Dust In The Wind (1986) . Тайванийн нэрт кино урлаач Hou Hsiao-hsien-ын энэхүү насанд хүрэх явцыг харуулсан драм нь киноны зохиолд хамтран ажилласан Wu Nien-jen-ын амьдралаас сэдэвлэгдсэн бөгөөд эл кино нь "A City of Sadness", "The Puppetmaster" кинонуудын хамтаар насанд хүрэх явцын талаарх трилоги болдог. Тайванийн уул уурхай дагасан хөдөөний амьдралыг эргэн носталжиа маягаар гайхалтай дүрсэлсэн шүүмжлэгчид Hou Hsiao-hsien-г магтдаг. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Тайванийн хойд хэсэгт орших уулархаг нутгийн Жижфэн хотод хар нялхаасаа үерхэсэн дөнгөж амьдралд орж буй насны залуу, охин хоёр гэр бүлүүдийн хамтаар амьдрах ба тэдний аавууд бол уурхайн ажилчид юм. Тэд өдөр бүр галт тэргээр сургуульдаа хамт явж, гэр рүүгээ харихаар толгод өөд хамтдаа алхана. Залуу сургуулиа төгсөөд Тайпей явж хэвлэа үйлдвэрт ажиллах ба жилийн дараа охин Тайпей явж оёдлын цехэд ажиллана. Тэд их хотын амьдралд дасах амаргүй байна; залуу хөл дүүжлэх ганц унаа мотоциклоо хулгайд алдахад охин гэрээ санан гиюүрэх. Удсангүй залууг армид татчихна.
Залуугийн дүрд тоглосон Wang Chien-wen нь Хятадын соёлын Их Сургуулийн Театрын урлагийн тэнхимийг төгсөх гэж байхдаа уг кинонд тоглосон ба энэ бол түүний цор ганц дүр бүтээлт байсан буюу тэрээр 2014 онд нас баржээ. Кино 1970-аад оны Тайванийн хотжилтын үеийг харуулсан, энэ үед олон залуус ажил хайж тосгоноо орхиж хот зүглэж байлаа. Энэ кино зарим талаараа ажлын байран дахь хүчирхийллийг харуулсан гэж үздэгээс гадна уурхайчид ба уул уурхайн компанийн хоорондын сөргөлдөөн, компаниудын мөжлөгийг дүрсэлдэг. Охины Тайпейд ирээд ажиллаж байсан оёдлын газар нь одоо Red House нэртэй театр болсон байдаг аж. Мөн залуугийн армид өнгөрүүлж буй хэсгийг авахад багагүй асуудал үүссэн буюу жинхэнэ армид энэ зургийг авахад цэргүүдэд охины урвагч шинж чанар муу нөлөө үзүүлэн гэж эрх мэдэлтэнгүүд үзсэн учир зураг авалтыг өөр газарт авчээ. Алтны уурхайтай гэдгээрээ л танигдсан Жиуфэн хот Hou Hsiao-hsien-ын "A City of Sadness" болоод энэ киноны ачаар жуулчлалын алдартай хот болсон ч Hou Hsiao-hsien энэ жижиг хотыг киногоороо сүйтгэсэн гэж үзэж харамсдаг ажээ. Энэ киноноосоо өмнө Hou Hsiao-hsien сайн найруулагч байсан бол энэ киногоороо албан ёсоор кино урлаач гэж үнэлэгдэх болсон гэдэг. Залуу насны хайрыг тэрээр газарзүйн байрлал, цаг хугацааны өөрчлөлтөөр буулгасан. Амьдралаа сайжруулна гэж аялалд гарсан залуу асуудал хаана ч байдгийг ухаарахдаа мөн бардам, зөрүүд зангаасаа болж анхны хайраа алдсанаа гэнэт ойлгодог.
Найруулагч
энэ кинонд минимализм чиглэлд явсан буюу киноны үйл явдалд тайлбар маш бага;
сцэнүүд байршил, цаг хугацааг түвэггүйгээр эхэлж бас төгсдөг ба долоо хоног,
сар, жил ганц монтажаар л өнгөрчихдөг. Дүрүүдийн сэдэл бараг тайлбаргүй, чухал
мэт өгүүлэмжийн талаарх мэдээлэл бараг гардаггүй. Кино бүтээхийн амин чухал нь
хүүрнэж, тайлбарлахдаа бус ганцаардал, хагацал, романс, айдас, шаналал,
дурсагдахыг мэдрүүлэхэд оршдогийг энэ кино үлгэрлэнэ. Киноны хосууд болох
залуу, охин хоёр бараг ярилцахгүй, огт үнсэлцэхгүй, хүрэлцэх ч үгүй; энэ бол
кино урлаг дахь хамгийн хачирхалтай романтик харилцаа болов уу. Гэвч тэдний
дунд тодорхой холбоо байдаг, тухайлбал; охин өөр залуустай пиводоход залуу
хардаж уурлахад охин ёжтой инээгээд найзынх нь хажууд цамцаа тайлдаг (дотуураа
майктай) нь зэвүүн. Гэхдээ энэ харилцаа бол тэд хамтдаа өссөн, багаасаа
үерхэсэн, гэр бүлүүд нь тэднийг гэрлэнэ гэж таамаглаж байсныг харуулах ч тэд
аажмаар бие биедээ таалагдахаа больж, өөр хоорондоо тохирохгүй хүмүүс болохоо
ухаарсныг кино харуулна. Кинонд ганц хоёр сюрреал хэсэг бий; залуу өвдөөд
байхдаа өөрийг нь бөө домнож байна гэж төсөөлөн хардаг, мөн өвөө өвчтэй болсноо
аав нь түүнд буруу нэр өгсөнтэй холбон ярьдаг ба Hou Hsiao-hsien-ын сюрреализм
руу хандсан анхны дайралт байсан гэж үздэг. Хөдөөний амьдрал цэвэр, сайн, хотын
амьдрал ялзарсан гэдэг ойлголт энэ кинонд үйлчлэхгүй. Залуу, охин хоёр хамтдаа
хот явснаар салсан ч тэд өөрсдийгөө олсон, тэд хөдөөнөө хамт үлдсэн бол
гэрлэж, хүүхэдтэй болох байсан байх, гэхдээ тэд хэзээ ч "орчин үежихгүй",
нээгдэхгүй, томрохгүй байсан болов уу. Анхны хайр хэзээ ч бүтдэггүй, та юу хийж
чадах вэ гэж үү? хар шуурганы өөдөөс хэн юу хийж чадах билээ?
Comments
Post a Comment