Fitzcarraldo (1982) . Германы Шинэ Давалгаа хөдөлгөөний тэргүүлэгч нэрт кино урлаач Werner Herzog-ын туульсын адал явдалт-драм кино. Кино Перугийн каучук олборлож баяжсан барон Carlos Fitzcarrald гэгчийн түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн бөгөөд кинонд Brian Sweeney Fitzgerald хэмээх Перуд амьдардаг Ирланд эрийн галзуу гэмээр түүхийг өгүүлдэг. Кинонд гарах Fitzgerald нь дуурийн шүтэн бишрэгч, бараг галзуу нэгэн ба ширэнгэн ойд дуурийн театр босгож, мөн Амазоны нутаг дэвсгэрч каучукаар баялаг сав газарт очихын тулд уурын хөлөг онгоцыг эгц толгод дээгүүр тээвэрлэж буй түүхийг нь үзүүлдэг. Fitzgerald-ын дүрд Германы зартай жүжигчин Klaus Kinski тоглосон. Werner Herzog-ын хамгийн их амбицтай уг киног хүмүүс хоёр хуваагдан хүлээж авдаг; амбицтай автсан хүний гайхалтай хөрөг буюу амбицын абсурд шинжийг ойлгомжтой тайлбарласан судалгаа гэж магтагсад байхад амбиц бол хэзээ ч биелдэггүй, уйтгартай, чанга аялал буруушаагчид ч байх аж.
Кино үнэхээр 320 тонн жинтэй онгоцыг толгод дээгүүр гаргасан ба зөвхөн энэ үйл явц киног алдартай болгоход хангалттай билээ (ямар ч тусгай эффект ашиглаагүй болно). Herzog түүхэнд хэн ч ийм амжилт гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй байх магадлалтай гэж итгэсэн учир өөрийгөө "Ашиггүй ялагч" гэж нэрийдсэн байдаг. Кинонд зориулж адилхан 3 онгоц худалдаж авсан ба эдгээр өөр өөр сцэн, байршилд ашигласан; үүн дотор онгоц сүйрч байгаа хэсгийн кадр ч байдаг. Боргиотой хэсэгт харин модел ашигласан. Кинонд жүжигчид олох тун түвэгтэй байжээ. Jason Robards анхлан Fitzgerald-д тоглохоор сонгогдсон ч зураг авалтын үеэр цусан суулга өвчнөөр өвдсөн. Эмч нар түүнийг гэртээ үлдэхийг зөвлөснөөр Herzog гол дүрдээ өөрөө юмуу Jack Nicholson-г тоглуулая гэж бодсон ч эцэстээ эртний анд Klaus Kinski-д ханджээ. Тэд эртний хамтрагчид ба олон киног хамтдаа бүтээж байсан ч харилцааны хувьд гал ус шиг хоёр байлаа. Тухайн үед Robards-тай хамт киноны бараг тал хувийг нь зураглачихсан байсан тул Herzog Kinski-тэй бүр шинээр эхлэхээс өөр аргагүй болжээ. Дуучин Mick Jagger Fitzgerald-ын туслахын дүрд тоглох байсан ч аялан тоглолт гээд төслийг орхисноор Herzog киногоо дахин эхлүүлэхдээ Jagger-ын дүрийг хасчээ. Kinski продакшны үеэр тогтворгүй аашилж, Herzog болон кино багийнхантай асуудал үүсгэж байв. "My Best Fiend" хэмээх Herzog Kinski-тэй нийт 5 кинондоо хамтран ажиллахдаа ямаршүү харилцаатай байсан талаараа үзүүлсэн кинонд Kinski хоолны чанар муу байна гэж хэрүүл үүсгэж байгаа гардаг аж.
Мөн нутгийн оршин суугчдаас киноны олны хэсэгт тоглосон хүмүүс ч Kinski-ын авирыг тэсэхгүй байсан гэдэг буюу нэгэн нутгийн ахлах өөрийнх нь төлөө Kinski-г алж өгч болно шүү гэж нухацтайгаар хэлсэн гэж Herzog дурссан байдаг. Herzog энэ хурцадмал байдлыг ашигласан нь киног бодитой болгосны дээр үнэндээ дуурийн хэнээтэнд Kinski-ээс өөр тохирох солиот байхгүй байв. Продакшны үеэр кинонд ажиллахаар хөлслөгдсөн нутгийн иргэд олноороо бэртэж, үхсэн тохиолдол ч байдаг нь киноны нэрийг улам цуурайтуулжээ. Продакшны үед 2 жижиг нисдэг тэрэг осолдож, нэг хүн саажилттай болсон бол нэг үзэгдлийн үеэр нутгийн модчин могойд хатгуулж тухайн газарт нь хөлийг нь тайрч амийг нь аварсан байх. Roger Ebert уг киног "Apocalypse Now", "A Space Odyssey" кинонуудтай харьцуулахдаа "бид кино болоод кино бүтсэн талаар үргэлж мэдэж байдаг. Энэ бол төгс бус ч трансцендэнт кино" гэжээ. Харин Akira Kurosawa өөрийнхөө дээдэлдэг киноны нэгээр нэрлэжээ.
Энэ кино бол кино урлагийн ид
шидийг бас аугаа тэнэглэлийг зэрэг үзүүлсэн кино; аугаа байхад тэнэг байх
хэрэгтэй шиг тэнэг байхад бас аугаа байх ёстой бололтой. Ийм галзуу кино
хийхээр шийдсэн Herzog өөрөө киноны баатар шигээ амбицдаа хэт автагч юм. Herzog
онгоцыг толгод дээгүүр гаргахдаа үүнийг жинхэнээр л хийхгүй бол үзэгчид
итгэхгүй, кино нь мөн чанараа алдана гэдэгт итгэж байсан нь тодорхой болов уу.
Тиймээс ширэнгэн ойд Caruso-ын серенадаг эгшиглүүлэгч галзуу Fitzgerald бол
үзэгчийг цоо шинэ аялалд урин дуудсан Herzog өөрөө л болж байна. Энэ киноны
тухай 1982 онд "Burden of Dreams" нэртэй баримтат кино хүртэл гарсан
байдаг. Кино галзуурлын ноотоор эхэлж, үүнийгээ огт алддаггүй; Амазоны мөрнөөс
гэнэт завь гарч ирнэ, завин дээр сэгсэр үстэй Fitzgerald янхны газрын эзэн
(Claudia Cardinale) өөрийн нууц амрагтайгаа хамт гарч ирэх тэд дууриас хоцроод
байгаа нь энэ. Ингээд л бүх юм эхэлдэг; ширэнгэн ойд дуурийн театр барих аугаа
тэнэг хүсэл.
Comments
Post a Comment