Уильям Шекспир "Зуны шөнийн зүүд"

 




"Зуны шөнийн зүүд". Уильям Шекспирийн 1595 он юмуу 1596 онд бичсэн инээдмийн жүжиг. Уг жүжгийн үйл явдал Афинд өрнөх бөгөөд Тесей, Ипполита хоёрын гэрлэлтийн эргэн тойронд өрнөж буй хэд хэдэн дэд үйл явдлаас бүрддэг. Нэг дэд үйл явдалд Афины дөрвөн амрагийн дундах зөрчилдөөнийг үзүүлдэг бол өөр нэгэнд нь зургаан мэргэжлийн бус жүжигчдийн хуриманд тоглох жүжгийн сургуулилтыг дүрсэлдэг. Энэхүү жүжиг нь Шекспирийн хамгийн алдартай жүжгүүдийн нэг ба дэлхий дахинаа өргөнөөр тоглогддог билээ.

ҮНДСЭН САНАА. Жинхэнэ хайрын аялал хэзээ ч дардан байдаггүй" гэж Лизандер хэлдэг нь "Зуны шөнийн зүүд" жүжгийн хамгийн чухал сэдвийн нэг болох хайрын түвэгтэй байдлыг илчилнэ. Жүжгийн ихэнх зөрчилдөөн романтик хайрын зовлонгоос үүдэлтэй байдаг ба жүжигт хэд хэдэн романтик элемент орсон ч энэ нь жинхэнэ хайрын түүх биш; харин дурласан хүмүүсийн гомдол, шаналлыг шоолохын тулд үзэгчдийг дүрүүдийн сэтгэл хөдлөлөөс холдуулж байдаг. Жүжгийн өнгө аяс хөгжилтэй хөнгөн учир үзэгчид бүх зүйлс жаргалтайгаар төгсөнө гэдэгт эргэлздэггүй, иймд тодорхойгүй түгшүүрт авталгүйгээр чөлөөтэй хөгжин үзэх боломжтой инээдтэй жүжиг юм. Хайрын бэрхшээлийн сэдвийг ихэвчлэн тэнцвэргүй хэлбэрээр, өөрөөр хэлбэл харилцааны нийцэлд  үл зохицох, тэгш бус байдлаар романтик нөхцөлд саад болж байгаагаар авч үздэг. Энэ тэнцвэргүй байдлын оргил жишээ бол Афины дөрвөн хүний тэгш бус хайр; Гермиа Лизандерт хайртай, Лизандер Гермиад хайртай, Елена Деметрийд хайртай, харин Деметрий Еленад биш Гермиад хайртай, хоёр эрэгтэй нэг эмэгтэйд хайртай байхад нөгөа үлдсэн эмэгтэйд нь ганц ч алга, энэ бол тэнцвэргүй хайр юм. Энэхүү жүжиг нь уламжлалт үр дагаварт хүрэх хүчтэй бөгөөд үйл явдал нь олон талаараа дотоод сэтгэлийн тэнцвэрийг эрэлхийлэхэд үндэслэсэн байдаг; өөрөөр хэлбэл хайрлагсдын орооцолдоон тэгш хэмтэй хос болж хувирахад үед уламжлалт жаргалтай төгсгөлд хүрнэ.

Үүнтэй төстэйгөөр, Титаниа болон Оберон хоёрын харилцаанд Титаниа өөрт нь бус өргөж авсан хүүдээ илүү хайртай байгаа нь Оберон хорсон тэр хүүд нь санаархах болсноор мөн л тэнцвэргүй байдлыг үүсгэдэг. Дараа нь, илжиг толгойтой Ёроолд дурласан нь гаднах төрх ба мөн чанарын тэнцвэргүй байдлыг илэрхийлдэг; Титаниа үзэсгэлэнтэй, тэнгэрлэг байхад Ёроол болхи, бүдүүлэг байдаг. Жүжгийн хамгийн инээдтэй бас хачиртай нөхцөлийг бүрдүүлэгч нь дагинасын ид шид буюу энэ л чухам "Зуны шөнийн зүүд"-ийн фантааз уур амьсгалын төв элемент юм. Шекспир хайрын барагалж ер бусын хүчийг ид шидээр илэрхийлж, сюрреал ертөнцийг бүтээхийн тулд ид шидийг ашигладаг ба хэдийгээр ид шидийг буруугаар ашигласан эмх замбараагүйг бий болгодог ч Пак Лизандерын нүдэнд хайрын хандыг андуурч түрхсэг шиг ид шид нь Афины дөрвөн залуусын хайрыг тэнцвэржүүлэх замаар жүжгийн хурцадмал байдлыг эцэслэн шийддэг. 

Нэмж дурдахад, Пак Ёроолын толгойг илжигнийх болгож, Лизандер, Деметрий хоёрын дуу хоолойг дахин бүтээх зэргээр ид шидийг өөрийнхөө зорилгод хялбараар ашиглаж байгаа нь дархчуудын жүжгээ тавих гэсэн махруу, зохимжгүй байдлын эсрэгцэл болдог. Нэрнээс нь харахад зүүд нь "Зуны шөнийн зүүд" жүжгийн чухал сэдэв; энэ нь ойд тохиолдолддог хачирхалтай бөгөөд ид шидийн золгүй явдалтай холбогдоно. Ипполитагийн анхны үгс л энэ жүжигт зүүдний сэдэв нэвт шингэсэн нь харагддаг ба янз бүрийн дүрүүд зүүдний тухай дурддаг. Зүүдлэх сэдэв нь гол дүрүүд өөрсдөдөө тохиолдсон хачирхалтай үйл явдлыг тайлбарлөх гэж оролдох үед давтагдан гарч ирдэг. Мөн Шекспир зүүдний хэрхэн ажилладагийг,, үйл явдлууд тайлбаргүйгээр хэрхэн өрнөдөг, цаг хугацаа хэвийн урсгалын мэдрэмжээ алдаж, боломжгүй боломжтой болж байгааг сонирходог; тэрээр ид шидтэй ойд дагинасын оролцоотойгоор жүжигт сайхь орчныг дахин бий болгохыг зорьжээ. Жүжгийн төгсгөлд Пак зүүдний идеаг үзэгчдэд хүргэж, хэрэв таны дургүйцлийг энэ жүжиг хүргэсэн бол энэ бол зүүднээс өөр юу ч биш гэдгийг санаарай гэж хэлдэг. Энэхүү хуурмаг мэдрэмж, гэрэлтсэн эмзэг шинж нь уг жүжгийн уур амьсгалд тун чухал агаад энэ нь жүжгийг хүнд драм гэхээсээ илүүтэй фантааз мэдрэмж төрүүлдэг.


"Зуны шөнийн зүүд" жүжигт хардалтын сэдэв нь хүмүүний болон шидэт ертөнцийн аль алинд нь үйлчилдэг. Хардалт нь Афины дурласан дөрвөлд хамгийн тодоор илэрдэг бөгөөд тэд улам бүр орооцолдсон дур хүслийн зангилаанд орчихдог. Елена нэг биш хоёр горилогчтой Гермиад атаархсан сэтгэлээр жүжгийг эхлүүлдэг ба Елена Деметрийг хайрладаг, Деметрий Гермиагийн төлөө өрсөлдөгч Лизандерт атаархдаг. Цагаа олоогүй дагинасын хорлол Лизандерыг Еленагийн араас хөөцөлдөхөд хүргэдэг бол энэ явдал Гермиаг атаархлын уур хилэн рүү хөтөлнө. Хардалт нь шидэт ертөнцийн хаан, хатан хоёрын хагарал хүртэл явдаг ба жүжгийн 2-р үзэгдэлд хаан Оберон болон хатан нар хүмүүний ертөнц дэх өөрсөдтэйгөө адилхан Ипполита, Тесей хоёрыг хардаг. Энэхүү хардалтаас үүссэн хагарал нь Обероныг Пакт шидэт цэцгийг авчрах тушаал өгөхөд хүргэж, эцэст нь Афины дурлагчдад тун их эмх замбараагүй, будилаан авчирдаг. 

МОТИФ. Эсрэгцэлийн идеа нь "Зуны шөнийн зүүд" жүжгийн суурь материал юм. Жүжиг бүхэлдээ бүлэг эсрэгцэл ба давхардлын бүтэцтэй. Жүжигт үзүүлсэн бараг бүх дүрүүд эсрэг тэсрэг байдаг; Елена намхан, Гермиа өндөр; Пак хүн амьтанаар тоглодог, Ёроол шоглоомын хохирогч; Титаниа үзэсгэлэнтэй бол Ёроол бүдүүлэг байдаг. Цаашилбал, үндсэн гэж бүлэг дүрүүд (грекийн домог, английн ардын аман зохиол, мөн классик уран зохиол гэх мэт олон янзын эх сурвалжаас боловсруулсан) нь бие биесээ эрс ялгаатайгаар загварчилагдсан; дагинасууд шидтэй бас тэнгэрлэг бол дархчууд болхи, заваан байдаг; мөн дархчууд хөгжилтэй байдаг бол хайрлагсад дэндүү нухацтай байдаг. Эсрэгцэл нь жүжгийн дүрүүдийг дүрслэхэд чухал ач холбогдолтой бөгөөд жүжгийн хамгийн мартагдашгүй дүрслэл бол илжигний толгойтой Ёроолын үсэнд цэцэг шүлжиж буй үзэсгэлэнтэй, гоёмсог Титаниагийн дүр төрх юм. Бие биенээ таарахгүй хоёр зураглалыг төсөөлөхийн аргагүй мэт санагдана. Ер бусын ялгаатай байдлыг хослуулах нь жүжгийн сюрреал уур амьсгалын хамгийн чухал бүтэц юм.


Жүжгийн төөрөгдөл, будилааны ихэнх нь дүрүүдийг ойд байрлуулсанаас хамаардаг. Лизандер, Гермиа хоёр зугтахын төлөө ойд уулздаг. Елена Деметрийд ой руу явж Гермиа, Лизандер хоёрыг зогсоо гэж дүр эсгэж хэлэхдээ тэрээр үнэнч Деметрийд хайрлагдахыг л хүсдэг. Энэ бүх дүрүүд ой модыг гадны хүчнээс, ялангуяа хүмүүний ертөнцийн дэг журам, таамаглахуйц байдлаас тусгаарлах, хамгаалах зүйл гэж хардаг. Гэвч ойн дагинасын оролцоотойгоор ойн эмх замбараагүйтэлд хүрч дүрүүдийн хувьд хүсээгүй үр дагаврыг бий болгодог. Пакийн хорлол дурлагсдын төлөвлөгөөг нурааж, мөн тэрээр Ёроолын театрынхантай санаатайгаар хутгалддаг. Пак заль мэхээрээ тоглож эхлэхээс өмнө ойн хайрлагсдыг нуудаг нь, Пакийг Деметрийд биш Лизандерт санамсаргүйгээр ханд өгөхөд хүргэж байна. Жүжгийн төрөлд ой мод бол юмс харагдаж байгаа шигээ биш харин төөрөгдөм, нууцлагдмал газар болж байна. 

СИМБОЛ.  Тесей, Ипполита хоёр "Зуны шөнийн зүүд" жүжгийн тулгууран бөгөөд жүжгийн гол үйл явдлын эхлэл хийж төгсгөлд өдрийн гэрэлд гарч ирдэг. Гэхдээ тэд 1-р үзэгдлийн дундаас алга болж, 4-р үзэгдэл хүртэл дахин гарч ирдэггүй, учир нь ойд ид шидийн шөнийг жаргахаар нар мандаж байна. Шекспир жүжгийн ихэнх хэсгийн тогтворгүй, тодорхой бус, бараан байдлыг эсрэгцэл болгож Афины захирагч Тесей, Ипполита нарыг ашигладаг. Зүүдний ертөнцийн нэг чухал элемент бол хүн хүрээлэн буй орчноо хянах чадваргүйт оршдог бол Тесей, Ипполита хоёр үргэлж өөрсдийгөө хянаж байдаг. Тэд 4-р үзэгдэлд өдрийн цагаар Тесей анч нохдын дууг сонсохоор дахин гарч ирснээр өмнөх шөнийн зүүдний төлөв төгсч, рационал байдал руу буцаж байгааг илтгэнэ. Хайрын ханд нь Дурлалын бурхны андууд харвасан суманд оногдсон цэцгийг шүүсээр хийгдсэн бөгөөд үүнийг жүжгийн 2-4-р үзэгдлийн туршид романтик сүйрэлд хүргэхийн тулд дагинасууд ашигладаг. Хөндлөнгөөс оролцогч дагинасууд хайрын ханданд хайхрамжгүй ханддаг учраас Афины залуу дурлагсад байдал улам эмх замбараагүй, будилаантай болж, Титаниа хөгийн байдлаар доромжлогддог. Ийнхүү хайрын ханд нь хайрын хувирамтгай, тогтворгүй, ухамсарлашгүй хүчийг бэлгэддэг.

Comments