Aldo-д олдохгүй баахан хэсүүчилнэ. Хүнд зам аав охин хоёрын харилцаанд муугаар нөлөөлж эхлэх бөгөөд тэд нэгэн бензин түгээгүүрт ирээд бэлэвсэрсэн, хөгшин аавтайгаа амьдардаг Virginia гэдэг хүүхэнтэй танилцаж, Aldo шатахуун түгээх газарт хүүхний туслахаар ажиллахаар болно(энэ шатахуун түгээх газрыг Virginia тариан талбайгаараа сольж авсан). Аав охин хоёр эхлээд шатахуун түгээх газрын бөөрөнд орших навсгар байшинд амьдардаг ч удалгүй Aldo Virginia-ын амраг болсноор тэдний аж ахуй ч дээрддэг. Virginia-ын аав нь мөнхийн согтуу байхын дээр Rosina охинд олиггүй дуу заах зэргээр авиргүйтэх бөгөөд Virginia аавыгаа асрамжийн газарт өгөхөөр шийддэг. Тэд хөгшнийг асрамжийн газарт хүргэж өгөөд буцах замдаа Rosina-аас болж хоёр удаа хэрэлддэг; эхнийх нь Virginia хайхрамжгүй байгаад охиныг гудманд алдчихдаг, удаах нь тэд охиныг олсныхоо дараа задгай талбай дээр янаглаж байтал нь охин тэднийг хараад цочирдон зугтдагаас болно. Үүнээс болж Virginia охиныг цаашид харж халамжилж чадахгүй гэдгээ шулуухан хэлдэг бөгөөд Aldo охиноо төрсөн ээж рүү аваачих автобусанд суулгахдаа аав нь охиндоо хайртай шүү гэж эцсийн удаа хэлдэг. Удсан ч үгүй Aldo Virginia-г орхиод аяллаа үргэлжүүлдэг. Тэрээр газар ухагч бригадын гишүүн болно. Даргынхаа ярьсан сайхан ярианы улмаас тэрээр Испани хэл сураад Венесуэл явахаар төлөвлөж эхэлнэ. 

Энэ үеэр Aldo тэр хавийнхаа зартай янхан Andreina-тай танилцах агаад тэд учиргүй хайр сэтгэлийн холбоо тогтоохгүй ч хамт байж, өнгөрсөнөө ярилцацгааж (Aldo Irma-ынхаа тухай ярихад янхан хүүхдээ гэдсэндээ байхдаа алдсан гэж ярина), барагалж хамт амьдарна. По хөндийгөөр бороо их орсноор Aldo, Adreina хоёрын хамт байсан нэг муу овоохой усанд автахын сацуу өлсөж цангаж ч эхэлнэ. Aldo-ын хийцгүй байдалд залхсан хүүхэн ойролцоох ресторанд очоод эзэнд нь биеэрээ хоолны төлбөр хийх санал тавидаг. Aldo түүнийг зогсоох гэтэл хүүхэн баахан гомдол тоочсон тул заяа нь мэдэг гээд Aldo түүнийг нэг мөсөн орхиод явж оддог. Жориано руу буцах замдаа тэрээр Virginia-ын шатахуун түгээх газарт саатдаг, Virginia түүнд үлдээгээд явсан чемоданыг нь өгөөд мөн Irma захидал бичсэн гэвч тэр захидлыг нь алга босгочихсон гэж хэлээд Aldo-ын хамаг уур цухлыг бадраадаг. Aldo-г Жорианод ирэхэд хотод иргэд болон засгийн газрын хооронд мөргөлдөөн болж байдаг. Тэрээр хуучин амьдарч байсан гэртээ ирэхэд Rosina дөнгөж гэртээ орж байгаа харагдах ба мөн Irma алгын чинээ нялх хүүхдээ тэвэрч байгаа харагдана. Aldo цааш явахыг Irma цонхоороо хараад араас нь гарна. Aldo бужигнасан олны дундуур явсаар байгаад газрын тос боловсруулах үйлдвэрийн цамхагийн орой дээр гараад байтал Irma дөнгөж үйлдвэр дээр ирээд байна. Irma түүнийг дуудахад Aldo түүн рүү эргэж хараад эвгүй нэг хөдөлснөө биеэ дийлэхээ больсон аятай шууд унана. Киноны төгсгөлд Irma Aldo-ын цогцсын дэргэд уйлан сууж байна. 

Antonioni 1940-өөд оны сүүлээр Погийн бүс нутагт өөр төсөл дээр ажиллаж байхдаа энэ киноныхоо зохиолыг бичсэн гэдэг. Кино бүтээх явцад гадаадын жүжигчидтэй ойлгоцож хамтран ажиллах амаргүй байсан гэх; тухайлбал Betsy Blair харилцан ярианы цаад утгыг тайлбарлахыг хүсч найруулагчийг бухимдуулсан байхад Steve Cochran найруулагчийн зааврыг дагахаас байнга татгалздаг байжээ. Antonioni-ын өмнөх кино болох "Le Amiche"-г Италийн шүүмжлэгчид эергээр хүлээн авч, уран сайхны шинжийг нь хүлээн зөвшөөрч байсан бол эл бүтээлийг нь цөөхөн хүн л ойлгосон бол ихэнх нь сөргөөр хүлээн аваад Antonioni-г "хүйтэн", "хүнлэг бус" хэмээн цоллосон байдаг. Тэгвэл кино судлаач Seymour Chatman уг киног "Antonioni-ын анхны жинхэнэ шийдвэрлэх амжилт" гэж дүгнэсэн байдаг. Antonioni хожим хэлэхдээ; тухайн үед сэтгэл санааны хямралд орсон байсан учраас киног гутранги, цөхөрсөн өнгө аястай болоход нөлөөлсөн гэжээ. Нутгийнхаа сөрөг шүүмжлэлээс болж Antonioni хэсэг завсарлага авсан ба өөрийгөө харуулах гэсэн хор шараар 1960 онд "L'Avventura" киногоороо дэлхийг доргиох хүчил зүйл болсон бололтой. 1962 онд кино Америкт нээлтээ хийхэд Америкийн шүүмжлэгчид; хамгийн доод амьдралыг сонирхолтой, заримдаа сэтгэл татам дүрсэлсэн хэдий ч найруулагчийн алсын хараа нь гутранги, бухимдалтай гэж дүгнэсэн. Сайн найруулгатай, сэтгэл хөдөлгөм, гунигтай ч гайхалтай кино гэж үзэгсэд ч бас байлаа. Илүү сүүл үеийн шүүмжлэгчид энэ киног Antonioni-ын неореалист сууриас түүний дараагийн кинонуудын хоорондох шилжилтийн бүтээл гэж дүгнэдэг.


Кино неореалист элемент агуулахдаа ландшафт болон дүрүүдийн харилцан хамаарал, мөн объектыг онцолдог гэж Италийн кино урлагийн судлаач Mira Liehm бичжээ. Киноны гол дүр Aldo бол Antonioni-ын "L'avventura" киноны Sandro болон "La notte" киноны Giovanni нар шиг хайр нь алслан үгүйрч байгааг хүлээн зөвшөөрч чаддаггүй дүр буюу Antonioni-ын гол дүрүүдийн "сүүдрийн" тусгал гэмээр ажээ. Aldo-ын үхэл осол байсан уу, амиа хорлолт байсан уу гэдэгт шүүмжлэгчид санал хуваагддаг. Гарцаагүй амиа хорлолт гэж үзэгсэд байхад Aldo толгой эргэх өвчтэй байсан болохоор өндөр цамхагт гараад бие нь муудаад унасан гэж зүтгэгчид ч байдаг аж. Chatman эх зохиол дээр Aldo өндрөөс доошоо хараад гэнэт толгой нь эргээд унасан гэсэн баримт гаргаж ирсэн байдаг. Гэхдээ киноны төгсгөлийг хоердмол байдлаар хүлээж авах хэрэгтэй болов уу. Antonioni голдуу хөрөнгөтөн ангийнхны тухай кино хийдэг, гэтэл энэ кино дээр ажилчин анги гардаг. Тиймээс энэ бол их найруулагчийн онцгой бүтээл бөгөөд ажилчин ангийг дүрсэлсэн цорын ганц шилдэг кино нь юм.

Comments