Сэтгэлийн шуурга

 


Gone with the Wind (1939) . Энэхүү киног үзэхийн тулд та Rhett Butler шиг бүхнийг үл тоомсорлодог хүйтэн сэтгэлтэй байх ёстой. Бараг 4 цаг үргэлжлэх туульсын, түүхэн романс магадгүй өөр ямар ч киноноос илүү үлэмж аварга санагдана. Киноны үйл явдал иргэний дайнаар удалгүй бутран унах Хуучны Өмнөдийн сүүлчийн дэгжин, хойрго өдрүүдийг харуулсанаар эхэлдэг бөгөөд харин дараа нь муу нөлөөтэй Scarlett O'Hara, Rhett Butler хоёрын туульсын хайрын түүхээр үргэлжилдэг. Америкийн кино найруулагч Victor Fleming-ын сэтгэл, хурдтай үйл ажиллагаагаар бүтсэн эл хайрын түүх хэний ч сэтгэлд хүрч чадна. 12 дахь удаагийн Оскарын кино наадамд 13 төрөлд нэр дэвшсэн кино нийт 10 төрөлд ялалт (хоёр нь хүндэтгэлийнх) байгуулсан; тухайлбал, шилдэг найруулагч (Victor Fleming), шилдэг кино, шилдэг эмэгтэй гол дүр (Vivien Leigh), шилдэг эмэгтэй туслах дүр (Hattie McDaniel - Оскар хүртсэн анхны Африк гаралтай Америкийн жүжигчин болсон) болон шилдэг шилдэг сэдэвчилсэн кино зохиол зэрэг шагналуудыг хүртэж тухай үедээ ялсан ба өрсөлдсөн тоогоороо Оскарын рекордыг тогтоож байв. 

Кино нээлтээ хийгээд толгой эргэм санхүүгийн амжилт олж, уг амжилт нь олон жил эвдэгдээгүй ба мөнгөний инфляцийг тооцож үзвэл түүхэн дэх хамгийн их ашиг олсон кино хэвээрээ байгаа гэж үздэг аж. 1989 онд Америкийн Үндэсний кино бүртгэлд хадгалагдахаар сонгогдсон анхны 25 киноны нэг бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 145-р байрт эрэмбэлээд байна. David O. Selznick-ын продюсерлэсэн, Margaret Mitchell-ын романаас сэдэвлэж, Sidney Howard-ын кино хөрвүүлэлт бүхий эл гайхалтай киноны үйл явдал Америкийн Өмнөд нутагт өрнөж буйгаар үзүүлэхдээ Америкийн иргэний дайн хийгээд Сэргээн босголтын эринийг суурь дэвсгэр болгодог ба өнөөдөр поп соёл болтлоо алдаршсан уг киноны гүнд орцгооё. 

Эх романыг хэвлэн нийтлэхээс өмнө Холливуудын хэд хэдэн студиуд, тухайлбал MGM, RKO, Selznick-ын компани хүртэл кино болгохоос татгалзаж байжээ. Warner Bros-ынхон номын тоймыг уншаад эрхийг нь худалдаж авах сонирхолтой байсан ч тэдний хамгийн од байсан Bette Davis үүнийг нь сонирхсонгүй, харин 20th Century-Fox хангалттай мөнгө санал болгоогүй байдаг. Гэтэл Selznick-ын хамтрагчид номын эрхийг худалдаж авах хэрэгтэй гэж ятгаснаар тэрээр бодлоо өөрчилж уг кино бүтэх горимондоо оржээ. 1936 онд ном хэвлэгдсэнээс сарын дараа Selznick эрхийг нь 50,000 доллараар худалдаж авчээ. Кино бүтэх явцад олон бэрхшээлтэй тулгарсан байдаг, үүний нэг нь гол дүрүүдэд тоглох хоёр жүжигчинг олох гэж хоёр жилийг зарцуулжээ. Selznick бүр анхнаасаа Rhett-ын дүрд Clark Gable-г тоглуулахыг хүсч байсан аж, гэтэл Gable MGM-тэй гэрээтэй байсан тул студид түүнийг тавьж явуулсангүй. Gary Cooper-г тоглуулах талаар ярихад Samuel Goldwyn мөн л тавьж явуулаагүй; харин Warner түгээлтийн эрхийг өгвөл оронд нь Bette Davis, Olivia de Haviland зэрэг жүжигчдийг өгье гэсэн санал тавьсан байдаг аж. Энэ үеэр Selznick Gable-г авахаар шийдэж, хадам эцэг, MGM-ын дарга louis B. Mayer-тэй тохиролцож чадсан буюу MGM Gable-г өгөхөөё гадна киноны төсвийн талыг гаргаж, харин хариуд нь Selznick Gable-ын цалинг төлж, киноны ашгийн тал нь MGM-д очих ёстой болжээ. MGM-тэй байгуулсан гэрээнээс болж киноны продакшны ажил Selznick United Artists-тэй түгээлтийн гэрээ байгуулах хүртэл буюу 1938 оны эцэс хүртэл хойшилсон ба Selznick энэ хугацааг ашиглан кино зохиолоо сайжруулахаас гадна киноны амин сүнс Scarlett ын дүрд тоглох эмэгтэйг олох аяныг эхлүүлсэн буюу дүрээ хайсан зар сурталчилгаа давхар киноны зар сурталчилгаа болох ёстой байлаа.

 Тэрээр улс даяар кастинг хийж, 1,400 эмэгтэйтэй ярилцлаганд орсон гэдэг. Энэ ажил өндөр өртөгтэй байсан ч түрүүн хэлсэнчлэн давхар киног нь сурталчилж өгсөн билээ. MGM-тэй гэрээтэй байсан Joan Crawford  Gable-тэй хослох боломжтой байлаа. Гэвч Selznick тухайн үеийн MGM-ын тод од Norma Shearer-тэй ярилцсан боловч Norma татгалзсан. Katherine Hepburn танилаараа лоббидуулан сонгогдох гэж үзсэн ч Selznick түүнийг тохирохгүй гэж үзээд хоригложээ. Олон алдартай болон удахгүй алдартай болсон жүжигчид Scarlett-ын дүрийн шалгаруулалтад орсон, жишээлбэл; Paulette Goddard, Susan Hayward, Lana Turner, Miriam Hopkins нарын нэрсийг дурдахад хангалттай. Margaret Mitchell хувьдаа Miriam Hopkins-г "таалж", номондоо дүрсэлсэн Scarlett-тэй нь хамгийн ойрхон санагдсан гэж байж. Гэтэл Miriam тухайн үед гуч гарчихсан байсан тул дүрд хэтэрхий хөгшдөж байв. Ингээд эцсийн байдлаар Vivien Leigh, Paulette хоёр тунаж үлдсэн ба Paulette бараг ялаад байтал түүний Charlie Chaplin-тай гэрлэсэн маргаантай асуудал Selznick-ын бодлыг өөрчилж Scarlett-ын дүрд Vivien Leigh сонгогджээ. Америкт бага танигдсан, Английн өсч яваа од Leigh-г эртнээс Selznick дотроо тохирох хүн гэж бодож явсан гэдэг. Selznick-ын дүү нь Leigh-ын Америкийн агент байсан нь тохиолдлын хэрэг биш байсан болов уу. Киноны анхны кино зохиолч нь Sidney Howard байв. Тэрээр эх романы туульсын урт хэмжээг багасгаж кино руу хөрвүүлэх нүсэр ажилтай тулгарсан ба Howard-ын анхны ажил нь 6 цаг үргэлжлэхээр байсан гэдэг. Selznick түүнийг үлдээхийг хүссэн ч Howard татгалзаж төслийг орхисноор Selznick өөр хүмүүст хандсан. Мөн George Cukor найруулагчаар 3 долоо хоног ажилласны дараа халагдаж,  Selznick тухайн үед "The Wizard of Oz" киног найруулж байсан Victor Fleming-тэй холбогджээ. 

Fleming кино зохиол таалагдаагүй, ингээд Selznick Ben Hecht-г авчраад 5 хоногийн дотор кино зохиолыг бүтэн өөрчлөхийг "шаардсан" агаад Hecht Howard-ын зохиол эргэж хандаад долоо хоногийн сүүл гэхэд зохиолын эхний хагасыг бүхэлд нь шинэчилжээ. Selznick хоёрдугаар хагасыг өөрөө дахин бичсэн ч төлөвлөсөн хугацаанаасаа хоцорсон болохоор Howard долоо хоногийн хугацаатайгаар зохиол дээр эргэн ирж ажиллажээ. 1939 онд кино нээлтээ хийхэд кино зохиолчийн кредитийг хэнд өгөх вэ гэсэн асуулт гарч иржээ. Гэхдээ зохиолчдын болоод өөрчлөлтийн тоог үл харгалзан эцсийн кино зохиол Howard-ын хувилбартай дэндүү адилхан байсан учир кредитийг Howard-д өгчээ. Кредитэд яагаад Howard-ын нэр дангаараа байдаг талаар бол энэ нь түүний дурсгалд зориулсан учиртай буюу кино нээлтээ хийхээс өмнөхөн Howard 48 насандаа ослоор нас баржээ. Уг киног иргэний дайны үлгэр домог, хар арьстнуудын талаарх хэвшмэл ойлголтыг мөнхөлсөн гэж судлаачид үздэг. Түүхч David Reynolds: "цагаан арьст эмэгтэйчүүд нь дэгжин, эрчүүд нь ихэмсэг, үгүйдээн эрэлхэг байдаг, гэтэл цаана нь, хар арьст боолууд нь голдуу хөдөлмөрч, сэтгэл ханамжтай байгаа нь тэдний бие даан орших чадваргүй болохыг тодорхой байна" гэж бичжээ. Мөн тэрээр энэ киног "The Birth of a Nation" кино болон тусгаарлалтын эриний Өмнөдийн дахин төсөөлөл болох Өмнөдийн цагаан арьстнуудын уламжлалт үнэт зүйлсийг хамгаалж буй мэтээр дүрсэлсэнээс гадна боолчлолын асуудлыг үл тоомсорлодог гэжээ. Энэ бол өнгөрсөн үеийг "цагаан арьстнуудыг дэмжсэн" өнцгөөс харсан нийгмийн суртал ухуулгын кино гэж үзэгсэд бий. Кино Сэргээн босголтын үеийг дүрсэлсэн нь бодит байдлаас зөрж байгаа ч 20-р зууны эхэн үед түгээмэл байсан орчин үеийн тайлбарыг тусгасан гэж үздэг аж. Үүний нэг жишээ нь; Mammy чөлөөлөгдсөн иргэнийг хөөж байгаа богинохон хэсэг байдаг; улс төрчид сонгогдохын тулд чөлөөлөгдсөн иргэдэд хэсэгхэн газар, луус санал болгодог. 

Чөлөөлөгдсөн иргэд улс төрийн мэдлэггүй, эрх чөлөөнд бэлтгэгдээгүй байсан учир өөрийн эрхгүй авилгалд идэгдсэн Сэргээн босголтын албан тушаалтнуудын тоглоом болж байсан гэсэн дүгнэлт гарч ирж байна. Ялагдлын Шалтгааны тухай зарим зарим домгийг мөнхжүүлсний зэрэгцээ зарим газарт буулт хийсэн гэдэг аж. Киноны хамгийн алдартай бас өргөнөөр буруушаасан зураглал бол гэр бүлийн хүчирхийллийн тухай юм. Rhett, Scarlett хоёр шатны доор байгаагаар эхлэх сцэнд Rhett эхнэрээ үнсэж эхлэх бөгөөд Scarlett хэрэггүй гээд эсэргүүцэн тэмцэж эхэлсэн ч Rhett түүнийг хүчээр унтлагын өрөө рүүгээ авч ордог; Scarlett-д юу тохиолдсоныг үзэгчид хялбархан таах нь дамжиггүй. Дараагийн сцэнд буюу маргааш өглөө нь Scarlett сексийн ханамжаа нуулгүйгүйгээр гарч ирж байгаа нь төрх байдлаас нь харагддаг (нөхөр нь согтсоноос болж тэнэг зүйл хийсэндээ түүнээс уучлалт гуйдаг). Энэ сцэн романс, хүчирхийллийг хослуулсанаараа эдгээрийн ялгаагүй болгож байгаа ба албадан сексийн талаарх ойлголтыг дэмжиж байна гэж үздэг буюу эмэгтэйчүүд үүнээс нууцхан таашаал авч, энэ нь нөхөр эхнэртэйгээ ингэж харьцаж болохыг зөвшөөрч байна гэж үзэх боломжтой ажээ. Кино нээлтээ хийсний дараа сэтгүүд, сонин гээд шүүмжлэгчид сайшаан хүлээн авсан; тэгсэн ч продакшны үнэ цэнэ, техникийн ололт, амбицтай царааг нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ч тухайн үеийн зарим тоймчид уг киног хэтэрхий урт, мөн драматикийн хувьд үнэмшилгүй гэж үзжээ.

 The New York Times "энэ кино тухайн үеийнхээ хамгийн амбицтай кино байсан ч, магадгүй хамгийн шилдэг кино биш байсан ч гайхалтай түүхийг сонирхолтойгоор өгүүлсэн кино юм" гэсэн буй. The Nation сэтгүүл "үр дүнд нь энэ бүтээл кино урлагийн түүхэнд төрсөн томоохон үйл явдал болсон ч арт киноны хувьд өчүүхэн амжилт үзүүлсэн кино" гэжээ. Шүүмжлэгчид киног романд үнэнч хандсаныг сайшааж байсан ч арай л урт нь гэж шүүмжилж байв. Selznick арай их зүйлийг кинондоо үлдээчихсэн; зугаа цэнгэлийн хувьд үйл явдлын төгсгөл хэсэгт давтагдах үзэгдлүүд, харилцан яриануудыг хассан бол кинонд ашигтай байсан гэжээ. Зарим судлаачдын үзэж буйгаар киноны хоёрдугаар хагас эхний хагасаасаа сул ба эхний хагаст иргэний дайнд төвлөрдөг бол хоёрдугаар хагаст дүрүүд давамгайлж байгаа нь хангалтгүй болсон гэжээ. Шүүмжлэгчдийн магтаалын ихэнх нь киноны жүжигчдийн тоглолтод төвлөрч байсан ба энэ дундаа Vivien Leigh-ын тоглолтыг киноны гол хэсэг гэж үзэж байв.

Comments