Амьгүй албатууд

 


"Амьгүй албатууд". Украин гаралтай Оросын аугаа зохиолч Николай Гоголийн 1842 онд анх хэвлүүлсэн уг романыг 19-р зууны Оросын уран зохиолын сонгодог жишээ гэж үздэг. Уг бүтээлд Павел Иванович Чичиковын аялал болоод түүнтэй учирсан хүмүүсийн адал явдлын тухай өгүүлдэг. Эдгээр дүрүүдээр тухайн цаг үеийн дундаж язгууртнуудын дүр төрхийг тодорхойлжээ. Гоголь өөрийн бүтээлээ "үргэлжилсэн үгийн туульсын зохиол" гэж үзэж байсан ба мөн номон дотроо "энэ бол найраглаж бичсэн роман" гэж тодорхойлсон байдаг. Гоголь эл романаа гурван боть бүтээлийнхээ эхний хэсэг нь байхаар зорьж байсан боловч тэрээр нас барахынхаа өмнөхөн хоёрдугаар хэсгийн гар бичмэлээ шатаасан харамсалтай явдал болжээ. Хэдийгээр роман өгүүлбэрийн дундуур дуусчихдаг ч зарим судлаачид үүнийг одоо хүртэл бүрэн гүйцэд бүтээл гэж үздэг. НЭРНИЙ ТУХАЙД; Анхны нэр нь "Чичиковын тэнүүчлэл буюу амьгүй албатууд" нэртэй байв. Оросын эзэнт гүрэн 1861 онд хамжлагуудыг чөлөөлөхөөс өмнө газрын эзэд газар тариалангаа эрхлэхийн төлөө хамжлагуудыг эзэмших эрхтэй байсан агаад хамжлагууд нь бусад эд хөрөнгийн нэгэн адилаар худалдаж авах, зарах, барьцаалах боломжтой гэдгээрээ газрын эздийн өмч гэж тооцогддог байв. Англиар энэ романыг "Dead souls' гэж орчуулсан; энэ soul гэдэг үгийг сэтгэл юмуу хүн гэж орчуулсан бололтой. Романы үйл явдал үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн "амьгүй албатууд", өөрөөр хэлбэл үхсэн хамжлагууд дээр тулгуурладаг. Өөр түвшинд энэ нэр нь Гоголийн дүрүүдийн "үхсэн сэтгэлийг" хэлдэг бөгөөд эдгээр дүрүүд бүгдээрээ пошлостын (энэ нь оросоор бүдүүлэг, сонирхолгүй, ёс суртахуун ба сэтгэлийн хувьд дүр эсгэгч гэсэн утгатай) янз бүрийн аспектыг илэрхийлдэг. Мөн энэ бүтээлийг тухайн үеийн Оросын уран зохиолд байгаагүй уран зохиолын төрөл болох пикареск (адал явдалт) роман гэж тодорхойлдог. 

ОРШИЛ БА БҮТЭЦ: 20-р зууны эхэн үеийн шүүмжлэгчид эл романыг Дантегийн "Тэнгэрлэг туульс"-ийн "Там" бүтээлээс санаа авсан байж болохуйц элементүүдийг агуулж байна гэж үзэж байсан ч өнөөдөр судлаачдын дунд энэ санаа үлэмж багассан аж. "Гоголь Францын амжилтгүй түрэмгийллийн дараа Орос дахь нийгмийн системийн хувьд хүндрэлтэй байдалд орсон дүр зургийг уншигчдад дэлгэн үзүүлсэн. Гоголийн олон богино өгүүллэгийн нэгэн адилаар энэхүү романд абсурд болоод хошигнолоор дамжуулан нийгмийг шүүмжилдэг" хэмээх шүүмжлэгчид бичжээ. Гэвч богино өгүүллэгүүдээс ялгаатай нь "Амьгүй албатууд" нь асуудлыг заагаад өнгөрөх бус шийдлийг хэлж өгөх зорилготой байжээ. Энэ аугаа төлөвлөгөө нь их зохиолчийн үхлийн улмаас хэрэгжээгүй; энэ бүтээл огт дуусаагүй ба бид энэ романыг хар бараан хэсэг давамгайлсан эхлэл хэсгээр нь юун түрүүнд дурсдаг билээ. Андрей Белый, Д. С. Мирский, Владимир Набоков зэрэг Оросын уран зохиолын нэрт хүмүүс болоод илүү орчин үеийн шүүмжлэгчид Гоголийг судлахдаа "Амьгүй албатууд" романыг реформист юмуу егөөдөлт бүтээл гэж үздэг нийтлэг үзлийг үгүйсгэсэн. Жишээлбэл Набоков уг романы үйл явдлыг чухал биш гэж үзээд Гоголь бол уран бүтээл нь иррационал хилийн дагуу байрласан, улиг болсон аргаас татгалзахдаа хүчтэй дүрслэлийг үргэлжилсэн үгийн хэв маягтай хослуулсан аугаа зохиолч юм гэсэн байдаг. Чичиков этгээд ёс суртахууны ялзралыг харуулсан нь үнэн, гэвч амьгүй албатуудыг худалдаж аваад зарах санаа нь нүүрэн талдаа Набоковын хувьд хөгтэй явдал байжээ. Түүнчлэн романы хөдөө нутгийн дүр төрх нь уг бүтээлийг реформист, дэвшилтэт эсхүл Христийн шашинтин уншихад хамгийн тохиромжгүй дэвсгэр болно. Чичиков хөдөө нутгийн нийслэлийн хавь орчимд амьдардаг газрын эздийн эдлэнд зочилж байгааг бид дагадаг буюу роман дугираг бүтэцтэй. Гоголь "Тэнгэрлэг туульс" болон "Одиссей" бүтээлүүдтэй төстэй ном бичихийг эрмэлзэж байсан ч ихэнх шүүмжлэгчид "Амьгүй албатууд-ын бүтцийг 16-17-р зууны пикареск романуудаас гаргаж авсан гэж үздэг буюу энэ нь зарим талаараа салангид дараалсан үзэгдлүүдэд хуваагдсан ба үйл явдал нь оригинал пикареск луйварчин баатарыг арай зөөллөсөн хувилбар гэж дүгнэжээ. Оросын шүүмжлэгч Константин Аксаков бол Гоголь, Хомер хоёрын бүтээлүүдийн нарийвчилсан харьцуулалтыг анх гаргаж ирсэн хүн юм. "Гоголийн туульс нь эртний Хомерийн туульсыг сэргээдэг; уран сайхны ололт хийгээд үлэмж цар хүрээгээр нь та дүрийн ач холбогдлыг таних болно. Нэг зүйлийг нөгөөтэй нь харьцуулахдаа Гоголь сэдэв дотроо өөрийгөө алдаж, харьцуулах шалтгаан болсон мөчийг хэсэг хугацаанд орхиж, сэдэв барагдах хүртэл тэр энэ тухай өгүүлдэг" гэж Константин Аксаков хэлжээ. Набоков мөн Гоголийн харьцуулалт ба хазайлтын ээдрээт абсурд техник бол Хомер маягийн суурьтай байсныг онцлох тэмдэглэжээ. 

ҮНДСЭН СЭДЭВ. ОРОСЫН ИРЭЭДҮЙ. Тиймээ, Оросын ирээдүй бол романы үндсэн сэдэв юм. Хүүрнэгч нь Орост тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг тухай байнга дурддаг ба романы төгсгөл хэрд эдгээр асуудлуудыг шийдвэрлэх боломжит аргуудыг санал болгох маягтай байдаг. Төрөл бүрийн газрын эздийг Гоголь хөрөглөхдөө эдгээр дүрүүд нь мөнгөнд автсан, хамжлагууддаа хүнлэг бусаар ханддаг зэрэг нийгмийн өргөн бөгөөд гүнзгий асуудлыг илчилдэг. Ийм дүрүүдийн ёс суртахууны ялзралаас болж Оросын нийгэм сүйдэж буйг хүүрнэгч тодорхой харуулдаг. Романы хоёрдугаар хэсэгт буюу романы төгсгөлд Чичиков арга барилаа өөрчилж, Орос орноо бүхэлд нь сайжруулахын төлөө ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг; Орос улс зөвхөн ашиг хонжоо, санхүү мөнгө гэдгээ болиод энэрэнгүй сэтгэл рүү чиглэсэн үнэт зүйлстэй болох шаардлагатай гэж Гоголь үзэж байна. БООЛЧЛОЛ. Чичиковын бүхий л эрэл хайгуул түүний "амьгүй албатууд" буюу янз бүрийн нас барсан хамжлагуудын нэрийг худалдаж авахад төвлөрдөг учраас боолчлол, өөрөөр хэлбэл хамжлагууд бол романы гол сэдэв юм. Романд газрын эзэд хамжлагуудад нэр хоч өгөн доромжилж, бие махбодод нь хүчирхийлэл үйлдэхээр заналхийлж байгаа олонтаа харагдана. Нэрсийн жагсаалт нь хамжлагуудыг шууд утгаараа мөнгө олох хэрэгсэл болгон дорд оруулж байна. Чичиков ба газрын эзэд хамжлагуудын тухай юу ч биш юм шиг ярьж байгаа нь тэднийг эд юмс мэт үзэж, улмаар тухайн нийгмийн бурангуй шинжийг харуулна. Энэ романд хамжлагууд ямар ч эрх чөлөөгүй бас эрх мэдэлгүй ба Чичиковын цуглуулсан "амьгүй албатууд" шиг ердөө данс тооцоо л ажээ. 

ДАСАН ЗОХИЦОЛ. Дасан зохицлыг чадвар романы бас нэгэн чухал сэдэв болой. Бага балчиртаа Чичиков багш, даргадаа таалагдахын тулд бүхнийг хийх ёстой гэсэн сургааль үгийг ааваасаа сонсож сурсны буянаар алгуурхан ч амжилттай анги давхаргаар дэвшдэг. Гайхалтай зусарч тэрээр багш нарынхаа хайрыг татдаг ба тэрээр очсон газрынхаа газрын эзэд хийгээд нөлөө бүхий хүмүүст сайшаагадахын төлөө романы туршид аавынхаа зааж өгсөн тактикийг овтой ашигладаг. Ёс суртахууны луужингүй Чичиков ямар ч нөхцөлд дасан зохицоод зогсохгүй хүчирхэг хүмүүсийн ивээлд багтаж чаддаг зальт  агаад Чичиков тэдний сонирхосон сэдвээр ярьж чаддаг, хүссэнийхээ араас хэнийг ч яаж ч магтаж чаддаг бэртэгчин юм. ТУУРВИХУЙН ЗОРИЛТ. Хүүрнэгч өөрийнхөө өгүүлэмжийн талаар байнга тайлбар хийдэг. Чичиков гол баатар байхаар сонголт биш гэж ахин дахин онцлон хэлдэг. Чичиков ихэнх зохиомол баатрууд шиг ёс суртахуунтай, сэтгэл татам хүн биш гэж хүүрнэгч хэлдэг бөгөөд романы сүүл хэрд тэрээр Оросын нийгэм болоод хүмүүний амьдралын бэрхшээлтэй, түвэгтэй талыг судлахын тулд зориуд Чичиковын тухай бичихээр сонгосон гэж тайлбарладаг. Хэрвээ гол баатар нь үзэсгэлэнтэй юмуу сонгосон сэдэв нь дур татам байвал бодит асуудал, зөрчилдөөнийг судлахад саад болдог гэж зохиолч үзэж байна. ШУНАЛ. Шунал нь романы бас нэгэн гол сэдэв юм. Харамч Плюшкин аль болох их мөнгө хэмнэж, охиндоо санхүүгийн тусламж үзүүлэхээс ч хүртэл татгалзаж байна. Тэр мөнгөө үрдэггүй, зээлүүлдэггүй, мөн хандивладаггүй, зөвхөн өөртөө хуримтлуулаад л байдаг. Үүнтэй адилаар Чичиков зөвхөн мөнгө л сонирходог, учир нь тэр мөнгө бол нийгмийн шатаар өгсөх арга зам гэж үздэг. Чичиков болон бусад дүрүүд мөнгийг ердөө амь зуух хэрагсэл гэж үздэггүй; харин тэд мөнгийг соёлын эрх мэдлийн шинж тэмдэг гэж үздэг ба Оросын нийгэмд сайн байр суурь олж авахын тулд мөнгө цуглуулдаг. Тэд мөнгөнд ёс суртахууны үнэ өгсөн учраас шуналтай байдаг. 

ХҮНД СУРТАЛ. Хүнд суртлын сэдэв нь романы туршид илэрхий харагддаг. Янз бүрийн цаг үед хүүрнэгч адиваа ажил хэрэг ховорхон бүтэж байгааг онцлон тэмдэглэдэг. Хүүрнэгч үүнийг Чичиков төрийн албанд очоод янз бүрийн хэлтэс рүү илгээгдэж, эцэст нь нэг албан тушаалтанд авилга өгснөөр ажил нь бүтэхээр болж байгаагаар харуулдаг. Орос улсыг үр ашиггүй албан тушаалтнууд хийгээд авилгал хэрхэн туйлдуулан зовоож байгааг харуулахын тулд романд энэ сэдэв хүчтэй илэрдэг. ХОВ ЖИВ. Бас л уг романы салшгүй хэсэг бол хов жив юм. Чичиков хотод ирээд зусар бялдууч үгээрээ хүмүүсийн хайр талархлыг дорхноо хүлээдэг. Дараа нь газрын эзэдтэй хэд хэдэн гэрээ хийсэн нь хүмүүст өөрийгөө чинээлэг хүн шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хүмүүс түүнийг амьгүй албатууд худалдаж авсныг дуулаад олон нийтийн санаа бодол хурдацтай өөрчлөгддөг билээ. Тэд түүнээс аажмаар болгоомжилж, хотын даргын охиныг хулгайлах гэж байгаа гэсэн хов хүртэл хотоор нэг тархдаг билээ. Энэ яриа газар авч, Чичиков гадуурхагдаж эхэлдэг ба улмаар явахаас өөр аргагүй болж байна. Тэд анхнаасаа түүний буруу ойлгож, алдаатай хүлээж авсан, Чичиков сайн хүн ч биш, муу хүн ч биш буюу Гоголь хов жив хэрхэн дэгддэгийг ийм аргаар үзүүлжээ.

Comments