An Angel at My Table (1990) . Janet Frame хэмээх Шинэ Зеландын зохиолч эмэгтэйн тухай мөн Шинэ Зеландын кино найруулагч Jane Campion намтарчилсан драм кино бүтээсэн нь Шинэ Зеландынхаа хамаг шагналыг түүгээд зогсохгүй Венецийн кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Кино Janet-ын намтарчилсан 3 зохиолоос сэдэвлэсэн бөгөөд түүний амьдралын эхний 40 орчим жилийг үзүүлдэг. Гол дүрд 3 жүжигчин тоглосон буюу Janet-ын хүүхэд насыг Alexia Keogh, өсвөр насыг Karen Fergusson, насанд хүрсэн явцыг Kerry Fox нар хөрөглөсөн.
Энэ кино нь сэтгэл, хөдлөл, харилцаа холбоогоор асар их баялаг ба нууцлаг, ой санамжийн хувийн хүчээр цуурайтаагүй кадр энэ кинонд бараг үгүй. Рационал сэтгэлгээ, цэвэр сэтгэл хөдлөлийн хооронд оршдог хувийн мухар сүсэг хийгээд иррационал итгэл үнэмшлийн суурь үндэс рүү Jane Campion шиг ул суурьтай "аялсан" найруулагч ховор байдаг. Campion тодорхой мэдрэмжийг дүрслэхдээ төдийлөн санаа зовдоггүй, харин бидний өдөр тутмын амьдралаа даван туулах гарын авлага болгон өөрсдөдөө зориулж бий болгосон хачирхалтай дүрэм журам, өвөрмөц холбоог цочроом гаргаж ирсэн; энэ бол кино бүтээхүйн хамгийн дээд цэгт хүрсэн кино юм. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 427-р байрт эрэмбэлээд байгаа бол BBC эмэгтэй хүний найруулсан хамгийн шилдэг 100 кино шалгаруулах санал асуулга явуулахад уг кино 47-р байрт жагссан. "Энэ бол жижиг зүйлсээс ид шидийг олж авдаг; бараг бүх кадр нь хурц тод байдлаараа урлагийн яруу найраглаг шинжийг олсон кино" гэж шүүмжлэгчид дүгнэсэн бол Variety сэтгүүл "зөөлөн хошигнол, аугаа ач буянаар сүлэлдсэн учир дүр бүрийг амьд болгодог" гэжээ. Энэ Кино найруулагч Campion-г олон улсад гаргасан шигээ зохиолч Janet Frame-г олонд таниулж бас жүжигчдээ ч алдаршуулжээ. Кино 3 бүлгээс бүрдэнэ. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.
1-р бүлэг. Буржгар улаан үстэй Janet охин 5 хүүхэдтэй айлын 3 дахь нь болж төрсөн, Myrtle, Bruddie гэдэг ах, эгчтэй бол Isabel, June гэдэг 2 дүүтэй. Энэ бүлэгт түүний гэрийнхэнтэйгээ аялж байгаа, ааваасаа мөнгө хулгайлаад бохь авч, авсан мөнгөө ангийнхандаа зарж байгаад багшдаа баригдаж байгаа, Poppy гэдэг найзтай болж байгаа, Bruddie унадаг өвчиндөө зовж байгаа: мөн секс хийж байгаа хүмүүсийг харах, шүлэг бичиж эхлэх үзэгдлүүд гарна. Бүрэг, ичимхий Janet өсвөр насандаа уран зохиолд дурлаж, бичсэн шүлгээ сонинд илгээж эхэлнэ. Нэгэн өдөр Myrtle живж үхнэ. Гашуудлын дараа Janet багш биш яруу найрагч болохоор шийддэг. 18 хүрсэн Janet багшийн мэргэжлээр сурахаар гэрээсээ явахаасаа өмнө бүх бичсэн юмаа шатаачихдаг. 2-р бүлэг. Улам бүр ганцаардмал, зожиг болсон Janet нагац эгчийндээ амьдрангаа сурах ба энэ үеэр сэтгэл судлалын багш Forrest-д дурлачихна. Удалгүй Isabel түүнтэй хамт нагацындаа амьдарч эхэлсэн ч охид саваагүйтэж байгаад хөөгдөх ба Isabel найзуудаа дагаад явчих бол Janet дахиад л ганцаардалтайгаа үлдэнэ. Тэрээр зохиолч болох хүслээ даган багшийн сургуулиа хаяад ажиллаж эхлэх бөгөөд түүний бичсэн намтар Forrest-ын анхаарлыг ихээр татдаг буюу намтартаа Janet амиа хорлох оролдлого хийж байсан, маш муухай шүдтэй нь аспирин байнга хэрэглэдэгтэйн холбоотой болох нь тэнд бичээтэй байлаа. Forrest-ын ятгалгаар Janet сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж, шизофрени өвчтэй гэж оношлогддог ба энэ хооронд Isabel мөн живж үхдэг. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 8 жил байхдаа тэрээр
200 гаруй цахилгаан цохилтын эмчилгээнд орж, улмаар амьдрах хүслээ гээнэ.
Эмнэлэгт байхдаа тэрээр 2 бүтээлээ бичиж хэвшүүлсэний нэг нь шагнал хүртэж
түүнийг эмнэлэгээс гарах замыг засах буюу эмнэлэгт байхдаа бичиж байсан нь
түүний ухааныг цэгцтэй байлгаж цаашид амьдрахад нь тус болсон нь эргэлзээгүй
юм. Амжилт олсон Janet өөрийнх нь бүтээлийг сонирхож, өөрийг нь зөвлөх болсон
Frank гэгчтэй нэг гэрт хамт байх болно. Энэ хугацаанд тэрээр анхны романаа
дуусгаж, хэвлэснээр мөнгөтэй болж, гадаад руу аялах боломжтой болно. 3-р бүлэг.
Лондонд тэрээр Patrick гэдэг залуутай танилцаж найзууд болно. Дараа нь тэрээр
Испани руу аялж тэнд бохемиан зохиолчид онгон биеэ өгөөд зогсохгүй түүнээс
хүүхэдтэй болдог ч харилцаа нь угаасаа бүтэхгүй байсан учир үр хөндүүлдэг.
Лондонд буцаж ирээд шизофрени өвчний оношоосоо болоод ажилд орж чадахгүй байсан
тул сэтгэл мэдрэлийн эмнэлэгт сайн дураараа хэвтэн эмчлүүлэх гэтэл шинэ эмч
түүнийг шизофрени өвчингүй гэж оношилдог буюу тэрээр анхнаасаа буруу оношлогдож
байсан нь илэрнэ. Ингээд Janet алдартай хэвлэгчтэй танилцах ба түүнийг бестселлэр
ном бичиж өгөхийг хэвлэгч хүснэ. 1963 онд аав нь өнгөрсөнийг түүнд мэдэгдэнэ.
Киноны төгсгөлд Janet твист бүжгийн аянд шинэ роман дээрээ ажиллаж байдаг.
Зохиолч Janet үнэхээр 2 номоо эмнэлэгт бичсэн ба 20 орчим романаас гадна жүжиг,
яруу найраг бичсэн байдаг. Энэ бол дэндүү ичимхий, нийгэмшиж чаддаггүйн улмаас
ганцаардаж, тусгаарлагдсан бүсгүйн түүх гэхээсээ илүү эмх замбараагүйтэлд
бодол, мэдрэмжээ уран зохиолын ачаар цэгцэлж, хураангуйлан ном болгосон
зохиолчийн түүх гэмээр. Бусадтай холбогдоггүй, зожиг байлаа гээд тэр хүн галзуу
солиотой биш, харин энэ дутуу бүхнээ илэрхийлэх арга нь л бусдаас ялгаатай юм.
Галзуу бол урлагийг дагалддаг элемент.
Comments
Post a Comment