Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 анти баатар

 


Баатрыг юу бий болгодог юм бол? Зоригтой, няцашгүй байх уу? эсхүл юу ч тохиолдсон хүсэл зоригоо орхидоггүй нэгнийг хэлэх үү?. Магадгүй шаардлагатай бүхнийг хийх хүч чадалтай нэгнийг, товчхондоо өөрийгөө золиослогч хүн баатар байж болох уу?. Кино урлагийн түүхэнд дээрх шинжийг агуулсан баатрууд бишгүй олон, тэгвэл би энэ бичвэрээрээ хамгийн сэтгэлд хоногшим сөрөг баатрууд буюу анти баатруудыг эрэмбэлэн хүргэж байна (энэ эрэмбэ ямар ч байж болох тул энийг хас, тэрийг хас гэсэн шүүмж хүлээж авахгүй). Анти баатар нь ёс суртахуунтай, зоригтой, тэр ч байтугай сайн хүн байх албагүй ба ерөнхийдөө сайн анти баатар бол муу байх ёстой. Тиймээс энэ жагсаалтыг хулчгарууд, алуурчид, сэтгэцийн өвчтөнгүүд болон хорон санаатнууд дүүргэнэ. Ингээд кино урлагийн түүхэнд тохиогоод буй (одоогоор) хамгийн сайн 10 анти баатрыг дор жагсаахаасаа өмнө анти баатар гэдгийг зухас задлан тодорхойлж, үүх түүхээс нь товчхон бичлээ. Таалан болгооно уу. Жич: жагсаалтыг Screenrant сайтаас авсан болно.

Аливаа анти баатар (бас эмэгтэй анти баатар) нь идеализм, эр зориг, ёс суртахуун зэрэг уламжлалт баатарлаг шинж чанаргүй түүхийн гол дүрийг хэлнэ. Анти баатрууд заримдаа үзэгчдэд ёс суртахууны хувьд зөв гэж үзэхүйц үйлдлүүдийг хийдэг боловч анти баатруудын ингэх болсон шалтгаан үзэгчдийн ёс суртахуунд нийцэхгүй байж болдог. Анти баатар нь ихэвчлэн нарциссизм, психопати, Макиавеллизм гэх мэт "харанхуй гурвалсан" зан авирын аль нэгийг харуулдаг. Гэхдээ анти баатрыг яг юу гэж тодорхойлох талаар маргаан байсаар байдаг. Мерриам-Вэбстерийн толь бичигт анти баатрыг "баатарлаг чадваргүй хүн" гэж тодорхойлсон байдаг ч судлаачид анти баатрыг юу бүтээдэг талаар янз бүрийн санаатай байдаг ба зарим нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан "Расиниан" анти баатар гэж үздэг. Эхний анти баатрын адал явдал эхлэхээсээ өмнө бүтэлгүйтдэг бол хоёрдахь нь бүтэлгүйтлийнхээ бурууг өөрсдөөсөө бусдаас эрдэг. Тэгвэл гуравдугаарх нь тэд нийгмийн ёс суртахуун, бодит байдлыг шүүмжлэх хандлагатай байдаг. Харин бусад судлаачдынхаар бол яаж харахаас хамааран анти баатар бол баатар эсхүл анти баатар байдаг гэжээ. Ерөнхийдөө анти баатар нь протагонист ч бай антагонист ч бай түүхийн зөрчилдөөний гол цэг болдог. Энэ нь анти баатар сайн сайхны төлөө гэхээсээ илүүтэйгээр голдуу өөрсдийнхөө хүслээр зөрчилдөөнд оролцдогтой холбоотой ба иймд анти баатар нь юуны өмнө зорилгодоо анхаарч, бусад бүх зүйлийг хоёрдугаарт тавьдаг аж.

Эрт дээр үеийн анти баатар Хомерын "Thersites" дээр гарч ирдэг, мөн энэхүү концепт Грекийн жүжигт, Ромын хошин бүтээлд, Сэргэн мандалтын үеийн уран зохиолд, тухайлбал "Кихот ноён" номоос харагддаг. Анти баатар гэдэг нэр томьёо анх 1714 оны эхээр, 18 зуунд Д. Дидрогийн бүтээлүүдэд гарч ирсэн бөгөөд мөн Английн яруу найрагч Лорд Байроны бүтээсэн "Байроник" баатруудад өргөнөөр ашиглагджээ. 19-р зууны уран зохиолын романтизмд буюу готик хоёрдмол байдлаар анти баатруудын шинэ хэлбэр бий болж эхэлжээ. Анти баатар нь эцэстээ нийгмийн шүүмжлэлийн тогтсон хэлбэр болсон ба Достоевскийн "Газар дороос бичсэн тэмдэглэл" туужийн нэргүй баатраар улам алдаршиж, бараг стандарт болжээ. Анти баатар нь уламжлалт баатрын архетипийн эсрэг болон гарч ирсэн; зарим судлаачид үүнийг зохиомол "хүндийн төв" гэж нэрлэдэг. Энэ хөдөлгөөн баатарлаг ёс зүйт феодалын язгууртнаас хотын ардчилагч руу хувирсныг илтгэхийн сацуу мөн туульсын төрлөөс ёжлолт хүүрнэл руу шилжсэнийг харуулна. Марк Твений "Хаклберри Финн" романыг Америкийн хүүхдийн анхны анти баатар гэдэг бол "The Real Charlotte" романд анхны эмэгтэй анти баатар дүрслэгдсэн гэж үздэг. 20-р зууны эхээр Франц Кафкагийн "Хувирал", Сартрын "Огиудөс", Камюгийн "Этгээд хүн" гэх мэт экзистенциалист бүтээлүүдээр анти баатар илүү боловсронгуй болов. Эдгээр баатрууд амьдралынхаа турш "хөвж", уй гуниг, түгшүүр, ганцаардсан сэтгэлээр тодорхойлогддог шийдэмгий бус дүр юм. Анти баатар 1950-1960 оны хооронд Америкийн уран зохиолд харилцах чадваргүй, тусгаарлагдсан дүр гэж тодорхойлогдож байсан ба харин тухайн цаг үеийн Францын анти баатраас илүү динамик байв. Тэгвэл анти баатар Их Британид 1950-аад онд "ууртай залуу эрчүүд" болж гарч ирсэн. 1960-аад оноос контркултур гэсэн хамтын эсэргүүцлийн соёлоос болж ганцаардсан анти баатрын уналт болж, одоо хүртэл уран зохиолд ч, кино урлагт ч анти баатар дахин шинэчлэгдсэнгүй.

 


10. "Amadeus" кино. Анти баатар; Antonio Salieri (F. Murray Abraham). Аугаа хөгжмийн зохиолч Моцартын тухай юм шиг боловч үнэндээ түүний өрсөлдөгчийн тухай уг кинонд F. Murray Abraham замналынхаа оргил дүрийг бүтээсэн. Та энэ киноноос атаархлыг үнэртээд зогсохгүй хүрч мэдэрч чадна.


9. "Dog Day Afternoon" кино. Анти баатар; Sonny Wortzik (Al Pacino). Энд үзүүлсэн бүхэн үнэн хэмээн уг кино эхэлдэг. Домогт Pacino-ын оргил ажлын нэг буюу кино урлагт гарсан хамгийн шилдэг банк тонодог өгүүлэмжтэй киноны нэг. Энэ бол галзуу, байж боломгүй, ёстой солиотой кино ба Sonny өөрийгөө алгуурхан сөнөөхдөө барагалж жаргалтай байдаг.


8. "American History X" кино. Анти баатар; Derek Vinyard (Edward Norton). Сэтгэлд хоногшим анти баатрын дүрийн тухай бодоход л Norton-ын нацист дүр санаанд буудаг. Norton дүрийн судалгаа гэж маш их ажилласан нь тэр жилдээ Оскарын эзэн болох ёстой байсан гэсэн маргааныг одоо ч дагуулдаг. Магадгүй тэрээр энэ кинонд хамгийн сайнаараа тоглосон болов уу.


7. "There Will Be Blood". Анти баатар; Daniel Plainview (Daniel Day-Lewis). Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолтын нэгийг Daniel Day-Lewis газрын тосны эзнээр гаргасан. Энэ бол хэний ч гаргаагүй амжилтыг хүссэн хүсэлдээ донтсон хүний түүх. Энэ бол эд хөрөнгө, бүтээсэн баялагтаа өөрөө дарагдаж унасан хүний түүх.


6. "Unforgiven". Анти баатар; William Munny (Clint Eastwood). Энэ бол үргэлж өнгөрснийхөө аймшигт үйлдэлд гэмших хүний тухай кино. Clint Eastwood ерөөсөө анти баатрыг тодорхойлогчдын нэг байсан агаад Munny бол түүний бүтээлүүдээс хамгийн олон давхаргат анти баатар юм.


5. "One Flew Over the Cuckoo's Nest". Анти баатар; McMurphy (Jack Nicholson). Аугаа Jack Nicholson энэ киногоороо анхны алтан баримлаа авсан. Дарамт, дарлал, шударга бусын дор зовсон "галзуу" хүний дүрд түүнээс илүү хэн тоглож чадах билээ? Шорон, галзуугийн эмнэлэгийн хооронд ялгаа байхгүйг, эрх чөлөө, дарангуйллын дунд цаас л байдгийг үзүүлсэн кино.


4. "A Clockwork Orange". Анти баатар; Alex DeLarge (Malcolm McDowell). Alex буюу Malcolm McDowell кино урлагийн хамгийн сонгодог анти баатрын нэг. Энэ киног одоо үзсэн ч маш тухгүй бөгөөд үзэхэд хамгийн хэцүү анти баатартай киноны нэг болно. Классик хөгжмийн дор, намуухан хэмнэлээр бид сул доройчуудыг дарамтлан зодогч, хүүхнүүдийг хүчиндэгчдийн бүлгэмийн амьдралын гэрч болно. Гэвч хамгийн аймшигтай нь дээрх бүхэн биш (киног үзэх хэрэгтэй).


3. "Taxi driver". Анти баатар; Travis Bickle (Robert De Niro). Олонх үзэгчид Bobby-г таксины жолоочоор нь таньж бас тодорхойлдог. Энэ бол галзуурч буй хүнийг хамгийн бодитойгоор бас бараанаар үзүүлсэн киноны нэг. Энэ кинонд Нью-Йорк хот там болж, таксины жолооч там доторх бурхны арчаагүй, ганцаардсан хүн болдог.


2. "Citizen". Анти баатар; Charles Foster Kane (Orson Welles). Та үхлээ гэж бод, тэгвэл сүүлчийн тань үг юу байх вэ?. Тэрбумтан үхэхдээ хүүхэд настайгаа холбоотой дурсамжийг хэлдэгээс энэ киноны философи эхэлдэг. Кино урлаг дахь хамгийн нөлөөтэй уг киноны талаар яриад дуусахгүй боловч энэ жагсаалтад эцэстээ хэн ч биш бологч тэрбумтан маань орохгүй байхын аргагүй.


1. "The Godfather" анти баатар; Michael Corleone (Al Pacino). Уншигч та энэ дүрийг хүлээж байсан болов уу. Гэхдээ Michael Corleone-г киноны хоёр ангиас нийцүүлэн авсан болно. Гэвч үүнтэй маргах хүн цөөн болов уу. Энэ бол сайн хүн хэрхэн муу хүн болж байгаагийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл Michael сүнсээ чөтгөрт өгөөд өөрөө чөтгөр болсноороо Фаустын домгийг санагдуулна. Michael энэ бүхэн бизнес гэж хэлээд бүгдийг нь алдаг, тэр ажлын төлөө явсаар эцэстээ чөтгөр болдог. Киноны хоёрдугаар ангийн төгсгөлд, Michael-ын харц харанхуй, бас өнгөрсөнд байдаг, энэ бол түүний анти баатар буюу "чөтгөр" болсны шинж.

 

 

 

Comments