A City of Sadness (1989) . Тайванийн кино найруулагч Hou Hsiao-hsien-ын энэхүү "The Godfather" киноны нөлөөгөөр бүтсэн ер бусын амбицтай нийгэм-түүхийн туульс нь магадгүй түүний сонгож авсан сэдэв болох хүчирхийлэл болон өөрийнх нь нам гүм үзэсгэлэнтэй дүрслэлийн хэв маягийн хоорондох хамгийн тансаг тэнцвэрийг олж авсан бүтээл болов уу. Энэ бол маргаангүй 1980-аад оны хамгийн чухал бүтээлийн нэг ба TSPDT Сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 189-р байрт жагсаагаад байна. Кинонд; 1940-өөд оны сүүлээр эх газрын Хятадаас ирсэн Тайваний ард түмэнд Гоминданы засгийн газраас үйлдсэн "цагаан аюул" буюу тэдгээр хүмүүсийг хэрхэн зовоон тарчлаасан түүхийг үзүүлэхдээ нэгэн гэр бүлээр төлөөлүүлэн үзүүлдэг. "Цагаан аюул"-ын үеэр олон мянган Тайвань болон эх газраас дүрвэн ирэгсдийг баривчлах, шоронд хийх юмуу буудан алж байв. Энэ кино бол 1945 онд дэлхийн 2-р дайнд Япон ялагдсаны дараа Тайванийг эзлэн авсан Гоминданы засгийн газрын буруу үйлдлүүдийг ил тодоор харуулсан анхны киноны сацуу 1947 оны 2-р сарын 28нд Гоминданы засгийн газар олон мянган хүнийг хомроглон устгасныг зоригтой дүрсэлсэн мөн анхны кино аж. Эл бүтээл нь Венецийн кино наадмын дээд шагнал хүртсэн анхны Тайвань кино ба найруулагч hou Hsiao-hsien-ын "Тайванийн трилогийн" эхний кино нь буюу нөгөө хоёр нь; The Puppetmaster" болон "Good Men, Good Women" юм. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
1945-1949 оны хооронд Японы колончлолын 50 жилийн дэглэм дуусч, Chiang Kai-shek-ын үндсэрхэг үзэлтнүүд Тайванийг эрхшээж байх үед Тайпей хотын ойролцоо далайн эргийн жижигхэн сууринд амьдрах Lin хэмээх гэр бүлийн түүхийг өгүүлнэ. 1945 оны 8-р сарын 15нд радиогоор Японы эзэн хаан бууж өгч буйгаа зарлаж, Тайвань тусгаар тогтнолоо олж байгаад хүмүүс баяр хөөрөөр дүүрэн байна. Гоминданы цэргүүд, дээрэмчид, социалистууд гээд түмэн янзын хүмүүс Тайваньд иржээ. Энэ үед "Бяцхан Шанхай" нэртэй баар ажлуулдаг Lin-ын 4 хүүгийн ууган нь хүүгээ төрөхийг хүлээж байлаа. Хоёр дахь хүү нь дайны үеэр Филиппинд алга болсон бол дөрөвдөх буюу отгон хүү нь зүүний үзэлтэй эмч бас гэрэл зурагчин ба багадаа осолд орж дүлий болжээ. Отгон хүү Hiroe гэх Япон найзтай, мөн Hiroe-ын охин дүү Hiromi-той дотно үерхэнэ. Тэгвэл гурав дахь хүү Япончуудад ажиллаж байсан учир Гоминданы засгийн газар түүнийг урвагч гэж үзэж шоронд хийсэн бөгөөд тэрээр шоронд тамлуулж, хэсэг эмнэлэгт хэвтэж байгаал улмаар эдгэж гарч ирээд Шанхайн гангстеруудтай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулах болсон. Том ах нь үүнийг мэдээд дүүгээ зогсоосон ч гурав дахь хүү Япончуудтай дахин ажилласан гэж хэлмэгдүүлтэнд өртөн, дахин тамлуултыг энэ удаа даасангүй тархиндаа хүнд гэмтэл авчээ. 1947 оны 2-р 28ны үйл явдалд болж, олон мянган Тайванчуудыг Гоминданы цэрэг хомроглон хөнөөнө. Lin-ын гэр бүл эсэргүүцлийг дарахын тулд цэргийн онц байдал зарлаж буйг радиогоор сонсож байлаа. Отгон хүү энэ үед баривчлагддаг ч зоволгүй суллагдана, Hiroe зүүнтний партизануудтайгаа ууланд гардаг. Зурагчин маань найзтайгаа нийлэх хүсэлтэй байвч найз нь охин дүүгээ түүнд даатгаж өгөх буюу тэднийг бие биедээ сэтгэлтэйг аль хэдийнээ ажиж мэдсэн байв. Ууган хүү мөрийтэй тоглож байгаад хэзээний өшөөтэй болоод байсан Шанхайн мафийнханд буудуулж үхнэ. Үүний дараа отгон хүү Hiromi хоёр гэрлэж, хүүхэдтэй болдог. Хосууд Hiroe-г байдгаараа дэмжиж байсан ч партизанууд ялагдаж, цаазлуулна. Удсангүй дүлий эмч маань партизануудтай холбоотой гэж баривчлагдан явахдаа бяцхан хүүгээ, бас эхнэрээ эцсийн удаа харах шиг болдог.
Японы колончлолын үед (1895-1945) Тайвань эх газрын Хятадтай хязгаарлагдмал харилцаатай байсан ба дэлхийн 2-р дайн дуусахад Гоминданы засгийн газар Тайванийг хяналтандаа авах үед Тайванийн ард түмэн улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн томоохон өөрчлөлт сорилттой тулгарсан. Эдгээр он жилүүдэд Тайвань болон эх газрын хүмүүсийн хооронд соёл, нийгмийн хурцадмал байдал бий болсон гэж үздэг. Мөн Тайванийн элитүүд болон захирагч Chen Yi тэргүүтэй мужийн засаг захиргааны хооронд улс төрийн үл итгэлцэл хурцдаж байжээ. Энэ хооронд буюу 1940-өөд оны сүүлээр үндсэрхэг үзэлтнүүдийн засгийн газар эх газрын коммунистуудын эсрэг иргэний дайн хийж байлаа. Хятадын эдийн засаг хурдацтай доройтож, дайны дараах Тайванийн эдийн засаг ч өдрөөр дордсоор байсан ба ажилгүйдэл, хүнсний хомсдод, ядуурлаас болж Тайваньд хууль бус явдал газар авч, нийгэм эмх замбараагүй болжээ. Тухайн цаг үед хэрэгжүүлсэн хязгаарлалтын нэг бол тамхины худалдааг хориглох байж. 2-р сарын 27нд Тамхины монополийн товчооны ажилтнууд хууль бусаар тамхи зарж байсан эмэгтэйг зодож, мөнгийг хурааснаар угаасаа бэлэн болоод байсан олны уур хилэнг бадрааж, хуулийнхан ба ард иргэдийн дунд томоохон мөргөлдөөн болсон агаад маргааш нь буюу 2-р сарын 28нд нөхцөл байдал хяналтаас гарах тийшээ хандсан учир Chen Yi цэргийн дэглэм тогтоож, эх газраас цэрэг илгээхийг хүссэн байдаг аж. Дараагийн 38 жилийн туршид Тайвань "Цагаан аюул" гэж нэрлэсэн цэргийн дэглэмд байсан ба үр дүнд нь Тайванийн элитүүд хоригдож бас алуулсан гэж үздэг. 2/28ны үйл явдлаас болж арван мянгаас хорин мянган орчим хүн алагдсан гэж үздэг. 2/28ны шархны ул мөр Тайванийн улс төр, нийгэмд гүн нөлөөлж, Тайвань болон эх газрын оршин суугчдын хооронд олон жил сэв суулгаж иржээ. 1980-аад онд үүссэн Шинэ Тайванийн кино хөдөлгөөн зөвхөн Тайваньдаа төдийгүй олон улсын үзэгчдийн анхаарлыг татахыг хүсч байлаа. Энэ үед Хонконгийн кино урлаг Азид тэргүүлж байсан тул Hou Hsiao-hsien, Edward Yang гэсэн Тайванчууд Хонконгийнх шиг сайн ар талтай, шилдэг оддыг тоглуулсан кино хийхийг эрмэлзэж байв. Найруулагч маань энэ кинондоо Японоос хөрөнгө оруулалтыг хүсч байсан ба хүссэн техник төхөөрөмжөө пост-продакшинд ашигласан байдаг. Үүнийг кино шүүмжлэгчдээс Zhan Hongzhi "олон улсын үзэгчид үзэж болохуйц өндөр чанартай" гэжээ.
Эл
аспектын дагуу кинонд од жүжигчин тоглуулах ёстой байсан, ингээд
зурагчин-эмчийн дүрд Хонконгийн од Tony Leung-г тоглуулсан ба энэ нь давхар
Хятад үзэгчдийг татах зорилготой байв. Мөн кинонд Япон, Кантон, Шанхай, Тайвань
зэрэг олон хэлийг ашигласан нь Тайванийг олон улсад таниулах, олон улсын
үзэгчдийг татах зорилго байжээ. Найруулагч маань хэд хэдэн шалтгааны улмаас
"Цагаан аюул" болон 2/28ны үйл явдлын сэдэвтэй кино хийхийг хүсч
байлаа. Тэрээр 1988 онд Chiang Ching-kuo үхэж, цэргийн дэглэм цуцлагдахад
засгийн газраас нууж ирсэн 2/28ны хэргийг чөлөөтэй үзүүлж болох нь гэж мэдэрсэн
гэдэг. Түүний хэлснээр; ийм сэдэвтэй ном олдохгүй байсан агаад ерөөсөө түүхийг
гэр бүлийн өнцгөөс хүүрнэх нь зөв гэж боджээ. "2/28ны үйл явдлыг бүгд
мэддэг байсан. Олон нийтийн дунд хэн ч энэ талаар ярьдаггүй байсан ч хаалганы
цаана бүгд л энэ талаар ярьдаг байсан. Энэ хэдийнээ бүгдээрээ мэддэг байсан
зүйл учраас би энэ тухай кино хийхийг хүссэн... бүгдийг үнэнээр үзүүлэхэд
найруулагчийн хувьд дүрслэл, хандлагааар хязгаарлагддаг. Би тухайн цаг үеийн
уур амьсгалын нэгээхэн хэсгийг л харуулж чадсан" гэж Hou Hsiao-hsien
бичсэн байдаг. Уг бүтээл Тайваньдаа үлэмж амжилт олсон бол шүүмжлэгчид хоёрдмол
чанартай гэж дүгнэсэн; кино 2/28ны тухай үзүүлсэн гэж зар сурталчилгаа хийж
байсан ч үнэндээ дэлгэцнээ энэ талаар бараг үзүүлдэггүй, мөн улс төрийн хувьд
хоёрдмол утгатайгаас гадаад ойлгоход тун бэрхтэй гэсэн байдаг аж. 2/28ны үйл
явдлыг дүрсэлдэггүй, харин дэндүү хураангуй бүтэцтэй гэж шүүмжлүүлсэн эл киног
зарим нэг нь Тайванаас гарсан хамгийн шилдэг кино гэдэг. Кино шүүмжлэгч Dave
Kehr хэлж байна: "энэ бол аугаа кино. Киног урлаг гэж үзсээр байгаа цагт
энэ киног үзэх хүн байсаар
байна"...
Comments
Post a Comment