Ариун нас

 

 


Forbidden Games (1952) . Нацистуудын хар савар Францыг бөмбөгдөж байсан 1940 оны зун, таван настай Paulette охин эцэг эх болон нохойныхоо хамтаар бөмбөгдөгч онгоцноос зугтааж явтал нохойн гараас нь бултчих агаад үхлийн хар гар бяцхан охиныг эцэг эхээс нь салгаж, улмаар Paulette ээжийнхээ хөрсөн хацрыг илэхдээ уйлдаггүй, үнэндээ тэр юу ч ойлгохгүй байв. Paulette сүрхий цочролд орсон байв, түүнийг авч яваа танихгүй хүмүүс гарт нь байгаа нохой үхсэн байгааг олж мэдээд нохойг гол руу шидчихнэ, охин мөн л нохойныхоо араас гүйж яваад Michel хэмээх 10 настай хүүтэй танилцаж гэрт нь хамт очно. Охин (тэр өөрөө Парисынх) тосгоны ядруухан тариачин айл Dolle-ынд ирсэн энэ нь бөгөөд айлынхан Paulette-г халуун дулаанаар хүлээн авч гэртээ байлгана. Энэ айлынхнаас охинд Michel хамгийн дотно хандах бол охин ч түүнд дотно хандах нь шөнө хар дарж сэрэхээрээ хүүг дууддагаас харж болно. Michel түүнтэй бүх юмаа хуваалцана. Дашрамд хэлэхэд Michel хоёр ах, хоёр эгч, мөн мэдээж аав ээжтэй. Paulette нохойгоо оршуулахаар болоход Michel түүнд туслах ба тэд хаягдсан усан тээрмийг нууцаар амьтдын оршуулгын газар болгох нөр их ажил эндээс эхэлнэ. Тэд нууцаар нохой, муур, өт, ерөөсөө байж болох бүхнийг оршуулахдаа бүгдэд нь загалмай хатгадаг. 

Гэхдээ загалмайг энд тэндээс хулгайлах ба ингэхдээ бүр саяхан нас барсан Michel-ын ахын оршуулгын загалмайг хүртэл хулгайлдаг. Ноён Dolle хүүгийнхээ оршуулгын загалмай алга болсонд эхэндээ хөршийнхөө айлыг сэжиглэдэг ч эцэст нь Michel загалмай хулгайлсан болохыг олж мэддэг. Киноны төгсгөл хэрд Францын Жандармууд (Францын зэвсэгт хүчний салбар) хүрч ирээд Paulette-г Улаан загалмайн нийгэмлэгт аваачина гэнэ. Michel, Paulette хоёр бие биедээ дэндүү дассан байсан тул мэдээж салахыг хүсэхгүй, Michel ааваасаа Paulette-г үлдээвэл хулгайлагдсан загалмайнуудыг зааж өгнө гэж гуйдаг ч аав нь хэлсэнээсээ буцаж охиныг Жандармынханд өгч явуулдаг. Уурлаж, гомдсон Michel загалмайнуудаа гол руу шидчихдэг. Улаан загалмайн нийгэмлэгийн хуаранд очсон Paulette ээжийгээ, Michel-ыгээ дуудаж уйлсаар харагдана.

 Францын кино найруулагч Rene Clement-ын Francois Boyer-ын романаас сэдэвлэсэн дайны драм ба кино зохиол дээр Jean Aurenche, Pierre Bost хоёр ажилласан. Англи хэлээр ярьдаг орнуудын үзэгчдэд уг кино Францын шинэ давалгаанаас өмнөх үеийн Францын хамгийн чухал цөөн киноны нэг хэвээр байгаа ба Clement-ын найруулгын дор жүжигчин хүүхдүүд маань тухайн үеийнхнээсээ хол илүү шинэлэг, сэтгэл татам байж чадсан. Уг киноны нийгмийн зүйрлэл ба антропологи, натурал ба хэв маягийн хоорондын эргэлзээ нь хурцадмал шинжийг бүтээдэг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 847-р байрт эрэмбэлээд байгаа бол тухайн үед Венецийн кино наадмаас Алтан Арслан шагнал, мөн Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино хийгээд Оскарын хүндэтгэлийн шагнал хүртсэн. Киноны гол дүрүүдэд; Georges Poujouly (Michel), Brigitte Fossey (Paulette -түүний дебют ажил байсан) хоёр тоглосон ба шүүмжлэгчид Fossey-ын тоглолтыг маргаангүй хүүхдүүдийн жүжиглэх гэж оролдсон оролдлогуудаас хамгийн ер бусынх нь байсан гэж тодотгоод бидний үзэж буй кинонд найруулагчийн мэдрэмж үлэмж хэмжээгээр бий бол үлдсэн нь бүгд бяцхан Fossey-ынх гэдэг нь тодорхой гэжээ. 

Кино нээлтээ хийсний дараа Зүүнтний үзэлтнүүд; Францын тариачдыг шударга бус, бүдүүлгээр үзүүлсэн гэж шүүмжилж байсан ч зөвхөн Францад л гэхэд бараг 5 сая тасалбар борлуулж хит болсон. Уг киног Jean Renoir-ын "La Grande Illusion" шиг ёжтой, James Hilton-ын "Random Harvest" роман шиг бодитой буюу Француудаас л гарах шилдэг кино ба амьдралыг нээлттэй харахдаа сентиментализм, догматизмаар эвдрээгүй хүмүүсийн эмгэнэлт сул талыг харуулсан гайхалтай бас хөнөөлт кино ажээ. Жүжигчин Fossey 2005 онд өгсөн ярилцлагадаа; киног анх богино хэмжээний кино гэж бүтээж байсан ч дараа нь бүрэн хэмжээний кино болгохоор болсон ба гэтэл харамсалтай нь түүний сүүн шүд унаж, харин Michel буюу Georges Poujouly өөр кинонд тоглохоор үсээ хуссан байжээ. 

Тиймээс олон сцэнд Fossey хиймэл шүдтэй, Poujouly хиймэл үстэй тогложээ. Мөн хожим Fossey дурсахдаа; гэр бүл нь кинонд тоглох 9өөс 10 насны хүүхдүүдийг сонгон шалгаруултад авч байна гэсэн зарыг сонингоос уншаад давхиад очсон гэдэг. Үнэндээ Fossey 6 настай байсан ч тэр бүх хүүхдээс илүү байсны дээр найруулагчийн эхнэр түүнийг сонгоход нөлөөлсөн гэдэг. Энэ кино шиг ариун киног бид ойлгохын тулд өнгөрсөнийг ойлгох ёстой, яагаад гэвэл бидний үе үүнийг ойлгоход дэндүү бохирджээ. Энэ бол уран сэтгэмж, үгүйсгэх чанараараа дайны үед үхлийн эсрэг тэмцэж буй кино ба модерн кино бол аймшгаас татгалзажч аймшгийг зөөлрүүлж, дэврүүн болгодог сул талтай. Энэ ерөнхийдөө "хүүхдийн кино" ч ямар ч цаг үед хүүхдүүд үзэх ёсгүйгээ үзсээр ирсэн учир энэ бол бүх насныхны кино. Хүүхдүүдийн дундах хайр бол цэвэр, энгийн байдаг, эндээс бид өөрсдийнхөө хүүхэд насыг дурсахгүй байж чадахгүй. Энэ бол Clement-ын бүрэн хэмжээний дебют кино байсан, богино хэмжээний кино нь уг киноных нь суурь болсон ба нэрт найруулагч Jacques Tati үүнийгээ бүрэн хэмжээний кино болго гэж хэлсэн байдаг аж.

Comments