Elevator To The Gallows (1958) . "Би чамдаа хайртай" хэмээн хүүхэн хэлэхэд "би ч бас чамдаа хайртай" гэж залуу хариулж байна. Энэ бол нууц амрагуудын яриа; хүүхнийг Florence гэдэг, амрагийн Julien гэдэг бөгөөд тэд хүүхний нөхөр, Julien-ын дарга зэвсгийн үйлдвэрийн эзэн Simon-г алахаар утсаар төлөвлөж буй нь энэ агаад оройн нь хамт зугтаах ёстой. Бямба гаригийн орой албаар оффистоо үлдэж хоцорсон Julien бол Алжирт дайтаж явсан цэрэг бөгөөд олс, дэгээ ашиглан даргынхаа өрөөнд барилын гаднаас авирч ороод даргыгаа буудаж алчихаад Simon-г амиа хорлосон болгон зохицуулна. Дараа нь Julien өөрийнхөө оффист буцаж очоод зориуд нарийн бичиг болон харуулын хамтаар барилгаас хамт гарах ба тэр хоёр бол түүний гэм буруугүйг гэрчлэх ёстой хүмүүс юм. Julien тансаг машиндаа суугаад явах гэтэл оффисынх нь цонхоор олс унжиж байхыг харах буюу тэр олсоо хураахаа мартжээ. Буцаад барилгад орж цахилгаан шатаар явж байтал харуул барилгын бүх хүн гарсан гэж бодож байсан болохоор барилгын бүх тогийг унтрааснаар Julien цахилгаан шатанд гацчихна.
Дараа нь зургуудаа буудлын зургийн лабораторид угаалгана. Герман хос унтсан ч манай хулгайчид унтаж чадахгүй; Louis Julien болж хувирсандаа сэтгэл зовохоос гадна өөрийг нь худлаа яриад буйг (тэр өөрийгөө Германчуудад Julien гэж танилцуулсан) Германчууд гадарласан байх гэж сэжиглэсэн болохоор Германчуудыг хөнөөгөөд Veronique-гоо дагуулаад спорт машинаар нь зугтаачихна. Тэд Парист буцаж ирээд Veronique-ын гэрт нуугдах агаад угаасаа баригдана, амьдрал нь өнгөрсөн гэж итгэсэн хулгайчид хамтдаа фенобарбитал эм уугаад үхлээ хүлээн унтацгаана. Цагдаа нар Германчуудын цогцсын дэргэд Julien-ын машин байхыг, мөн буудалд хулгайчид өөрсдийгөө ноён хатагтай Julien гэж бүртгүүлснээс болж уг аллагад Julien-г шууд хардаж хайж эхэлнэ. Ингээд оффист нь явж очтол санамсаргүйгээр Simon-ын цогцсыг олох ба энэ үед тогтой болсон учир Julien цахилгаан шатыг онгойлгоод барилгаас гарч амждаг. Түүний зураг бүхий л сонин хэвлэлээр гарч амжсан байлаа. Үүнийг мэдээгүй Julien кафед кофе ууж байгаад цагдаад баригдана; мэдээж цагдаа нар түүнийг цахилгаан шатанд гацсан гэдэгт итгэхгүй. Julien-г гэм буруугүй болгохоор шийдсэн Florence цэцгийн дэлгүүрээс Veronique-ын хаягийг аваад гэрт нь очно. Түүнийг очиход хулгайч хосууд үхээгүй унтаж байдаг ба цагдаад нэрээ нууцлан мэдэгддэг. Louis камерт байгаа зургуудыг санаад бушуухан буудлын лабораторид очиход тэнд цагдаа нар түүнийг отож байдаг. Цагдаа нар мөн Florence-г тэнд отож байдаг ба камерт Julien Florence нарын хамт авахуулсан олон арван зураг байдаг нь хөтлөшгүй нотолгоо болсноор нууц амрагууд аль аль нь шоронд орох нь зайлшгүй болдог.
Францын кино найруулагч Louis Malle-ын зохиолыг нь бичиж, найруулсан (Noel Calef-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн) гэмт хэрэгт, триллер жанрын бүтээл ба гол дүрүүдэд Jeanne Moreau, Maurice Ronet нар тоглосон. Зарим шүүмжлэгчид уг киног нуар жанртай холбодог бол зарим нь киноны зураглал, эвлүүлгийн техник, хүүрнэлийн аргыг тухайн үедээ шинэ зүйл байсан буюу Францын шинэ давалгаа, цаашлаад Шинэ модерн кино урлагийг бий болоход чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Киноны хөгжмийг Америкийн жазз хөгжимчин Miles Davis бичсэн, түүний хөгжим киноны зураглал, уур амьсгалыг амилуулж, цоо шинэ кино хэлийг бүтээсэн гэж дүгнэдэг. Энэ бол найруулагчийн Malle-ын дебют ажил байсан, кино урлагийн түүхэнд цөөхөн кино л энэ кино шиг зэвүүн, ширүүн бас нөлөөтэй байсан. Энэ киноны дараа гарсан Claude Chabrol-ын "Le Beau serge" киног олонхоороо Францын шинэ давалгааны анхны кино гэж үздэг, гэвч зарим нь Парисын аллагын талаарх эл киног Францын шинэ давалгааны анхны кино гэдэг. Анхны гэдэг "титмийг" Malle-д өгдөггүй шалтгаан магадгүй тэрээр Cahiers du cinema клубт ордоггүй байсантай холбоотой гэдэг бөгөөд тэрэар үзэл бодлоороо энэ клубээс хөндий байв. Malle-ын нягт, авхаалжтай байршсан кадрууд зураглаач Henri Decae-ын гайхалтай натурал зохиомжтой гэрэлтүүлэг, алдарт Miles Davis-ын орчин үеийн хөгжмийн хамтаар кино урлагийн нэгэн эрдэнэ болж үлдсэн. Энэ бол маргаангүй Godard, Truffaut нарын бүтээлийн "өмнөх" болсон кино. Киноны бүтэц нь дарамттай мэдрэгддэг ч фатализмыг тохуурхасан байдлаараа Malle таныг байнгын сэтгэлийн түгшүүртэй байлгаж чаддаг ба TSPDT Сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 923-р байрт эрэмбэлээд байна. Бага төсөвт хар-цагаан эл триллерээ хийхдээ Malle дөнгөж 25 хүрч байлаа. Теннесси Уильямсын театрын жүжгээс Malle Moreau-г хараад кинондоо сонгосон ба Moreau хэдийгээр олон кинонд тоглоод байсан ч энэ кинонд тоглосноор од болсон гэж үздэг. Malle түүнийг нүүр будалтгүй, хурц гэрэлгүй зурагласан байдаг. Шөнийн цагаар Елисейн талбайг тойрон алхах Moreau-ын сцэнүүдийг зөвхөн дэлгүүрийн цонх болон гудамжны гэрэлтүүлгийг ашиглан хүүхдийн тэргэн дээрээс хурдтайгаар авсан байдаг аж.
Miles Davis-ын уг кинонд зориулж бүтээсэн хөгжмийг шинэлэг, гайхалтай зүйл гэж
үздэг хэмээн түрүүн хэлсэн; тэгвэл жазз хөгжим судлаач Phil Johnson "Энэ
бол таны хэзээ ч сонсож байгаагүй хамгийн гунигтай бүрээний аялгуу ба тэр
цагаас хойш гунигт хөгжмийн үлгэр жишээ болсон. Сонсоод, уйлагтун" гэж
бичжээ. Miles Davis хөгжмийг нэг шөнийн дотор бичүүлэхдээ киногоо үзэж байхдаа
импровиацаараа зохиосон гэдэг. Эл хөгжим зохиолчийнхоо цаашдын замналд
нөлөөлөөд зогсохгүй жазз хөгжимд, тэр дундаа киноны хөгжимд чухал нөлөө үзүүлжээ.
Зарим нь бүр хөгжим нь киноноосоо илүү, хөгжим дангаараа гайхамшигтай гэж
хүртэл магтаж байсан. Moreau олон кинонд тоглосон ч Malle энэ кинондоо түүнийг
мэдрэмжтэйгээр гэрэлтүүлж, камераа ухаалгаар түүнд даатгадаг. Энэ кино нэг л
зүйлийг амжилттай биелүүлсэн гэж үздэг; кино урлагийн реализмын шинэ идеа
хийгээд кино урлагт эмэгтэй хүнийг шинээр харуулсан явдал юм. Киноны бүх драм
Moreau-ын нүүрэн дээр байдаг. Бороотой, чийгтэй шөнөөр хайрыгаа хайж
бодлогошрон алхах Moreau-ын сцэнүүд кино урлагт гоо зүйтэй, бодит байдлаараа
гайхагдаж ирсэн, тэгвэл энэ сцэнүүдэд түүний царайнд галзуурсан сандрал биш
харин амрагаа олохгүй гэсэн мазохист цөхрөл илэрдэг. 1950-аад оны Францын гэмт
хэрэгт Нуар кинонууд уламжлалыг эвдсэн, өөрөөрөө амьдрах гээд галзуу аянд гарсан
хүмүүсийн үйл явдлыг үзүүлдэг байснаараа бусад бүх улс орноос ялгаатай бас
шинэлэг байв.
Comments
Post a Comment