"Сүүлчийн Могикан". Америкийн зохиолч Жеймс Фенимор Куперын 1826 онд бичсэн түүхэн сэдэвт романтик роман. Эл бүтээл бол зохиолчдын "Шилэн оймст" пенталогийн хоёр дахь ном бөгөөд орчин үеийн уншигчдын дунд хамгийн алдартай нь билээ. "Сүүлчийн Могикан" романы үйл явдал 1757 онд Франц болон Их Британи Хойд Америкт хяналтаа тогтоохын төлөө дайтаж байх үед Нутгийн Индианчууд Француудтай дайтаж байсан цагт өрнөдөг. Энэ дайны үеэр Францчууд болон Британчууд нутгийн уугуул иргэдийг холбоотноо болгон ашиглаж байсан ба Францын зүүн хойд хилийн бүс нутагт Британчуудаас илүү давамгай байдалтай байв. Тодруулбал, романы үйл явдал Уильям Хенригийн бэхлэлт бүслэгдэхээс өмнө, бүслэгдэх үе, мөн дараах байдлуудыг харуулжээ. Уг роман хэвлэгдсэн цагаасаа хойш хамгийн алдартай Англи хэл дээрх романуудын нэг байж, Америкийн уран зохиолын хичээлд байнга орсоор иржээ. Энэ номоор хийсэн кино, хүүхэлдэйн кино, телевизийн шоунууд дэлхий даяар байдаг аж. ҮНДСЭН САНАА. "Сүүлчийн Могикан" бол арьс өнгө, яс үндсээр нь ялгаварлах байдлыг ялан дийлэхэд бэрхтэй байдаг тухай өгүүлдэг роман юм. Купер үндэстнүүд хоорондоо холилдох гэдэг хүсүүштэй боловч аюултай гэдгийг харуулсан. Купер цагаан арьст Шонхорын Нүд ба Индиан Могикан Чингачгук нарын жинхэнэ, урт хугацааны нөхөрлөлийг магтан дуулдаг билээ. Шонхорын Нүд, Чингачгук хоёр байгальтай харилцах ижилхэн шинжээрээ арьс өнгө, яс үндэстний ялгааг ялан дийлж, улмаар хамтдаа дайсан Гуроны эсрэг нэгдэж, Хейворд нарын цагаан арьстнуудыг аврах боломжтой болдог. Нөгөөтээгүүр, Купер үндэстэн хоорондын дунд үүссэн хайр дурлал тохиромжгүй учир сүйрдэг гэсэн итгэл үнэмшлээ харуулдаг. Ункас, Кора хоёрын үндэстэн хоорондын хайр дурлал эмгэнэлтэйгээр төгсч байгаа бол Кора, Магуа хоёрын хоорондын албадсан харилцаа нь гаж буруу байдлаар дүрслэгддэг. Корагаар дамжуулан Купер үндэстэн хоорондын хүслийг өвлөн авах боломжтой гэж үздэг буюу Корагийн ээж өнгөт арьстан байсан учраас тэр Идиан эрчүүдэд татагддаг ажээ. Уг романд байгаль нь шууд утгаараа болон зүйрлэлийн хувиар үйлчилдэг. Шууд утгаараа байгаль бол дүрүүдийг тойрон хүрээлсэг физикал хил хязгаар ба тэдний тулаан, амьд үлдэх боломжийг түвэгтэй болгодог. Романы 1-р бүлгийн эхний догол мөрт Купер колончлолын газар нутгийн таамаглашгүй шинж төрхийг тайлбарлаж; Европын тодорхой, задгай тулааны талбарууд дайны талбар байхаа больсныг онцолдог. Шинэ Ертөнцөд байгалийн шинэ бэрхшээлүүдтэй тулгараад байгаа бөгөөд дайнд оролцож буй хүмүүс зөвхөн өөр хоорондоо төдийгүй найрсаг бус газар нутагтай үзэлцэх ёстой ажээ. Британчуудын дайснууд болох Францчуудад газар нутгийг маш сайн мэддэг Индианчууд үнэнч байгаа явдал бол хориотой газар нутаг нь Британчуудад улам ч аймшгийг төрүүлнэ. Англичуудын ур чадвар ширэнгэн ойд ямар ч хэрэггүй ба мөн ширэнгэд Дэвид Гамутын шашны Калвинизм инээдтэй зүйл болж хувирч байна. Зүйрлэлийн хувьд газар нутаг нь дүрүүд өөрсдийгөө зурж болохуйц хоосон гадаргуун үүрэгтэй бөгөөд Купер дүрүүдийг байгальтай харилцах байдлаар нь тодорхойлдог. Шонхорын Нүд ландшафтыг хүндэтгэсэнээр эрэлхэг шинжээ баталдаг; Английн хошууч Хейворд ландшафтыг ташаа ойлгосноор өөрийнхөө шаардлагад нийцэхгүй байгаагаа ойлгодог.
Тэр сайхан сэтгэлтэй ч зэрлэг байгалийг мэдэхгүй нь түүнд саад тотгор болж байна. Харин Магуа ландшафтыг ашиглан агуйд хүүхнүүдийг нууж, хадны ард нуугдаж, ангал дээгүүр чадамгай харайх зэргээр өөрийн муу үйлд ашигтайгаар хэрэгжүүлдэг. Дэвид Гамут дүрээр Купер зэрлэг байгальд шашны ач холбогдлыг судлахыг санал болгодог агаад наад зах нь онолын хувьд Америкийн хил хязгаар нутаг хүн төрөлхтний соёлын хөлд гишгэгдээгүй байлаа. Энэ бол шинэ эхлэл буюу Европын өндөр соёлын ёс заншилд захирагддаггүй, нийгмийн дүрэм журам, хатуу засгийн газаргүй газар нутаг юм. Тэрээр фаталист идэвхгүй шинжээ орхиж, ширэнгэн ойн шаардлагад дасан зохицох чадварыг олж авснаар амжилтанд хүрдэг. Куперын Калвинизмын судлал дараа дараагийн үеийн Америкийн олон зохиолчдын эхлэлийг тавьсан; жишээлбэл; Херман Мелвиллийн эмгэнэлт баатар Ахаб бол Калвинизмыг дэмжсэн хувь тавилангийн явцуу итгэлийг даган мөрдөгч билээ. Купер гэр бүлийн нэгжийн өөрчлөгдөж буй байдлыг судлахын тулд хил хязгаарын найруулгыг ашигладаг. Купер зэрлэг байгаль нь гэр бүлийн шинэ тодорхойлолтыг шаарддаг гэж үздэг; жишээлбэл, Ункас, Шонхорын Нүд хоёр гэр бүлийн түр зуурын бүтцийг бүрдүүлдэг билээ. Романы дунд хэсэгт Ункасын жинхэнэ эцэг Чингачгук огт тайлбаргүйгээр алга болоход Шонхорын нүд нь Ункасын хувьд бэлгэдлийн эцэг болно. Ункас манлайлах чадвараа хөгжүүлж, Делавэрийн Таменундын зөвлөлд баатар болон тодрох тусам хүү нь эцгийнхээ зан авирыг өвлөж авдаг шиг Шонхорын Нүдийн сэтгэл татах шинж болоод ур чадварыг өөртөө өвлөн авдаг. Ункас ба Шонхорын Нүд зөвхөн цусан төрлийн холбоогүй гэр бүлийг үүсгээд зогсохгүй арьс өнгө, яс үндсээс давж гарсан гэр бүлийг бий болгодог. Гэвч эл шинэчилсэн тодорхойлолтыг үл харгалзан роман нь арьс өнгө холилдсон шинэ гэр бүл бий болгохыг зөвшөөрдөггүй, учир нь Ункас, Кора хоёр үндэстэн хоорондын таталцлын дагуу үйлдэж чаддаггүй билээ. Эл сэтгэл хөдөлгөм романы эмгэнэл бол Кора, Ункас хоёр өөрсдийнхөө хүслийн дагуу гэр бүлийн талаарх ойлголтыг дахин шинээр тодорхойлж чадахгүй байгаа явдалд оршино.
МОТИФ. Эрлийз гэдэг ойлголт уг романы гэр бүл, арьс өнгөний талаарх сэдэвчилсэн судалгаанд үндсэн байр суурийг эзэлдэг. Эрлийз гэдэг бол салангид элементүүдийг нэг бүхэл болгон холих явдал бөгөөд романд энэ нь голдуу баыгаль ба соёлын огтлолцол эсхүл хоёр өөр арьстан огтлолцох үед тохиолдолддог. Жишээлбэл, Кора эрлийз ба ээж нь хар арьстан бол аав цагаан арьстан байдаг; харин Шонхорын Нүд цусаараа цагаан ч ёс заншлаараа Индиан учраас юм. Шонхорын Нүдийн амжилтын нэг хэсэг бол Европ, Индианчуудын ертөнцийн элементүүдийг хослуулж чадсанаас үүдэлтэй. Шонхорын Нүдийн хамтаар Купер мөн чанарын ялгаа нь хоёр соёлыг тусгаарладаг гэсэн санааг үгүйсгэдэг аж. Куперын эрлийзийн тухай дүрслэлүүд 19-р зуунд шинжлэх ухаан, соёлын өргөн хүрээтэй маргаанаас ч өмнө байсан ба "эрлийз" гэдэг нэр томьёо нь удамшлын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй 19-р зууны төгсгөлд түгээмэл болжээ. Купер үйл явдлын бэрхшээлийг шийдвэрлэх хийгээд хошин шогийн дэмжлэг өгөхийн тулд өнгөлөн далдлалтын сэдвийг ашигладаг. Өнгөлөн далдлалтын фантаастик шинж чанар Куперын зохиолын үнэмшилтэй байдлыг бууруулдаг. Жишээлбэл; насаараа энэ нутагт амьдарсан Индианчууд минжиний дүрд хувирсан хүнийг жинхэнэ минж гэж андуурдаг. Эдгээр бодит бус үнэмшихийг шаардсан өнгөлөн далдлалтууд нь Куперын реализмаас холдож байгаагийн нэг хэсэг болно. Өнгөлөн далдлалт бол ухамсрын хязгаараас давсан төсөөллийг илүүд үздэг романтик жанрын онцлог юм. "Сүүлчийн Могикан" роман нэгэн зэрэг түүхийн, адал явдалт, романтик роман байхыг хүсч байна. Купер хайр дурлалын хошин боломжуудыг, нэн ялангуяа хүмүүнийг хэтрүүлэгтэйгээр тоглуулдаг. Тиймээс өнгөлөн далдлалт нь дилемма асуудлуудыг шийдвэрлэх бодитой шийдэл төдийгүй Купер романаа хэсэгчилсэн хөгжилтэй романтик бүтээл болгохыг зорьж байгаагийн илэрхийлэл аж.
СИМБОЛ. Шонхорын Нүд нэгэн зэрэг дүр, симбол юм. Купер Шонхорын Нүдийг Европ,
Индианчуудын соёлын холимог, колончлолын эрлийз болгон бэлгэддэг. Шонхорын Нүд
мөн баатарлаг модчины домгийг бэлгэддэг аж. Жишээлбэл, тэрээр делавэрчүүдийн
зохион байгуулсан мэргэн буудалтын тэмцээнд төгс мэргэн бууддаг билээ. Шонхорын
Нүд мөн бэлгэдлийн эцэг болдог агаад романы хайр дурлалын үйл явдлаас хасагдсан
Шонхорын Нүд Ункастай эцэг хүүгийн харилцаа бий болгосноор хүмүүний өөр төрлийн
харилцааны нэгэн хэсэг болж байна.
Comments
Post a Comment