Margaret (2011) . Манхэттенд амьдардаг оюутан Lisa дэлгүүр хэсч яваад автобусны жолооч гоёмсог ковбой малгай өмссөн байхыг олж хараад жолоочтой элдвийг ярьж, жолоочийн анхаарлыг сарниулсанаар автобус улаан гэрлээр гарч, улмаар нэгэн бүсгүйн амийг авч одно. Мөргүүлж унасан бүсгүйг Monica гэдэг бөгөөд тэрээр Lisa-ын гар дээр амиа алдсан нь 17 настай охинд хүчтэй гүн сэтгэгдэл төрүүлнэ. Lisa цагдаад мэдүүлэг өгөхдөө автобусны жолооч ногоон гэрлээр гарсан, Monica ногоон гэрлээр гарсан тул буруутай гэж хэлнэ, гэвч хожим цочирлоосоо гараад Lisa ярьсан бүхнийхээ эсрэг буюу чин үнэнийг хэлнэ. Энэ зуур Lisa-ын амьдралд олон явдал тохиолдоно; тооны багштайгаа сээтэгнэж, ангийнхаа залууд охин биеэ өгөхөөр шийдэж, мөн ангийнхантай улс төр хийгээд терроризмын талаар ширүүн маргаан өрнүүлээд амждаг. Lisa жүжигчин ээж, бага насны дүүтэйгээ амьдардаг, харин аав нь тэднийг орхиод багагүй удаж буй бололтой.
Үүний хажуугаар Lisa багштайгаа унтаж, Emily-тэй хэрэлдэнэ, Emily түүнийг найзынх нь үхлээр өөрийнхөө амьдралыг үнэ цэнэтэй болгоход ашиглаж байна, ер нь битгий их сүржигнэ гэж загнана. Roman дуурийн хорхойтотон ба нэг тоглолтын дараа Lisa, түүний ээж, Roman, Emily нар оройн хоолонд орсны дараа мөн л хоорондоо хэрэлдэж, энэ явдлын дараахан шахуу Roman зүрхний шигдээсээр нас барчихна. Шүүхийн шийдвэрээр $350,000-г Abigail-д олгохоор болсон ч автобусны компани нэр хүнд нь унана гэсэн шалтгаанаар жолоочийг халахгүй гэсэн шийдвэр гаргана. Abigail мөнгийг аваад хэргийг хаяраар шийддэг нь түүний анхны сэдлийг илчлээд өгөх ба Lisa үүнд асар дургүйцэж, үнэн ялаагүйд туйлаас сэтгэлээр унана. Lisa жирэмсэн болоод улмаар үр хөндүүлснээ олны өмнө багшдаа хэлэхдээ хэний хүүхэд байсныг мэдэхгүй, хэд хэдэн хүнийг таамаглаж байна гэдэг. Lisa-ын ээж Roman-тай хамт дуурь үзэхээр төлөвлөж байсан ба одоо нэгэнт тэр байхгүй учир охинтойгоо хамт үзэхээр болно. Ээж охин хоёр театр руу явж байхдаа автобусаа барьж буй өнөөх жолоочтой тааралдаад өнгөрдөг. Дуурийн тоглолтын үеэр Lisa уйлж эхэлнэ, түүний хуримтлагдсан сэтгэл хөдлөл ийнхүү гарч байгаа аятай байдаг ба ээж нь охиноо тэврээд тэд Дуурийн тоглолтын үеэр уйлцгаана. Америкийн кино найруулагч Kenneth Lonergan-ын зохиолын бичиж найруулсан сэтгэлзүйн драм. Год дүрүүдэд: Anna Paquin, Jean Reno, Matt Damon, Mark Ruffalo, J. Smith Cameron нар тоглосон.
Уг киног 2005 онд Fox Searchlight Pictures зурагт авалтыг эхлүүлж тэр жилдээ гаргахаар төлөвлөж байсан ч Lonergan санасандаа хүрсэн эцсийн цомхтголыг хийх гэж удаа дараа хойшлуулсаар байгаад энэ нь шүүхийн хаалга татаж, улмаар 2014 онд энэ бүхэн дуусчээ. Киноны үргэлжлэх хугацааг 150 минутаас хэтрүүлэх ёсгүй гэж студи шаардаж байсан бол Lonergan 3 цагийн хувилбараа илүүд үзэж байв. Найруулагчийн 165 минутын хувилбарыг Martin Scorsese, Thelma Schoonmaker хоёр хийсэн. Кино нээлтээ хийсэн даруй санхүүгийн амжилт олоогүй ч шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ба жилээс жилд киноны нэр хүнд өсөж, өнөөдөр нэгэн аравны төдийгүй шинэ зууны шилдэг киноны нэгээр нэрлэгдэж байна. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 876-р байрт эрэмбэлээд байна. Энэ бол Lonergan-ын хоёрдахь кино байсан; Anna Paquin энэ кинонд гялалзаж чадсан; энэ бол орчин үеийн амьдралын далайцтай үзүүлсэн цочирдом драм. Мэдээж Lonergan 3 цагийн хувилбараа илүүд үзэж байсан ч үр дүн онцгой болсон; цочроосон, хотын эмгэнэлийн тухай хар дарсан зүүд гэмээр.
Энэ кино
зарим талаар John Cassavetes-ын бүтээлийг санагдуулна. Anna Paquin энэ кинонд
үнэхээр эрч хүчтэй, тэмүүлэлтэй тоглосныг онцлох ёстой болов уу. Түүний
бишрэмээр тоглолт үзэгчдийг сэтгэл хөдлөлийн тамд хөтлөн аваачина. Киноны
нэрийг Английн яруу найрагч Gerard Manley Hopkins-ын нэгэн шүлгээс авсан; кино
дээр Lisa ангийнхантай энэ шүлгийн талаар ярилцдаг. Кинонд гарах олон идеанууд
киноны хугацааг уртасгахад хувь нэмэртэй байсан гэж үзэж болно. Энэ бол үйл
явдал гэхээсээ илүүтэй зан авирын тухай өгүүлсэн ховор кино ба дүрүүд юу хийж
байна, тэд юу хэлж байна, тэд юу мэдэрч бас юунд итгэж байгаа тухай юм. Мөн энэ
кино нь хүмүүсийн дотоод сэтгэлийн тухай буюу тэд юу ч хэлдэггүй, юу ч хийдэггүй,
бас ойлгодоггүй тухай, нэг үгээр хүмүүсийн бодол, мэдрэмж, сэтгэл хандлагыг
харуулсан бүтээл болой.
Comments
Post a Comment