Lost in Translation (2003) . Америкийн кино найруулагч Sofia Coppola-ын зохиолыг нь бичиж найруулсан романтик, комеди-драм. Киноны гол дүрүүдэд: Bill Murray, Scarlett Johansson, Giovanni Ribisi, Anna Faris нар тоглосон. Энэхүү кино нь Японы соёлын шилжилт хөдөлгөөнийг арын дэвсгэр болгоод харийссах, ганцаардлын сэдвүүдийг судалдаг. Мөн кино судлаачдын цаашдын судалгаа шинжилгээ киноны уламжлалт тогтсон өгүүлэмж хийгээд романсыг энгийнээр дүрслэхээс зайлсхийсэн хандлага дээр төвлөрсөн байдаг. Sofia сэтгэл татам бүрэн хэмжээний хоёр дахь киногоороо өөрийгөө сайн кино зохиолч төдийгүй найруулагч болохоо харуулсан ба эл уламжлалт бус, масс-д "зориулаагүй" романс нь гашуун хирнээ амттай богино хайрын түүх гэдгээрээ Richard Linklater-ын "Before Sunrise" кинотой төстэй байж магадгүй (гэхдээ Орчуулгын алдаа илүү гунигтай мөрөөдөл юм). Sofia гэрээсээ алсад байгаа хүмүүсийн түр зуурын романтик харилцаанаас асар их сэтгэл хөдлөлийг гаргаж чаддаг; үүнд л түүний киноны ид шид орших мэт.
Bob тэр чигээрээ л Bill Murray байсан бол Scarlett Johansson-ын Charlotte бол баялаг дотоод ертөнцтэй, ажигч, эргэлзэгч, ухаалаг бүсгүйн дүрийг маш сайн гаргажээ. Найруулагч бүсгүй маань уг кинондоо юмс салж байгаа ба холбогдох мөчийг хайж байгаа тухай дүрсэлсэн хэмээн судлаач, шүүмжлэгчид санал нэгтэй дүгнэсэн байдаг. Соёлын талаасаа Bob, Charlotte хоёр Япон ирээд танихгүй орчин соёлоос болж цочирдож, мэдрэмжийн төөрөгдөлд орж байна. Bob Японы зар сурталчилгааны найруулагчтай ойлголцож чаддаггүй, өөрөөр хэлбэл орчуулгачаар тайлбарлуулах нь учир дутагдалтай болохыг ухаардаг. Мөн түүнчлэн гол дүрүүд маань цагийн зөрүүний улмаас унтаж чаддаггүй ба буудлынхаа бааранд зочлох замаар нойргүйтэлтэйгээ тэмцдэг. Ийм мэдрэмжүүд нь хүрээлэн буй орчноосоо хөндийрсөн мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч мөн тэдний амьдрал дахь ганцаардсан, тусгаарлагдсан мэдрэмжийг улам даамжруулдаг. Bob, Charlotte хоёр хоёулаа гэрлэлтийн асуудалтайгаас гадна өөрийгөө таних гэсэн адилхан хямралын асуудалтай тулгардаг; Charlotte амьдралдаа юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй, энэ ертөнцөд ямар үүрэг гүйцэтгэх ёстойдоо эргэлзэж байхад Bob кино од статус нь аажмаар бүдгэрч буйг бодохын сацуу өөрийгөө аль хэдийнээ тодорхойлчихсон дүр төрхөөсөө салж байгаа мэдрэмжинд автдаг. Тэд Токио хоттой холбогдсоноор сайхь мэдрэмжүүд нь нэмэгддэг; Bob нисэх онгоцны буудлаас зочид буудал руу таксигаар явж байхдаа сурталчилгааны самбар дээрээс өөрийнхөө зургийг хараад аяндаа л харийссан мэдрэмжинд автаж, өнгөлөг хотын галзуурам үзэмж түүний цөхрөлийг илтгэнэ. Charlotte Токиогийн гудамжаар тэнэж явахдаа утга учрын эрэлд аяндаа автах агаад зочин буудлын өрөөнийхөө цонхоор хотыг харахдаа өөрийгөө ганцаардмал гэж мэдэрдэг. Park Hyatt Tokyo барилга нь дүрүүдийг хотоос тусгаарлагдсан херметик чанаруудыг илэрхийлдэг; энэ бол Bob-ын асуудлаасаа зугтаах гэж сонгосон газар юм.
Харийслын мэдрэмжийн адилхан эл сэтгэгдэл бол Bob, Charlotte хоёрын хувьд хувийн харилцаа тогтоож өгөх үндэслэлийг бий болгодог. Charlotte Bob-г Токиогийн шөнийн амьдралыг хамт үзье гэж урьснаар түүний хотоос алслагдсан мэдрэмжийг нь бууруулдаг бол хамтдаа өнгөрүүлсэн багахан мөчүүдэд тулгуурлан харилцаагаа сайжруулдаг билээ. Хамтдаа өнгөрүүлсэн багахан хугацаанд хэн хэн нь амьдралдаа гүн гүнзгий мэдрэмжийг мэдрэхдээ ганцаараа биш гэдгээ ухаардаг. Sofia дүрүүдийнхээ богинохон уулзалтын тухай ярихдаа "Хүн болгонд хэзээ ч төсөөлж байгаагүй хүнтэйгээ гайхалтай сайхан өдрүүдийг хамт өнгөрүүлэх үе гэж байдаг. Дараа нь та бодит амьдрал руу буцах ёстой, гэвч чухам энэ л танд сэтгэгдэл төрүүлдэг, чухам энд л тааламжтай сайхан нь оршдог" гэжээ. Энэхүү киноны тухай ном бичсэн судлаач Geoff King-ын үзэж буйгаар киноны гол дүрүүдийн мэдрэмж нь киног олон янзаар тайлбарлах гол хүчин зүйлсийн нэг гэжээ. Өөр нэгэн шүүмжлэгч сэтгэлзүйч Лаканы сэтгэлзүйн аналитик өнцгөөс киног харж, кино нь хүний амьдрал ба харилцаанд "байхгүйг" сонгон авч дэмждэг хэмээжээ. Sofia Токиог "илүүдлээр дүүрсэн бөмбөлөгтэй хот" гэж дүрсэлсэнээр хоосон баяр баясгалангийн амлалтыг санал болгодог. Bob, Charlotte хоёр хоёулаа Токиогийн сэтгэл татам зүйлсээс учир утгыг олж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрсдийн хоосон мэдрэмжээрээ холбогдож байна. Феминист талаас тайлбарласан өнцөгүүд мөн байдаг; тухайлбал Феминист философич Luce Irigaray гэгчийн үзэл санааг тусгасан мэт буюу залуухан эмэгтэйчүүдийн асуудлыг ерөнхийлөн үзүүлсэн кино гэжээ. Энэ бол Charlotte-ын эмэгтэй субъектив шинжийн цогц хөрөг зураг буюу хувь хүний илэрхийлэлд зориулсан дүрчилсэн эрэл хайгуулын өөдрөг илэрхийлэмж ажээ.
Уг бүтээлийн өгүүлэмжийн бүтцийг нухацтай судалсан байдаг ба Холливуудын мэйнстрим төрлийн кинонуудтай харьцуулахад үйл явдал хомсхон байгааг онцолсон байдаг. Өгүүлэмжит үйл явдлууд нь гол дүрүүдэд нөлөөлдөг цөөхөн "галны" саадтай тул Bob, Charlotte хоёрын харилцааны хөгжилд төвлөрдөг. Geoff King-ын бичсэнээр кино гол дүрүүдийн сэтгэгдэл, мэдрэмж, туршлагыг өдөөхөд ихэнх хугацаагаа зарцуулдаг буюу энэ нь үйл явдлаас илүү дүрийн мэдрэмжийг урьтал болгодог шаталсан монтажын (кино элемент) өөрчлөлтийг илэрхийлдэг ажээ. Уран зохиолын шүүмжлэгч Steve Vineberg: "Түүхийг холбоос мэдээж байгаа, харин тэр нь ердийн шалтаан ба үр дагаврын холбоос биш юм. Эдгээр нь нэг үзэгдэлд цуглараад дараагийн үзэгдэлд асгардаг сэтгэл хөдлөлийн хэлбэр" гэжээ. Киноны эхлэл хэсэг шүүмжлэгчдийн дунд маргаан дагуулсан сэдэв болсон. Гэрэлтсэн ягаан дотуур өмдтэй Charlotte орон дээрээ нуруугаа дэлгэц рүү харуулан хэвтэж байгаа кадр 36 секунд үргэлжилдэг бөгөөд Sofia энэ санаагаа John Kacere гэгч фотореалист уран бүтээлчийн уран бүтээлээс санаа авсан агаад энэ эхлэлийг 1963 оны "Contempt" шедеврийн Brigitte Bardot-ын төрх байдалтай харьцуулдаг. Энэ хэсэг Bob, Charlotte хоёрын романсыг зөгнөсөн гэж үзэгсэд байдаг бол кино түүхч Wendy Haslem: "Sofia энэ эхлэлийг зориуд сонгосноороо хориог үл тоомсорлосон" гэжээ. Үүнтэй төстэйгөөр нэгэн судлаач Sofia үүгээрээ гоо сайхны төлөө гоо сайхан гэдгийг дэмжихээс өөр санаагүй байна гэж үзжээ. Харин Geoff King: "Эхлэл кадр гоо зүй болон эротик чанаруудыг хослуулсанаараа нарийн, илэрхий сэтгэл татам шинжийг аль алиныг нь илэрхийлдэг буюу энэ нь уг киноны бие даасан кино ба мэйнстрим кино хоорондох байр суурийг илэрхийлдэг" гэжээ.
Энэхүү хэсгийг феминист кино
онолч Laura Mulvey-ын эрэгтэй хүний гөлрөх концептоор тайлбарласан байдаг; юу
гэвэл, энэ кадр эвгүй санагдтал удаан үргэлжилдэг бөгөөд үзэгчдийг сайхь
гөлрөхийг нэг хэсэг мэт ухамсарлахад хүргэдэг ажээ. Эл бүтээл романтик жанрын
уламжлалт ойлголтоос татгалздаг. Сонгодог романтик комеди кинонд хосуудад
ирээдүй бий гэдгийг үзэгчдэд нотолдог бол Sofia дүрүүдээ хамт үлдээхийг
татгалзсанаар хүлээлтийг үл тоомсорлодог. Тэрээр Bob, Charlotte хоёр секс
харьцаанд орохгүй байгааг тэдний харилцаа платоник уу, эсхүл романтик уу гэдэг
нь үл ойлгогдохгүй байгаатай адилхан гэж онцолсон байдаг. Дүрүүдийн төгсгөл дэх
салалтын үнсэлтийн талаар Haslem хэлэхдээ "үнсэлт бол уламжлалт ёсоор бол
мэйнстрим кино урлагт романтик хайрын домог ёсоор асуудал шийдэгдсэнийг
илэрхийлдэг. Харин орчин үеийн анти-романс романтик кино давалгаанд үнсэлт нь
тодорхойгүй байдлыг илэрхийлэх болжээ" гэсэн байна. Sofia: "Bob,
Charlotte хоёрын харилцаа романтик байх ёстой, гэхдээ ирмэг дээр байгаа... найзуудаас
арай илүү, гэхдээ жинхэнэ хайр биш, миний хувьд тэдний хооронд секс бус харин
гэмгүй, романтик, нөхөрлөл бий гэж боддог" гэжээ.
Comments
Post a Comment