Хүлэгдсэн Эрос

 


L'Age d'Or (1930) . "Миний үеийн эрчүүд, ялангуяа Испаничуудад секс, эмэгтэйчүүдийн талаар удамшиж ирсэн ичимхий зан байдаг. Бидний бэлгийн дур хүслийг олон зуун жил дарж, сул дорой болгосон Католик шашны үр дүн гэж үзэх ёстой. Үүнд олон зүйлсийг хорьдог... ердийн дур хүслийг онцгой хүчирхийлэл болгон хувиргажээ" хэмээн Испанийн домогт кино урлаач Luis Bunuel-ын сюрреалист, егөөдөлт комеди бүхий энэ кинонд орчин үеийн амьдралын солиорол, хөрөнгөтний нийгмийн сексийн ёс суртахууны зан заншлын хоёр нүүрт байдал хийгээд Католик сүм хийдийн үнэт зүйлсийн тогтолцооны тухай өгүүлдэг. Киноны ихэнх үйл явдал дуугүйгаар өрнөдөг ч уг  бүтээлийг ерөнхийдөө дуутай кино гэж үздэг бөгөөд "Miss Europe", "Under the Roofs of Paris" кинонуудын хамтаар Францын анхны дуутай киноны нэг гэж үздэг. Bunuel-ын анхны агаад хамгийн радикал эл киног хэдэн 10 жил хориглож ирсэн ч энэ кино одоо ч сэтгэл татам хэвээрээ байна. Дараалсан үйл явдлын шугамыг орхиж, баримтад хэв маягийг сонгосоноор энэ кино сүм, хийдийн хувьд жинхэнэ тэсрэх бөмбөг болсон.

 Хөгжилтэй, шашныг дайрсан, сексий, ухаалаг ба этгээд эл кино Bunuel-ын хожмын бүтээлд байдаг гашуун чихэрлэг биш ч хүлээн зөвшөөрөгдсөн шедевр буюу TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 161-р эрэмбэлээд байна. Киноны үйл явдлыг товчхон дурдваас: эрэгтэй, эмэгтэй хоёр романтик харилцаагаа сексээр дуусгах гэсэн оролдлогуудыг нийгэм, гэр бүл, сүм хийгээд хөрөнгөтний үнэт зүйлс, мөн сексийн зан заншил үргэлж сатааруулах буюу кино эл саад тотгорыг үзүүлсэн цуврал хэсгээс бүрддэг. Киноны зохиолыг Luis Bunuel, Salvador Dali хоёр хамтран бичсэн, энэ бол тэдний хамтарсан хоёр дахь кино байсан ба харамсалтай нь, продакшны үеэр тэд муудалцаж, Bunuel Dali-г зураг авалтын талбайгаас хөөж байсан гэсэн яриа бий.

 Тухайн үед "шинэков" байсан Bunuel кино бүтээх арга техникийг сайн мэддэггүй байсан ч үүнийгээ кино зохиолд сцений дарааллыг буулгах замаар шийдэж чадсан; 63 минут үргэлжлэх кино нь бараг метр бүрт илчлэгдсэн, гэрэл зургийн драматик дарааллаар зохиомжлогджээ. Продакшны төсөв нэг сая франк байсан ба язгууртан Charles de Noailles гэгч киног санхүүжүүлсэн. Энэ эрхэм 1928 оноос эхлэн эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулж кино хийлгэдэг байсан нь Bunuel-д "аз" болсон, энэ эрхэм Bunuel-аас гадна Dali, Jean Cocteau, Jean Hugo зэрэг урлагийнхныг дэмждэг, урлагт элэгтэй хүн байжээ. Цензурын зөвлөлөөс киног олон нийтэд үзүүлэх зөвшөөрөл авсны дараа 1930 онд Парист нээлтээ хийсэн. Кино маш сайн амжилт гаргаснаар Баруун жигүүрийн үзэлтнүүдийн дайралтад өртөж, Bunuel, Dali нарын дүрслэл, харааны мэдэгдлийг хүчтэй дайран доромжилжээ. Баруун жигүүрийн үзэлтнүүд үзвэрийн үеэр дэлгэц руу бэх шидэж, үзэж байсан хүмүүсийг зодож танхайрсан. Үүний улмаас Цензурын зөвлөл киног дахин хянаж үзээд олон нийтэд үзүүлэхийг хориглосон байдаг. Баруун жигүүрийн үзэлтнүүдийн хэвлэн гаргадаг сонинд Bunuel, Dali нарыг буруушаасан нийтлэлүүд цувран гарсан ба "манай эриний хамгийн жигшим завхрал. Иудаизм, масон, галзуу хувьсгалт бүлгэмийн хүмүүсийг завхруулахыг хүссэн шинэ хор" гэж байв. Үүний хариуд ивээн тэтгэгч Noailles киног арилжааны ба олон нийтэд үзүүлэх түгээлтээс олон жилээр хассан. Гэвч 1933 онд уг киног Нью-Йоркийн хотод хувийн үзэсгэлэнгээр гаргасан бол Америкт албан ёсоор 1979 онд нээлтээ хийжээ. 

Шүүмжлэгч Robert Short-ын хэлснээр; нүцгэн хадан дээрх цовдлолт, хайранд автсан эр хоёр хүнд занчуулж буй гэх мэт хүчирхийллийн дүрслэлүүд нь сэтгэл хөдлөл хийгээд романтик хүсэл, сексийн дур тачаалд үзүүлж байгаа нийгэм, сэтгэлзүйн дарамтыг харуулсан гэжээ. Мөн түүнчлэн хөрөнгөтний нийгмийн сексийн ёс суртахууны зан заншил, Ромын Католик сүмийн тогтолцоо нь хүмүүсийн дунд хүчирхийлэл үүсгэж, эрчүүд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хийхэд хүргэдэг гэжээ. Өнөөдөр энэ киног сюрреалист киноны гол бүтээлийн нэг гэж үздэг. Шүүмжлэгч Philip French-ын хэлснээр: энэ кино бол Bunuel-ын "Un Chien Andalou" киноных нь хамтаар хөрөнгөтний үнэт зүйлс, сексийн дарамтыг үзүүлсэн дараалалд ямар ч логик учир утгагүйгээр зурагласан ба Bunuel, Dali нар бол жинхэнэ сюрреалист киног үндэслэсэн анхны тэргүүлэгчид ажээ. Ed Gonzalez-ын киноны хөгжимм хийсэн анализаар бол Bunuel-ын хэлэх гэсэн санаа бол хайрыг бүх төрлийн ёс суртахууны хязгаарлалтыг давах туулах чадвар гэжээ. 

Нүцгэн хадны цовдлолт, олонтаа үзэгдэх хамба лам нар энэ киног шашинтай холбоотой болохыг харуулна. Bunuel-ын кино урлагийн онцлог хэл бол шашны хүчирхийллийг шүүмжилдэг, түүнийг хүндэлдэг зарим хүмүүс үүнд нь таагүй ханддаг ч Bunuel-г бид өөрөөр хүлээн авч чадахгүй. Bunuel "Миний сүүлчийн амьсгал" намтар номондоо: ган гачгаас гэтэлгээч гэж залбирсан хүмүүсийн тухай бичсэн байдаг, хүмүүс залбирсан ч Бурхан хариулсангүй, ингээд хилэгнэсэн хүмүүс Ариун Маригийн хөшөөг нураажээ. Иймэрхүү түүх түүний кинонуудад ерөнхий сэдэв болдог ба энэ кинонд ч бий. Эрэгтэй хүний хөшөөний хөлийг хөхөх эмэгтэй, чичирсэн хуруунууд буюу хуруугаа боосон зураглалууд нь киноны ертөнцөд секс хориотой тул дандаа гар хангалга хийдгийг ёгтлоно; энэ бол үнэмлэхүй сексийг хорьсон зан үйлийн ёгтлол кино юм.

Comments