Хүйтэн нурам

 




 Journey to Italy (1954) . Италийн нэрт кино урлаач Roberto Rossellini-ын найруулсан драм. Хүүхэдгүй хосууд Итали руу аялсан нь гэрлэлтийг нь сүйтгэх шахаж буй тухай өгүүлэх уг киноны зохиолыг Францын зохиолч Colette-ын "Duo" хэмээх 1934 онд хэвлэгдсэн романаас үндэслэн бүтээсэн. Хэдийгээр кино Италийнх боловч харилцан яриа нь Англиар хийгджээ. Уг киног Rossellini-ын хамгийн шилдэг кино гэж үзэгсэд байдаг ба түүнчлэн чөлөөтэй өгүүлэмжтэй учир модернист кино урлагийн чухал бүтээл гэж үздэг. 2012 онд Sight & Sound сэтгүүлээс гаргасан хамгийн шилдэг 50 киноны нэгээр тодорхойлсон бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 67-р байрт эрэмбэлээд байна. Rossellini-ын хамгийн сайн зохиол болох эл бүтээл бол маргаангүй кино урлагийн үнэт ололтын нэг юм. Үл хөдлөх хөрөнгөнөөсөө салахаар Итали руу аялсан хосууд уй гунигаасаа газар дундын тэнгисийн ландшафтад буюу эрч хүчтэй Неапольд, эзгүйрсэн Помпейд ирээд салдаг. Зөвхөн Rossellini-ын кинонд л байдаг хором зуурын ганцхан агшинд салж буй хосуудын сэтгэлд гэрэл гийж, тэдний хайр сэтгэл шинэчлэгддэг. Ингээд нууцлаг, зөв, чухал бүтээлийн үйл явдлыг товчхон өгүүлсү.

 Гэрлээд олон жил болж буй Alex, Katherine нар "авга ах Хомер"-оосоо өвлөн авсан Неаполь хотын ойролцоо орших зуслангаа зарахаар Италид машинаар явж ирээд байгаа Англичууд юм. Энэ аялал бол хэг ёг хийсэн, хорон үгтэй, ажлын хэнээтэн Alex-ын хувьд амралт болох ёстой бол эхнэр Katherine тун мэдрэмтгий нэгэн бөгөөд аялал түүнд өдгөө нас барсан хуучны яруу найрагч найз Charles-ынх нь талаарх дурсамжийг сэдрээж орхино. Кино бараг бүхэлдээ энгийн л өрнөдөг. Эхлэлийн сцэнд тэд Италийн хөдөө нутгаар аялж явахдаа энгийн зүйлс ярилцдаг; зам дээр үхэр гарч ирэх зэрэг шалихгүй зүйлсээс өөрөөр юмгүй өрнөдөг. Ингээд тэд Неапольд ирнэ; тэднийг авгынхан зусланг харгалзагчид угтаж аваад зуслангийн байшинг танилцуулдаг. Дараагийн өдрүүдэд Katherine нөхөргүйгээр Неаполь хотоор аялах агаад аяллынхаа 3 дахь өдөр тэрээр Неаполийн музейд зочлон эртний аварга хөшөө баримлуудыг үзнэ. 6 дахь өдөр тэрээр галт уул сонирхдог зангаараа Флегрэйн Талбайгаар зочилдог.

 Өөр бас нэг өдөр Katherine Фонтанеллийн оршуулгын газарт очиж үл мэдэгдэх хүмүүсийн гавлын ясан овоог үздэг. Хосууд ирээд хэд хоногийн дараагаас тэдний харилцаа үл ойлголцол болоод хардалтын улмаас хурцадмал болдог; Alex эхнэрийгээ хуучны найз Charles-тай нь хардаад талийгаачийг тэнэг хэмээдэг. Хосууд өдрийг тусдаа өнгөрүүлэх нь ихсэж, Alex ганцаараа Капри арал руу явчихна. Кино дахь сүүлийн өдрүүдэд хосууд гэр бүлээ цуцлахыг зөвшилцдөг. Тэдний сүүлийн аялал Помпейд очиж, 2000 жилийн өмнөх Везувий галт уулын дэлбэрэлтийн үеэр үнсэнд дарагдсан нэгэн хосыг олж илрүүлж байгаатай таардаг. Katherine эвгүйцэж, Alex түүнийг дагуулан Гэгээн Женнарогийн жагсаалд орохоор явдаг. Жагсаалын үеэр гэнэт тэдний хайр дахин цэцэглэдэг. Киноны гол дүрүүдэд Шведийн нэрт жүжигчин Ingrid Bergman тоглосон ба Ingrid болон Rossellini хоёр гэрлэж байв. 

Энэ кино тэдний хамтарсан 3 дахь кино нь юм. Судлаачид Rossellini, Ingrid хоёрын хувийн харилцаа нь кинонуудаар нь илэрдэг байсан гэж үздэг. Оскарын шагналт, Их Британийн жүжигчин George Sanders хорон хэлт нөхрийн дүрд тоглосон. Rossellini анх "Duo" номыг кино руу хөрвүүлэх зорилготой байсан ч номын эрхийг авч чадаагүй боловч номоос нэлээд ялгаатай кино зохиол бичжээ. Түүний хамтрагчаар Vitaliano Brancati ажилласан ба тэд Ягуар машинаараа Неаполь хотоор аялахдаа маргалдаж буй хосуудын тухай Antonio Pietrangeli-ын бичсэн кино зохиолоос бас санаа авчээ. Кинонд өгүүллэгдэх Charles-ын тухай түүхийг Жеймс Жойсийн "Талийгаач" өгүүллэгээс санаа авсан гэж үздэг. Rossellini-ын найруулгын хэв маяг тун ер бусын байжээ. Жүжигчид тодорхой сцэнийн зураг авалтын дөнгөж өмнөхөн өөрсдийнхөө ярих хэсгийг авдаг байсан учир тэдэнд бэлтгэл, сургуулилт хийх боломж хомсхон байж. George Sanders өөрийн намтартаа; Rossellini-ын найруулах арга барил, жүжигчдэд нөлөөг сайтар дүрсэлсэн байдаг аж. Кино ашиг орлогын хувьд ч, шүүмжлэгчдийн зүгээс ч бүтэлгүйтсэн. 

Гэхдээ 1950-1960 оны Францын Шинэ Давалгааны кино найруулагчдад гүн гүнзгий нөлөа үзүүлдэг байдаг; тухайлбал Jean-Luc Godard, Jacques Rivette, Francois Truffaut, Claude Chabrol нар бүгд энэ киног үзээд кино урлаг яруу найргийн хэмжээнд хөгжиж, маргаангүй модерн хандлагатай болж буйг ухаарсан гэдэг; нэг үгээр энэ кино Францын Шинэ Давалгааны нэгэн эх булаг ажээ. Уг киноны Үргүйдэл, жирэмслэлт, мөнхрөх сэдвийн доргилт Chabrol, Truffaut нарын бүтээлд нөлөөлсөөр ирсэн байдаг ба Martin Scorsese-ын "Voyage to Italy" кинонд уг кино нөлөөлсөн гэдэг бол Akira Kurosawa өөрийнхөө дээдэлдэг 100 кинонд багтаажээ. Өнөөдөр энэ киног кино урлагийн эрдэнэс гэж үзэх болсон ба неореализмаас холдоод модерн кино урлагт хүрэх замын гол гишгүүр гэж эл киног үнэлэх болж. Энэ кино Michelangelo Antonioni-д маш их нөлөөлсөн гэдэг буюу түүний модерн түгшүүрийн тухай кинонуудад энэ киноны сэдэв мөнхөд тусгалаа олсон мэт. Rossellini-ын Помпейн балгасыг гэрлэлтийн мартагдашгүй зүйрлэл болгон ашигласан уг түүний албан бус трилогийн 3 дахь нь болой.

Comments