Бэртэгчин эрин

 


Every Man for Himself (1980) . Киноны гол дүрийн нэг найруулагч Godard-г танилцуулснаар уг киноны оршил хэсэг эхэлдэг ба төгсгөл хэсгийг оруулаад 4 хэсэгтэй. Godard найз бүсгүй Denise-тэйгээ маргаантай байгаа агаад үүндээ тун ихээр бухимдаж байхад нь түүний түр нүүж очоод буй зочид буудлын ажилтан ижил хүйстэн эр замд нь хоргоож бухимдлыг нь улам буцалгана. Эхний хэсэг: Төсөөлөл. Denise Godard-гүйгээр бие даан амьдрах гэж хичээж байна. Тэрээр хөдөө тосгонд байдаг танилынхаа юмуу хуучин амрагийнхаа ажлуулдаг сонины хэвлэлийн ажилд орохын дээр фермерээс гаргаж өгсөн байшинг хөлслөн суудаг. Тэрээр мөн шинэ төсөл эхлүүлж байгаа, энэ магадгүй роман байж болно. Үүний зэрэгцээ тэрээр Godard-тай хамт ажилладаг телевиздээ дуусгаагүй ажлаа дуусгах ёстойгоос гадна Godard-тай хамт хотод түрээсэлдэг байраа түрээслэх ёстой байлаа. Denise нэгэн кино найруулагчтай ярилцлага хийх ёстойгоо гэнэт санаж, Godard руу залгаад өмнөөс минь орлоод өгөөч гэж гуйхад Godard дургүй байсан ч зөвшөөрдөг.

 Хоёрдугаар хэсэг: Айдас. Энэ хэсэг Godard дээр төвлөрөх бөгөөд тэрээр Denise-гүй амьдрахаас айдаг, эсхүл ерөөсөө амьдралаас айдаг байж магадгүй. Godard хөлбөмбөгийн бэлтгэлээс өсвөр насны охин Cecile-гээ авах үедээ дасгалжуулагчаас; охинтойгоо бэлгийн харьцаанд орохыг хүсдэг үү гэсэн асуултыг сонсдог. Godard Denise-д хэлсэн үгээ биелүүлэхээр очтол найруулагч бүсгүй татгалздаг ба түүний тэмдэглэлийг уншихад, тэнд найруулагч бүсгүй юу ч хийх зориггүй учраас л кино хийдэг гэсэн байхыг уншаад үнэхээр ч тиймдээ гэж өөрөө өөртөө Godard хүлээн зөвшөөрдөг. Найруулагч бүсгүйг хүргэж өгсний дараа Godard ярилцлагаа алдаж уурласан Denise-тэй уулзана. Тэр өдрийн үдэш Cecile-ын төрсөн өдөр байсан учир Godard охин болоод экс эхнэртэйгээ оройн хоолонд орох үеэр охин нь бэлэг, экс эхнэр нь мөнгө шаарддаг. 

Уурлаж, цөхөрсөн Godard тэндээс гарч яваад Denise-тэй бааранд таарч хэрэлддэг. Шөнө болоход Godard гудамжинаас янхан авдаг. Гуравдугаар хэсэг: Худалдаа. Уг хэсэгт бие даасан байдалд хүрэхийн төлөө биеэ үнэлдэг Isabelle-ын тухай өгүүлнэ. Шөнийг Godard-тай Өнгөрүүлснийхээ дараа Isabelle янхан зуучлагчтайгаа таарч зодуулах ба худалдааны ертөнцөд бие даасан байдал гэж байхгүй болохыг махан биеэрээ мэдэрч, орлогынхоо 50%-г өгч салдаг. Isabelle өөр шигээ хүүхнүүд амьдардаг байрандаа ирэхэд түүнийг охин дүү нь хүлээж байх агаад найзууд нь хэрэгт орсон учир мөнгө өгөхийг гуйна. Isabelle татгалзсанаар дүү нь биеэ үнэлж, олсон орлогыныхоо 50%-г эгчдээ өгөхөөр болдог. Isabelle янз бүрийн эрчүүдэд үйлчилж байгаа хэсгүүд гарах ба нэгэн бизнесмений хүслээр дөрөвлөсөн секс хийдэг. Ингэж яваад тэрээр буудлын коридорт хуучны танилтайгаа таарч, танил нь түүнд агентийн ажил санал болгоно. Isabelle агентийн ажлаа хийж яваад Denise-тэй танилцана, энэ үед Denise Godard хоёр эвлэрэх гэж оролдож байв. Төгсгөлийн хэсэг: Хөгжим. Энэ хэсэгт Isabelle Denise-ын түрээслэнэ гэсэн байранд нүүж орсон байх бол дүү нь янхны ажлаа амжилттай хийж байна. Харин Godard охин, экс эхнэр хоёртойгоо цагийг илүү их өнгөрүүлэхийг хүснэ. Godard тэр хоёрынхоо нүдэн дээр машинд дайруулж унахад экс эхнэр нь охиноо хүчээр дагуулан цаашаа алхан оддог. 

Францын суут кино урлаач Jean-Luc Godard-ын найруулсан драм ба гол дүрүүдэд: Jacques Dutronc, Isabelle Huppert, Nathalie Baye нар тоглосон. Хөгжмийн зохиол шиг бүтэцтэй уг кино 3 гол дүр болон тэдний бусадтай хэрхэн харилцаж буйг үзүүлсэн 3 хэсгээс бүрдэнэ. Киноны туршид эгшиглэх хөгжим бол Ponchielli-ын "La Gioconda" буюу амиа хорлолт дуурийн Ари аж. Энэхүү сэдэв нь киноны түүхийг бүхэлд нь илэрхийлдэг буюу гол дүрүүд дотроо үхэхийг хүсэлд автсан байдаг. 1980 онд бүтээсэн эл ажлаа Godard миний "хоёрдахь анхны кино" гэсэн байдаг ба (түүний анхны Breathless шедевр 1960 онд гарахад тэр 28-тай байв) 1970-аад онд илүү баримтад өгүүлэмжтэй кино хийж байсан бол энэ киногоороо буцаад хүүрнэлийн хэв маяг руу орсон агаад киноны уран сайхны зөрчилт бүтцээр Godard-ын өөрийгөө үгүйсгэдэг боловч хөгжим болон дүрслэлийн хурцадмал байдал хийгээд үйл явдал ба абстрактыг удаашруулах замаар анализ хийсэн нь онцгой. Godard туйлын нихилизмээс гоо сайхныг гаргаж чадсан ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 771- байрт эрэмбэлээд байна. 

Арваад жил туршилтын бага төсөвтэй кино хийсэн хэт зүүний үзэлт Godard уг киногоороо дахин одуудтай ажиллаж, дахин их хэмжээний төсөвтэй олон нийтийн киногоороо гарч ирсэн. Эдгээр хугацаанд түүнийг шүүмжлэгчид мартаж, үзэгчид ч ярихаа болиод байсан агаад 50 нас ч хүрээгүй байсан их найруулагч маань өөрийгөө амьд шүү, кино хийж чадах хэвээрээ шүү гэдгээ уг киногоороо харуулахыг хүссэн байдаг. Godard энэ киногоо Америкт нэлээд сурталчилсан байдаг нь арилжааны ертөнцийг буруушааж, арилжааны нийгэмд хүн бие даах боломжгүйг киногоороо илэрхийлэхийг зорьсонтой холбоотой. Эр хүний сексийн хүчирхийлэл киноны туршид харагддаг; энэ нь мөн мөнгөтэй шууд холбогддог буюу буудлын ижил хүйстэн эр, Isabelle-ын янхны ертөнц, мөн Godard-ын охинтой холбоотой секс ярианууд багтана. Нэг үгээр киноны төсөөлөл, айдас, худалдаа гэсэн хэсгүүд бүгд мөнгө ба секстэй холбогддог.

Comments