Уильям Шекспир "Зөрүүд бүсгүйг номхотгосон нь"

 




"Зөрүүд бүсгүйг номхотгосон нь". Аугаа Уильям Шекспирийн 1590-1592 оны хооронд бичсэн гэж үздэг хошин жүжиг. Жүжгийн гол үйл явдалд хатуу ширүүн, бүдүүлэг зөрүүд Петручио, Катерина хоёрын харилцааг дүрсэлдэг. Эхэндээ Катерина энэ харилцаанд дургүй байдаг; гэтэл Петручио түүнийг дуулгавартай, хүсэмжит, сайн сүйт бүсгүй болгохын тулд идэж уухын хязгаарласанаар сэтгэлзүй болоод бие махбодийн хувьд "номхотгож" чаддаг. Жүжгийн дэд үйл явдалд Катеринагийн дүү, "идеал" эмэгтэй гэж тооцогддог Бианкагийн төлөөх хоёр эрийн ширүүн тэмцлийг харуулдаг. Энэхүү жүжиг нь эмэгтэй хүнийг үзэн ядах сэдэвтэй эсэх талаар шүүмжлэгч, уншигчдын дунд маргаан дагуулсан хэвээр байна. Мөн энэ жүжгээр хийсэн кино, мюзикл, балет, опера байдаг аж.

ҮНДСЭН САНАА. Романтик комеди жүжгийн хувьд эл бүтээл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр дурлалын харилцаа хэрхэн гэрлэлт болж хувирч буйд төвлөрдөг бөгөөд энэ утгаараа жүжиг нь хэвшмэл романтик комедийн төрөлд багтана. Гэвч Шекспирийн бусад комеди жүжгүүдээс ялгаатай нь "Зөрүүд бүсгүйг номхотгосон нь" жүжигт хайр дурлал, гэрлэлтийн тухай шинжилгээ нь хуримаар төгсдөггүй; үүний оронд, гэрлэсэн хосуудын ирээдүйн амьдралын талаар чухал ойлголтыг санал болгодог буюу жүжиг нь нийгмийн зүгээс хайрыг хэрхэн хэмжиж буйг судалдаг. "Ромео, Жульетта хоёр" жүжгээс ялгаатай нь "Зөрүүд бүсгүйг номхотгосон нь" жүжгийн хайрын судалгаанд дотоод сэтгэлийн хүсэл тэмүүлэл нь ердөө хоёрдогч үүрэг гүйцэтгэдэг. Үүний оронд, эл жүжигт гэрлэлтийн эдийн засгийн талыг онцолдог ба хэн хэнтэй гэрлэх вэ гэдэг бол эдийн засгийн үнэлгээнээс хамааралтай байсныг тодорхой харуулдаг. Энэхүү жүжиг нь амрагуудын дотоод хүсэл тэмүүллийг бус илүүтэй харилцаа, гэрлэлтийн институциудад хандсан ба романтик харилцааг нийгмийн өнцгөөс судлах хандлагатай байдаг. Үүгээр ч барахгүй хайр дурлалын харилцаанд зөвхөн амрагууд өөрсдөөс нь төдийгүй тэдний эцэг эх, үйлчлэгчид, найзууд нөлөөлдөг болохыг жүжигт дүрсэлжээ. Ерөнхийдөө эхнэр, нөхөр хоёр хуримын дараа гэрлэлтийн харилцаагаа хөтлөн авч явдаг байхад хайр дурлалын харилцааг ирээдүйн нөхрийн аав, ирээдүйн эхнэрийн аав нарын хоорондын хэлэлцээгээр явагдаж байна. Иймд гэрлэлт нь мөнгө шилжүүлэхтэй адилхан гүйлгээ болж хувирч байна.

 Лученцио Бианкагийн зүрх сэтгэлийг эзэмдсэн боловч Баптистад өөрийгөө хэмжээгүй баян гэж итгүүлж чадсаныхаа дараа л гэрлэх зөвшөөрөл олж авдаг ба хэрвээ Хортензио илүү их мөнгө санал болгосон бол Бианка Лученциод хайртай эсэхээс үл хамааран Бианка түүнийх болох байв. Жүжигт хүн бүр нийгмийн тодорхой байр суурийг эзэлдэг бөгөөд ингэснээр тухайн хүн хэрхэн биеэ авч явах талаар тодорхой хүлээлттэй болж байна. Тухайн дүрийн нийгэм дэх байр суурь түүний хөрөнгө, нас, хүйс, эцэг, эх, мэргэжил боловсрол гэх мэт зүйлсээр тодорхойлогдоно; тэднийг тус бүрд нь хэрхэн биеэ авч явахыг зохицуулах дүрмийг гэр бүлээс нь, найз нөхдөөс нь, нийгмээс хатуу чанд даган мөрдүүлдэг. Жишээлбэл, Лученцио баян залуухан оюутны дүрд, Бианка, Катерина нар эхнэр болохоо хүлээж буй дээд зиндааны залуу охидын дүрд, мөн Транио зарцын дүрд тоглодог. Үгүйдээн тэд эдгээр үүргийг гүйцэтгэх ёстой боловч бодит дээр Катерина нийгмийн үүрэг буюу дүртэйгээ холбогдохыг хүсдэггүй агаад түүний зөрүүд муухай ааш бол өөрийнхөө байр сууринд бухимдсанаас үүдэлтэй юм. Тэрээр нийгэм өөрөөс нь хүлээсэн үүргийг хангаж чадахгүй байгаа учраас нийгмээс ирэх зэвүүцэлтэй тулгарч, улмаар энэ нь түүнийг ганцаардуулж, жаргалгүй болгодог. 

Катерина бол нийгмээс тодорхойлсон үүргийг тойрч гарах юмуу үгүйсгэхийн оролддог жүжгийн олон дүрийн нэг нь боловч Лученцио ажилчин ангийн латин хэлний багш, Транио өөрийгөө баян язгууртан болгон өөрчилдөг билээ. Катерина өөрийнхөө үүрэгт зовж шаналж буйтай харьцуулахад бусад дүрүүдийн нийгмээс ирсэн хүлээлтийг тойрч гарах оролдлого нь хор хөнөөлтэй бус харин ч хөгжилтэй байдаг. Гэсэн хэдий ч жүжгийн төгсгөлд ердийн амьдрал дахин эхлэхээс урьтаж өөрчлөлт бүрийг эргүүлэн буцаах ёстой гэдгийг жүжиг дүрсэлдэг бөгөөд эцсийн эцэст, нийгмийн жаргал гэдэг хүн бүр өөрт тушаасан дүрд тоглохоос хамаарна. Гаднах байдал тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог ч эцсийн дүндээ энэ нь тийм биш гэдгийг баталдаг. Зарц нь ноёныхоо хувцсыг өмсөж болох ч тэр зарц хэвээр үлдэж, өөрийнхөө байранд буцах ёстой гэдгийг бид Траниогийн байдлаас харж болно. Үүний нэгэн адил Лученцио Бианкатай хамт явахаасаа өмнө аавдаа болон Баптистад заль мэхээ илчлэх ёстой болдог. Жүжгийн туршид Катеринагийн хөгжил үндсэндээ эхнэрийн хувьд нийгмийн шинэ үүрэгтээ аажмаар дасан зохицсоноор тодорхойлогдоно. Тэрээр Петручиогийн доромжлол бүхий номхотгох дэглэмийг дагаж мөрддөг, учир нь тэрээр эхнэрийн дүрд үүрэгт дуртай эсэхээс үл хамааран өөртэйгөө холбоотой бүх хүмүүстэй зөрчилдөж байснаас нийгмийн үүргээ хүлээн зөвшөөрвөл жаргалтай байх болно гэдгээ тодорхой түвшинд мэддэг. Чухамдаа, жүжгийн гол сэтгэл хөдөлгөм байдал бол нийгмийн хил хязгаарыг давах буюу ухаалаг заль мэх, өнгөлөн далдлах байнгын үзэгдлээс хамаатай юм. Гэхдээ эцэст нь, уламжлалт дэг журам өөрийгөө сэргээж энэ дэг журамтай нийцсэн дүрүүд хувийн жаргалд хүрнэ 

МОТИФ. "Зөрүүд бүсгүйг номхотгосон нь" жүжгийн ихэнх дүрүүд зүсээ хувиргадаг: Лученцио латин багшийн дүрд хувирдаг, Транио эзэн Лученциод, Хортензио хөгжмийн багшийн хувцас өмсдөг бол хоосон номлогч Винченциод хувирдаг. Эдгээр өнгөлөн далдлалт нь дүрүүдэд нийгмийн байр суурь, анги давхаргын саад тотгороо даван туулах боломжийг олгодог бөгөөд хэсэг хугацаанд тус бүрд нь амжилттай үйлчилдэг. Энэ жүжигт хувцас эрэгтэй хүнийг бүтээдэг үү? өөрөөр хэлбэл хүн шинэ хувцас өмссөнөөр үүргээ буюу дүрээ өөрчилж чадах уу гэсэн асуултыг тавьдаг. Эцсээр хариулт мэдээж үгүй. "Зөрүүд бүсгүйг номхотгосон нь" жүжигт хүн өөрийгөө хичнээн өөрөөр дүрслэхийг хүсч байгаагаас үл хамааран өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг харуулах чадамжит урьдчилсан сүлжээнд байдгийг харуулдаг. Лученциогийн дүрд хувирсан Транио ердөө Винченциотой "мөргөлдөхөд" л жинхэнэ дүр төрх нь хангалттай гарч ирэх бол Петручиогийн хуримынхаа өдөр хэлсэнчлэн хувцас бол ердөө л хувцас ба дотор нь байгаа хүн ямар ч хувцас өмссөн хэн байсан түүгээрээ л үлддэг аж. Гаршуулах гэдэг сэдвийг жүжгийн нэрэнд "номхотгох" гэсэн үгээр илэрхийлжээ. Үйл явдлын ихэнх хэсэгт Петручио Катеринагийн нийгмийн эсрэг байдлыг засахад оролддогод оршдог ба тэрээр Катеринаг голдуу гаршуулах ёстой зэрлэг амьтан гэж нэрлэдэг билээ. Петручио өөрийгөө, мөн бусад хүмүүс ч түүнийг эхнэрээ номхотгох ёстой сургагч гэж үздэг бөгөөд ихэнх хүмүүс Катеринагийн зэрлэг, зөрүүд зан Петручиод ахдана гэж битүүхэндээ сэжиглэдэг. Хуримын дараах гаршуулах уран яриа Петручио, Катерина хоёрын харилцаагаар улам бүр тодотгоно. Петручио түүнийг "шонхор" шиг сургах тухай ярьж, "эхнэрээ эелдэгээр хөнөөх" төлөвлөгөөтэй байдаг. Хортензио Петручиогийн гэрийг бусад эрчүүд хүүхнүүдийг хэрхэн гаршуулах талаар сурч болох газар гэж төсөөлж, гэрийг нь "номхотгох сургууль" гэж нэрлэдэг билээ. 

СИМБОЛ. Петручиогийн хуримандаа өмсөж ирдэг хөгийн инээдтэй хувцас Катеринаг захирах болсныг бэлгэддэг; тэр зөвхөн хувцсаараа л түүнийг доромжилж байна. Катерина ийм хувцастай хүнтэй хуримлах болсон нь ичгэвтэртэй ч тэрээр хөгшин үүдээ сахисан хүүхэн болохыг хүсэхгүй л бол өөр сонголт байхгүй гэдгийг мэддэг. Тэрээр Петручио алиалагч шиг хувцасласан байсан ч хуримын ёслолыг үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг буюу хурим эхлэхээс өмнө Петручиогийн эрх мэдэлд бууж өгдөг. Хувцаслалт буюу гадна төрх нь мөн түр зуурын шинж чанарыг бэлгэддэг. Петручио Катерина өөрийнх нь хувцастай биш өөртэй нь гэрлэж байна гэж зарлаж байгаа нь хувцас өмссөн хүн хувцас биш гэдгийг харуулжээ. Тиймээс багшийн хувцас өмссөн Лученцио жинхэнэ дүр төрхдөө эргэж орох нь зайлшгүй бол үүнтэй адилаар Катерина хариуцлагатай эхнэрийн дүрд тоглохдоо мөн чанартаа Катерина хэвээрээ л үлдэнэ. Катеринагийн үнэхээр сэтгэл татам, гоёмсог гэж үзсэн малгай, даашинзыг Петручио үгүйсгэж байгаа нь түүний эрх мэдлийг дахин бэлгэддэг. Хувцас нь Катерина Петручиогийн хүслийг дагаж, дурыг нь татах нэг төрлийн өгөөшийн үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн Петручиод л Катеринагийн хэрэгцээ, хүслийг хангах эрх мэдэл байдаг.

Comments