Би бол Бурхан

 


A Better Tomorrow (1986) . Sung бол Хонконгийн триадын (мафи) нөлөө бүхий гишүүн бөгөөд Америк долларыг хуурамчаар хэвлэж, түгээх нарийн ажиллагааг удирдан явуулагч. Mark бол Sung-ын хамтрагч, үнэнч найзаас гадна триадын чухал гишүүн. Киноны гурав дахь баатрыг Kit гэдэг ба Sung-ын төрсөн дүү тэрээр цагдаагийн мөрдөгч болохоор бэлтгэгдэж буй. Sung дүүгээсээ өөрийн гэмт хэргийн ертөнцийг далдлан нууж, дүүгээ бохир ертөнцөөс хол амьдраасай гэж хүсэх бол тэдний өвчтэй аав том хүүгээ гэмт хэргийн ертөнцийг орхихыг байнга гуйна. Sung өвчтэй аавынхаа магадгүй сүүлчийн хүслийг зөвшөөрч, Тайваньд очиж наймаа хийснийхээ дараа "зодог тайлахаар" шийдвэрлэнэ. Тэрээр өөрийн туслах Shing гэгчийг дагуулан Тайваньд очтол тэнд тэднийг Тайваны триадынхан отож байгаад алахаар завдана. Sung дотроо бууж өгөхөөр шийдэж, Shing-г зугтаалгачихаад өөрөө цагдаад баривчлагдах буюу ингэснээр хоёулаа баригдахаас сэргийлж өөрийгөө золиослож Shing-г суллаж явуулж чадна. Ингээд Sung гурван жилийн ял авдаг. Энэ үер триадууд Sung-г шоронд чимээгүй байлгахын тулд түүний аавыг барьцаалахаар дайрч ороод Kit-тэй тулдаг ба аавыг нь барьцаалж чадаагүй ч алж амжина. Аав нь үхэхдээ Kit-д ахыгаа яадаг ч байсан уучлаарай гэж захидаг. Kit аавынх нь үхэлд ах нь буруутай төдийгүй гэмт хэрэгтэн болохыг олж мэднэ. Харин Mark найзынхаа өшөөг авахаар Тайваньд очтол түүнийг мөн л отож байх агаад ширүүн буудалцааны дараа Mark үлдсэн насаа доголон өнгөрүүлэхээр болдог. Гурван жил өнгөрлөө. Sung шоронгоос суллагдана, түүн дээр хуучны триадынхан очоод буцаад ажилдаа ор гэхэд Sung татгалзаад харин оронд нь өмнө нь гэмт хэрэгтэн байсан одоо таксины компанийн дарга Ken дээр очоод тэнд жолооч болдог. Sung таксинд явж байгаад хуучны дотно анд Mark-гаа харна, найз нь доголон болсон байхын дээр одоо өөрийнх нь байранд очсон Shing-ын машин угаагч болж доошоо орсон байна. Найзууд дахин уулздаг хэсэг сэтгэл хөдөлгөм бөгөөд Mark түүнд дахин шинээр эхлье хэмээхэд Sung дахиж бохир ертөнцөд орох хүсэлгүй байгаагаа хэлнэ. Sung дүүгээ олж уулзахад Kit аавынхаа үхэлд ахыгаа буруутгаад хавьтуулахгүй ба ахыгаа зодно. Kit одоо мөрдөгч болсон байна, ман ахынхаа муу нэрээс болж тушаал дэвших боломжгүй байгаадаа уурлан шатна. Kit өөрийгөө баталж, ингэж ахаасаа хөндийрөхийн тулд Shing-г барьж авч унагахын хүснэ. Энэ зуур, Shing дахиж хамтран ажиллахыг Sung-гээс шамдан шаардсаар байх ч Sung татгалзсаар байна. Үүний үр дүнд Shing-ын хүмүүс таксины компани руу дайрч, улмаар Mark-г үхтэл зодоод зогсохгүй Kit-г отолт оруулж алах шахна. Буланд шахагдсан Sung буугаа авч, дахин бохир ертөнц рүү орохоос өөр аргагүй болно. 

Хонконгийн нэрт кино найруулагч John Woo-ын гэмт хэрэгт, тулаант жанрын уг кино бол Хонконгийн кино урлагийн тулаант жанрт үлэмж нөлөө үзүүлсэн, баатарлаг цуст тулаант жанрыг бий болгосон бүтээл гэж үздэг бөгөөд уг кино нь зөвхөн Хонконгийн кино урлагт төдийгүй Холливуудад нөлөөгөө тусгасан орчин цагийн шедевр юм. Киноны гол дүрүүдэд: Chow Yun-fat, Leslie Cheung, Ti Lung нар тоглосон. Бараг ямар ч зар сурталчилгаагүй нээлтээ хийсэн энэхүү кино Хонконгийн бокс оффисын рекордыг эвдэу, Азидаа блокбастер болсон ба Хятадын шилдэг 100 киноны 2-р байрт бичигддэг бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 902-р байрт эрэмбэлээд байна. Chow Yun-fat энэ киногоороо олны танил болж, Хонконгийн од жүжигчин болжээ. Түүний шүтэн бишрэгчид Mark дүр шиг нь хувцаслаж даган дуурайдаг үзэгдэл хүртэл гарсан байдаг. Уг кино амжилттай болсон учир үргэлжлэл болж дахин хоёр ч бүтээл гарсан ч эх хувилбарынхаа зэрэгт хүрч чадаагүй. Энэхүү киног албан бусаар 1967 онд гарсан "Story of a Discharged Prisoner" киноны дахин хийсэн хувилбар гэж үздэгээс гадна "The Brothers" хэмээх 1979 оны Хонконг киноноос зарим нэг санааг аван дахин шинэчлэн бүтээсэн ч гэж үздэг. Энэ кино яагаад бүхэл бүтэн үеийнхний төсөөллийг эзэмдсэний шалтгаан нь магадгүй кино өөрөө Хонконгийн кино урлагийн түүхийг харуулж байгаатай холбоотой бололтой. Сонирхуулахад, кинонд Mark хүчээр шээс уусан тухай өгүүлдэг, энэ нь жүжигчин Chow-ын бодит туршлагаас сэдэвлэсэн гэдэг яриа бий. Мөн John Woo-ын "Bullet in the Head" кино эл бүтээлийн өмнөтгөл байхаар бичигдэж байсан ч дараа нь бие даасан кино болгон өөрчилжээ. Хонконгийн гангстертай кино хүн болгонд тохирдоггүй; хэрвээ танд "үзэсгэлэнтэй хүчирхийлэл" гэсэн санаа хэт хуучинсаг санагдаж байвал энэ кино танд таарахгүй болов уу. Харин та MGM-ийн мюзикл шиг хэв маягтай, дэгжин тулаант кино байгаасай гэж хүсэх аваас Хонконгийн кино урлагийг үзэх хэрэгтэй. 

Та энэ дүрслэлийг төсөөлөх гээд үз; цагаан хослолтой, хар шилтэй бас тамхи зуусан эр шөнийн клубт орж ирж байгааг удаан хөдөлгөөнөөр зураглаж; мөн тэнд төгөлдөр хуурчийн дэргэд үзэсгэлэнтэй бүсгүй ямар нэгэн романтик дуу дуулж байна: энэ бүх кадрууд зөөлөн улаан, шаргал өнгөтэй байна. Тэгсэн гэнэт удаан хөдөлгөөнт зураглал зогсч, баатар маань буугаа гаргаж ирээд буудаж эхлэхэд 5 секундэд арваад хүн үхэтхийн үхэхэд хар шилтэй баатар маань зэвүүн, дэгжин байдлаа огт алдахгүй. Хонконгийн тулаант жанр яг ийм төрлийн уянгалаг романтикийг маягласан, хэтрүүлсэн хүчирхийлэлтэй хослуулах чиглэлд мэргэжсэн бөгөөд энэ бол Америкийн өргөн урсгалаас гадуурх хамгийн их култ болж алдаршсан жанрын нэг юм. Хонконгийн тулаант, гангстер кинонд амжилттай замналтай Woo, Chow нар бараг 10 жил хамтран ажилласан ба Woo 1970-аад оноос кино хийж эхлэхдээ комеди, мюзикл, хайрын сэдэвтэй кинонууд хийж ирсэн байлаа. Chow-ын хувьд ч ялгаагүй тулаант кинонд огт тоглож үзээгүй байв. Тэд "A Better Tomorrow" кинонд хамтран ажилласнаар гангстер жанрт ер бусын үзэгдлийг бий болгоод зогсохгүй өөрсдийнхөө замналыг шинээр эхлүүлсэн. Энэ кино тэдний нөхөрлөлийг эхлүүлсэн шиг Woo цаашдын кинонуудаа нөхөрлөлийн сэдвийг байнга хөндөх болсон бөгөөд Chow нь Woo-ын алтер эго болсон буюу түүний Хонконг уламжлалт үнэт зүйлсээ гээж байгаад уурсан харууссан сэтгэлийн илэрхийлэл болж иржээ. Woo кинондоо эрх чөлөө ба үүрэг, үнэнч байдал ба эрх мэдэл, хувь хүн ба бүлгэм хоорондын хурцадмал байдлыг авч үздэг. Түүний бараг бүх кинонд хувь хүн хэцүү цаг үед нийгэмтэй яаж харьцдаг, өөр ялгаатай хүмүүс эвсэх замаар нийтлэг зорилгодоо хүрч буйг судлан үзүүлдэг. Мэдээжээр, энд Woo-ын киноны ёс суртахууны хүрээ тун эгэл байж болно; баатрууд нийгэмд эзэлсэн байр сууриасаа хамаарч амжилттай байдаг, эсхүл бүтэлгүйтдэг. 

Тодруулбал; ганцаардмал баатар нь гангстер бол үхнэ, харин цагдаа бол амьд үлдэнэ. Гэсэн хэдий ч хуулийн хоёр талд байгаа түүний баатруудыг үзэгчдээр тодорхойлуулахаар санал болгож байгаа нь буюу эдгээр эрчүүдийн (бараг үргэлж эрчүүд байдаг) ямар чанарыг илэрхийлж байгааг судлах нь үзэгчдэд сонирхолтой юм. Буудалцаант хүчирхийлэл, эрчүүдийн дотно харилцаа, бүдүүлэг хошигнол, наманчлал ба ёс суртахууны сэдвээр боссон уг кино үнэндээ гомоэротикийг хүчирхийлэлтэй ер бусын байдлаар дэглэн хослуулсан юм. Woo яагаад гомоэротизмыг хүчирхийлэлтэй хослолуулсан асуулт юм, гэхдээ тэр хослолыг эерэг бөгөөд чөлөөттэй холбохыг хүссэн байж магадгүй. Мөн тэрээр Хонконгийн ирээдүйн талаарх айдас буюу Хонконгийн тодорхойгүй байдал, ёс суртахууны төөрөгдлийг эл хүчирхийлэл үзүүлэгч, ганцаардсан баатраар илэрхийлсэн гэлтэй. Гэхдээ тэр хүчирхийллийг магтдаггүй, харин хүн амьд байхад зайлшгүй шаардлагатай нэр төр, эр зоригийн алдагдсан хуулийг дурсахын тулд үүнийг ашигладаг ажээ. Түрүүн хэлсэнчлэн гомоэротизм хүчирхийллийн мөчүүдэд үзэсгэлэнтэй, маягтай, хүсүүштэй байдлаар үргэлж гарч ирдэг. Зөөлөн фокус, удаан хөдөлгөөнт кадр, нарийвчилсан өнгө зэрэг нь киноны хүчирхийллийг романтик болгодог. Буудалцааны хэсэгт баатар маань бараг л бүжиглэж байгаа мэт байдаг билээ.

Comments