Carol (2015) . 1952 он, зул сарын баяр дөхжээ, гэрэл зурагчин болох хүсэлтэй Therese Манхаттаны хүүхдүүд тоглоомын дэлгүүрт ажиллана. Тэрээр охиндоо хүүхэлдэй хайж байгаа Carol гэх өөрөөсөө арай эгчмид баян хүүхэнтэй танилцана. Therese-ын зөвлөснөөр Carol охиндоо өөр тоглоом авах ба Carol явахдаа бээлийгээ лангуун дээр орхичихно. Therese бээлийг нь шуудангаар Carol-ын гэрт хүргүүлснээр кино маань эхэлнэ. Therese Richard гэдэг найз залуутай, Richard түүнтэй хамт Франц явж, тэндээ хуримлах хүсэлтэй бол хүүхэн энэ тал дээр хоёрдмол байр суурьтай. Харин Carol нөхрөөсөө салах хүнд хэцүү үе шатыг туулж буй. Carol бээлийг нь илгээсэнд талархлаа илэрхийлж Therese-г өдрийн хоолонд урьдаг. Тэд шууд дотно болж, Carol Therese-г гэртээ урина. Тэд замдаа баярын мод авахаар зогсох үед Therese түүний зургийг дардаг. Carol-ын нөхөр Harge зул сарын баяраар охиноо авч явна хэмээн бөөн хэрүүл үүсгэх бөгөөд бид Carol-г өмнө нь Abby гэдэг найз хүүхэнтэйгээ явалддаг байсныг Therese-ын хамтаар олж мэднэ. Нөхөртэйгөө хэрүүл хийж, эвгүй байдалд оруулсанд уучлалт гуйж Carol Therese-д үнэтэй зургийг камер бэлэглэх бөгөөд энэ үеэр Carol-г ёс суртахууны хувьд хүүхдийн асран хамгаалагч байхад зохисгүй буюу ерөөсөө ижил хүйстэн ээж байж таарахгүй гэдгээр охиныг нь аав нь авах эрсдэл бий болно. Carol энэ бүхнээс түр амсхийхийн тулд аялалд гарах ба хамт явахыг Therese-д санал болгоход Therese найз залуугаасаа хагацан салан байж түүнтэй хамт явахаар болно. Тэд замдаа худалдагч гэж өөрийгөө танилцуулсан Tommy гэгчтэй танилцана. Шинэ жилийн өмнөх үдэш Therese, Carol хоёр анх удаа үнсэлцэж бас секс хийдэг. Маргааш нь тэд Tommy-г Carol-ын эсрэг нотлох баримт цугдуулахаар Harge-ын хөлслөсөн мөрдөгч болохыг олж мэднэ.
Ингээд хүүхнүүдийн аялал төгсч, Carol охиноо авч үлдэхийн төлөө Therese-тэй уулзахаа болих ба Therese ч үүнийг нь ойлгодог ч санасан сэтгэлээ нууж үл чадна. Therese сонинд гэрэл зурагчинаар ордог бол Carol сэтгэл засалчид очих болжээ. Шүүх хурлын үеэр Carol өөрийнхөө эсрэг бүх нотлох баримтыг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг ч хүлээн зөвшөөрдөг. Carol Therese-д захидал бичсэнээр тэд уулзах ба Therese Carol-ын хамт амьдрах саналаас татгалздаг. Carol орой хаана байхаа хэлээд, хэрэв бодлоо өөрчилвөл хүрээд ирээрэй гэж Therese-д хэлдэг. Therese чимээгүй зогссоор байх бол Carol "би чамд хайртай" гэж хэлдэг. Therese бодож, шийдвэрээ ч гаргах агаад Carol-ын байгаа бааранд очиход Carol түүнийг хараад жогтойгоор инээнэ. Америкийн кино найруулагч Todd Haynes-ын романтик драм ба Patricia Highsmith-ын "The Price of Salt" романыг Phyllis Nagy кино зохиолд хөрвүүдсэн бөгөөд гол дүрүүдэд; Cate Blanchett, Rooney Mara, Sarah Paulson нар тоглосон. Энэ киног 1997 оноос хойш хөгжүүлж ирсэн, Nagy анхнаасаа кино зохиол дээр ажилласан ба санхүү, хуваарь зэрэг олон шалтгааны улмаас 2011 оноос эрчимтэй кино болох шатандаа орж, 2013 онд Todd Haynes найруулагчаар суудалд суужээ. Уруулын будагтай тамхи, хөршийн байрнаас сонсогдох төгөлдөр хуурын; Haynes-ын наркотик, амттай уг кино иймэрхүү нарийн ширийн зүйлсэд дурладаг; энэ бол 1950-аад оны уур амьсгалтай хориотой хайрынхаа төлөө өршөөл эрдэггүй үзэсгэлэнтэй романс юм. Зөрчил, нууцлал, буруутгал нь тухайн цаг үеийн бүх зүйлээр сайтар шүүгдсэн парадокс байдлаар гарч ирдэг бөгөөд киноны гадна тал буюу хувцас, тавилга, тамхи гээд хаанаас нь ч эротик зүйл олддог. BBC эл киног 21- зууны шилдэг киноны тоонд багтаасан бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 715-р байрт эрэмбэлээд байна. Patricia Highsmith-ын ном хагас намтарчилсан ба тэрээр Нью-Йоркийн дэлгүүрт худалдагч хийж байхдаа Kathleen Wiggins Senn гэгч эмэгтэйдээ танилсан түүхээсээ санаа авч бичсэний сацуу Carol гэдэг дүр нь түүний хоёр ч экс амраг хүүхнээс сэдэвлэсэн ажээ.
Продюсер Dorothy Berwin гэгч
номын эрхийг 1996 онд аваад Phyllis Nagy-д кино зохиолчоор ажиллахыг санал
болгосон; Nagy, Patricia хоёр найзууд байсан учир Patricia түүнд анхнаасаа
найдаж байжээ. Haynes-ын чадварлаг найруулгаар бүтээгдсэн, Cate Blanchett,
Rooney Mara нарын шилдэг жүжигчдээр ахлүүлсан энэ кино шинэлэг эх сурвалжаа
үнэхээр амилуулжээ. Тансаг даруулгатай шинж бол киноны уриа агаад кадр бүр нь
1950-аад оны кинонд хүндэтгэл үзүүлсэн нямбай зохиомжтой боловч орчин үеийнх
мэт мэдрэмж төрүүлсэн кино. Судлаачид уг киног халуунаар хүлээж авсан; хүсэл
тачаалын геометрийн тухай ноцтой мелодрам, нарийн тооцоолсон ч сэтгэл хөдлөлийг
бүрэн зурагласан бодит байдал дахь мөрөөдөмтгий жишээ гэсэн буй. Энэ кино
гоёмсог ч хяналттай харааны төрх нь үнэхээр мансуурам ба мастеруудын хийсэн
амталж мэдрэх ёстой кино туршлага болно. Киноны өнцөг, харагдах байдал, өнгө,
сүүдэр яг л симфони шиг эгшиглэдэг гэж шүүмжлэгчид дүгнэсэн байдаг. Мөн энэ
кино Cate Blanchett, Rooney Mara хоёргүйгээр амилахгүй байсныг онцолсон нь
чухам үнэн юм. Тэдний дэлгүүрт анх уулздаг хэсэг ер бусын ба тэд нүдээрээ
холбогддог ч худалдагч болон худалдан авагч хоёрын энгийн ярианаас хэтрэхгүй,
харин Haynes болон түүний гарамгай жүжигчид энэ хэсгийг анхны харцаар дурлаж
буй гайхалтай хэсэг болгож чаджээ.
Comments
Post a Comment