Иоганн Вольфганг Гёте "Залуу Вертерийн шаналал"

 

 


"Залуу Вертерийн шаналал". Германы их бичгийн хүн Иоганн Вольфганг Гётегийн 1774 онд анх бичиж, 1787 онд шинэчлэн хэвлүүлсэн цуврал захидал маягаар бичигдсэн роман. Эл бүтээл бол Германы уран зохиолын Strum und Drang (голдуу шуурга ба сэтгэлийн хямрал гэж орчуулагддаг 1760-1780 оны хооронд Германы уран зохиол, хөгжимд өрнөсөн романтизмын өмнөх хөдөлгөөн) үеийн гол романы нэг бөгөөд уг роман нь хожмын романтизмын хөдөлгөөнд хүчтэй нөлөөлсөн. Тухайн үед 24 настай байсан Гёте эл романаа таван долоо хоногийн хугацаанд эрчимтэй бичиж дуусгажээ. "Залуу Вертерийн шаналал" түүнийг тэр даруй олон улсын шилдэг зохиолчдын тоонд оруулсан ба энэ бол Гётегийн хамгийн алдартай бүтээлийн нэг болно.

ҮНДСЭН САНАА. "Залуу Вертерийн шаналал" романд, Шарлоттыг эс тооцвол бараг бүх гол дүрүүд нь сэтгэл хөдлөл юмуу эсхүл оюун ухаандаа хөтлөгддөг. Вильгельм, Альберт нар оюун ухаан, ухамсарын талд харъяалагддаг бол Вертер болон эзэгтэйдээ дурласан залуу тариачин эр хоёр сэтгэлдээ захирагддаг. Шарлотт үе үе хүсэлдээ автдаг боловч дүү нарынхаа өмнө хүлээсэн хариуцлага, мөн сүйт залуугийнхаа өмнө хүлээсэн хариуцлага нь түүнийг бодит байдалд буулгаж, хэт хүчтэй сэтгэл хөдлөлөө дарах бололцоо олгодог. Урьд нь өөрийнх нь сэтгэл хөдлөл түүний уналт болж байсныг Вертер мэддэг бөгөөд Шарлоттой танилцсанаасаа хойш сэтгэл хөдлөлдөө төөрчихдөг. Романы эхлэлийн үзэгдлүүдэд ч гэсэн Вертерийн сэтгэл санаа тайван, сэтгэл хангалуун байдаг буюу амьдралыг нь залгих хүчтэй сэтгэл хөдлөлтэй учрах хүртэл тэрээр зөөлөн аядуу тааламжтай сэтгэл хөдлөлийн урсгалд амар тайван байдаг. Вертер залуу тариачин эртэй танилцахад тариачин эрийн сэтгэл хөдлөл, нэн ялангуяа бэлэвсэн эзэгтэйдээ дурласан халуун сэтгэл нь Вертерийг яг л эрвээхэй галд татагддаг шиг татаж орхидог. Вильгельмын Вертерт өгсөн ухаалаг зөвлөгөөнөөс бид түүнийг Вертерээс  илүү ажил хэрэгч, мэдрэмжтэй болохыг харж болох агаад тэрээр Вертерт сэтгэл хөдлөл, түүнээс улбаатай алив үйлдэл хийхгүй байхыг зөвлөдөг. Шарлотт мөн Вертерт ухаантай байхыг зөвлөдөг, гэвч Вертерийн хариу үйлдлийн уур хилэн нь тэрээр үүнийг хийх чадваргүй болсныг харуулна. Вертерийн ихэс дээдсийн статус нь түүнд ашигтай ч бас амьдралд нь ноцтой бэрхшээл учруулдаг; тэрээр сайн боловсрол эзэмшсэн, хангалттай мөнгөтэй дүрслэгддэг. Эдгээр давуу байдал нь романы ихэнх хэсэгт түүнд ажил хийхээс хойш суух боломж олгодог ба мөн зүгээр суухаа эцэслэн шийдвэрлэж тэр даруйд шүүх танхимд онцгой албан тушаалд ороход хүргэдэг.Тэрээр мөн урлагийн боловсрол олж авсандаа талархаж, уран зохиолыг үнэлж чаддагтаа бас бичих чадвараасаа таашаал авдаг. Вертер хайранд автахаасаа өмнө ажилчин ангийнхантай ихэвчлэн харьцдаг. Тэрээр тэдний амьдралыг энгийн хэрнээ санаа зовох зүйлгүй гэж төсөөлдөг учраас тэдэнтэй хамт байх дуртай агаад түүнчлэн тэд өөрт нь дуртай, хүндэлж харьцдаг нь таатай санагддаг.

 Гэвч Вертерийн мөнгө, боловсрол, эрх ямбын мэдрэмж нь түүний ажил хөдөлмөр эрхэлж буй ядуу хүмүүсийн талаарх бодлыг харалган болгодог. Тэдний амьдрал үнэндээ энгийн биш, тэд багахан мөнгөний төлөө шаргуу хөдөлмөрлөж, зол заяагүй явдлуудтай учирдаг; тэд буруу хүмүүст дурлаж, эцэст нь шархалсан зүрхтэй үлдэхийн сацуу ажилгүй, сэтгэлийн тогтворгүй байдлаас болж хүчирхийлэл, аллага үйлдэх хүртлээ цөхрөнгөө бардаг. Вертерийн шүүх танхим дахь язгууртнуудын дунд тохиолдсон золгүй явдал бол түүний нийгмийн анги давхаргаас үүдэлтэй юм. Тэрээр баян, боловсролтой, ухаантай, соёлтой болохоороо өөрийгөө тааралдсан язгууртан ноёд, хатагтай нараас илүү гэж боддог. Энэ нь түүнд өөрийг нь таалсан язгууртнуудыг буруугаар дүгнэж, өөрөөсөө илүү гэж үзсэн хүмүүсийг үл тоомсорлоход хүргэдэг ба энэ нь түүнийг дуулиан шуугианд оруулж, гадуурхагдахад хүргэсэн ноцтой алдаа болдог.

 Вертер байгальд хайртай байдаг ба байшин барилгад байхдаа Вильгельмд бичсэн захидалдаа байгалийн гоо үзэсгэлэнг дүрслэх дуртай байдаг. Тэрээр байгаль дэлхийг ихэнх хүмүүсээс илүү гүн гүнзгий, илүү сүнслэг түвшинд үнэлдэг онцгой мэдрэмжтэй буюу авъяастай төрсөн гэдэгтээ итгэдэг. Вертер бол үлэмж сэтгэл хөдлөлтэй, өөртөө маш их хандсан хүн тул байгалийг дүрсэлж буй нь өөрийнх нь мэдрэмжийн тусгал болдог. Байгаль бол Вертерийн амар амгаланг олж болох цорын ганц газар бөгөөд тэрээр өөрийгөө тайвшруулж, тогтворгүй мэдрэмжээ дарахын тулд байгалийг эрэлхийлж байдаг. Гёте энэ номоо 24 настайдаа анх бичихдээ туйлын сэтгэл хөдлөл, индивидуализм ба урлагийн бүтээлийг объектив бус харин цэвэр субъектив байдлаар илэрхийлдэг Германы "шуурга ба сэтгэлийн хямрал" уран зохиолын сургуулийн нэг хэсэг байв. Вертерийн байгалийн гоо сайхныг дүрсэлсэн нь сайхь уран зохиолын хөдөлгөөний тусгал ажээ. 

МОТИФ. Вертер амиа хорлох талаар өөр дээрээ авч үзэхээсээ өмнө дурддаг, Шарлоттад дурласныхаа дараа тэрээр Вильгельмд бичсэн захидалдаа энэ тухай байнга дурддаг учир тэрээр амиа хорлох эрсдэлтэй байгаа нь тодорхой байна. Вертер тоглоом шоглоомоор Альбертын гар бууг аваад Альбертын толгойд тулгасны дараа Вертер, Альберт хоёр амиа хорлох талаар удаан маргадаг ба энэ нь Вертерт амиа хорлох талаар таамаглан ярилцаж, дүгнэлт хийхээс айлгүйгээр ярих боломжийг олгож байна. Вертер галзуу мэт болсон нь түүний Шарлоттой хамт байх хүслээ гүйцэлдүүлж чадаагүйн шууд илрэл хэдий ч тэр ийм хувь тавилантай цорын ганц дүр биш. Бэлэвсэн эзэгтэйдээ дурласан залуухан тариачин эр Вертерийн төсөөллийг хүчтэй татсан байдаг учир Шарлоттой уулзах үед түүний зүрх сэтгэл онцгой эмзэг байдаг; тариачин эрийн эзэгтэйгээ хайрлах ариун явдал нь Вертерийн сэтгэлийг үлэмж хөдөлгөдөг. Вертер тариачин эрийн ариун хайр нь хуял тачаал болон хувирдаг ба Вертер түүнийг ойлгож чаддаг тул тариачин эр бэлэвсэн эхнэрт хүч хэрэглэсэн гэдгийг мэдсэн ч гэсэн түүнийг өмөөрдөг. Мөн Вертер буруу эмэгтэйг хайрласнаас болж боломжийн ажлаасаа халагдаж, эцэст нь өөрийг нь галзууруулсан аятайхан боловч өрөвдөм эр Хенриг ч ойлгож чаддаг. Вертер Вильгельмд бичсэн анхны захидалдаа тааж мэдэхийн аргагүй байдалд хүргэсэн өнгөрсний зовлон бэрхшээлийн тухай дэлгэрэнгүй дурдаагүй боловч харин очсон шинэ хөдөө нутгийнхны түүнд өгч буй зүйлс өөрт нь амралт болж таалагдаж байгаа нь тодорхой юм. 

Тэрээр нийгэмд байр сууриа олж чадахгүй байгаа нь эцэстээ түүнийг боомилсон тул Вальхаймд шинээр эхлэх боломжийг баяртайгаар хүлээн авдаг. Түүний сэтгэл хөдлөл өөрийг нь бүрмөсөн устгах аюултай болсны дараа Вертер шүүх танхимд шинэ эхлэлийг сонгодог ч тэнд ч мөн адил асуудал үүссэн учраас тэрээр армид элсэх гээд бас л бүтэлгүйтдэг. Вертерийн хөрөнгө мөнгө, статус нь түүнд шинэ газар шинээр эхлэх тансаг боломжийг олгодог ч Вальхаймд болон шүүх танхимд уулздаг хүмүүс Вальхаймаас бүрэн гаралтай мэт байдаг. Энэ нь Вальхаймынханд гүн гүнзгий холбоо тогтоох боломжийг олгодог ч дахин шинээр зохион бүтээх боломжийг нь хязгаарладаг; Вертер сонголтоо барж дуусгасныхаа дараа Вальхаймд буцаж очоод тэнд өөрийнхөө төгсгөлтэй учирдаг. 

СИМБОЛ. Номын туршид Вертерийн яруу найргийн сонголт түүний зорьж буй сэтгэл санааг тусгадаг эсхүл удахгүй эрхшээлд нь орох байдлыг нь илэрхийлдэг. Вертер анхны захидлуудынхаа нэгэнд Хомерын яруу найргийн тайвшруулах шинж чанарыг дурдсан бөгөөд Шарлоттой танилцах хүртлээ Вертер энэ тайван байдлаа хадгалж чаддаг. Тэрээр хоёр хөвгүүн болон тэдний ээжтэй анхлан уулзахдаа Хомерыг уншиж байдаг; дараа нь Шарлотт, Альберт хоёр түүнд Хомерын номын дэвтэр бэлэглэхэд тэрээр хэдийнээ сэтгэлийн мананд төөрсөн байсан тул шүүх танхим руу явахаар төлөвлөсөн байдаг. Үдэшлэг дээр Шарлотт романтик яруу найргийг төлөөлөгч Клопсток хэмээх тухайн үеийн яруу найрагчаас  иш татсан нь Вертер тэр хоёрын анхны ойлголтоо хуваалцсан явдал ба тэр үдшээс эхлэн Вертер Шарлоттыг сүсэн дээдэлж хайрлах болно. Гёте болон түүний үеийн зохиолчид 18-р зууны Шотландын яруу найрагч Жеймс МакФерсоны "Оссиан"  хэмээх бүтээлийг уран зохиолын хамгийн аугаа бүтээлийн нэг гэж үздэг байв. "Оссиан" бүтээл Вертерийн цөхрөл, найдваргүйтэл, хүсэл, уй гашуу, тарчлал болон уур хилэнгийн туйлын сэтгэл хөдлөлийн симбол болдог. Вертер анх Шарлоттой уулзахад бүсгүй ягаан өнгөөр гоёсон туузтай даашинзтай байдаг ба ягаан тууз нь Вертерийн эмэгтэй хүний төгс төгөлдрийн тухай ойлголтын симбол юм. 

Шарлоттын тууз нь түүний чамин, сээтгэнүүр хэдий ч цайлган, ёс суртахуунтай шинжийг бэлгэдэнэ. Шарлотт Вертерийн төрсөн өдрөөр туузнаасаа бэлэг болгон өгдөг, хэдий санаа нь тийм ч гэнэн цайлган бус боловч тэрээр ариун журамтай хэвээр байдаг ба тухайн үед эмэгтэй хүний хувцасны хэсэг маш их хувийн шинжтэй байсан агаад Вертерт хувцасныхаа хэсгийг өгч буй нь түүнд өөрийнхөө нэг хэсгийг өгөхтэй ижил утгатай. Модод нь Вертерийн хайр, үнэнч байдал, уй гашуу зэргийг номын бүхий л хэсэгт илэрхийлэх симбол болдог. Уран бүтээлчийн хувьд модод түүнд урам зориг өгдөг: харин хөгшин амбан сайдын өргөөн дахь хөгшин хушганы мод бол бие биенээ хайрлагч хүмүүсийн үнэнч, сайхан, хүчтэй, үүрдийн хайрыг симболчилдог. Вертер хушганы модыг харах үед амбан сайдын шинэ эхнэр модыг тайрчихдаг, энэ бол Вертерийн үхлийн зөгнөл бөгөөд энэ үед тэрээр өөрийгөө навчаа гээж буй намрын модтой харьцуулдаг. Вертер амиа хорлосныхоо дараа өөрийгөө дуртай байсан далдуу модныхоо дор оршуулахыг хүсдэг, энэ бол түүний сүүлчийн хүсэл байсан.

Comments