Бурхадтай ярилцлагч

 




Millennium Mambo (2001) . Хятад төрсөн Тайванийн нэрт кино найруулагч Hou Hsiao-hsien-ын найруулсан романтик драм. Нэгэн бүсгүй сүрхий хартай найз залуутайгаа өнгөрүүлсэн хүнд цаг үеийг хийгээд жижиг мафийн бүлэглэлийн гишүүнтэй хамт байхдаа эрх чөлөөг эрэлхийлж байгаагаа эргэн санаж эрэгцүүлэн бодохыг энэ кино дүрслэн үзүүлжээ. Найруулагч Hou Hsiao-hsien өөрийн алдартай хэдэн минут үргэлжлэх кадрыг гоёмсог нарийвчилсан том плантай гайхалтай хослуулсан нь адал явдал болоод сэтгэл хөдөлгөм мелодрам хүсэгчдийг гонсойлгож, харин хүмүүний хамгийн нарийн ба агшин зуурын мэдрэмжийг буулгасан кино хүсэгчдийн сэтгэлийг татах бүтээл болж чаджээ. Энэ бол Hou Hsiao-hsien-ын "Flowers of Shanghai" кинонд хамгийн сайн "хань" болох агаад эдгээр кинонууд нь түүнийг Тайваний хамгийн шилдэг кино найруулагчдын нэг болгож байна. 

Уг киног TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 663-р байрт эрэмбэлээд байна. Киноны үйл явдлыг товчхон өгүүлсү: Тайпей хот. Камерт харагдахгүй эмэгтэй дуу хоолой буюу Vicky (Хонг Конг - Тайваний жүжигчин Shu Qi) найз залуу Hao-Hao-тайгаа ахин дахин салж нийлж байгаа талаараа ярина. Vicky залуухан, үзэсгэлэнтэй бас зорилгогүй; харин найз залуу нь залхуу нэгэн. Vicky тансаг бааранд үйлчлэгч хийдэг бөгөөд шөнийг архи болоод тамхины хүчээр даван туулна. Бааранд Vicky Jack гэгчтэй танилцаж, улмаар Jack түүний тэтгэгч, хамгаалагч болдог. Харин эрчүүд түүнийг булаалдан асуудал үүсгэнэ; гэвч жинхэнэ асуудал Vicky-ын сэтгэл санаа, хий дэмий өнгөрүүлж буй амьдралын хэв маягт оршино. Найруулагч Hou Hsiao-hsien төслүүдээ айхтар нарийн судалдаг ба уг киноны үйл явдал бараг тэр чигтээ Тайпей хотын бүрэнхий ертөнцөд болдог тул найруулагч хотын залуусын соёлыг өөрийн биеэр үзэж мэдэрчээ. 

Тэрээр орон нутгийн диско баараар зугаалж, бүр мансууруулах бодис хүртэл хэрэглэж үзжээ. Сонирхуулахад, Мамбо гэдэг нь Киканго хэлээр "бурхадтай ярилцлагч" гэсэн утгатай ажээ. Нөхцөл байдал эсхүл сэтгэл хөдлөлийн ялгаатай тохиолдолд цаг хугацаа өөр өөр хурдаар өнгөрч байгаа нь хачирхалтайгаас гадна тун сонирхолтой. "Цаг хугацаа алгуурхан урсдаг" гэж бид дуу, шүлгэнээс олонтаа сонсдог боловч хүн дөнгөж 20 орчим насандаа цаг хугацааг огт анзаардаггүй, ялангуяа энэ цаг үе чинь сайхан байвал. Одоо эргээд санавал бүх зүйл бүдэг бадаг санагдах байх; тэр үед цаг хугацааг анзаарч эхлэхэд л өөр өдөр хэзээний эхэлчихсэн байдаг билээ. Цаг хугацааны далдуур хорлолт гайхалтай боловч энэ бүхэн хормын төдийд алга болоход бид оршин байгаагаа анзаардаг. Энэ үед та өөр зүйлс хийж болох байсан байна гэж бодож эхэлдэг боловч гэсэн ч эцэстээ энэ бүхэн л таныг одоо байгаа газарт чинь авчирсан, мөн илүү сайн болно гэж бодогдуулдаг билээ. Дээрх дурдсан бүхэн уг киноны хөндсөн олон аспектын нэг юм. 

Энэ киног үзэхэд цаг хурдан өнгөрдөг нь дурсан санахын сайхан болоод харагдахгүй ирээдүйгээс өнгөрсөн түүхийг өгүүлдэг оршино. Кино Vicky-ын шөнийн харанхуйд хонгилын гэрэлтүүлэг дор алхах үргэлжилсэн кадраар эхэлдэг бөгөөд тэрээр ямар нэгэн зүйлийг ардаа орхиод урагшилж байгаа мэт эргэж хардаг. Дэвсгэрийн хөгжим аажмаар чангарах хүртэл манай хүүрнэгч "Hao-Hao-аас салсан ч тар үргэлж өөрийг нь дагадаг" гэсэн үгээр өгүүлэмжээ эхлүүлдэг. Хүүрнэгч буюу ирээдүйн Vicky ярих бүхэн нь арван жилийн өмнө болсон гэдгийг үзэгчдэд мэдэгддэг ба дэлгэцнээ гарах Vicky 2001 оных бол хүүрнэгч нь 2011 оных гэдгээрээ уг киноны онцлог юм. Түүний ярьсан болгон амьдралаа үргэлжлүүлэхийн тулд ардаа орхихыг хүссэн түүний өнгөрсөний дурсамжууд юм. Киноны ихэнх хэсэг Vicky, Hao-Hao хоёрын ярвигтай, ядаргаатай харилцааг тойрон эргэлддэг. Vicky найз залуугаасаа зугтах ганц арга бол түүнийг орхих буюу өөр хүнтэй болох агаад гэсэн ч тэрээр урагшилж чаддаггүй; тэр байнгын хэрүүл болоод үүнийгээ мартах гэсэн эцэс төгсгөлгүй архитай шөнийн амьдралдаа гацчихсан. 

Асуудлаас зугтах амархан ч асуудлаасаа хол байх ямар байдгийг мэдрэх нь чухал буюу Vicky өөр эртэй болсон ч дотоод сэтгэлийн асуудалтайгаа тэмцсээр, бас түүний амьдрал зогсонги хэвээрээ л байдаг. Ийм төрлийн кинонуудад байдаг ердийн драматик мэдрэмж энэ кинонд байхгүй, харин хүүрнэгчийн оюун санаагаар хэрэн тэнүүчилж буй мэт кино хэлний аргаар найруулагч амьгүй болсон харилцааны хорон, тогтворгүй төлөвийг барагалж аймшигтай бодитоор хөрөглөжээ. Хүмүүс өөрсдийгөө өөрчлөх гэж "шинэ жил, шинэ би" гэж хэлдэг ч үнэндээ тэдний толгойн өвчин хэвээр л байж, бүх зүйлс хуучин хэвээрээ үргэлжилсээр л байдаг; дотно харилцаанууд тасарч, амьдрал орооцолдсон хэвээр бөгөөд та замын төгсгөлд ямар нэгэн сайн сайхан руу хөтлөх гэрэл гарч ирнэ гэж хүлээсээр байдаг. Эдгээрийг энэ кинонд неон гэрлээр хучигдсан Тайпейгаар аялах Vicky-ын гунигтай мэдрэмж харуулахдаа зүүдний мэт төлөвт үзэгчдийг оруулдаг. Дурсамжийг хамгийн сайнаар дүрслэх арга бол гашуун санагалзал юм. Энэ дурсамжууд таны ухаанд хор учруулах бус харин илааршуулах үүднээс ухаанд чинь үлдсэн гэдгийг ойлгоорой. Өнгөрснөөс ухаарсан бүхэн тань таныг бий болгох ба өнгөрснөө сайтар бодож ухаарвал та хэн болсон, хаашаа явж буй, төлөвлөсөн ирээдүй чинь тодорхойлогдохоно.

Comments