Хайрт уншигчаа, би бээр өөрийнхөө хамгийн хайртай зохиолч А. П. Чеховын шилдэг жүжгүүдээс болон "6-р тасаг", "Хав дагуулсан хатагтай" зэрэг бүтээлүүдийн анализ, агуулгыг та нартаа хүргэж байсан билээ. Энэ удаа Аугаа зохиолчийн шилдэг гэж үзсэн зарим өгүүллэгийг сонгон авч тайлбарлан ярилцахыг хүслээ. Ямар бүтээлийг нь сонгох вэ гэдэг амаргүй байв. Сонгосон өгүүллэг болгоноо задлан тайлбарлахын хажуугаар ер нь Чеховын өгүүллэгүүдийн бүтэц, сэдэв, симбол ямар байдгийг та бүхэнтэйгээ хуваалцахыг зорив. Ингээд богино өгүүллэгийн мастер Чеховыг таалан болгооно уу.
"Түшмэлийн үхэл". Анализ. Эл өгүүллэг Червяковын санамсаргүйгээр өөрөөсөө өндөр цол хэргэмтэй хүн рүү найтааж, улмаар энэ алдаанаасаа болж шаналж, эцэстээ тэрээр утгагүй шаналлаасаа болж үхдэг. Генерал Бризжалов ч, уншигчид ч Червяковын найтаалт нь санамсаргүй, өчүүхэн төдий зүйл гэдгийг мэддэг хэдий ч Червяковын бодлоор энэ нь сүйрлийн шинжтэй зүйл байв. Өгүүллэгийн үйл явдалд Червяковын сэтгэл түгших нь огт шаардлагагүй (Бризжалов сайхь явдлыг огтоос хэрэгсэхгүй байхыг гуйдаг) хэмээн үзүүлдэг боловч золгүй явдал түүнийг бүрэн эзэмддэг. Тийнхүү Червяков нийгмийн ёс суртахууны талаар хэт их санаа зовсноосоо болж өөрийнхөө дэмий түгшээрийн золиос болдог. Мэдээжээр, Червяковын сэтгэл түгшсэн үндсэн шалтгаан бол өөрөөсөө дээгүүр цолтой хүн рүү найтаасан явдал буюу генерал түүний амьдрал болоод замналыг үгүй хийж чадвартай явдал юм. Өгүүллэгт, Червяков найтаасандаа арай л дэндүү ичиж байгааг дооглож байгаа боловч Червяковын энэхүү зан авирыг эхнэр нь хүртэл дагадаг. Иймд Червяковын түгшүүр нь өгүүллэгийн хөндсөн гол сэдэв болох нийгмийн анги хоорондын хэт ялгааг илтгэх бөгөөд энэ нь Чеховын шүүмжлэлийн гол бай болсон нийгмийн хатуу шатлалын тухай юм. Эцсийн эцэст, өгүүллэгийн анхдагч нөхцөл нь абсурд болно; найтаах шиг ач холбогдолгүй зүйл эцэстээ хүний амь насанд хүрч болохгүй билээ. Хүүрнэлийн хэт хэтрүүлэгтэй шинж чанар үйл явдлын илүү бодитой талыг онцлоход тусалдаг ба тухайлбал; нийгмийн доод ангийнхан чинээлэг юмуу дээд ангийнхны дэргэд дээд зэргийн соёлтой байх шаардлагатай байдаг. Үйл явдлын абсурдизм нь эцэстээ нийгэмд хадгаласан хэвээрээ байгаа дарангуй дүрмийн абсурдизмыг илчлэхэд тусалж байна. Хүүрнэгч уншигчдад үйл явдлыг дүрслэн тайлбарлахдаа өгүүллэгийн цорын ганц тохиолдол болох найтаах явдлыг л өгүүлдэг бөгөөд хүүрнэгч үйл явдлын тухай нарийвчлан мэдээлэлгүйгээр ердөө ихэнх үйл явдлыг шууд бичигдсэн байдлаар нь хүргэдэг. Найтаахыг цочирдом, үймүүлэх үзэгдэл гэж тайлбарладаг ба уншигчдад чухам юу болж байгааг хэлэхээс өмнө найтаах үйлдлийг дүрсэлсэн нь өгүүллэгт драматик мэдрэмж нэмэгдүүлэхэд тусалдаг, учир нь, хүүрнэгч "тэр таны ойлгосноор найтаасан" гэж хэлэх хүртэл уншигчид юу болж байгааг мэдэхгүй байх магадлалтай. Энэхүү драматик мэдрэмж нь ач холбогдолгүй найтаалтын ач холбогдлыг хошиноор тайлбарлах боломж олгож, Червяковын ирээдүй өөрийнх нь эсрэг хазайж байгааг харуулж байна.
"Сээхэлзүүр". Анализ. Өгүүллэгийн гол баатар цайлган, сайхан сэтгэлтэй бөгөөд "зөв сэтгэгдэл" төрүүлэхийг л боддог нэгэн юм. Зүрх сэтгэлдээ Ольга завхайрлаа урлагаар халхавчилсан нийгмийн язгууртнуудыг даган дуурайгч юм. Харин Чехов гол баатрынхаа зан чанарын хамгийн том дутагдлыг ухаантныг алдартай байх гэж андуурдаг болохыг онцолдог. Хэдийгээр Осип Дымов эхнэрийнхээ сэтгэл татам найзуудтай харьцуулахад сонирхолгүй, хөгжилгүй мэт санагдаж болох ч харамсалтай нь эхнэр нь түүний даруу байдал жинхэнэ аугаа чанар байсныг хэтэрхий хожимдож ухаардаг. Хэрэв энэ бүтээлийн хувьд энгийн бус зүйл болох ёс суртахуун байгаа бол энэ нь ухаалаг суут хүмүүс өөрсдийн давуу талаа гайхуулахгүй байх явдал болно. Жинхэнэ аугаа чанар бол бусдыг бишрүүлэх юмуу ойворгон нийтэд таалагдах албагүй болохыг бид харж байгаа ба аугаа ухаан нь өөрсдийнхөө хүслийг дагадаг хүмүүсийн оюун ухаанд оршдог ажээ. Дымов бусад хүмүүсийн сонирхлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаас түүний нээлттэй сэтгэлгээтэй, сэхээтэн хүн болохыг харуулна; Дымов эхнэртээ "Би уран зураг, дуурийг ойлгодоггүй, гэхдээ энэ нь тэдэнд дургүй, хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг биш" гэж хэлдэг. Энэхүү ухаалаг, уужуу байдал нь "дэлхий дээрх бүх зүйлс болзолт, хамааралтай, тэнэг юм" гэж дургүйцсэн байдлаар дүгнэсэн дүр эсгэгч Рябовскийн мэдэгдэлтэй эрс ялгаатай байна. Чехов өгүүллэгээ хэд хэдэн богино бүлэгт багтааж өгүүлснээр дүрүүдийнхээ бодолд шилжих боломжтой болж байна. Нэг мөчид бид Дымовыг эхнэртэйгээ уулзахаар хөдөөний замаар явж байхыг унших бол дараахан нь Ольга, Рябовский хоёрыг Ижил мөрнөөр завьтай зугаалж байхыг харах ба ийм дааралсан үзэгдлийн бүтэц нь хүүрнэлийг өргөн болгож, баатруудын хамгийн хувийн, дотоод мэдрэмжийг харах бололцоо олгоно. Энэ нь Чеховын байнга ашигладаг арга буюу Дымов эхнэрээ авахаар явж буй гэх мэт хүмүүсийн амьдралын хамгийн өчүүхэн үйл явдал ч судлахуйц чухал байдаг ба огтоос ач холбогдолгүй үйл явдал гэж байдаггүй; Чехов хүмүүсийн хоолоо идэж байгааг, үсээ яаж самнаж байгааг, тэр бүү хэл хүнийг төсөөлөхөд бодитой зураглал өгдөг ярианых нь нарийн ширийн болгоныг дүрсэлдэг. Баатруудын амьдралыг нэг бүрчилснээр тэдний зан чанарын өөр нэг талыг илчилдэг учир унших тусам тэдний мөн чанарын илүү олон давхаргууд илэрхий болдог. Чехов хүмүүсийн харилцан үйлчлэлийн цаад сэдэл, учир утгад татагддаг байсан нь тодорхой байдаг бөгөөд тэрээр эдгээрийг ямар ч шүүлтгүйгээр судалж чаддаг байв. Жишээлбэл, Ольга нөхрөө араар нь тавихаар шийдэж, нөхрөө "энгийн, эгэл" хүн гэж голохдоо Ольгагийн амьдрал гэрээсээ "алсын алсад" байгааг зохиолч тэмдэглэхдээ эл хатуу ширүүн сэтгэлийг тодотгож байгааг бид харж байна. Хэдийгээр эдгээр дүрүүдийн аль нь ч бүрэн дүүрэн биширмээр биш боловч Дымов үнэхээр оргилуун бус, сэтгэл татам бишийг үгүйсгэх аргагүй; зохиолч бодитой агаад алдаатай хүнийг бүтээхийн тулд тэднийг сул талуудыг давуу талуудтай нь хамт үзүүлдэг; энэ өгүүллэгт хэн ч буруугүй, гэхдээ хэн ч хүнлэг мэдрэмжийн мэдрэхгүй үлддэг.
"Хөөрхий хонгор минь". Анализ. Энэхүү сэтгэл хөдөлгөм бөгөөд хошин өгүүллэг нь өрөвдмөөр мөртлөө этгээд гол дүртэй байдаг нь зүйд нийцнэ. Ольга эелдэг, энхрий, хээгүй боловч түүний өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадваргүйд уншигчид бухимдах нь зайлшгүй. Тэр анхны нөхөр Кукинтэй байхдаа театрт дуртай байдаг бол хоёрдахь нөхөр Пустоваловтой байхдаа театрыг үздэггүй; тэрээр мөн амьдралыг сонирхолгүй болгодог элбэг дэлбэг байдалд сатаарахын сацуу нөхрүүдийнхээ хий дэмий үзлээс үүдэлтэй уйтгартай эргэцүүллийг хүртэл дагадаг. Тиймээс уншигчид Ольгагийн бие даасан шинжгүйд нь өрөвдөх үү, эсхүл түүний мунхаглалыг нь шоолон инээх үү гэдгээ шийдэх ёстой болж байна. Тэрээр оюун санааны хувьд бие даагаагүй шигээ сэтгэлийн хувьд ч дутагдалтай бөгөөд тэр бол эрэгтэй хүний бодол, санаа, итгэл үнэмшлийн далайд хөвөгч юм. Модны худалдаачин гэрлэнгүүтээ "амьдралын хамгийн чухал хийгээд шаардлагатай зүйл бол мод байж" гэж дүгнэдэг өвөрмөц бус эмэгтэйг гайхах болно. Үндсэндээ, Чехов энэ гол дүрээрээ эмэгтэй хүний эрх мэдлийг сул байлгах ёстой гэсэн санааг илэрхийлсэн гэж үздэг аж. Хачирхалтай нь, анти-феминист зохиолч Лев Толстой Ольгаг амиа бодоогүй эмэгтэйг илэрхийлсэн хэмээн биширч байсан байдаг аж. Эндээс бид дүрүүдийн "Хөөрхий хонгор минь" гэсэн энхрийллээр Ольгаг эзэгнэж, дорд үзэж байгааг харна. Нийгэм нийтээрээ эрэгтэй хүний оюун ухаанд захирагдахын тулд гол баатрын нурууг зөөлхөн алгадаад байгааг бид мэдрэх ба гэвч Чехов гол дүрээ зүгээр л анти-феминист баатар шиг буруушаалгаад өнгөрүүлэхийг хүсэхгүй байх шиг. Текстийг анхааралтай ажваас зохиолчийн маань гол дүрийн төрх шинж нэлээд түвэгтэй болохыг олж харна. Чехов эхлээд Ольга анхны нөхрөөсөө "гүн бөгөөд жинхэнэ мэдрэмжийг" мэдэрсэн гэж онцолсоноор Ольгаг ойлгон өрөвдөх сэтгэлийг бидэнд бий болгодог ба дараа нь тэрээр гол дүрээ олон тооны хагацлын уй гашууг даван туулж байгааг харуулдаг. Ийнхүү Ольга зовж шаналсанаасаа болж амьдрал нь сүйрсэн эмэгтэй болж бидний өмнө гарч ирнэ. Сашаг асран хүмүүжүүлсэн сэтгэл нь хүртэл бүтэлгүйтдэг буюу Саша хүү түүнийг эргүүлж хайрладаггүй; Ольга хүүгийн төлөө амиа өгөхөд (түүний төрсөн хүүхэд биш) бэлэн байхад Саша түүнээс нууцаар ичиж, сургуулийнхаа ойр хавьд ч очуулахыг хүсдэггүй. Үүний үр дүнд, уншигчид өгүүллэгийн баатард гол дүрийг өрөвдөн ойлгонгоо бухимдан уурсана: тэр маш олон удаа хайрлаж бас хайруудаа алдсан учир тэнэг байсан ч гэсэн бид түүнийг уучлахыг хүсдэг. Чеховын гол дүрийн эмэгтэйн хувьд энэ дүр ердийн бус байж болох ч энэ өгүүллэгт түүний байнга ашигладаг мотиф ажиглагддаг. Зам болон хаалган дээр "алхаар" нүдэх чимээ ахин дахин цуурайтах бөгөөд энэ алсад цуурайтах чимээ Чеховын олон бүтээлд гардаг ба дуу чимээ нь Чеховын бүтээлүүдэд чухал үүрэгтэй буюу энэ нь амьдралын иррационал, мөн хүн байгаль, хувь тавилангийн хүчийг удирдах чадваргүйг онцолж харуулдаг аж.
"Жалганд". Анализ. Золгүй явдал, хорон муу санаа дүрүүдийнх нь амьдралыг сүйтгэдэг тул эмгэнэлт явдал энэ өгүүллэгийн өгүүлэмжийг сүүдэрлэн нөмөрдөг. Грегорийн тосгон дахь болон гэр бүл доторх эрх мэдэл нь бусад хүмүүст бий болгосон айдсаас хамааралтай тул энэ нь эргээд тэдний атаархал, дургүйцлийг төрүүлж байгааг харж болно. Тэрээр харгис, харамч, шашны хоёр нүүртэн боловч бидний өрөвдөх сэтгэлийг аажмаар төрүүлдэг. Ялангуяа, Грегорийг гэрийнхэн нь хооллохоо мартаж, ганцаараа өлсөөд сууж байгааг Чехов сэтгэл өвдөм дүрсэлсэн нь бидний сэтгэлийг хөндүүрлүүлдэг. Үүний эсрэгээр, Чеховын "цайлган инээмсэглэлтэй" гэж ёгтлол дүрсэлсэн чадварлаг Аксиния Липагийн нялх хүүхдийг хөнөөсний дараа уншигчдын хувьд аймшигтай мангас болж хувирдаг. Иймд Чеховын дүрүүдэд үзүүлэх бидний хариу үйлдэл түүний өгүүлэмжийн явц ахих тусам өөрчлөгддөг; энэ нь зохиолч ёс суртахууны шүүлт хийх бус уншигчдад ёс суртахуун болоод хариуцлагын талаар өөрсдийн асуултыг тавих боломжийг олгодог. Гэсэн хэдий ч энэ өгүүллэг нь үгүйсгэх аргагүй эмгэнэлтэй ч Чеховын зохиол нь хошигнол, инээдмийн элементүүдээр баялаг юм. Зохиолч хүмүүний туршлагын хоёр талыг харуулсан буюу бидний өмнө тулгардаг өчүүхэн жижгээс асар их хүртэл асуудлуудыг танилцуулж ба түүний ихэнх дүрүүд хүмүүний хачирхалтай, эмзэг сул чанарыг үзүүлдэг. Чехов мөн их хэмжээний зүйлийг өчүүхэн жаахантай холбодог тул бид хэрхэн хүлээж авахдаа эргэлздэг. Аксиня хамгийн аюултай үедээ ч инээдтэй мэт санагддаг; түүнийг хашаан дотроо шулам шиг уурлан тонгочиж, хувцас хунараа урж тасдан байхад ч хүмүүс түүнийг "ямар гайхалтай хүүхэн бэ!" Хэмээн уулга алддаг. Үүнтэй адилаар Липа нялх үр нь нас барсны дараа сэтгэл санааны уналтад орсон ч энэ үзэгдлүүд нь хошин шинжтэй байдаг. Тэрээр хөгшин тариачингаас хүүхдийнх нь сүнс хэр удаан хугацаанд дэлхийгээр тэнүүчлэх бол хэмээн асуухад өөр нэг "боловсролтой" эр 9 хоног гэж хээв нэг хариулдаг билээ. "Жалганд" бол 1900 онд анх хэвлэгдсэн Чеховын сүүлийнхээ жилүүдэд бичсэн бүтээлийн дээр түүний хамгийн урт өгүүллэгүүдийн нэг юм. Профессор Доналд Рэйфилдийн хэлснээр энэ өгүүллэг нь "1890-ээд оны эхэн үеийн нийгмийг сайн судалсны сацуу задран унаж буй тариачдыг хэсэгчилсэн судалгаа" ажээ. Эл өгүүллэг нь "Хав дагуулсан хатагтай" зэрэг бүтээлүүдээс ялгаатай нь 20-р зууны эхэн үеийн Оросын нийгэмд үүссэн нийгмийн хурцадмал байдлыг хэрхэн гүнзгийрүүлж авч үзэж байгааг бид олж харна. Өгүүлэмжийн жигдхэн хэмнэл нь судлагдаж буй олон ан цавыг илчилдэг; атаархал, дайсагнал, шунал зэрэг нь Цыбукины гэр бүлд энэ цав үүсгэж байгаа шигээ Уклеевогийн нийгмийг хуваагдуулж байна. Зохиолч маань нэгэн зэрэг гэр бүлийн харилцан үйлчлэлийг ажиглангаа тариачид, дэлгүүрийн эзэд хийгээд үйлдвэрийн эзэд хоорондын хуваагдлын мөн чанар гэх мэт нийгмийн асуултуудыг өргөнөөр авч үздэг. Чехов мөн Аксиния, түүний нарийн бичиг Самородов хоёрын харилцааны талаар бидний хардлагыг битүүхэн төрүүлж байгаа нь энэ бүдэгхэн тодорхойлолт нь тосгон, хотын хүмүүс хоорондын хуваагдмал хурцадмал болж байгааг илтгэнэ. Чеховын суут ухаан юунд байна вэ гэвэл тэрээр эв нэгдэлгүй байх тухай сэдвийг өөрийн хэв маягтай гайхалтай хослуулсанд орших ба бид дүрүүдийн хувьсах хувь тавилан болон сэтгэл хөдлөлд төвлөрсөн шинжийг хэзээ ч мартахгүй нь лавтай. Эцсийн дүндээ өгүүллэгийн нэр "Жалганд" гэдэг бол олон хүний амьдралыг бүрхэж байгаа урхинд орох мэдрэмжийг бэлгэддэг.
"Тошлой". Анализ. Энэхүү бүтээл нь Чеховын амьдралын төгсгөл хэрд бичигдсэн бөгөөд анх 1898 онд "Бяцхан трилоги"-д номонд хэвлэгджээ. Зохиолч энэ өгүүллэгтээ өөрийн дуртай хоёр сэдвийг авч үзсэн; нийгмийн шударга бус байдал болон хүслийн эрэл хайгуул юм. Өгүүллэгт өөрсдөөсөө ядуу хүмүүсийн зовлон зүдгүүрийг үл хайхрагч газрын эздийн хоёр нүүрт байдлын тухай өгүүлдэг илэрхий харагдана. Гэвч Чехов анги давхаргын хуваагдал гэхээсээ илүүтэй нарийн жижиг асуудлуудыг хөндсөнөөр Иван хувь хүний ололт амжилт гэдэг бол хоосон утгагүй зүйл болохыг ойлгож байгааг бид харж чадах агаад амжилттай яваа хүмүүс золгүй явдлаас хамгаалагдсан гэдэгтээ итгэдэг учир тэд бодит байдлыг олж харах чадваргүй болсон байдаг гэдэгт Иван үздэг. Иван "эрт орой хэзээ нэгэн цагт амьдрал түүнд нуруугаа харуулах болно" гэдгийг ухаарч, жаргалдаа итгэл алдардаг. Чехов өгүүллэгийнхээ сүүл хэрд өргөс шиг хатгах эдгээр үгсээрээ маадгар уншигчидаа цочирдуулдаг. Амьдрал гэдэг аливаа бэрхшээл, бүтэлгүйтэлгүйгээр даван туулах ёстой зүйл үү эсхүл аз жаргалаас илүү "аугаа, илүү рационал" зүйлийг эзэмших боломжийг бидэнд олгодог уу гэдэг асуултад бид "унана". Лев Толстойн "Хүнд хичнээн газар хэрэгтэй вэ?" гэсэн философийн асуултад Чехов энэ өгүүллэгээрээ хариулах завшаан олдсон буюу Иван дүрээрээ "Өөрийн чөлөөт оюун ухааны бүхий л шинж, онцлогийг харуулж чадах орон зайтай хүн л дэлхийг хэрэн хэсэх чөлөөг шаардах ёстой" гэж хариулжээ. Иваны агуу онолыг харахад Чехов хариулт өгөхөөс илүүтэй олон асуулт гарган тавьж байгаа нь харагдана. "Тошлой"-д дүрүүдийг юу сэдэлжүүлж байгааг ойлгохын тулд уншигч өөрийн оюун ухаан, төсөөлөхийг зохиолч маань уриалж, мөн үйл явдлын цаадах учир утгыг таахыг зөвлөдөг. Гэвч энэ нь дараалсан үзэгдлүүд ба дүрүүдийг илүү бодитой мэт харагдуулдаг буюу мөн бид "бодит амьдрал" дээр хүмүүсийн үйлдлийг юу хөдөлгөдөг талаар таамаглал дэвшүүлэх хэрэгтэй болдог. Чехов уур амьсгалыг өдөөж, жинхэнэ дүр төрхийг мэдрүүлэхийн тулд өгүүлэмжийн драматик аргыг ашигладаг бөгөөд мөн энэ нь бодитоор амьдарч байсан хүмүүс гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Зохиолч маань хүмүүний оршихуйн цөхрөлийг текстийнхээ суурь дэвсгэрт хүчээр оруулдаггүй ба чухамдаа бол дүрүүд нь ердөө л махан биеэс бүрдсэн сул дорой амьтан шүү гэдгийг тодотгохын тулд ийнхүү онцолдог. Жишээлбэл, Иваны хуучин тамхны тэсэшгүй үнэр Буркиныг унтуулахгүй байгааг бид уншдаг; үүнтэй адилаар Алехин удаан хугацаанд угаагаагүй үсээ угаахад ус бор өнгөтэй болдог. Маш жижиг зүйлс ч Чеховын анхаарлын гадна үлддэггүй шиг тэрээр өчүүхэн ширхэг болгоныг сонирхдог ба хамгийн жижигхэн нарийн зүйлээр хүмүүний болоод дүрүүдийнхээ сул дорой байдлыг илэрхийлэн үзүүлэхэд ашигладаг. Чеховын бүтээлд энэ мэт нарийн ширийн жижиг зүйлсээр баялгаас гадна чухал ач холбогдолтой байдаг ч тэрээр энэ бүхнийг үнэлэхийг уншигчдад албаддаггүй. Шүүмжлэгч Морис Баринг: "Чехов өөрийнхөө энэ үйлдлийг хэзээ ч онцолдоггүй, тэр хэзээ ч үүнийг анзаараач хэмээн уншигчийнхаа тохойг нудардаггүй" гэж хэлсэн буй.
"Тал нутаг". Анализ. Чехов Оросын академиас Пушкиний нэрэмжит нэр хүндтэй шагнал хүртэж байсан 1888 онд уг өгүүллэг хэвлэгджээ. Сэдвийн хувьд өргөн, уудам энэ бүтээл нь 28 настай зохиолчийн замнал дахь том эргэлтийн цэг болжээ. Шүүмжлэгч Доналд Рэйфилд: "Чехов энэ өгүүллэгээрээ одоо үгүй болсон хөдөө нутгийн онгон байгалийг дурссан... энэ бол жинхэнэ шедевр бүтээл" хэмээжээ. Зохиолч өгүүллэгтээ хэрхэн хүрээлэн буй орчиноо чухалчилж, тал нутгийн үзэсгэлэнг дүрслэхэд төвлөрч байгааг уншигчид харна. Магтаалын хажуугаар зохиолч тал нутгийн уйтгартай, дарамттай халууныг илэрхийлэхээс буцдаггүй. "Сэтгэлээр унасан тал 7-р сарын туйлдсан төрхөө өмсөж эхлэв" гэх мэт бага зэргийн хошигнол тал нутгийн ширүүн агаад яруу найраглаг чанарын олон өгүүлэмжтэй байдаг. Энэхүү Чеховын залуу насныхаа тал нутагт зориулсан дуулал нь хожим Өрнөдийн аж үйлдвэрчлэлийн арми хөгжсөн нутаг дэвсгэрийн сүр жавхлантай нийцдэг. Уншигч энэ өгүүллийн өргөн цар хүрээнд гайхаж бас сүрддэг бөгөөд энэ нь дүрүүдийг бүхэлд нь агшаадаггүй юмаа гэхэд тэдний оролцоог өчүүхэн болгодог. Залуу Егорушка шиг бид ч бас хөдөө нутагт нүдээ бэлчээхийн тулд насанд хүрсэн дүрүүдийн боловсролын тухай номнололыг хайхрахгүй байх ёстой болдог. Чехов гол баатардаа хүүхэд ашигласан нь тал нутгийн сүр жавхланд үзүүлэх бидний хариу үйлдлийг улам бүр нэмэгдүүлдэг. Егорушкагийн дүрслэл нь эгдүүтэй гэнэн цайлган буюу эмээгээ оршуулчихаад "тэр зүгээр л унтсан" гэж ярихаас авхуулаад туршлагагүй, энгийн байгаагаараа уншигчийн хайрыг татах нь дамжиггүй. Зохиолч өгүүллэгийнхээ өнгө аясыг алгуурхан өөрчилдөг; нэг мөчид бид жаал хүүгийн тариачны загасны шөл ууж байгааг сонсох бол дараагийн удаад нэр нь үл мэдэгдэх хүүрнэгчийн хамтаар бид "ганцаардлын мэдрэмжийг" гайхаж, ододоор дүүрэн тэнгэрийг ширтэж буй мэт мэдрэмжийг мэдэрдэг билээ. Уншигчид Егорушкагийн сэтгэл түгшсэн аймшигт шуурга, дуусашгүй тал зам, хачин, жигтэй дуу чимээний дүрслэлээр дамжуулан тал нутгийн харийн мэт хүчийг мэдэрдэг. Гэхдээ мөн тал нутагт нам гүм байх агаад хааяа нэг шувуудын дуугарах чимээ ч хатсан газар дээрх "зогсонги байдалд" амь оруулж чадахгүй. Зохиолч тал нутгийн цаглашгүйг өгүүлэхийн тулд эрчтэй дараалсан үзэгдлүүдтэй нам гүмийг хэрхэн холбосон нь илэрхий болов уу. Түүнчлэн туслах дүрүүд болох эелдэг санваартан, хээнцэр гүнгийн ахайтан, садист тэрэгний жолооч Дымов зэрэг олон дүр бидний анхаарлыг тал нутгаас хөндийрүүлж үл чадна. Чехов зориуд тэгээгүй нь мэдээж; тэр ерөнхий бүтцээ онцлохын тулд үйл явдлыг бууруулж байгаа бололтой. Кузымичов Варламовыг хайж байсан, дэн буудалд гүнгийн ахайтан учир битүүлгээр гарч ирсэн гэх мэт олон хэсгүүдийг шүүмжлэгч Доналд Рэйфилд онцлон тэмдэглэсэн бөгөөд эдгээр нь текстийн төв анхааралд байгаа хоёрдогч үйл явдлууд аж. Эцэст нь, бид хязгааргүй байгаль ертөнцийн тухай Чеховын өгүүллэгийн гэрч болж байна; тал нутгийн эсрэг хүмүүний амьдрал гэдэг хэсэгчилсэн, зуурдын үзэгдэл мэт санагдана.
ӨВЧИН ЭМГЭГ БА ҮХЭЛ: Чеховын өгүүллэгүүдэд өвчин ихээхэн хэмжээгээр агуулагддаг ба түүний гол баатрууд эмгэнэлтэй байдлаар өвдөж эсхүл цаг бусаар үхдэг. Зохиолч нас биед хүрсэн амьдралынхаа ихэнх хугацааг сүрьеэ өвчинөөр зовж, 44 насандаа энэ өвчнөөсөө болж нас барсан тул биеийн сул дорой байдалд автаж байсан нь гайхах зүйл биш болов уу. "Сээхэлзүүр" өгүүллэгт өвчин нь тухайн дүрийн сэтгэл зүйн хямрал гэдгээрээ бие махбодийг нь илэрхийлдэг. "Сээхэлзүүр"-д Осип эхнэрийнхээ урвасанд сэтгэлээр унаж өвддөг. Гэхдээ зохиолч энэ сэдвийг ахин дахин ашиглахдаа эмгэг судлал юмуу өөрийгөө өрөвдөх байдлаар авч үздэггүй; Чехов хүн хүслээсээ илүү аугаа зүйл болох тус дэмд захирагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэрээр "6-р тасаг" зэрэг өгүүллэгүүддээ Рагин гэх мэт үхэж буй дүрүүдийнхээ бэлгэдлийн хүчийг ашиглан амьдрал богинохон шигээ хүн төрөлхтний хувь тавилан тус дэмийн хүсэлд захирагддаг гэдгийг онцолжээ. Чехов мөн өвчнийг нийгмийн доройтлын тусгал гэж үздэг бөгөөд Чехов үүгээрээ өвчнийг хувь хүний сул доройн шинж хийгээд нийгэм дэх зөрчилдөөн болгон авч үздэг.
ИТГЭЛ АЛДАЛТ БА БҮТЭЛГҮЙТСЭН САНААНУУД. Чеховын өгүүллэгүүдэд олон төрлийн урам хугаралт, бүтэлгүйтсэн идеаг авч үздэг. Ихэнхдээ гол баатрууд өөрсдийнхөө хувийн философи, ертөнцийн талаар ойлголтоо дахин дүгнэхэд хүргэсэн урам хугарам үйл явдлуудтай тулгардаг ба энэ итгэл алдалт голдуу өгүүллэгийн төгсгөлд болдог. Иймэрхүү оргил мөч жишээлбэл, "6-р тасаг" бүтээлд Рагин мэдрэлийн хямралтай болсноос болж галзуугийн эмнэлэгт хоригдож байгаагаас харагддаг. Тэгвэл "Хөөрхий хонгор минь" өгүүллэгийн баатар мөрөөдөл нь замхарч, ганцаардаж,, романтик харилцаагаа алдаж байгаа ч зэрэг асуудлуудтай тулгарч байгаа боловч энэ дүрүүд нь ертөнцийг үзэх харах өнцгөө хэзээ ч үндсээр нь өөрчилдөггүй. Чеховын өгүүллэгүүд илчлэх мөч юмуу анти-оргил үе дээрээ төгсөж байгааг бид харж байна (ийм төгсгөлийг тэг төгсгөлт гэдэг). Чеховын баатрууд ертөнцөд итгэл алдарсан мэдрэмжиндээ дийлдсэн байдаг эсхүл илүү дээр ирээдүй ирнэ гэдэгт найдаж байдаг.
ЯЗГУУРТНЫ НИЙГЭМЛЭГИЙН ЗАДРАЛ: 1861 онд Чеховыг нэг настай байхад хоёрдугаар Александр Хаан Оросын хамжлагуудыг чөлөөлжээ. Хэдэн бодит амьдрал дээр тариачид ядуу, эрх мэдэлгүй, газартай холбоотой байсан ч энэ явдлаар шинэ эриний эхлэлийг зарлаж, язгууртнуудын эрх ямба уналтад орсныг тунхагласан аж. Олон сэхээтнүүд эрх чөлөө, нийгмийн бүх давхарга боловсрол эзэмших эрхийн тухай санал хэлэлцэж эхэлсэн бөгөөд Чехов хуучин нийгмийн дэг журам нуран унасан талаар нээлттэй таамаглал дэвшүүлээгүй боловч мэтгэлцээнд автсан байсан нь түүний бүтээлээс харагдаж байна. Түүний олон бүтээлд гэр бүл хийгээд нийгмийн шатлал дахь өөрчлөлтийн нөлөөг судалдаг; гэхдээ Чехов өөрчлөлтийг маш нарийвчлан авч үздэг юм. Ихэнх тохиолдолд, түүхэн гэрч болсон хүнд хувьсгалууд нь эерэг юмуу сөрөг байдаггүй; эдгээр нь ердөө л тогтсон системийн өөрчлөлт юм. "Жалганд" өгүүллэгт Цыбукин эрх мэдэл, гэр бүлийн бизнесээ зальтай бэрдээ алдаж, бүр хөөгддөг. Үүнтэй төстэйгөөр "6-р тасаг"-д эмч байсан Рагин өөрөө галзуугийн эмнэлэгт хоригдож байгаа нь тариачид төдийгүй мэргэжлийн хүмүүс ч нийгмийн дарамт хавчилтад өртөж болохыг харуулж байна. Иймд Чехов ихэнх өгүүллэгээрээ ёс суртахууны хоёрдмол шинжтэй хуучин нийгмийн дэг журмыг задлан үзүүлдэг.
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ БА ҮЛ ОЙЛГОЛЦОЛ. Чеховын өгүүллэгүүдэд харилцан ойлголцол, үүний эсрэг шинж чухал ач холбогдолтой байдаг. Зохиолч нийгмийн янз бүрийн анги давхаргын хүмүүсийн хоорондын харилцааны цар хүрээ хийгээд эдгээр хүмүүсийн нийгэмд эзлэх тэгш бус байдлыг анхааран авч үздэг. Зарим дүрүүд энэ асуудлыг хэлэлцэхийг тулд ашиг тустай алхам хийдэг; тухайлбал, "Тошлой"-д Иван тариачид болон газар эзэмшигчдийн хооронд харилцан ойлголцлын суваг нээхийг хүсдэг. Харин "Жалганд" өгүүллэгт бидний харж байгаачлан ийм суваг байдаггүй эсхүл байсан нь хялбархан задран унадаг. Ихэнх дүрүүд бие биенийхээ үзлийг ойлгодоггүй; жишээлбэл, "6-р тасаг"-д Рагин өөрийнхөө үзэл санааг авъяаслаг ч галзуу Громовтой хуваалцахыг туйлаас хүсч байгааг бид хардаг ба харин Громов түүний санааг "рационал" хэмээгээд илэн далангүйгээр үгүйсгэдэг билээ. "Хөөрхөн хонгор минь"-д Ольга өөрийн үзлээ илэрхийлж чаддаггүй байхад "Хав дагуулсан хатагтай" өгүүллэгт Гуров найзууд болоод эхнэртэйгээ харилцан ойлголцож чадахгүй байгаагаа олж мэддэг. Ерөнхий Чеховын дүрүүд ойлголцохыг эрэлхийлдэг хэдий ч харилцах чадваргүй юмуу харилцах дургүй байдаг.
БАЙГАЛЬ ЕРТӨНЦ. "Тал нутаг" зэрэг олон өгүүллэгийн үйл явдал Оросын хөдөө нутагт өрнөж, зохиолч газар нутгийн үзэмжтэй сайханд төвлөрдөг. Чехов дүрүүдээ газар нутагтай харилцаанд оруулах сонирхолтой байдаг нь илэрхий буюу энэ нь дүрүүдийн нийгмийн байр сууриас хамааран өөрчлөгддөг, эсхүл өөрчлөгддөггүй хандлагатай байдаг. Тариачид өдрийн талхныхаа төлөө цуцалтгүй ажиллаж байхад дээд давхаргынхны зарим нь зүгээр л сандал дээр суугаад байгалийн үзэмжийг бишрэн байдаг агаад ихэнх Чеховын язгууртан дүрүүд олон төрлийн зэрлэг амьтад, ургамал хийгээд хүрээлэн буй орчиноо хараад гайхширах маягтай байдаг. Жишээлбэл, "Тал нутаг" өгүүллэгт бяцхан Егорушка уудам тал газрыг хараад уулга алдаж байхад "Хав дагуулсан хатагтай"-д Гуров Ялтад үзэсгэлэнтэй далайг хараад биширдэг. Байгаль нь, Чеховын баатруудад айдас, гайхшрал эсхүл таагүй мэдрэмжийг байнга төрүүлдэг; ихэнхдээ Чеховын ландшафтын талаарх импрессионист зураглал түүний үйл явдлыг дагалдаж байдаг. Тэр дундаа "Тал нутаг" өгүүллэгт гол төвлөрч байгаа зүйл бол үйл явдлыг бус орчин нөхцлийг дүрсэлж байгааг бид харж байна.
ХООЛ
УНД. Чеховын дүрүүдийн хувцас хунар, гэр оронтой нь зэрэгцээд идэж ууж байгаа
зүйлс нь тэдний хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг.
"Жалганд" өгүүллэгт Цыбукины гэр бүл өөрсдөө гэртээ жимсний чанамал
хийж, өдөрт дөрвөн удаа элбэг дэлбэг хооллож байхад тариачид өлсөж байдаг.
Тиймээс бид Чеховын бүтээлүүдэд хоол хүнс нь симболик чанартайгаас гадна
практик ач холбогдолтой болохыг харж байна. Хоол хүнс нь хөрөнгө чинээ хийгээд
анги давхаргын харъяаллыг тэмдэглэж байгаагийн хувьд уншигчдад дүрүүдийн
нийгмийн байр суурьтай холбоотой мэдээллийг өгч байна. ШӨНИЙН ТЭНГЭР. Чеховын
олон бүтээлд гарах сансар огторгуйн бэлгэдлийн чухал ач холбогдолтой байдаг.
"Жалганд" өгүүллэгт, Липа сар болон оддыг хараад энэ бүхэн бол
байгалийн хүмүүнийг хайхардаггүй гэсэн симбол гэж боддог. Шөнийн тэнгэрийг
дүрүүд өөрсдөдөө тохирсон ач холбогдолтойгоор авч үздэг төдийгүй энэ нь цөхрөл
юмуу бишрэлийн хүч болдог.
Comments
Post a Comment