Бутач

 


Mysteries of Lisbon (2010) . Чилийн урдаа барих кино найруулагч Raul Ruiz Португалийн зохиолч Camilo Castelo Branco-ын ижил нэрт романыг кино болгосон нь анх 6 ангитай телевизийн цувралаар олонд хүрсэн бол удалгүй 272 минут үргэлжлэх бүрэн хэмжээний кино болж гарсан. Уг киноны өрнөл нь санамсаргүй учралууд, үйл явдлын эргэлт, олон төрлийн хүүрнэгч, өнгөлөн далдлалт ба дурсамж доторх дурсамжаар дүүрэн бөгөөд гол дүр болгон багадаа л хоёр нэр, төрхтэй байдаг. 18 зууны сүүл, 19-р зууны эхэн үед Европ даяар өрнөсөн түүхийг үзүүлэхдээ Наполеоны эсрэг дайн, далайн дээрэмчид, ихрийнхээ өшөөг авахыг хүсч буй эмэгтэй хийгээд дор хаяад дөрвөн өөр хайрын гурвалжинг түүх-туульсын маягаар үзүүлжээ. Энэ киног онцгой болгож байгаа зүйл бол түүхийг өгүүлэх, төсөөлөх механизм юм. Энэ нь Чили найруулагчийн сүүлчийн бүрэн хэмжээний кино байв. 4 цаг гаруй үргэлжлэх нууцлаг, хувь тавилан, дурсамжийн тухай өгүүлэх энэ кино нь сэтгэл татам мелодрам ба Ruiz-ын кино хэл нээлттэй, шинэлэг сэтгэлгээтэй хүмүүст өвөрмөц таашаал өгөх нь дамжиггүй. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 890-р байрт эрэмбэлээд байна. Киноны үйл явдал товчхон хүргэе.

 Португалийн Либерал хувьсгалын үе. Тахилч лам Dinis-ын удирддаг сургуульд Joao гэх бутач хүү сурдаг ба овоггүй бутач хүүг ангийнх нь дээрэлхэж зодсоноос болж хэвтэрт ордог. Хүүг сэрэхэд нэгэн сайхан хүүхэн хажууд нь байж байх агаад энэ бол түүний ээж Angela байв. Лам Dinis тэднийг ийнхүү уулзуулжээ. Joao төрсөн цагаас эхлэн Angela нөхөр болох Гүн Santa Barbara-ын хатуу хараан дор гэртээ хоригдож байсан; Dinis хөөрхий хүүхнийг нөхрөөс нь зугтаахад тусалдаг. Joao бол Angela болоод ядуу язгууртан Pedro хоёрын хүүхэд юм. Angela-ын эцэг охиноо ядуу Pedro-д өгөхөөс татгалзаж, нэг мөсөн зайлуулахын тулд хөлсний алуурчин "хутга идэгч" гэгчээр алуулахаар хөлслөнө. Pedro үхлүүт шархтаж, бурханд одохоос нь өмнө лам түүнд өөрийнхөө түүхийг ярина. Dinis цыганд хувилж, Angela-г даган Joao төрсөн нутаг руу явсан ба энэ үеэрээ Dinis бяцхан Joao-г алахаар хөлслөгдөөд байсан "хутга идэгч"-г өөртөө худалдаж авдаг. 

Тахилч лам бяцхан Joao-ын асран хүмүүжүүлж байхад Angela хүчээр Гүн Santa Barbara-тай гэрлэжээ. Гүн Dinis болон Angela хоёрыг амрагууд гэсэн цуурхал тараав. Dinis мөшгөж явсаар гүн нууц амраг Eugenia-ынхаа асрамжинд бараг үхлүүт өвчтэй байгааг олж харна. Мөн лам "хутга идэгч"-тэй дахин учрах ба тэрээр Бразилаас эргэн ирээд байв: одоо тэрээр Alberto нэртэй болжээ. Гүн эцэстээ нас барахад өөрийгөө түүний жинхэнэ эхнэр гэж үздэггүй байсан Angela өв залгамжлахаас татгалзаж, тэрээр хүүгээ ламд орхиод сүмд гэлэнмаа болон амьдардаг. Dinis өөрийгөө хууль бус язгууртнуудын янаглалаас төрсөн хүүхэд болохоо гэлэн Baltasar өөрийнхөө түүхийг түүнд ярихад олж мэддэг. Өнгөрсөнд гэлэн маань Alvaro нэртэй байсан ба тэрээр танилынхаа эхнэр Vizo гэгчид дурлаж манаргаж явжээ. Нууц амрагууд Итали руу зугтаж, тэнд Dinis төрсөн ч эх нь тэнгэрт оджээ. Alvaro хүүгээ найздаа өгч, найз нь өөр хүнд өгсөөр одооны Dinis бий болсон агаад залуу Dinis Melo нэртэй байхдаа Наполеоны талд тулалдаж явжээ. Alberto одоо Гүнгийн нууц амраг Eugenia-тай суужээ. Өнгөрсөнд Alberto гүнгийн авхай Elisa-тай холбоотой байв, Elisa түүний гэрлэлтийг тасалдуулахыг оролдоно. Alberto хүүхнийг алахаар завдахад Dinis түүнийг зогсоодог. Elisa бол Dinis-ын эмгэнэлт хайраас үүссэн охин байдаг буюу Dinis бас нэг хайрын гурвалжингийн эзэн байжээ. Joao яруу найрагч болсон байна. Тэрээр ээжтэйгээ адилхан Elisa-тай танилцдаг. Joao түүнд дурлахад хүүхэн Alberto-г алж хайраа батал хэмээхэд Joao "хутга идэгч" өнгөрсөнд өөрт нь тус болсон учир үүнээс татгалздаг. Joao Португалийг орхиж, алс холын колони улсыг зорино. Одоо тэр хүнд өвдөөд орондоо хэвтэх ба ээжийгээ төсөөлөн харж байна. Энэ бол агшин болгоныг нь ойлгох шаардлагагүй кино. Ховсдохуйц үзэсгэлэнтэй, оргилуун, өнгөрсөн ба одоо цагт эргэлдсэн тун "уйтгартай" урт кино. Түүхэн дотор олон хүүрнэгч дүрүүдтэйгээрээ зарим талаараа "Citizen Kane" кинотой төстэй буюу бид нэг дүрийн нүдээр дурсамжнд ороод өөр дүрийн нүдээр дурсамжаас гарч ирэх мэт санагдана. 

Тахилч лам Dinis намхан, дөлгөөн ч бүхнийг мэддэг мэт байхын сацуу дүрүүдийн хувь тавиланг холбож, заримыг нь бүрдүүлж байгаа мэт санагддаг. Энэ бол бутач хүүгээс эхлэлтэй кино хүүрнэлийн төөрдөг байшин гэлтэй. Найруулагч Raul Ruiz 2000 онд Марсель Прустаас санаа авч "Time Regained" кино бүтээж байсан бол энэхүү кино нь дурсамжийн талаар илүү түвэгтэй нарийн боловч баялаг байдлаас Диккенсийн зохиолтой төстэй гэмээр аж. Энэ кинонд бид олон захидал бичигдэхийг харахбн дээр олон уншигдаагүй захиаг устгагдахыг харна. Мөн эцэг эхийн нууцууд илчлэгдэж, урвалтууд хоорондоо холбогддог. Кинонд танихгүй хүмүүс ичгүүргүй цонхоор ширтэх, зарцууд увайгүй чих тавин чагнаж; олон үйл явдал санаандгүй байдлаар гэрчүүдтэй өрнөдөг; үдэшлэгийн танхимд хүмүүс бие бие рүүгээ сэмхэн ширтэлцдэг. Киноны дундуур жижигхэн миниатур тайзнаа үйл явдлуудыг 6-7 удаа зураг маягаар дүрслэн үзүүлдэг; кино тайзны жүжиг шиг санагдаж, найруулагч эдгээрийг холоос ажиглаж байгаа мэт үзүүлжээ.

Comments