Гунигтай, гоёмсог ертөнц

 


Down By Law (1986) . Америкийн нэрт кино урлаач, бие даасан кино салбарын том төлөөлөгч Jim Jarmusch-ын хар-цагаан комеди драм. Киноны гол дүрүүдэд: Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Tom Waits, мөн Америкийн жүжигчин, хөгжимчин John Lurie болон Италийн жүжигчин, комедиан Roberto Benigni нар тоглосон. Уг бүтээлд гурван азгүй эрийг хувь тавилан шоронгийн нэг камерт хамт оруулж, тэдний хамтдаа хоригдож, бас хамтдаа оргож буй үйл явдлыг өгүүлдэг. Кинонд хэрхэн шоронгоос оргох механизмд бус хоригдол гурван эрийн хоорондын харилцаанд анхаарсанаараа уламжлалт шоронгоос оргодог сэдэвт кинонуудаас ялгарч байв.
Киноны зураглаачаар ажилласан Robby Muller-ын удаан хөдөлгөөнт камерийн ажиллагаа уг киноны гол элемент болдог ба оргодлуудын зугтан явдаг Нью Орлеан хийгээд Луизиана нутгуудыг гайхалтай зурагласан байдаг. Найруулагч Jarmusch "Stranger Than Paradise" шуугиант дебютынхээ дараа Америкийн ландшафт дахь ганцаардмал, зохицдоггүй хүмүүсийг хөрөглөсөн нь дебют ажилтай нь эн тэнцүү чухалд тооцогдох болжээ. Найруулагч эл бүтээлээ "нео-бийт нуар комеди" гэж тайлбарласан байдаг ба А зэрэглэлийн тоглолттой, ширүүн хар-цагаан зураглалтай энэ киног хар дарсан зүүд, үлгэр хоёрын нэг хэсэг гэмээр бөгөөд TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 584-р байрт жагсаагаад байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Бие биенээ огт танихгүй гурван эр Нью Орлеаны шоронгийн камерт хамт хоригджээ. 

Тэд бол ФМ-ийн хөтлөгч Zack, янхан зуучлагч Jack, Италийн жуулчин Bob нар юм. Zack, Jack хоёр угаасаа дампуу эрс бөгөөд зохион байгуулалттай явуулгын улмаас ийнхүү баригдсан бол Bob санамсаргүй байдлаар хүн алсан хэрэгтэй (англиар маруухан ярьдаг). Zack, Jack хоёр муудалцаж, ярихаас зайлсхийнэ, харин Bob-д англи хэлээ сайжруулахын тулд ярилцах зайлшгүй шаардлагатай ба Bob аажмаар тэднийг ойртуулаад зогсохгүй оргох төлөвлөгөө гарган манлайлж хамтдаа амжилттай оргож чадна. Зугтлаа, гүйлээ ч ойн мод, намаг шаварт эрчүүд маань ядарч бас өлсөж зовно. Цөхрөл, бухимдал Zack, Jack хоёрыг хагаралдуулна. Харин сэргэлэн Bob туулай барьж ууртай хамтрагчдаа дайлж түр ч гэсэн найрамдал тогтоож чаддаг. Тэд ойд ингэж яваад нэгэн байшин олно. Байшинд Nicoletta хэмээх ганц бие хүүхэн амьдарна. Bob Nicoletta хоёр бие биедээ дурлаж, улмаар Bob хүүхэнтэй ойд үлдэхээр болно. Харин Zack, Jack хоёр цаашаа өөр өөрсдийнхөө замыг хөөхөөр болдог. 

Кино ердөө ийм өрнөлтэй бөгөөд ингээд л төгсдөг. Киноны хөгжмийг John Lurie бичсэн. Тэгвэл зураглаач Robby Muller уг киноны дараа "Mystery Train", "Dead Man", "The Way of the Samurai" зэрэг кинонуудад Jarmusch-тай хамтран ажилласан байдаг. Жүжигчин Roberto Benigni-ын хувьд энэ нь анхны олон улсын кино байснаас гадна кино дээр гэрлэдэг Nicoletta буюу жүжигчин Nicoletta Braschi-тай хожим амьдрал дээр ч гэр бүл болсон байдаг. Шүүмжлэгчид уг киног; хөгжилтэй, оригинал бөгөөд кино хэлэмжээр дүүрэн энэ бүтээл Jarmusch-ыг хамгийн сэтгэл татам, онц сонирхолтой байдлаар төлөөлнө гэсэн байдаг аж. The New York Times "яруу найраглаг нягт ёгтлол" гээд жүжигчдийн тоглолтыг "ер бусын" гэжээ. Кино дээр жүжигчин Roberto Benigni туулай шардаг, энэ хэсгийг тэрээр өөрөө зохиосон буюу өөрийнхөө туршлагаас санаа авчээ. Найруулагч Jarmusch энэ киногооо "Америкийн мөнгөөр" хийсэн түүний цорын ганц гэж хэлсэн байдаг ба тэрээр киногоо Америкчуудаар санхүүжүүлэх дургүй байдаг аж. Энэ бол хямдхан архи, хар кофе шиг, шөнөжин уугаад өглөө нь ажлаа алдах мэт, эсхүл гоё охинтой цагийг онцгүй өнгөрүүлэхтэй адилхан кино юм. Мөн энэ кино нь хуучны гангстер кино, хуучны блюз дуу хийгээд хуучны шоронгийн түүхүүдийг эвлүүлэн нэгтгэн гаргасан мэт кино юм.

 Киноны төгсгөлд "энэ бол гунигтай, гоёмсог ертөнц юмдаа" гэхэд хариуд нь "тиймээ, тэгээд юу гэж" гэж хариулдаг, энэ харилцан яриа энэ киног илтгэнэ. Jarmusch-ын "Stranger Than Paradise" кинонд гурван хүн дулааныг хүсэн Кливлендийг орхиод Флорида руу явж, тэнд хамаг мөнгөө дэмий үрдэг тухай өгүүлдэг, тэгвэл энэ кино мөн иймэрхүү мэдрэмж төрүүлдэг; эдгээр бүтээлүүд бол Америк мөрөөдлийн худал хуурмагийг илчилсэнээрээ ижил сэдэвт кинонууд юм. Найруулагч Jarmusch зураг авалтад гарахаасаа өмнө хамтран зүтгэгчиддээ Луизиана мужид огт очиж байгаагүйгээ хэлсэн байдаг бөгөөд Jarmusch бараг л үзсэн кинонуудаа туршлага болгон эл кинондоо ашиглажээ. Гадна талдаа харгис, уйтгартай кино шиг боловч бүхэлдээ хошигнол шингээсэн бүтээл бөгөөд найруулагч үзэгчдээ аливаа бүхэнд  нухацтай хандаасай эсхүл битгий нухацтай хандаасай гэдэг нь эргэлзээтэй. Энэ бол танд нэгийг бодуулж чадах оригинал кино. Гурван зохицохгүй эрийн хөгтэй бөгөөд гунигтай аяллын түүхийг заавал үзээрэй.

Comments