"Эдип хаан". Эртний Грекийн жүжгийн зохиолч Софоклын МЭӨ 429 оны орчимд анх тоглогдсон Афины эмгэнэлт жүжиг юм. "Эмгэнэлт жүжгийн Хомер" гэгддэг байсан Софоклын эл жүжгийг философич Аристотель "Яруу найргийн онол" бүтээлдээ хэдэнтээ дурдсан байдаг. Эртний Грект жүжгийн нэрийг зүгээр л "Эдип" гэж байсан бол хожим Софокл "Эдип Колонд" жүжгээсээ ялгахын тулд "Эдип дарангуйлагч" (tyrannus) гэж нэрлэсэн гэж үздэг. Эрт үед "дарангуйлагч" гэдэг нэр томьёо нь засаглах хууль ёсны эрхгүй захирагчийг хэлдэг байсан ба гэхдээ энэ нь сөрөг утгыг илэрхийлдэггүй байв. Эдипийн түүхийг өгүүлсэн Софоклын Фивийн домгийн тухай гурван жүжиг бидэнд өвлөгдөн үлдсэн бөгөөд "Эдип хаан" бол уг трилогийн хоёрдугаарх нь буюу "Антигона" жүжгээс нь арваад жилийн хойно бичигджээ. Гэсэн ч жүжгүүдэд дүрсэлсэн үйл явдлуудын он дарааллаар бол "Эдип хаан" нэгдүгээрт, "Эдип Колонд", дараа нь "Антигона" гэж бичигддэг аж. ҮЛГЭР ДОМГИЙН УЛАМЖЛАЛТАЙ ХОЛБОГДОХУЙ. Грекийн туульсын яруу найргийн гол төвд Трой, Фив гэсэн хоёр хот байдаг. Тройн Дайны эргэн тойронд болсон үйл явдлуудыг Туульсын Циклд бичигдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх уран зохиолын өв үлдсэн бол Фивийн Циклийн Фивийн тухай хэсэг нь үрэгдэж үгүй болжээ. Фивийн Цикл нь Эдипийн түүхийн нэг хэсэг болох Лай хаанд тохиолдсон эмгэнэлт явдлын үзэгдлүүдийг дурдсан байдаг аж. Хомерын "Одиссей" бүтээлд Одиссей газар доорх ертөнцөд Иокастатай (Эпикастай нэртэй) учирсан тухай гардаг, энэ бол Эдипийн домгийн хамгийн эртний түүх юм. Хомер Эдипийн түүхийн цус ойртолт, эцгийгээ хөнөөх, мөн Иокастагийн амиа хорлолт зэргийг тоймлон товч бичжээ. Гэсэн хэдий ч Хомерын хувилбарт Эдип хэнээ гэдгээ мэдсэн ч өөрийгөө сохлолгүй, чөллөгт ч явалгүй хаан хэвээрээ үлддэг буюу ялгаа нь гэвэл бурхад түүний эцгийн гарал үүслийг хэлж өгдөг бол "Эдип хаан" жүжигт тэр өөрөө үнэнийг олж илрүүлдэг. МЭӨ 467 онд Софоклын найз эмгэнэлт жүжгийн зохиолч Эсхил Диониси хотод "Лай хаан" хэмээх трилоги болох " Лай, Эдип ба Фивийн эсрэг долоо" жүжгээрээ тэргүүн байрын шагнал хүртжээ. Эсхил шиг трилоги бичээгүй Софокл "Эдип хаан" дээрээ төвлөрч, тухайн үеийн Афины үзэгчдийн хэзээний мэдэх домгийг илүү цар хүрээтэйгээр дахин сануулахыг хүсчээ.
ШҮҮМЖЛЭЛ. "Эдип хаан" жүжгийг багтаасан трилоги анхны үзүүлбэрээрээ Диониси хотод хоёрдугаар байрт шалгарсан. Тус тэмцээний тэргүүн байрыг Эсхилийн ач хүү Филокл хүртсэн аж. Гэсэн ч Аристотель "Яруу найргийн онол"-доо эл жүжгийг драмын жүжгийг хэрхэн бүтээх тухай хамгийн сайн зааварчилгаа бүхий эмгэнэлт жүжиг гэж бичжээ. Жишээлбэл, Их Британийн эрдэмтэн Ричард Клаверхаус "Эдип хаан бол нэг талаараа Аттикийн үеийн эмгэнэлт жүжгийн шедевр бүтээл юм. Өөр ямар ч жүжиг үйл явдлыг урлагийн түвшинд ижил хэмжээнд хөгжүүлдэггүй; энэ нь дүрүүдийн хүчирхэг хийгээд нарийн нягт дүрслэлээс хамаардаг" гэж бичжээ. Америкийн эрдэмтэн Седрик Уитман "Эдип хаан нь Грекийн хамгийн аугаа жүжгийн хувьд бараг түгээмэл байдлаар дамждаг" гээд тэрээр цааш нь энэ жүжгийг "эмгэнэлт жүжгийн концептийг бүрэн дүүрэн илэрхийлдэг" гээд мөн "хүмүүний муу муухайгийн илчлэлт болох эмгэнэлт концептийн хувьд энэ жүжигт хүн алдар гавьяа, нэр хүндтэй байлаа ч гэсэн хүн хамаг сайнаараа хичээсэн ч хүн өөрөөс нь хамаардаггүй, тэвчихийн аргагүй муугаар төгсдөг" гэж бичжээ. Зарим шүүмжлэгчид уг бүтээлийг "шийдэж эмгэнэлт явдал" гэж тодорхойлсон буй. Мөн Софоклын гарамгай нямбай тодорхойлолтын чанар гайхамшигтай санамсаргүй тохиолдлуудыг үнэмшилтэй болгодог хэмээжээ. Түүнчлэн Эдип бусдаас давуу чадвартай бас ухаалаг хүн тул зөвхөн бурхнаас олгосон онцгой хувь тавилангаа л биелүүлж чадна гэж ёжлогчид ч байдаг аж. Их Британийн эрдэмтэн Х. Д. Ф. Китто "энэ жүжгийн төгс төгөлдөр хэлбэр нь ертөнцийн дэг журмыг илэрхийлдэг гэж хэлдэг нь үнэн" гэжээ. Гэвч Китто энэ ертөнцийн дэг журам "ашигтай" эсэх талаар Софокл хэлээгүй байдгийг онцолжээ. Эртний Грекийн философич Талестай хамаатай шинжлэх ухаанч хувьсгал улс төрд хүчээ авч эхэлсэн бөгөөд энэ жүжиг нь шинэ бодогчдод анхааруулга болжээ. Китто уг жүжгийг Софоклын Софистуудад хандаж хэлсэн үг гэж тайлбарлахдаа хүмүүс өөрсдийн буруугүйгээс болж зовж шаналж байгааг жүжигчилэн үзүүлсэн бөгөөд үйл явдлуудын нь илэрхий санамсаргүй мэт хэдий ч шалтгаан нь хүний ойлголтоос давсан ч тэдэнд тохиолдож буй бүхэн санамсаргүй бус харин бурхдын зөгнөл гэдгийг илтгэнэ хэмээжээ. Киттогийн үзэж буйгаар Софокл ойлгомжгүй, ёс суртахуунгүй байдлын өмнө ёс суртахууны хуулиудыг үгүйсгэж, эмх замбараагүйг хүлээн зөвшөөрөх нь буруу гэж тунхагласан ажээ. Зөв гэдэг бол баримтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө хуурахгүй байх явдал ажээ.
ҮНДСЭН СЭДЭВ. ХАРАНХУЙ БА ГЭРЭЛ. Харанхуй ба гэрэл нь Софоклын жүжгийн хараа ба харалган байдлын сэдэвтэй нягт уялддаг. Эдип болон Тиресийгээс бусад бүх дүрүүд Лайгийн аллагын талаар ямар ч мэдээлэлгүй байдаг буюу нэн ялангуяа Эдип өөрийнхөө гарал үүслийг үнэндээ огт мэддэггүй билээ. Мэдээжээр Тиресий ч өөрийн гэсэн "харанхуйд" байгаа боловч өрнөх бүх үйл явдлыг харж чаддаг. Эдип юу болсныг мэдсэнийхээ дараа бүх зүйлс "гэрэлтэй" боллоо гэж гашуудан хайлдаг. ХАРАА БА ХАРАЛГАН. Тиресий харах хийгээд харахгүй байх хоорондын холбоосын түлхүүрийг эзэмшигч буюу учир нь тэр сохор байсан ч ирээдүйг (одоог биш) харж, таамаглаж чаддаг. Жүжгийн төгсгөлд Эдип өөрийгөө сохолдог, учир нь түүний зүйрлэлээр харсан (ухаарсан) зүйл нь түүнийг хойд насандаа эцэг эхтэйгээ эсхүл гэр бүлтэйгээ нүүр тулах боломжгүй болгодог. Энэхүү сэдэв нь жүжигт шууд болоод зүйрлэлээр үйлчилдэг ба шууд утгаараа гэдэг нь алсын хараа юмуу саруул ухааныг хэлж байна. ГАРАЛ ҮҮСЭЛ БА ХҮҮХЭД. Эдип өөрөө ухаардаггүй ч эцэг эхээ буюу өөрийнхөө гарал үүслийн эрэлхийлж эхэлдэг. Эхнэрийнхээ хүүхэд, хүүхдийнхээ эцэг, бас өөрийнхөө хүүхдийн ахынх нь хувьд Софокл бүх зүйл хаанаас эхэлсэн, хэн нь хэний эцэг болох олон харилцаа холбооны хамаарлыг судалдаг. Үүнтэй ижлээр жүжиг өөрөө илчлэх эхлэл рүү чиглэдэг ба түүх үнэндээ аль хэдийнээ болчихсон, Эдип түүхийг олж нээхээс өөр аргагүй юм.
НЭГ БА ОЛОН (ДАВХАР БА ХОЁР). Жүжгийн
туршид уялдаагүй харш байдал давамгайлдаг; малчин, Иокаста нар Лайг замын
бэлчир дээр олон хүн нийлж алсан гэж ярьдаг. Гэтэл Эдип ганцаараа Лайг хөнөөсөн
болохыг түүх харуулдаг. Эдип Лайгийн алуурчныг хайдаг; тэрээр нэг ёсондоо гэмт
хэрэгтнийг хайж буй мөрдөгч юм. Гэтэл, эцэстээ алуурчин, мөрдөгч хоёр нэг хүн
буюу Эдип өөрөө болж таардаг. Жүжгийн төгсгөлд хэн үлдэв гэвэл аав Эдип, бас ах
Эдип хоёр юм. Софоклын жүжиг нь хоёр ба давхар байдлаар дүүрэн байдаг; хоёр
малчин, хоёр охин, хоёр хүү, мөн Фив, Коринф гэсэн хоёр хот байдаг билээ. Ийм
олон тохиолдлуудад Эдип хоёр зүйлийн дунд, эсхүл хоёр зүйлийг хольсноор
будлиантай зүйл болдог гэдгийг ойлгожээ. ТАХАЛ БА ЭРҮҮЛ МЭНД. Жүжгийн эхэнд Фив
хот аймшигт тахалд өртөж, тариалангийн талбай сүйдэж, хүүхнүүд сувай болгож
байгаа тухай өгүүлдэг. МЭРГЭЧ, ЗӨНЧ, ЗУРСАН ЗУРАГ. Энэхүү жүжигт гарах гарал
үүслийн талаарх сэдэв нь урьдчилан таамаглах, хүлээлтийн талаарх асуултыг
өөрийн эрхгүй тавина. Драматик егөөдөлт буюу Эдип өөрөө өөрийгөө мэдэхээсээ
өмнө үзэгчид түүний үлгэр домгийг мэдэж байдаг; энэ бол та хувь тавилангаасаа
зугтааж чадахгүй явдал юм.
Comments
Post a Comment