Амьдралын чимээ

 

 


Silent Light (2007) . Кино үзэмжтэй сайхан тал дээгүүр мандаж буй нарыг удаан үргэлжилсэн кадраар эхэлнэ. Гол дүрийн баатар Johan (50 орчим настай) эхнэр Esther болон хүүхдүүдийн хамт ширээнээ чимээгүйхэн сууцгаан залбиран байх агаад цай хоолны дараа гэр бүлийн гишүүд байшингаас ээлжлэн гарч Johan ганцаараа суусаар үлдэнэ. Тэрээр ганцаараа үлдэнгүүтээ хананыхаа цагийг зогсоож, улмаар уйлж эхэлнэ. Дараа нь тэрээр ажилдаа явж, хамт ажилдаг найздаа Marianne хэмээх ганц бие хүүхэнтэй явалдаж байгаа, энэ явдлыг нь эхнэр нь анхнаас нь мэддэг байсан гэж ярина. Үүний дараа Johan Marianne-тай уулзаж, тэд гал халуунаар үнсэлцэж эхэлнэ. Дараагийн сцэнд түүний хүүхдүүд голын усанд орж тоглоцгоож байна; Johan, Esther хоёр хүүхдүүдээ харцгаана; тэд бага охиноо дуудаж авчраад савандаж эхэлтэл Esther уйлж эхэлнэ.

 Johan эхнэрээ араар нь тавьж буйгаа аавдаа хэлнэ, аав нь түүнийг дагуулан гадагшаа гартал гадаа өвөл болсон байна, гэнэтийн энэ улирлын өөрчлөлтийн талаар ямар ч тайлбар байдаггүй. Нууц амрагууд харилцаагаа үргэлжлүүлсээр байна; тэд хямдхан зочид буудалд янаглаж байхад Johan-ын хүүхдүүдийг Marianne-ын итгэлтэй найз болох залуу харж хандаж байдаг. Эл явдлын дараа Johan эхнэртэйгээ машинаар явж байх агаад Johan эхнэртээ бүх үнэнээ хэлнэ. Esther бөөлжмөөр байна гээд зам дээр буугаад; араас битгий дагаарай гэнэ, энэ үед аадар бороо орж байлаа. Esther ой модонд ороод уйлна. Бороонд цохиулсан уу, цочирдсон уу, Esther удахгүй үхчихнэ. Esther-ын оршуулгад гэр бүл, найз нөхөд нь цугласан байх агаад Johan хамгийн их гашуудан бас гэмшин уйлна. Энэ үеэр Marianne хүрч ирээд Esther-ын цогцсыг харж болох уу хэмээн Johan-аас зөвшөөрөл авна. Marianne цогцос байгаа өрөөнд ороод Esther-ын уруул дээр үнсэнэ, энэ үед түүний нулимс Esther-ын хацар дээр дусдаг. 

Мөн энэ үеэр Johan-ын аав хананы цагийг ажиллуулж эхэлнэ. Marianne чимээгүйхэн гараад явчихах ба Johan-ын охин гүйж ирээд "ааваа, ээж таныг хүлээж байна, ээж дээр очъё" гэнэ. Киноны төгсгөлийн хэдэн минутад нар жаргаж буйг удаан үргэлжилсэн гайхалтай кадраар жаргаана. Мексик кино найруулагч Carlos Reygadas-ын зохиолын бичиж найруулсан харааны гайхамшиг болсон уг бүтээлийн зураг авалтыг Хойд Мексикийн Чихуахуа мужийн Куаутемок хотод оршдог меннонитуудын нутаг дэвсгэрт авсан. Киноны харилцан яриа нь доод Германы аялга болох плаутдиетч хэлээр явагддаг. Мексикийн хойд хэсэгт орших, тусгаарлагдсан меннонитуудын нийгэмлэгт (меннонит гэдэг нь Христийн шашны нэгэн урсгал болно) өдөр тутмын тэнгэрлэг амьдралыг уран сайхнаар үзүүлэхдээ тухайн цагт нь тухайн орон нутгийн хүмүүс буюу мэргэжлийн бус жүжигчид тоглуулсан нь уг киног бодитой бас онцгой болгож байна. Итгэл үнэмшлийн үнэн бөгөөд гүн гүнзгий оршихуйг найруулагч Reygadas чамин тансагаар урласан ба найруулагчийн итгэл үнэмшил Бурханд гэхээсээ илүү өөрийнх нь авъяас билгээс үндэслэсэн байж болох буюу энэхүү итгэл үнэмшлээ тэрээр камерийнхаа хөдөлгөөн бүрээр нотлон харуулдаг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 665-р байрт эрэмбэлээд байна. Martin Scorsese уг киног "гайхалтай бас тун сэтгэл хөдөлгөм кино" гэсэн байхад Barry Jenkins 21-р зууны хамгийн шилдэг кино гэсэн байдаг.

 Энэ кино тухайн 2007 оны Канны кино наадмын шүүгчдийн шагнал хүртсэн ба The New York Times сэтгүүл 21-р зууны хамгийн шилдэг киноны тоонд багтаажээ. Reygadas урт удаан дарааллууд, удаан хэмнэл, мэргэжлийн бус жүжигчид ашигладагаараа алдартай. Кинонд тоглосон хүмүүс нь Канад, Мексик, Германы меннонит нийгэмлэгийнхэн том ба Esther-ын дүрд меннонитуудын соёлыг зохиолоороо түгээн танилцуулж буй зохиолч Miriam Toews тоглосон. Энэ кино танаас тэвчээр шаардана, тэвчээртэй үзэгч хүмүүний энэрэнгүй сэтгэл, гоо сайхныг киноноос үзэх болно. Америкчууд энэ киног "сцэн болгоноороо харааны болон сэтгэл хөдлөлийн гэрлээр гэрэлтдэг" гэж хүлээж авсан бол зарим нь "уучлалтын тухай эгэл түүх, зураглал бүр нь ер бусын үзэсгэлэнтэй" гэжээ. Англичууд 2007 оны шилдэг 10 киноны тоонд багтаасан бол Францууд "Reygadas-ын суут ухаан хором бүрийг ариусгадаг" гэжээ.

 Энэ кино домогт кино урлаач Carl Theodor Dreyer-ын "Ordet" кинотой олон талаараа төстэй байдаг; тухайлбал фермийн аж ахуйн зураглал, цагны чимээ, удаан хэмнэл, аниргүй байдал хийгээд том фермийн гэр бүлд төвлөрөх; гол баатар санваартан аавынхаа хатуу сүсэг бишрэлд эргэлзэх, мөн гол дүрийн эхнэр нөхрийнхөө итгэл эвдсэн үйлдлээс болж нас барах зэргээр эдгээр кинонууд нь төстэй шинж олонтаа. Гэвч энэ кино нь 'Ordet"-ын дахин хийсэн хувилбар биш ба олон тооны ялгаа байдгийн дотор Reygadas-ын кинонд зөнч хүү гардаггүй. Заримдаа бид хайрын өмнө хүлцэнгүй болдог, улмаар энэ байдал нь бидэнд зовлон болдог. Хайраас болж бид жаргалтай болдог эсхүл зовдог, заримдаа бидний энэ жаргалаас болж бусад хүмүүс зовдог. Энэ бол үнэнч, сайн эхнэрээ дурлалаасаа болж хуурч буй эрийн талаарх гүнзгий бас сүрлэг кино юм. Johan яаж яваад өөр хүүхэнд хайртай болсон нь тодорхойгүй, гэхдээ тэр бас завхай эр биш нь ойлгомжтой. Marianne ч нөхөр булаагч биш ба тэд хоёулаа сайн хүмүүс учир тэд маш их шаналдаг, тэдний харилцаа секс биш хайр байдаг.

Comments