The Woman Next Door (1981) . Францын нэрт кино урлаач Francis Truffaut-ын зохиолын бичиж найруулсан романтик драм. Энэхүү киноны үйл явдал дундад зууны "Тристан Изольда хоёр" түүхийг санагдуулам боловч кинонд үйл явдал жижигхэн хотод амьдрах хөрш айлын эхнэр, нөхөр хоёрын аюултай харилцааг дүрсэлдэг. Энэ бол Truffaut-ын сүүлчийн ноцтой сэдэвтэй кино буюу түүний замналын төгсгөл шатны чухал кино болно. Кино байдаг л савангийн дуурь шиг санагдана, гэвч аз болоход Truffaut-ын олон ухаалаг кино шиг хайрын төөрөгдлийг судлан үздэг ба найруулагчийн өмнөх кинонуудыг бодвол илүү бараан, нягт юм. Тэр жилдээ кино Францдаа сая гаруй билет борлуулсан ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 864-р байрт эрэмбэлээд байна. Киноны гол дүрүүдэд: Gerard Depardieu, Fanny Ardant нар тоглосон бөгөөд тэдний хоорондын ойлголцол, уусалт гайхалтай учир тоглосон дүрүүдийнх нь амьдрал эмгэнэлт үйл явдал руу гулсаж буйг ч "анзаарахгүй". Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Дундаж давхаргын нэгэн гэр бүл Греноблийн ойролцоох жижигхэн хотод амьдарна. Нөхрийг нь Bernard гэдэг бол эхнэрийг нь Arlette гэх бөгөөд тэд Thomas нэртэй бяцхан хүүтэй. Нэгэн өдөр тэдний хөрш айл болж Phillippe, Mathilde гэсэн саяхан хуримлсан шинэхэн эхнэр нөхрүүд нүүж ирнэ. Bernard, Mathilde хоёр биесээ харуутаа цочирдон сонин болцгоох ба олон жилийн өмнө тэд ганц бие залуухан явцгаахдаа галтайхан янаглаж явсан ч гайтай, зовлонтойгоор харилцаа нь дууссан нь нүднээс нь харагдана. Хөршүүд уулзаж хамт оройн хоол идэж, нэг үгээр хөршийн холбоо үүсгэх ёстой гэсэн эхнэрийнхээ саналаас Bernard яаж ийгээд зугтаж мултаад байсан ч дэлгүүрт Mathilde-тай таараад эхнэрийнхээ үгийг дагахаас өөр аргагүй болно. Энэ хүртэл Mathilde Bernard-тай ганцаараа уулзахыг хүсээ эрэлхийлж ирсэн бөгөөд санаж явсан, хүсэж удсан гэдгээ шууд хэлнэ. Ийнхүү хөршүүд орж гардаг болохтой зэрэгцээд хуучны хайрын бас дур тачаалын гал нууцхан асаж эхэлнэ. Тэд хэвийн амьдарч бас ажиллаж байтал Mathilde аажмаар Bernard-аас уйдсан гэмээр байдалтайгаар хөндийрч эхлэхэд дур хүсэл, хардалтаа барьж чадахаа больсон Bernard олны өмнө буюу гэр бүлийнхээ үдэшлэг дээр бүсгүй руу дайрч, зодож танхайрсанаар нууц амраглал бүгдэд ил болно. Bernard эхнэртээ бүгдийг хэлээд, бас уучлалтыг нь хүлээж чадсаны ачаар амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болдог бол Mathilde-г нөхөр сэтгэлзүйчид үзүүлж, гэр бүлээ хадгалж үлдэх гэж хэрэндээ хичээнэ. Гэвч Bernard өөрийг нь тоохоо болиод эхлэнгүүт Mathilde тэсэхээ больж, Bernard-ын араас шууд бас шулуухан хөөцөлдөж эхэлсэн ч бие нь муудаад эмнэлэгт хэвтэх ба нөхрийнх нь хүсэлтээр Bernard түүнийг эргэж очихдоо дахиж "нийлэхгүй" гэж хэлдэг. Нэгэн шөнө Bernard эхнэрээ тэврээд унтаж байтал хаалга онгойх чимээ сонсоод сэрнэ. Сэжиг авсан тэрээр эхнэрээ сэрээлгүй босоод үүдэн дээрээ очтол харанхуйд Mathilde зогсож байна. Тэд шууд л үнсэлцэж бас тэврэлцэх бөгөөд хүйтэн шалан дээр хурьцаж эхлэх үеэр Mathilde цүнхнээсээ гар буу гаргаж ирээд эхлээд Bernard-г дараа нь өөрийгөө буудсанаар кино төгсдөг.
Кино зүгээр л
зэрэгцээ орших хоёр байшингийн тухай хүүрнэлээр эхэлдэг ба энэ энгийн
хөршүүдтэй кино шиг л байдаг. Хөршүүд хамт оройн хоол идэж дотно болсны дараа
түүх энгийн биш болдог. Bernard, Mathilde хоёр 8 юмуу 9 жилийн өмнө амрагууд
байсан бололтой байдаг; үзэгчдэд өгсөн мэдээллээр тэдний харилцаа маш хүчтэй,
шуурга лугаа адил байж. Mathilde нэг удаа Bernard-г "сэтгэл гутралтай
хүчирхийлэгч маниак" гэж хэлдэг билээ. Гэвч тэд дахин уулзаж, янаглан
амраглахад бүх зүйл хэвийн мэт байдаг, мэдээж өнгөц талдаа. Тэд анхнаасаа нэг
том алдаа гаргадаг нь хөршүүд болохдоо л бие биенээ өмнө нь таньдаг байснаа
нөхөр ба эхнэртээ хэлдэггүйнх буюу анхнаасаа хэлчихсэн бол асуудал бага байх
байсан нь мэдээж хэрэг. Гэхдээ тэд өнгөрсөнөө нууцалдаг, нууцалж байгаа нь учир
утга өгч байна гэсэн үг юм. Үнэндээ тэд өнгөрсөндөө амьдарсаар байгаа ба нууцаа
хуваалцсаар байгаагаа харилцан хүлээн зөвшөөрдөг. Тэд буудлын өрөөг сараар нь
түрээслээд тэнд үдээс хойш болгон амраглан янаглахад тэднийг харсан хоёрхон
гэрчийн нэг (нөгөөх нь буудлын ажилтан) бол үзэгч юм. Ийм байдлыг буюу эрэгтэй,
эмэгтэй хүмүүсийн эрүүл бөгөөд төлөвшсөн харилцааг дүрслээгүй 20 орчим кино
бүтээсэн Truffaut-ын хувьд энэ бол архетип нөхцөл байдал ажээ. Truffaut-ын
дүрсэлсэн бүхий л амрагууд хүсэл тачаалынхаа чөтгөрүүдэд олзлогдож, мөн үнэнч
байх чадваргүй, хүчирхийллийн далд өнгө аястай байдаг. Ер нь Truffaut-д 3
сэдвээр голлодог; энэ бол дурласан эр, эрэгтэйг хөнөөдөг эмэгтэй, тэгээд хүүхэд
байдаг. Энэ кинонд хүүхдүүд ховор гардаг, харин хайр дурлалд автсан эрэгтэй,
эмэгтэй хүмүүс гардаг ба тэд бие биедээ гэхээсээ илүү сексийн харилцаандаа
дурладаг бололтой байдаг. Тэд бие биенээ нэгэн зэрэг хайрлаж чаддаггүй, хүсэл
тачаал нь бүрэн асахын тулд нөгөөх нь заавал татгалзах ёстой; кино аз жаргалтай
төгсгөлтэй, учир нь төгсгөлдөө тэд тэнцүү болдог буюу хамт үхдэг. Truffaut бол
Alfred Hitchcock-ын шүтэн бишрэгч байсан ба энэ кино нь гэм буруу, хүсэл
тачаал, мөн өчүүхэн нүглийн аймшигт үр дагаврыг үзүүлснээрээ гүн гүнзгий
Hitchcock маягийн кино юм.
Comments
Post a Comment